2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/07435

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 09 191/ШШ2025/07435

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дүгээр хоро, ******* байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, *******, , 3 давхарт байрлах, ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний илүү төлөлт 39,913,213 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

45,945,597 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний илүү төлөлт 39,913,213 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нийслэлийн ерөнхий боловсролын ******* нь 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаагаа Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах *******-ийн объектыг түрээслэхээр хөрөнгө зуучийн компаниар зуучлуулан *******-ийн ерөнхий захирал гэх хүнтэй холбогдсон. Тухайн үед тэрээр Солонгос улсад байсан тул утсаар холбогдон нэг сарын түрээсийн төлбөрийг 28,000,000 төгрөг ба тодорхой нөхцөлүүдийг харилцан тохиролцож аман хэлцлийн хүрээнд 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхээр болсон. Гэрээний дагуу түрээсийн объектод ороход биднээс хоёр сарын барьцаа болон нэг сарын түрээсийн төлбөр нийт 84,000,000 төгрөг төлөхөөс бид 2024 оны 08-р сарын 30-ны өдрөөс 2024 оны 09-р сарын 02-ны өдрийг хүртэл нийт 4 удаагийн гүйлгээгээр 80,000,000 төгрөгийг бүрдүүлж *******-д шилжүүлсэн.

Мөн манай байгууллагын зүгээс 10-р сарын түрээсийн төлбөрийг 2024 оны 09-р сарын 30-ны өдөр 28,000,000 төгрөгийг, 11-р сарын түрээсийн төлбөрийг шилжүүлэхэд бид хариуцагч тал нь тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байсан мөн амаар харилцан тохиролцоход ярьж байсан нөхцөлүүдээсээ илт зөрүүтэй буюу гэрээний заалт бүр нь түрээслүүлэгч талд давуу эрхийг олгосон, манай байгууллага хөдөлсөн үйлдэл тутамдаа өрөнд орох нөхцөлүүд хэт их байсан тул цаашид гэрээгээ цуцалж хамтран ажиллах боломжгүй болохыг илэрхийлж гэрээ цуцлах саналыг хүргүүлсэн. Тодорхой хариу өгөхгүй байсан тул 2024 оны 11-р сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Манай байгууллага нь хариуцагчид гэрээний хугацаанд нийт 113,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Дараах шалтгаануудын улмаас түрээсийн харилцааг цуцлах хүсэлтийг 2024 оны 11-р сарын 04-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн. Учир нь *******-д шаардлага, хүсэлтүүдийг хүргүүлж байсан боловч шийдэж өгөөгүй.

2024.10.08-ны өдрийн албан бичгээр сургуулийн анги танхим буюу хичээл явагдаж байгаа өрөөнүүдийн 9 хаалганы бариул, цоожууд гацаатай, эвдрэлтэй байгаа талаар мэдэгдэж засаж өгөхийг шаардсан.

2024.10.14-ний өдрийн 07 дугаар албан бичгээр тус байгууллагын албан хаагчид сургуулийн үйл ажиллагаа явуулж буй барилгад ажилчид болон бусад гадны хүмүүс чөлөөтэй орж гарч байгаа нь манай байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байгааг мэдэгдсэн. Хариуцагч байгууллага нь мөн тодорхой хариу өгөөгүй.

2024.10.15-ны өдрийн 08 дугаар албан бичгээр түрээсийн барилгад Лайт хайбрид техноложи ХХК оффис байршин ажиллаж байгаа учир байрласан талбайн зардлыг түрээсийн төлбөрөөс хасаж тооцохыг шаардсан. Хариуцагч нь мөн л үүнд тайлбар ирүүлээгүй.

2024.10.17-ны хариу албан бичиг ирээгүй. Энэхүү албан бичгээр талуудын харилцан тохиролцсоны дагуу 1,500 м.кв талбайг түрээслэхээр тохиролцсон боловч хэмжээнд хүрээгүй буюу манай байгууллагын ашиглаж буй талбай нь ердөө 787 м.кв талбайг манай байгууллага ашиглаж байгаа болохыг тус байгууллагын ерөнхий менежер гэх хамтаар хэмжсэн. Энэ талаар мэдэгдэж төлбөр тооцоонд өөрчлөлт оруулахыг шаардсан шаардлага хүргүүлсэн.

2024.11.04-ний өдрийн 11 дугаар албан бичгээр гэрээний нөхцөлийг тодорхой болгож байгуулахыг шаардсан шаардлага.

2024.11.19-ний өдрийн 11/16 дугаар албан бичгээр Лайт хаус хайбрид техноложи XXK /Lite city/-д гэрээний харилцааг цуцлах тухай шийдвэр хүргүүлсэн.

