| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2113001430100 |
| Дугаар | 2024/ДШМ/59 |
| Огноо | 2024-12-12 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/59
И.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/485 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч И.Ж-, Е.А-, Е.К- нарт холбогдох эрүүгийн 2113001430100 дугаартай, 5 хавтастай хэргийг яллагдагч Е.А-ын өмгөөлөгч Я.Сьезд, яллагдагч Е.К-ийн өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Өсөхболд, яллагдагч И.Ж-, яллагдагчийн өмгөөлөгч Я.Сьезд, С.Нургайып, А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ********** ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-** хүнтэй, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт *********тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хотын ********* тоотод амьдарч байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж ургийн овогтой И.Ж- /РД: **********/;
2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** суманд төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл-**хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт ***** тоотод оршин суух хаягтай, ***** тоотод амьдарч байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш ургийн овогтой Е-ын К- /РД:***********/;
3. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ********суманд төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ******* ажиллаж байсан, одоогоор ****** ажилтай, ам бүл-** хүнтэй, эх, хүүхдийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ургийн овогт Е.А/РД: ***********/;
4. Холбогдсон хэргийн талаар: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж-, тус төвийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.А-, сургалтын албаны арга зүйч Е.К- нар нь иргэн Х.Н-тэй үйлдлээрээ нэгдэж, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй нэр бүхий 18 иргэнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, төрд 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
5. Прокурорын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр яллах дүгнэлтээр И.Ж-, Е.К-, Е.А- нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/485 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч И.Ж-, Е.К-, Е.А- нарт холбогдох эрүүгийн 2113001430100 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр, дараах үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаажээ. Үүнд:
6.1. Яллагдагч И.Ж-, Е.А-, Е.К- нарт холбогдох эрүүгийн 2113001430100 дугаартай хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Е.А-ын биеийн байцаалттай холбоотой бусад мэдээллийн доод талд түүний эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар зэрэг мэдээллийг тусгахдаа “Ж овогт И.Ж-, регистрийн дугаар ***********" гэж буруу тусгаж, техникийн шинжтэй алдаа гаргасан нь тогтоогдож байна. (5 дахь хавтаст хэргийн 88 дахь тал, яллах дүгнэлтийн 2 дахь тал). Гэтэл дээд шатны прокурор буюу Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос яллагдагч Е.К-ийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлоор тус хэргийг өөр үндэслэлээр хянах явцдаа тусад нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол гаргаж, яллах дүгнэлтэд гарсан дээрх техникийн шинжтэй алдааг залруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх хэсэгт нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл ерөнхий прокурорын орлогч Т.Өсөхболдоос яллагдагч И.Ж-, Е.А-, Е.К- нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 134 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, уг яллах дүгнэлтийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч нарт гардуулж, тэдгээрийн өмгөөлөгчид танилцуулсны дараа дээд шатны прокуророос яллагдагч нарт гардуулсан дээрх 134 дугаартай яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулсан нь тогтоогдож байх бөгөөд уг шийдвэрээ яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид танилцуулж, мэдэгдэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлснийг прокурорын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж үзнэ.
Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан гомдол, хүсэлт үндэслэлтэй байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэх үед гарсан техникийн шинжтэй алдааг дээд шатны прокурорын шийдвэрээр зөвтгөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн ерөнхий прокурорын орлогч Т.Өсөхболд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаагүй тул хэргийг прокурорт буцааж, прокурорын шатанд оролцогчийн эрхийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
7. Яллагдагч Е.А-ын өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлын агуулга:
7.1. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийж 2113001430100 дугаартай эрүүгийн хэрэгт улсын яллагчаас 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн 194 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр уг эрүүгийн хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй боловч яллагдагч Е.А-ын өмгөөлөгч Я.Сьезд миний уг эрүүгийн хэрэгт зарим ажиллагаануудыг нэмэлт мөрдөн байцаалтаар гүйцэтгэх тухай хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон явдалд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүгчийн захирамжид дараах нөхцөл байдлуудыг тодруулах талаар өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна.