Мөн түрээсийн объектод зарим ажлыг дуусгаж өгөх хүсэлт удаа дараа тавьсан. Үүнд: Биеийн тамирын заал ашиглалтад оруулах, сантехникийн эвдрэл гэмтэл засах, ус алдаж байгаа В1 давхрыг янзлах, сурагчид усанд орох душ суурилуулж өгөх, цахилгааны гэмтлүүдийг засах /24 цагаар нийт 4 гэрэл асаалттай 2 сар болсон/, тус компанийн ажилчид манайхыг түрээсэлснээс хойш 7 хоноод гарна гэсэн боловч 2 сарын хугацаанд байрласан. Энэ нь гадны хүмүүс буюу үйлчлүүлэгчид нь маш их орж гарч сургуулийн дүрэм, журам зөрчин сурагчдын аюулгүй байдалд хүндрэл үүсэх магадлалтай байсан/, 10-р сард төвийн дулаанд холбогдоно эсвэл тус сард төвийн дулаанд холбогдохгүй бол уурын зуух барьж халаалтаар хангана гэсэн боловч цахилгаанаар 12-р сарын 01 хүртэл халааж байсан. Бид 2 сарын барьцаа байршуулсан байхад түрээс төлөх хугацаа 5 хоног хэтрэхэд л сургалтын үйл ажиллагааг зогсооно гэж дарамталсан ба ямар нэгэн дээрх хүсэлтүүдийг албан бичгээр өгөхөд л байнга гар бид түрээслэхээ болилоо гэсэн дарамттай байсан. Цахилгааны төлбөр 13,478,647 төгрөг гарсан нэхэмжлэлийг манай сургуулийг хөөж гаргасан үед ирүүлсэн. Цахилгааны талаар Х.Хаш-Эрдэнэ захирал нь хэлэхдээ манайх өнөө маргаашгүй дулаан авна эсвэл уурын зуух барьж байгаа цахилгааны төлбөр маш бага гардаг тэр болтол танайхаас 9, 10 сарын цахилгааны төлбөр авахгүй цахилгааны төлбөр түрээсэнд орсон гэж байсан боловч сүүлийн албан бичигтээ цахилгааны төлбөр гэж нэхэмжилсэн. Удаа дараа түрээсийн объекттой холбоотой ашиглалт болон хүүхдүүдийн аюулгүй байдал, үйл ажиллагаа явуулахад саадгүй байх шаардлагуудаа албан тоот болон цахим харилцаа холбооны хэрэгсэл ашиглан холбогдох дугаарт, удирдлагууд болон шат шатны ажилтнуудад амаар мэдэгдсэн. Удаа дараа хэлж яриад байхад бидэнд хариу өгөөгүй, хэт нэг талыг барьсан гэрээндээ манай байгууллагын саналыг огт оруулаагүйн хамтаар түүнийгээ байгуулахыг тулгаж шаардаж байсан тул бид цаашид хамтарч ажиллаж чадахгүй болохыг мэдэгдсэн.

Ийнхүү нэхэмжлэгчийн түрээслүүлэгч байгууллагад 2024 оны 11-р сарын 04-ний өдрөөр гэрээний нөхцөлийг аль аль талын эрх ашиг сонирхлыг хөндөхгүй, тэгш эрхийн хүрээнд байгуулахыг санал болгосон байдлаар албан бичиг өгснөөс хойш удаа дараа утсаар ярих, мессеж бичиж, удирдлагуудтай уулзах хүсэлт гаргасан боловч хариу ирүүлээгүй. 25 хоногийн хугацаа өнгөрсний дараагаар 2024 оны 11-р сарын 29-ний өдөр түрээсийн төлбөрийг 40,000,000 сая төгрөгөөр тооцож дараа сарын гэрээг байгуулах эсвэл албадан сургалтын үйл ажиллагааг зогсоох гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн.

Бид тус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай хариу тайлбараа хүргүүлсний дараа буюу 2024 оны 12-р сарын 01-ний өдөр бидэнд мэдэгдэлгүйгээр баасан гаригт түрээсийн объектын цахилгааныг тасалсан. Бид даваа гарагт хичээлээ явуулахаар ирэхэд 3 өдөр цахилгаан тасалсны улмаас тус түрээсийн объект нь хичээл сургалт явуулахын аргагүй хүйтэн, гал тогоонд байсан сурагчдын 7 хоногийн хоол хүнс бүгд муудсан байсан. Бид хүүхдийн эрх ашгийг ч анхаарахгүй, гэрээний заалтууд дээрээ тэгш эрх, шударга ёсоор хандахгүй нэгэнт орчихсон юм чинь манай гэрээг л байгуулах ёстой гэсэн хандлагаар ******* нь хандаж байсан тул цаашид сургалт хүмүүжлийн ажил явуулах нөхцөлгүй болсон гэдгийг ойлгож бид буцсан байдаг. Тухайн үед дотор байгаа эд зүйлээ авах гэсэн боловч цоожилж битүүмжилсэн байсан тул авах боломжгүй байсан. Илүү төлсөн төлбөрөө байя гэхэд үлдээсэн байгууллагын эд хөрөнгөө авъя гэж *******-ийн гүйцэтгэх захирал уулзах гэж 2 хоног болсон. Энэ хугацаанд сургуульд байгаа хүүхдийн хувцас хичээл сургалтын хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл зэрэг үлдсэн эд зүйлсээ авах гэсэн боловч оруулахгүй, түрээсийн объектыг битүүмжилсэн хэвээр байсан. Манай сургууль нь цагдаа сэргийлэх, ТВ, мэдээллийн байгууллагууд дуудаж олон нийтэд мэдээлнэ гэж хэлж байж *******-ийн гүйцэтгэх захирал уулзаж хүүхдүүдийн хувцас хичээлийн хэрэгсэл зарим ном дэвтэр баримт бичгүүдээ авсан.

******* нь манай сургалтад 3 хүүхдийг суралцуулсан ба сургалтын төлбөрийг түрээсийн гэрээнээс бартерын журмаар хасаж тооцохоор тохиролцсон. 3 хүүхдийн сургалтын төлбөр нийт 10,913,213 төгрөг ба 11 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь *******-д 2024 оны 08-р сарын 30-ны өдрөөс 2024 оны 12-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээслэхдээ түрээсийн төлбөрт нийт 113,000,000 төгрөгийг төлсөн. Энэхүү тооцооноос 3 сарын хугацааны түрээсийн төлбөр буюу 84,000,000 төгрөгийг манай байгууллага төлөх үүрэгтэй. Энэхүү үүргээ ч бүрэн дүүрэн биелүүлсэн. Бидний төлбөл зохих төлбөрөөс бартерын сургалтын төлбөр, гэрээний дагуу төлсөн төлбөрүүдийг хасаж тооцвол бид *******-д 39,913,213 төгрөгийн илүү төлөлттэй байх тул гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Талууд анх 2024 оны 6 сард гэх хариуцагч компанийн захирал Солонгос Улсад байх хугацаанд гэх хүн холбогдоод Алтан босго академи сургууль байна, уг сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн шинэ үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна. Танайх сургуулийн барилга түрээслэх үү гэж асуусан. Талуудын маргааны зүйл болж байгаа барилга нь нийт 1,600 мкв бүхий сургуулийн зориулалттай, хариуцагч компанийн өмчлөлд байдаг, сургуулийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахад бэлэн, өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй шинэ барилга юм. Манай хүсэл зорилго нь удаан хугацаагаар түрээслэх бол 28,000,000 төгрөгөөр түрээсэлж болно гэж агент гаар хэлүүлсэн. Ингээд 2024-2025 оны хичээлийн шинэ жилийг танай барилгад эхлүүлье гээд түрээсийн төлбөрийг 28,000,000 төгрөгөөр анх тохирсон. Нэхэмжлэгч компанийн зүгээс өөр газар сургуулийн барилгатай, тухайн барилгаасаа ширээ сандал зэрэг холбогдох хэрэгтэй зүйлсээ авчраад 8 сард үйл ажиллагаагаа явуулахдаа бэлэн болсон. 2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ манай объектод хийсэн. Хариуцагч компани объектыг 8 сард хүлээлгэж өгсөн. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь 9 сарын 01-ний өдөр. Хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 12 сарын 04-ний өдөр түрээсийн объектыг хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2024 оны 12 сарын 04-ний өдөр хүртэл объектыг ашигласан. Хариуцагч компанийн зүгээс юу гэж үзэж байгаа вэ гэхээр өөрсдийнхөө талбайг түрээслүүлж байгаа учраас гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Түрээсийн гэрээний төслөө үйлдээд гэрээгээ байгуулъя, гэрээгээ уншаад болохгүй зүйл байвал өөрчлөлт оруулах зүйл байвал аваад ир, гэрээгээ байгуулъя гэдэг байдлаар удаа дараа шаардаж байсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээгээ батална, уншиж байгаа, хуулийнхаа зөвлөхөөсөө асууна гэдэг байдлаар 9 сард хүлээж авснаас 12 сарыг хүртэл огт батлаагүй. Одоо өөрсдөө ярьж байгаа зүйл нь бизнесийн ёс зүйгүй зүйл хэлж байна. Гэрээний эрх зүйн харилцаа гэдэг бол талуудын аль алных нь тохиролцоод гарын үсэг зурдаг. Тэрнээс биш манайх заавал энэ түрээсийн гэрээг батлах ёстой, танайх гарын үсгээ зур гэдэг байдлаар хэлээгүй. Түрээсийн гэрээний загвараа явууллаа, засаж, өөрчлөлт оруулах зүйл байна уу гэдэг байдлаар хэлж байсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн зүгээс хүлээлгэж өгөх хүртэл түрээсийн гэрээг батлаагүй. Үйл ажиллагаагаа 9,10,11 сард явуулсан. Манайхаас үйл ажиллагаа явуулах боломжоор хязгаарлаагүй.

Түрээсийн төлбөрийн тухайд 8 сарын 30-ны өдрөөс түрээсийн төлбөр төлөгдөж явсан. Нэхэмжлэлдээ мөн дурдсан байсан. Талуудын анхны тохироо 28,000,000 төгрөгийг 2 сараар тооцож 56,000,000 төгрөгийг барьцаа хэлбэрээр байршуулна. Ингээд сарын бүрийн түрээсийн төлбөрийг 25-ны өдрийн дотор төлнө гэж тохирсон.

Нэхэмжлэгч компанийн зүгээс 8 сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 8 сарын 31-ний өдөр 12,000,000 төгрөг, 9 сарын 01-ний өдөр 28,000,000 төгрөг, 9 сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг хийх байдлаар 4 удаагийн гүйлгээгээр 80,000,000 төгрөг өгсөн. Өөрөөр хэлбэл 4,000,000 төгрөг дутуу төлсөн. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаад дараагийн төлөлт нь 9 сарын 30-ны өдөр 28,000,000 төгрөгийг 10 сарын түрээсийн төлбөр гэдэг утгатай шилжүүлсэн. Өмнөх зөрүү төлбөр 4,000,000 төгрөгөө нөхөж шилжүүлээгүй. Дараагийн төлбөрийг тохиролцоо ёсоор 10 сарын 25-ны өдөр шилжүүлэх байсан боловч шилжүүлээгүй. 11 сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс сургуулийн барилгыг 3 сар ашигласны хариуд 113,000,000 төгрөг төлсөн. Анхны сарын түрээсийн төлбөрөөс 4,000,000 төгрөг, 11 сарын түрээсийн төлбөрөөс 23,000,000 төгрөг дутуу шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал 9 сард түрээсэлснээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна. 9,10,11 сард түрээсэлснээ хүлээн зөвшөөрөөд 3 сарын түрээсийн төлбөрөө хассан тул 29,000,000 төгрөг үлдэж байна гэдэг байдлаар шаардаж байна.