7.2. Баян-Өлгий аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 2019-2020 оны хичээлийн жилд огт суралцаагүй гэх иргэд З.Г, О.Б, А.Е, М.Ү, А.Ж, М.Ай, М.Ас, Х.С, М.К, Е.М, Е., Б.Б, Е.Г, Б.Б, П.С, Х.Ө, А.Е, А.М нарын нэр бүхий 18 иргэн тус бүр 1,300,000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч нийт улсад 22,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Иймд дээрх нэр бүхий иргэд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудлыг лавшруулан шалгуулах шаардлагатай байна.
7.3. Улсын яллагчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн 194 дугаартай яллах дүгнэлтэд “ ...Түүнчлэн иргэн Х.Н- нь дээрх нэр бүхий 18 иргэний зарим иргэдээс хонь авсан, бэлэн мөнгө авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгахад иргэдээс иргэн Х.Н-эд хонь, бэлэн мөнгө өгч байгаа үйлдэл нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгүүлж суралцагчийн тэтгэлэг авах гэсэн ашиг сонирхол байгаа хэдий ч Х.Н- нь өөрөө ямар нэгэн ажил эрхэлдэггүй, нийтийн албан тушаалтанд хамаарахгүй байдал нь түүнийг ямар нэгэн албаны чиг үүрэг хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж дүгнэлээ. Харин иргэн Х.Н- нь И.Ж-, Е.А-, Е.К- нартай санаатай нэгдэн хамтран оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлтэй байх боловч иргэн Х.Н- нь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан болох нь хавтаст хэрэгт тусгагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй” гэжээ.Улсын яллагчаас нас барсан гэх Х.Н-ийн үйлдэл нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа гэж дүгнэсэн боловч улсын төсөвт учирсан 22,000,000 төгрөгийн хохирлыг Х.Н- нь нас барсан гэсэн үндэслэлээр чөлөөлж байгаа нь шударга ёсны зарчимд хэрхэв ч нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Х.Н-ийн өв залгамжлагчийг тогтоон улсад учирсан хохирлыг төлүүлэх талаар нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байна.
7.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/485 дугаартай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өмгөөлөгч миний давж заалдах гомдолд дурдсан хоёр үндэслэлийг нэмэлт мөрдөн байцаалтаар шалгуулахыг тусгаж өгөхийг хүсье.
8. Яллагдагч Е.К-ийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга:
8.1.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Е.К-ийн өмгөөлөгч А.Серикжанаас: (1) яллах дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдээгүй, (2) гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй, эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах" гэсэн агуулгатай санал, хүсэлт гаргаж, хэрэгт цугларсан зарим нотлох баримтуудыг дурдан шинжлүүлж, шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцсон байна.
8.2. Гэтэл шүүх яллагдагч Е.К-ийн өмгөөлөгчийн яллах дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдээгүй гэсэн агуулгатай хүсэлтийг хангасан хэдий боловч 2 дахь хүсэлт болох нотолбол зохих асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ. Шүүх ингэж шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Өсөхболдын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол болон 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 134 дугаартай яллах дүгнэлтэд “К- нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны арга зүйчээр ажиллахдаа иргэн Х.Н болон Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын төвийн захирал И.Ж-, мөн төвийн Хүний нөөц гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.А- нартай санаатай нэгдэн хамтран оролцож 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй буюу захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай "2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай" тушаалын хавсралтаар жагсаасан нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй иргэн З.Г, О.Б, А.Е, М.Ү, А Ж, М.Ай, М.Ас, Х.С, М.К, Е.М, Е.С, Б.Б, Е.Г, Б.Б, П.С, Х.Ө, А.Е, А.М нарын нэр бүхий 18 иргэнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлэн, дээрх нэр бүхий 18 иргэнд давуу байдал бий болгож, төрд 22.000.000 төгрөгийн хохирол учруулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус заасан.
Түүнчлэн, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар-ын 1-т “...мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна.” гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1.1-т “Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын суралцагчид тэтгэлэг олгоход энэ журмыг баримтална” гэж, 2.2. Суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна: ...2.2.3. сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх, 2.2.4. хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт)-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас эмнэлгийн магадалгаагаар тодорхойлогдсон байх" гэж, мөн журмын 3.2-д "Сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын үнэлгээ, ирцийн мэдээллийг энэ журмын хавсралтад заасан маягтын дагуу мэргэжлийн боловсрол сургалтын нэгдсэн цахим системд бүртгэх буюу дараа сарын 5-ны өдрийн дотор Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд цаасан хэлбэрээр баталгаажуулан хүргүүлнэ.” гэж, мөн журмын 4.1-т “Сургалтын байгууллага суралцагчийн ирцийн мэдээллийг бодитой бус үнэлсэн, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг буруу гаргасан, удаа дараа хугацаа хоцроож ирүүлсэн бол сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж,
Мөн Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 2.2-д “Суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна: 2.2.3 сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх гэж, мөн журмын 3.2-т “Сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын суралцагчийн тухайн сарын ирцийн мэдээллийг мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн системд бүртгэн, баталгаажуулж дараа сарын 5-ны өдрийн дотор цаасан хэлбэрээр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж, мөн журмын 4.1-т “Сургалтын байгууллага нь суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анги дэвшүүлсэн, чөлөөлсөн, хасагдсан зэрэг шилжилт хөдөлгөөний тухай захирлын тушаалын хуулбарыг тухай бүр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 4.4-т “Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тэтгэлэг олголтын явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж зохих дүгнэлт улирал бүр гаргана" гэж тус тус заасан байжээ.
Хэргийн 229 дахь талд авагдсан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэлд: "...Зураг №4 Тухайн цэснээс "Ирцийн бүртгэл" цэс рүү ороход үзлэгт байлцсан З.Есболат нь энэ хэсгээс багш нар над руу суралцагчдын ирцийг ирүүлдэг ...үзлэгийг үргэлжлүүлэн анги удирдсан багш нар ирцийн бүртгэлийг хэрхэн хийдэг болох талаар тодруулахаар үзлэгийг хийв....Зураг №6. Анги удирдсан багшийн эрхээр цахим санд хэрхэн ямар байдлаар ирцийн бүртгэлийг хийдэг болон хэдэн цэснээс системд ханддаг талаар тодруулан үзэхэд 1 .Суралцагч, 2 Анги бүлэг 3. Ирцийн бүртгэл. 4.Төгсгөлт, 5. Нөхөн олголт, архив гэх цэснүүд байв. Уг цэснээс ирцийн бүртгэл хэсэг рүү ороход багш нараас бүртгэл хийгдсэнээр төлөв харагдаж байв " гэжээ.
Хэргийн 186 дугаар талд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын “Анги удирдсан багш, дадлага лаборатори, кабинет хариуцуулах тухай” 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/42 дугаартай тушаалын хуулбар авагдсан байх ба 2019-2020 оны хичээлийн жилд нэр бүхий 18 суралцагч нарын анги удирдах багшаар Ш.Т, Т.Б, Р.В, Ш.И, Б.С, Ш.Н, О.Б нар ажиллаж байсан гэж үзэхээр байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэтэл яллагдагч Е.К- нь нэр бүхий 18 иргэнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, элсүүлснээс болж төрд шууд 22,000,000 төгрөгийн хохирол учирсан эсэх, эсхүл нэр бүхий 18 суралцагч нарын зарим нь онолын болон дадлагын сургалтад хамрагдаагүй атал анги удирдсан багш нарын зүгээс эдгээр суралцагчдыг сар бүр хичээлд суусан мэтээр өөрөөр хэлбэл 75-аас дээш хувийн ирцтэй гэж бүртгэснээс болж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлсний аль нь болох буюу чухам хэний хууль бус үйлдлийн улмаас төрд хохирол учирсан болохыг прокуророос тогтоогоогүй байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/485 дугаартай шүүгчийн захирамжид яллагдагч Е.К-ийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангасан агуулгатай өөрчлөлт оруулж өгнө үү.
9. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:
9.1. Нэгдүгээрт, өмгөөлөгч Я.Сьезд “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэдэг гэмт хэрэг хэргийн шинжтэй биш үү гэх байдлаар тайлбарлаж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд хуульчлагдсан. Үүнд субъект нийтийн албан тушаалтан байх ёстой, нэр бүхий 18 иргэн бүгдээрээ ажилгүй, нийтийн албан тушаалтан биш, мөн 18 иргэний дансанд орсон орлогын дээд хэмжээ нь 1,300,000-1,400,000 төгрөг байна. Их хэмжээ гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 50 мянган нэгж буюу 50,000,000 төгрөгөөс буюу түүнээс дээш байх гэж заасан. Тэгэхээр 1,300,000 төгрөг нь хохирлын хэмжээ буюу шаардаж байгаа хэмжээнд хүрэхгүй болчхоод байна. Иймд үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгаа учраас шалгах шаардлагагүй гэж үзээд улсын яллагч яллах дүгнэлт үйлдсэн.
9.2. Н-ээр 22,000,000 төгрөгийг төлүүлэх ёстой байсан, мөн бусад хэргийн жишээг ярьж байх шиг байна. Хэрэг болгон адилхан байдаггүй, хэргийн нөхцөл байдал өөр, өөр байдаг. 22,000,000 төгрөг иргэдийн дансанд ороод байгаа, буцаагаад Н-эд төлүүлье гэж Я.Сьезд өмгөөлөгч яриад байна. Н-ийн дансанд мөнгө ороогүй. Тэгэхээр төрд учруулсан хохирлыг Н- учруулсан гэж үзэх боломжгүй байна. Тийм учраас би Н-ийн үйлдэл дээр яллах дүгнэлт үйлдэж тусгасан байна.
9.3. Өмгөөлөгч А.Серикжан нь давж заалдах гомдол дээр яллах дүгнэлтийн алдаатай асуудлыг дурддаг. Яллах дүгнэлтийн алдаатай асуудал шүүгчийн захирамжид дурдагдаад, техникийн шинжтэй асуудлыг засуулахаар прокуророос хүсэлт гаргаагүй учраас дээд шатны прокурорын өөрчлөлт оруулсан тогтоолыг гадуулж өгөөгүй гэдэг асуудлыг яриад байна.
9.4. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 32.10 дугаар зүйлд тодорхой асуудлыг тусгаагүй гэдэг асуудлыг ярьсан. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэг дээр огноо бичиг ёстой байсан. Огноо бичигдээгүй учраас мөрдөгч, прокурор, шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлд заасныг чанд биелүүлэх ёстой зарчим зөрчигдсөн гэж дүгнэсэн. 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр прокурорын яллах дүгнэлт байна. Дахиад яллах дүгнэлтийг ард нь авч ирээд, тогтоох хэсэг дээр нь бичих ёстой гэдэг зүйл ярьсан. Түүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл заавал тогтоол дээр он, сар, өдөр бичих нь хэний эрхийг зөрчиж байгаа вэ.
9.5. Прокурорын яллах дүгнэлтэд бичиг үсгийн алдаатай холбоотой хүсэлт гаргаагүй, дээд шатны прокурор нь өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, тухайн тогтоолыг гардуулж өгөөгүй, эрхийг зөрчиж байна гэсэн. Тухайн тогтоолтой холбоотой яагаад хүсэлт гаргаагүй вэ гэхээр дээд шатны прокурорын өөрчлөлт орсон тогтоолыг гардуулах асуудал байдаггүй. Тэгэхээр яллах дүгнэлтийн тогтоох хэсэг буюу биеийн байцаалтын хэсэгт ургийн овог, овог, нэрийг буруу бичсэнийг дээд шатны прокурор хянахдаа өөрчилсөн байна. Би дээд шатны прокурорын хяналтыг хэрэгжүүлдэггүй учраас мэдэхгүй. Тогтоол гардуулах асуудал байхгүй учраас тогтоолыг гардуулж өгөөгүй. Нэгэнт дээд шатны прокурорын тогтоолоор өөрчлөлт орсон учраас техникийн алдааг дахиад засуулах тухай хүсэлт гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс үүнийг алдаа гэж үзсэн.