29,000,000 төгрөгийн тухайд нэхэмжлэгч сургуулийн барилгыг хүлээж авснаас хойш цахилгааны төлбөрийг огт төлөөгүй. Нэхэмжлэлдээ дурдахдаа цахилгааны төлбөрийг түрээсийн төлбөрт орсон гэж байна. Одоо нэгэнт баримт байхгүй тул өөрсдөд ашигтайгаар тайлбарлаж байна. Ямар ч түрээсийн гэрээнд ашиглаж байгаа цахилгааны төлбөрөө өөрөө төлөх үүрэгтэй. Гэрээ байгуулагдаагүй, баримт байхгүй байдлыг ашиглаж өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлаж болохгүй. Талуудын албан бичгээс тодорхой харагдана. Хариуцагч компаниас нэхэмжлэгч компанид түрээсийн төлбөрөө төлнө үү төлөхгүй бол цахилгааны хязгаарлалтад орох гээд байна шүү гэдэг байдлаар хэлж байсан. Анхнаасаа хэрэглэж байсан хүн нь төлөх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. 3 сарын хугацаанд ашиглаж байсан цахилгааны төлбөрөө нэхэмжлэгч компани төлөх ёстой байсан боловч огт төлөөгүй. Тийм учраас манай хариуцагч компани нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн. Үүнд барьцаа төлбөр 29,000,000 төгрөгийг суутгасан гэдэг байдлаар үгүйсгэж байгаа.

Гурван хүүхдийн асуудал яригдаж байна. Хариуцагч компанийн хамаарал бүхий 3 хүүхдийг сургана гэсэн үйл явдал байсан. Хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтны хэлж байгаагаар 3 хүүхэд 9 сард л суралцсан гэдэг. Тэрнээс хойш суралцаагүй хувийн хэргээ аваад явсан гэдэг. Нэхэмжлэлийн шаардлагадаа 3 хүүдийн сургалтын төлбөр гээд 10,913,213 төгрөг гэж гаргасан байна. Үүнийг ямар дүнгээс яаж бодоод 3 хүүхэд хэдий хугацаанд яаж бодоод гаргасан бэ тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар 3 хүүхдийн сургалтын төлбөр, сургалтын гэрээ гэдэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байгаа. Үүнийг үндэслэж байгаа юм уу, тооцоолол нь тодорхойгүй байна. Хуульд заасан шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч компани биелүүлээгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа.

Талуудын хооронд түрээсийн харилцаа үүссэн. Гэрээ байгуулагдаагүй маргаан үүсэж байна. Гэрээ байгуулагдаагүй шалтгаан гэвэл нэхэмжлэгч компанийн зүгээс эс үйлдэхүй гаргаж гэрээг батлаагүй. Өөрсдөө санал хүсэлтээ оруулаад түрээсийн гэрээний харилцаа үргэлжлээд явах боломж байсан уу гэвэл байсан. Яагаад түрээсийн байрыг 12 сарын 04-ний хүлээлгэж өгөөд үйл ажиллагаагүй больсон бэ гэхээр нэхэмжлэгч компани зөвшөөрөлгүй дотуур байр ажиллуулсан гэдэг үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар боловсролын газар торгууль бүхий албан бичиг ирсэн байдаг. Нэхэмжлэгч компани огт үйл ажиллагаа явуулж байгаагүй бус үйл ажиллагаа явуулдаг. 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор манай компанийн сургуулийн барилгыг түрээсэлсэн. Гэтэл элсэлт бага байна гэж хэлж байсан. Манай зүгээс танайх сургуулийн элсэлт бага байгаа бол манайх тусалъя гэдэг байдлаар хандаж байсан нь албан бичгээр харагдана. 12 сарын 04-ний өдөр түрээсийн талбайг хүлээлгэж өгсөн шалтгаануудын нэг нь элсэлт бага, хүүхдийн тоо бага байсан гэдэг. Мөн манай компаниас үлдэгдэл төлбөр болон цахилгааны төлбөрөө шаардаж эхэлсэн. Нэхэмжлэгч компани элсэлт бага, үйл ажиллагаа нь тогтворжоогүй байсан учраас төлбөрөө төлөх боломжгүй болсон. Ийм учраас 12 сарын 04-ний өдөр түрээсийн талбайг хүлээлгэж өгөөд гаръя гэсэн. Тэрнээс биш хариуцагч компанийн буруутай үйл ажиллагаанаас болж түрээсийн харилцаа дууссан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Талууд зуучлагчийн дэмжлэгтэйгээр харилцан тохиролцож хариуцагчийн ХУД-ийн хороо зориулалттай 1595 м.кв объектыг түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Хариуцагчийн зүгээс тухайн объектыг 1 сарын 40,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр байсан ч нэхэмжлэгчээс сургуулийн зориулалтаар удаан хугацаагаар түрээслэх хүсэлтэй гэсэн тул 1 жилийн хугацаанд 28,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2024 оны 08-p сард түрээсийн объектыг хүлээлгэж өгсөн бөгөөд талуудын тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн талбайг ашиглаж эхэлсэн өдөр буюу 2024 оны 08-р сарын 31-ний өдөр 1 сарын түрээсийн төлбөр 28,000,000 төгрөг 2 сарын түрээсийн төлбөртэй дүйцэх 56,000,000 төгрөг нийт 84,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан ч хугацаа хэтрүүлэн 80,000,000 төгрөгийг төлсөн.

Нэхэмжлэгч нь 10-р сарын түрээсийн төлбөрийг 9-р сарын 25-ны өдөр төлөх үүрэгтэй ч 9-р сарын 30-ны өдөр хугацаа хэтрүүлэн төлснөөс гадна 10 болон 11-р сарын төлбөрийг зохих ёсоор бүрэн, хугацаандаа төлөөгүй.

Нэхэмжлэгчээс түрээсийн талбайг хүлээлгэж өгөн цаашид түрээслэх боломжгүй болсон гэсэн тул талууд 2024 оны 12-р сард Объект хүлээлцэх акт үйлдэн түрээсийн талбайг хүлээн авсан.

Нэхэмжлэгч нь тухайн түрээсийн талбайг ашиглаж байх хугацаандаа талбайг элэгдэл, хорогдолд оруулж муутгасан байсан нь хэрэгт авагдсан Объект хүлээлцэх актаас тодорхой харагдах ба үүний улмаас түрээсийн талбайг дахин түрээслүүлэх боломжгүй байдалд хүрч өнөөдрийг хүртэл тухайн талбайг дахин түрээслүүлээгүй байгаа.

Түрээслэгч нь түрээсийн талбайг хүлээлгэн өгөхдөө ашигласан хугацаанд бий болсон элэгдэл, хорогдлыг тооцон буцаан өгөх үүрэгтэй ба түрээсийн талбайг өмнөх байдалд нь оруулж элэгдэл, хорогдол, муутгасан зүйлийг засан сайжруулахад 32,66,950 төгрөг зайлшгүй шаардлагатай, энэхүү зардлыг нэхэмжлэгчээс гаргуулна.

Мөн нэхэмжлэгч түрээсийн талбайг түрээсэлж байх хугацааны тог, цахилгааны төлбөрөө огт төлөөгүй бөгөөд үүнийг нь хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д төлсөн. Өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нь түрээсийн талбайг түрээсэлж байх хугацаандаа 13,478,647 төгрөгийн цахилгааны төлбөрийг хариуцан төлөх үүргээ огт биелүүлээгүй ба хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнөөс түүний төлөх ёстой цахилгааны төлбөрийг хариуцан төлж байсан болно. Иймд нэхэмжлэгчээс түрээсийн талбайг өмнөх байдалд нь оруулж элэгдэл, хорогдол, муутгасан зүйлийг засан сайжруулахад шаардлагатай 32,466,950 төгрөг, түрээсийн талбай ашиглаж байх хугацааны цахилгааны төлбөр 13,478,647 төгрөг нийт 45,945,597 төгрөгийг гаргуулж хариуцагч олгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

3.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Хариуцагч компанийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан засварын зардал 32,466,950 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.

Цахилгааны төлбөрийг 13,478,647 төгрөг гэдэг байдлаар анх тодорхойлж өгсөн. Яагаад ингэж тодорхойлсон юм бэ гэхээрээ манайх өмнө нь 10 сард явуулж байсан албан бичиг дээр 13,478,647 төгрөг гэж байсан учраас эхний удаад албан бичиг дээр үндэслэж 13,478,647 төгрөг гэж гаргасан.

Хариуцагч нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ХУД-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан нэхэмжлэгчийг түрээсийн талбайг ашиглаж байх хугацааны цахилгааны төлбөрийн дэлгэрэнгүй лавлагааг авах тухай албан бичиг хүргүүлсэн ба тус төвийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулгаар 2024 оны 09-11 дүгээр сарын нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөр 70,509,620 төгрөг болсон нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь түрээсийн талбайг ашиглаж байх хугацааны цахилгааны төлбөрөө өөрөө хариуцан төлөх үүрэгтэй ч огт төлөлт хийгээгүй учир ашиглаж байх хугацааны 70,509,620 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй.

Үүнийг нь хариуцагч компаниас нэхэмжлэгчийн өмнөөс хариуцан төлсөн. Төлсөн болох нь Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК-ийн Хан-Уул дүүргийн хэрэглэгчид үйлчлэх төвийн 2025 оны 9 сарын 05-ны өдрийн тооцооллын дэлгэрэнгүй лавлагаанаас тодорхой харагдаж байгаа. Манайх цахилгаан төлбөрийг өөрсдийнхөө боломжоор тэр түрээсийн төлбөр барьцаанд хийсэн төлбөрөөс нь бага багаар нь хуваагаад төлж байсан баримт байгаа. Тэгэхээр нотлох зорилгоор манайх сөрөг нэхэмжлэл өмнө нь гаргахдаа Хаан банкны лавлагаагаа 14 хуудас баримт өгсөн байгаа. Тэр баримтуудаар ч гэсэн давхар нотлогдоно. Иймд хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчээс барьцаа төлбөрт төлсөн 29,000,000 төгрөгийг цахилгааны төлбөрт суутгасан ба зөрүү 41,509,620 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байна.

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд манай хаяг, хэрэглэгчийн код байгаа. Бид нарын сөрөг нэхэмжлэлийн хүрээнд ашигласан 3 сарыг бол хүлээн зөвшөөрч байгаа. 3 сарын хугацаанд 70,500,000 төгрөгийн цахилгаан зардал гарсан. Энэ цахилгаан зардалд тог цахилгаан гэрлэлт гэрэлтүүлэг, халаалтын асуудал байгаа. Цахилгаан халаагуураа халааж байсан гэж би үйлчлүүлэгчээсээ сонссон. Тэгэхээр ийм хэмжээний зардал гарах нь тодорхой. Хэрэглэсэн зүйлийнхээ төлбөрийг төлөх ёстой. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлд дурдсан цахилгааны төлбөрийг манайхаас нэхэмжлэлдээ дурдсан. Тухайн албан бичгүүдэд дурдагдаж байгаа. 9, 10 сар буюу эхний 2 сарын цахилгааны төлбөрийг хариуцагч байгууллага төлнө гээд тухайн гэрээ байгуулагдсан. Үүнээс хойш манай байгууллага төлөхөөр тооцогдсон. Үүний дагуу 13,478,000 төгрөгийг төлөхийг шаардсан байсан. Манай байгууллагын зүгээс цахилгааны төлбөрөө төлье, төлбөрөө илүү төлбөрөөс суутгая гэдэг байдлаар харьцаж байсан. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс тийм зүйл байхгүй, нэмж 170 сая төгрөгийг шаардана гэдэг байдлаар албан бичиг явуулж байсан. Тийм учраас зөвшилцөж чадаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа эрх бүхий байгууллагын албан бичгээр тогтоогдоно гэж байна. Тухайн албан бичигт 2024 оны 9 сарын 13-ны өдрөөс 2024 оны 12 сарын 31-ний өдрийн цахилгааны тооцоо гээд Лайт хаус хайбрид техноложи сургуулийн нүхтийн замын арцтын задгай гэх газарт байдаг 1119826 хэрэглэгчийн дугаартай цахилгааны төлбөр байна. Энэхүү баримт бичигт юуг тодорхойлж өгөөгүй байна вэ гэхээр 1119826 хэрэглэгчийн дугаар нь нэхэмжлэгч байгууллагын ашиглаж байсан объект гэдгийг тодорхойлж өгөөгүй. Хариуцагч байгууллага өөрсдөө үйл ажиллагаа явуулсан албан бичгээр тодорхойлно гэж ойлгоод байх шиг байна. Энийг тодорхойлно гэсэн ойлголт байхгүй. Түрээсийн объектод ганц манай байгууллага байгаагүй. Хариуцагч байгууллага өөрсдөө үйл ажиллагаа явуулж байсан нь харилцаж байсан албан бичигт байгаа. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

5.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 6/

5.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7/

5.3. Итгэмжлэл /хх 8/

5.4. Хаан банкны шилжүүлгийн баримт /хх 19-24/

5.5. Алтан босго академи сургуулийн 2024.10.08-ний өдрийн 06 дугаартай албан бичиг /хх 25/

5.6. Алтан босго академи сургуулийн 2024.10.14-ний өдрийн 07 дугаартай албан бичиг /хх 26 /

5.7. Алтан босго академи сургуулийн 2024.10.15-ны өдрийн 08 дугаартай албан бичиг /хх 27/

5.8. Алтан босго академи сургуулийн 2024.10.17-ны өдрийн 10 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх 28-31/

5.9. Алтан босго академи сургуулийн 2024.11.04-ний өдрийн 11 дугаартай албан бичиг /хх 32-35/

5.10. Алтан босго академи сургуулийн 2024.11.19-ний өдрийн 11/16 дугаартай албан бичиг /хх 36-37/

5.11. Алтан босго академи сургуулийн 2024.11.07-ны өдрийн АТ/24/160 дугаартай албан бичиг /хх 38/.

 

6. Хариуцагчаас дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

6.1. Итгэмжлэл /хх 73, 94/

6.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 93/

6.3. Хариу тайлбар /хх 111/

6.4. Хаан банкны шилжүүлгийн баримт /хх 113-124/

6.5. Зээлийн гэрээ /хх 135-143/

6.6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /хх 144-145/

6.7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 153/

6.8. Засварын зардлын талаарх баримтууд, фото зураг /хх 154-165/

6.9. Тэгшсонголт Эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 189-204/

6.10. Алтан босго академи сургуулийн 2024.11.07-ны өдрийн АТ/24/160 дугаартай албан бичиг /хх 205/

6.11. Лайт Хаус Хайбрид Техноложи ХХК-ийн 2024.11.29-ний өдрийн АТ/24/186 тоот албан бичиг /хх 206/

6.12. 2024.12.04-ний өдрийн Объект хүлээлцэх акт /хх 207-208/

6.13. Лайт Хаус Хайбрид Техноложи ХХК-ийн 2025.09.02-ны өдрийн АТ/25/174 тоот албан бичиг /хх 234/

6.14. Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх 235/

6.15. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх 236-242/

6.16. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 243/.

 

7. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр хариуцагч компанийн хаягаас нэхэмжлэгч компанийн хаягт харилцсан и-мэйл хаягт үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх 225-231/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч ******* /РД:*******/-ийн гэрээний илүү төлөлт 39,913,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч ******* /РД:*******/-ийн 41,509,620 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хариуцагч ******* нь 2025.06.27-ны өдөр *******д холбогдуулан түрээсийн талбайг өмнөх байдалд нь оруулж элэгдэл, хорогдол, муутгасан зүйлийг засан сайжруулахад шаардлагатай зардалд 32,466,950 төгрөг, түрээсийн талбай ашиглаж байх хугацааны цахилгааны төлбөр 13,478,647 төгрөг, нийт 45,945,597 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн талбайг өмнөх байдалд нь оруулж элэгдэл, хорогдол, муутгасан зүйлийг засан сайжруулахад шаардлагатай зардалд 32,466,950 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж, түрээсийн талбай ашиглаж байх хугацааны цахилгааны төлбөр 13,478,647 төгрөг гаргуулах шаардлагаа 41,509,620 төгрөг болгон нэмэгдүүлсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.

 

Иймд хариуцагч *******-ийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан түрээсийн талбайг өмнөх байдалд нь оруулж элэгдэл, хорогдол, муутгасан зүйлийг засан сайжруулахад шаардлагатай зардалд 32,466,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

3.1. Нэхэмжлэгч ******* /РД:*******/ нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай компани хариуцагч компанийн үл хөдлөх эд хөрөнгийг сургуулийн зориулалтаар, сарын 28,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, 2024 оны 9, 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр болон 2 сарын барьцаа төлбөр нийт 113,00,000 төгрөгийг төлсөн. Талууд гэрээний нөхцөлийг тохиролцож чадаагүйн улмаас түрээсийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээ больж 2024.12 дугаар сард хүлээлгэн өгсөн. Улмаар хариуцагчаас түрээс болон барьцааны төлбөрт төлсөн 113,000,000 төгрөгөөс 3 сарын түрээсийн төлбөр 84,000,000 төгрөгийг хасаж үлдэх 29,000,000 төгрөгийг буцаан шаардахад өгөхөөс татгалзаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Мөн манай сургуульд хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтны 3 хүүхэд бартераар суралцсан бөгөөд сургалтын төлбөр 10,913,213 төгрөг болсон. Иймд хариуцагчаас 39,913,213 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэнэ.

 

3.2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж дараах үндэслэлээр маргасан. Үүнд: Манай компани түрээсийн гэрээний төслөө нэхэмжлэгч компани руу хүргүүлж, өөрчлөлт оруулах саналаа хэл, гэрээгээ байгуулъя гэдэг байдлаар удаа дараа шаардаж байсан ч гэрээтэй танилцана, хуулийн зөвлөхөөсөө асууна гэсээр 2024.12 дугаар сарыг хүртэл гэрээг батлаагүй. Нэхэмжлэгч манай үл хөдлөх хөрөнгөнд 2024.09, 10, 11 сарыг дуустал үйл ажиллагаа явуулж, 2024.12.04-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь энэ хугацааны цахилгааны төлбөрийг огт төлөөгүй бөгөөд 70,509,620 төгрөгийн цахилгааны төлбөр гарснаас барьцаа 29,000,000 төгрөгөөр төлсөн. Цахилгааны төлбөрийг анхнаасаа түрээслэгч буюу нэхэмжлэгч төлөхөөр талууд тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн 3 хүүхэд 9 сард л суралцсан. Тэрнээс хойш суралцаагүй хувийн хэргээ аваад явсан. Нэхэмжлэлийн шаардлагадаа 3 хүүдийн сургалтын төлбөр 10,913,213 төгрөг гэж гаргасан нь ямар дүнгээс яаж бодоод 3 хүүхдийн хэр хугацаанд суралцсан төлбөр бодсон зэрэг нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэнэ.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

4.1. ******* /РД:*******/ нь дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь манай үл хөдлөх хөрөнгийг 2024.09 дүгээр сараас 2024.12.04-ний өдрийг хүртэл ашигласан бөгөөд энэ хугацааны цахилгааны төлбөр 70,509,620 төгрөг гарсан. Нэхэмжлэгчийн барьцаа төлбөрт төлсөн 29,00,000 төгрөгийг цахилгааны төлбөрт төлж, үлдэх 41,509,620 төгрөгийг манай компани төлсөн тул нэхэмжлэгчээс түрээсийн талбайг ашиглаж байх хугацааны цахилгааны төлбөр 41,509,620 төгрөгийг шаардах эрхтэй гэнэ.

 

4.2. Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж дараах үндэслэлээр маргасан. Үүнд: Талууд анх тохиролцохдоо 2024.09, 10 дугаар сарын цахилгааны төлбөрийг түрээслүүлэгч хариуцахаар, 11 дүгээр сараас манайх хариуцахаар тохиролцсон. 11 дүгээр сарын цахилгааны төлбөр хэдэн төгрөг болох нь тодорхойгүй байх бөгөөд Лайт хаус хайбрид техноложи сургуулийн нүхтийн замын арцтын задгай гэх газарт байдаг 1119826 хэрэглэгчийн дугаар нь нэхэмжлэгч байгууллагын ашиглаж байсан объект гэдгийг тодорхойлж чадахгүй байна. Мөн манайхыг байх хугацаанд хариуцагч байгууллага өөрсдөө үйл ажиллагаа явуулж байсан, ганц манай байгууллага байгаагүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэнэ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулга наадамчдын талбай 1041 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2206112703 дугаартай, сургуулийн зориулалттай 1595 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг сургалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслэхээр талууд харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу дээрх хүсэл зоригийн үндсэн дээр хариуцагч ******* нь 2024.08.30-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг Алтан Босго Академи сургуулийн эзэмшил ашиглалтад шилжүүлж, нэхэмжлэгч ******* нь хариуцагчид 2024.08.30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024.08.31-ний өдөр 12,000,000 төгрөг, 2024.09.01-ний өдөр 28,000,000 төгрөг, 2024.09.02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 28,000,000 төгрөг, 2024.11.06-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 113,000,000 төгрөгийг төлсөн байна.

 

Харин Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан.

 

Талууд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаагүй шалтгааныг өөр өөрөөр тайлбарласан ч гэрээг бичгээр байгуулагдаагүй үйл баримтад маргаагүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг талууд хэрэгжүүлж чадаагүй, талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна.

 

5.2. Гэрээ байгуулагдаагүй хэдий ч талууд түрээсийн төлбөрийг сарын 28,000,000 төгрөгөөр тохиролцсон, нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг хүлээн авснаас хойш 2024.12.04-ний өдөр хүртэл ашигласан, ийнхүү ашиглах хугацаандаа цахилгааны төлбөр төлөөгүй, түрээсийн төлбөр болон барьцаанд 113,000,000 хариуцагчид төлсөн зэрэг үйл баримтад талууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.

 

Мөн талууд нэхэмжлэгчийн төлсөн 113,000,000 төгрөгөөс 3 сарын түрээсийн төлбөр 84,000,000 төгрөгийг хасаж, 29,000,000 төгрөг үлдсэн үйл баримтад маргаагүй.

 

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.6, 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус хэргийн оролцогчийн үүргийг хуульчилсан.

 

Хариуцагч нь 29,000,000 төгрөгийг цахилгааны төлбөрт шилжүүлсэн учир буцаан төлөх үүрэггүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж,

цахилгааны төлбөр 70,509,620 төгрөг гарснаас нэхэмжлэгчийн шаардаж буй 29,000,000 төгрөгийг цахилгааны төлбөрт шилжүүлсэн, үлдэх 41,509,620 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй гэж шаардаж, ийнхүү хариу тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн хугацааны эхний 2 сарын цахилгааны төлбөрийг хариуцахгүй байхаар талууд тохиролцсон, 11 дүгээр сарын цахилгааны төлбөр хэдэн төгрөг болох нь тодорхойгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, ийнхүү хариу тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч компанийн зүгээс 2024.10.15-ны өдөр 08 дугаартай ... манай сургууль энд шилжин ирснээс хойш танай байгууллагын оффис сургууль дотор байрлан ажиллаж байгаа учраас байрласан хугацааны зардлыг түрээсийн төлбөрөөс хасаж тооцно уу гэсэн албан бичгийг хариуцагчид хүргүүлж байснаас үзвэл нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг ашиглаж байх хугацаанд гарсан цахилгааны зардлыг төлөх үүрэгтэй.

 

Гэвч хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн түрээсийн зүйлийг ашиглаж байх хугацаанд гарсан цахилгааны зардал хэдэн төгрөг болох нь тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал: Хариуцагчаас нотлох баримтаар хэрэглэгчийн нэр Ганбат, хэрэглэгчийн код 1119826 гэх Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг гаргасан бөгөөд тус гэрээг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Арцат-д байрлах үл хөдлөх хөрөнгийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор байгуулсан байна. /хх 236-242/

 

Мөн хариуцагч байгууллагаас 2025.09.02-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, ХУД-ын ХҮТ-д хүсэлт гаргаж, 1119826 дугаар кодтой хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг гаргуулсан байна.

 

Тус тайланд хэрэглэгчийн хаягийг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам-Т- Арцадын задгай гэж тусгасан байна. /хх 235/

 

Гэвч түрээслүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө нь дээрх хаягаас зөрүүтэй буюу Хан-Уул дүүргийн 8-р хороо, Морин тойруулга, наадамчдын талбай /17101/, 1041 тоот хаягт байршилтай болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан. /хх 243/

 

Мөн хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан Тэгшсонголт эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025.08.25-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 5-р хуудсанд тус үл хөдлөх хөрөнгийн инженерийн байгууламж дулаан, цэвэр усны шугам, бохирын шугам болон цахилгаан хангамжийн сүлжээ нь тус барилгын хажуу дахь хотхоны шугам сүлжээтэй хамт холбогдсон бөгөөд өөрийн гэсэн бие даасан инженерийн шугам сүлжээ байхгүй гэж тэмдэглэсэн байна. /хх 192/

 

Түүнчлэн талуудын 2024.12.04-ний өдрийн Объект хүлээлцэх актад цахилгааны тоолуурын заалт: өдрийн заалт /жиж/ 009240.54, шөнийн заалт /том/ - 002210.93 гэж тэмдэглэсэн, энэ нь 1119826 дугаар кодтой хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланд заасантай таарахгүй байна. /хх 207/

 

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл 1119826 дугаар хэрэглэгчийн кодтой цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ нь түрээсийн үл хөдлөх хөрөнгөд хамааралтай, нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд 70,509,620 төгрөгийн цахилгааны зардал гарсан гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

Иймд нэхэмжлэгч Алтан Босго Академи сургуулийн түрээсийн төлбөрт илүү төлсөн 29,000,000 төгрөгийг хариуцагч *******-иас шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Харин хариуцагч ******* нь нэхэмжлэгч Алтан Босго Академи сургуулиас 41,509,620 төгрөгийг шаардах эрхтэй болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

 

5.5. Мөн нэхэмжлэгч нь өөрийн хамаарал бүхий 3 хүүхдийг манай сургуульд суралцуулсан төлбөр 10,913,213 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хариуцагчаас шаардсан.

 

Гэвч нэхэмжлэгч нь тухайн хүүхдүүдийг суралцуулах үүргээ биелүүлж, 10,913,213 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 29,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 10,913,213 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч ******* /РД:*******/-ийн 41,509,620 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,517 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,678 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 302,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******-иас 29,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,913,213 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч *******-ийн 41,509,620 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар хариуцагч *******-ийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан түрээсийн талбайг өмнөх байдалд нь оруулж элэгдэл, хорогдол, муутгасан зүйлийг засан сайжруулахад шаардлагатай зардалд 32,466,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,517 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,678 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 302,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