9.6. Цагийн бүртгэлийн асуудал яригддаг. Бүртгэлийг анх үүсгэсэн асуудал дээр талууд маргаагүй. Бүртгэсэн нь тодорхой тогтоогдож байгаа үйл баримт. Эхний цахим бүртгэл дээр бүртгэл явуулсан нь И.Ж-, Е.А-, Е.К- нартай холбоотой асуудал байна. Оюутнууд ирцийн хувьд 75 хувиас дээш байсан тохиолдолд тэтгэлэгт хамаарагддаг тухай журам байдаг. Эд мөрийн баримтаас үзэхэд 18 хүмүүс компьютерын операторчин, үсчин, мебель мужаан, барилгын угсрагч, машин механизмын операторчин, барилгын сантехникч, цахилгаанчин гэх мэтчилэн 8 мэргэжлээр тус сургуульд элссэн. Элссэнтэй холбогдолтой журналуудыг авсан байдаг. Журналуудыг үзэхэд журналууд нь нэр нь бүртгэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан. Үүнтэй холбоотой тодорхой хүмүүсээс мэдүүлэг авсан. Е.А- бол тухайн бүртгэлийг хариуцан явж байсан. Е.А- нь бас өөрөө мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. Оролцооны хувьд И.Ж- мэдэж байсан. Албан тушаалын тодорхойлолтын хувьд ирцийн бүртгэлийг нэгтгэж илгээх нь Е.К- гэдэг хүний үүрэг байсан. Энэ талаар Н, А, Н мэдүүлэг өгөхдөө “үзэж харж байгаагүй, танихгүй” гэдэг зүйлийг ярьдаг. Журналыг үзэхэд нэр нь байхгүй. Ийм нөхцөл байдал тогтоогдсон. Е.А- нь 18 хүмүүсийн 3 хүн нь миний ах, дүүс хамаатан, 15 хүнийг хувааж авч бүртгэсэн гэж мэдүүлсэн. Үүнтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хоорондоо бичсэн чатууд нь байгаа. Тэгэхээр тус хэрэгт өөр ямар нэгэн хамтран оролцоо байхгүй, нэмэлт ажиллагаа хийх шаардлага байхгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгчийн захирамж хууль ёсны буюу үндэслэлтэй байх гэхээс илүү тодорхой шийдвэрлэх боломжтой асуудал байгаа учраас захирамжийг хүчингүй болгох зохицуулалт байна.
9.7. Яллагдагч И.Ж-ын гаргасан хүсэлттэй холбоотой тайлбар хэлье.Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсхүл хүчингүй болгох тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд ч гаргах эрхтэй байдаг. Гэхдээ давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан захирамжтай холбоотой хэргийг хянан хэлэлцэж байгаа учраас давж заалдах шатны шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай саналыг хянан хэлэлцэх боломжгүй. Харин таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хандаж гаргах нь зүйтэй байх. Тийм учраас хүсэлтийг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
10. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж яллагдагч Е.А-ын өмгөөлөгч Я.Сьезд, яллагдагч Е.К-ийн өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан бүрэн эрх, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тухайн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүх оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан тохиолдолд, яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь заалтад заасан асуудлыг хянан хэлэлцэж “шийдвэр гаргах” үүрэгтэй. Энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг хангахад чиглэгдэнэ.
12. Яллагдагч Е.К-ийн өмгөөлөгч А.Серикжаны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг хангаж, анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 481 дугаартай шүүгчийн захирамжаар товлож, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цаг эхлүүлсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт:
13. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлт, гомдол тус бүрийг хэлэлцсэн атлаа тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар “шийдвэр гаргах” хуульд заасан чиг үүргээ бүрэн биелүүлээгүй буюу яллагдагч Е.К-ийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан “яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагч Е.А-ын биеийн байцаалттай холбоотой гарсан техникийн шинжтэй алдааг залруулах” тухай хүсэлтийн талаар шийдвэр гаргаснаас бусад түүний гаргасан 2 дахь хүсэлт, мөн яллагдагч И.Ж-ын өмгөөлөгч С.Нургайыпаас гаргасан зургаан төрлийн, яллагдагч Е.А-ын өмгөөлөгч Я.Сьездээс гаргасан хоёр төрлийн хүсэлт, гомдлуудын талаар тус тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс шийдвэр гаралгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.
14. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан дээрх хүсэлтийн агуулга бүрэн тусгагдсан боловч шүүгчийн захирамжийн үндэслэлд өмгөөлөгч А.Серикжаны “яллах дүгнэлт үйлдэх үед гарсан техникийн шинжтэй алдааг залруулах” тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болон яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулсан дээд шатны прокурорын тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул яллах дүгнэлтэд гарсан уг зөрчлийг арилгуулахын тулд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан дүгнэлт, шийдвэрээс өөр үндэслэл тусгагдаагүй, шүүхийн уг шийдвэр, үндэслэлийн талаар прокурор, дээд шатны прокуророос эсэргүүцэл, хэргийн бусад оролцогч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч талууд энэ тухай маргаагүй байна.
Гэвч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлт, гомдлуудыг анхан шатны шүүх бүрэн шийдвэрлээгүй орхигдуулсан учраас, тодруулбал хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн үндэслэлд “Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хэрэгт нотолбол зохих асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй” гэж дүгнэж, захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтаар “...нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана: 6.15.мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт” гэж заасантай нийцээгүй нөхцөл байдал тогтоогдов.
15. Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтүүдийг бүрэн шийдвэрлээгүй учраас яллагдагч Е.А-ын өмгөөлөгч Я.Сьезд, Е.К-ийн өмгөөлөгч А.Серикжан нараас “хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлд /нэмж/ өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдол гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргасан хүсэлт, гомдлуудтай ижил утга, агуулгатай хүсэлтүүдийг давж заалдах шатны шүүхэд дахин гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримталбал, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, эсхүл хэлэлцсэн боловч тодорхой шийдвэр гаргаагүй, шийдэлд хүрээгүй асуудлаар “шийдвэр гаргах эрх хэмжээгүй” учраас яллагдагч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас (урьдчилж) эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд анхан шатны шүүх хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед оролцогчоос гаргасан хүсэлтүүдийн заримыг шийдвэрлэж, үлдсэн хэсгийг “хэлэлцээгүй охиж” шийдвэр гаргалгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаан хүргүүлэхээр шийдвэрлэв.
16. Яллагдагч И.Ж-аас түүнд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох тухай хүсэлт гаргасныг тус давж заалдах шатны шүүх хуралдаанаар оролцогчийн тайлбар, үндэслэл болон прокурорын саналыг сонсох зэргээр хэлэлцүүллээ.
Прокурорын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай саналыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, түүнийг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хэлэлцүүлгээс 42 дугаартай шүүгчийн захирамжаар “яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгоор И.Ж-д 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан яллагдагч И.Ж-ын хүсэлт, түүний үндэслэл, хүсэлтэд хавсаргасан баримт материалууд, мөн тус шүүх хуралдаанд гаргасан прокурорын санал зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд, И.Ж-ад урьд авсан дээрх төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдоогүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймээс яллагдагч И.Ж-ад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгоор “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” тухай хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь мөн хуулийн зорилтод нийцсэн, уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох талаар хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр нь үргэлжлүүлнэ.
Бусад яллагдагч нар болох Е.А-, Е.К- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь үргэлжлүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараахь таслан сэргийлэх арга хэмжээ авна: 1.1.хувийн баталгаа гаргах; 1.2.тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх; 1.3.хязгаарлалт тогтоох; 1.4.барьцаа авах; 1.5.цагдан хорих; 1.6.цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна” гэж тус тус хуульчилсан, түүнчлэн яллагдагч, шүүгдэгч нь мөн хуулийн 7.7 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох талаар гомдол, хүсэлт гаргах, тэдгээрийг шийдвэрлүүлэх үндсэн эрхтэй учраас шүүх хуралдаанд оролцсон прокурорын “таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох яллагдагчийн хүсэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх бүрэн эрхгүй, анхан шатны шүүх хянан шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай санал хуульд нийцээгүйг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/485 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан яллагдагч И.Ж-ын түүнд урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, яллагдагч И.Ж-, Е.А-, Е.К- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК