Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2026/0606

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*********” ХХК /РД:*********/

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*********, Ц.О********* нарын хороонд үүссэн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г*********, А.Д********, С.Ч********, Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э********, хариуцагч Ц.О*********, Ц.М*********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “*********” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*********, Ц.О********* нарт холбогдуулан “...Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*********, Ц.О********* нарын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *********дугаартай нөхөн ногдуулалтын акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “*********” ХХК нь “*********” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ER-18-180 дугаартай “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зориулалтаар шахмал түлш үйлдвэрлэх баяжуулсан эрчим хүчний нүүрс нийлүүлэх гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулж[1], гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгаж[2], 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байдаг.[3]

2.2. Засгийн газрын 2012 оны 139 дугаартай тогтоолоор “Түүхий  нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталж, Засгийн газрын 2020 оны 202 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж, Засгийн газрын 2012 оны 227 дугаартай тогтоолоор "Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралтаар баталж, уг тогтоолын 1 дэх хавсралтад Засгийн газрын 2021 оны 393 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “*********” ХХК багтсан байна.[4]

2.3. Нэхэмжлэгч “*********” ХХК-аас 2021 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаартай албан бичгээр[5] Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт гаргаж, тус газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/152 дугаартай албан бичгээр “…танай компани Засгийн газрын 2021 оны 393 дугаар тогтоолоор агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтад хамрагдсан байх  тул ... 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх эрх үүсэж байх тул хүсэлтэд дурдсан 2021 онд агаарын бохирдлын төлбөрт төлсөн 3 780 947 000 төгрөгийг төсвөөс буцаан олгох болон бусад татварт суутган тооцох эрх зүйн үндэслэлгүй болно” гэх хариуг өгсөн.[6]

2.4. Харин нэхэмжлэгчээс 2022 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаартай албан бичгээр[7] Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт гаргахад, тус газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/537 дугаартай албан бичгээр “…2022 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтойг мэдэгдэж байна” гэх хариуг өгсөн.[8]

2.5. Нэхэмжлэгчээс дээрх 2022 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтдээ “*********” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07/272 дугаартай “Тодорхойлолт хүргүүлэх тухай” албан бичгийг хавсаргасан байх бөгөөд уг тодорхойлолтод “…********* ХХК 2022 онд 536,245 тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс (завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг)-ийг үнэ төлбөргүй нийлүүлж ... сайжруулсан шахмал түлшний гол түүхий эд болох  баяжуулсан эрчим хүчний нүүрс (завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг)-ний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүйгээр нийлүүлж байгаа аж ахуйн нэгж мөн болохыг тодорхойлж байна” гэжээ.[9]

2.6. Татварын ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02/507 “Тайланг залруулж ирүүлэх тухай” албан бичгээр “...агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлүүлэх, хөнгөлөлт эдлэх хүсэлтээ хуульд заасан хугацаанд холбогдох баримтын хамт татварын албанд ирүүлээгүй ... 2023 оны жилийн агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх боломжгүй” гэж “*********” ХХК-д мэдэгджээ.[10]

2.7. Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт гаргасан 2023 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх тухай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 284 дугаартай хүсэлтдээ “*********” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/855 дугаартай “Мидлинг нийлүүлэлтийн тухай” “…********* ХХК нь 2023 онд 417,581.84  тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс (завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг)-ийг үнэ төлбөргүй нийлүүлж ... сайжруулсан шахмал түлшний гол түүхий эд болох  баяжуулсан эрчим хүчний нүүрс (завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг)-ний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүйгээр нийлүүлж байгаа аж ахуйн нэгж мөн болохыг тодорхойлж байна.”[11] гэх албан бичгийг хавсаргажээ.

2.8. “*********” ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаартай албан бичгээр тайлбар, тодруулгыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт хүргүүлэхэд, тус газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/620 дугаартай албан бичгээр[12] хариу өгч, нэхэмжлэгчээс дахин 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 401 дугаар[13], 05 дугаар сарын 15-ны өдрийн 407 дугаартай[14] албан бичгүүдээр тайлан залруулах, хариу тайлбар хүргүүлэхэд, тус газрын 2024 оны  06 дугаар сарын 11-ний өдрийн 01/879 дугаартай албан бичгээр “…2023 оны 04 дүгээр улирлын нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тайланг ... 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэх хариуг өгсөн байдаг.[15]

2.9. Дээрх мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2023 оны 04 дүгээр улирлын агаарын бохирдлын төлбөрийн тайланг (Олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах төлбөр) ТТ-24(1) маягтын дагуу татварын цахим системээр илгээсэн.[16]

2.10. Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*********, Ц.О********* нараас нэхэмжлэгч *********” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд 2125200416 тоот томилолтоор эрсдэлд суурилсан хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн.

2.11. Хяналт шалгалтаар нэхэмжлэгч “*********” ХХК-ийг нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тайланд (ТТ-24-1 маягт) 2022 онд 5,253,771.00 тонн олборлосон нүүрсэнд 5,253,771,000.00 төгрөгийн төлбөр, 2023 онд 12,119,133.03 тонн олборлосон нүүрсэнд 12,119,133,030.00 төгрөгийн нүүрсний агаарын бохирдлын төлбөр ногдуулж төлөөгүй ... 17,372,904,030 төгрөгийн зөрчлийг илрүүлсэн.

2.12. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*********, Ц.О********* нараас “*********” ХХК-д 17,372,904,030 төгрөгийн нөхөн татвар, 6,949,161,612 төгрөгийн торгууль, 4,298,372,758.56 төгрөгийн алданги, нийт 28,620,438,400.56 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *********дугаартай нөхөн ногдуулалтын акт тавьсан.[17]

2.13. Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай тогтоолоор *********дугаартай нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэсэн.[18]

2.14. Дээрх тогтоолыг үндэслэн Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 36251103751 дугаартай томилолт олгож, хяналт шалгалтыг эхлүүлсэн боловч дахин шинэ акт гаргаагүй тул нэхэмжлэгчээс *********дугаартай нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлөөс дахин хянаад 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.[19]

2.15. Харин Засгийн газрын 2012 оны 139, 227 дугаартай тогтоолоор баталсан агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам болон төлбөрөөс бүрэн чөлөөлөх жагсаалтад багтсан “*********” ХК-ийг 2023 оны нүүрсний агаарын бохирдлын төлбөр ногдуулж төлөөгүй гэх зөрчилд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *********дугаартай нөхөн ногдуулалтын акт[20] тогтоосныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон байдаг.[21]

2.16. Мөн дээрх жагсаалтад багтсан “*********” ТӨХК-ийг 2022-2023 оны түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөр ногдуулж төлөөгүй гэх зөрчилд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ********* дугаартай нөхөн ногдуулалтын акт[22] тогтоосныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор хүчингүй болгожээ.[23]

2.17. Нэхэмжлэгчийн зүгээс “...Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн хувийн хэвшлийн болон төрийн өмчит аж ахуй нэгж хооронд татварын хууль тогтоомжийг ялгамжтай байдлаар хэрэгжүүлсэн ... хуульд зааснаар эдлэх агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөлтийг хуульд нийцэхгүй агуулга бүхий журмын зохицуулалтаар хязгаарлах нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон хууль дээдлэх чөлөөлөлт эдлэх эрхийг хангах үндсэн зохицуулалтыг зөрчсөн ... нэхэмжлэгчийн зүгээс татвараас зайлсхийсэн, нуун дарагдуулсан, ногдлыг бууруулсан аливаа үйлдэл үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд өгсөн заавар, чиглэлийн дагуу татварын албанд материалаа хүргүүлэн шалгуулж, тайлагнаж ажилласан. Татварын албанаас ямар ч хоёрдмол утгагүйгээр  тайлан ирүүлэх үүрэггүй болсныг мэдэгдсэн хэр нь одоо ногдлыг тооцохдоо үндэслэлгүйгээр чөлөөлөгдөх дүнг оруулж тооцохгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдсөн, төлбөр төлөгчийн бүртгэлээс хасагдсан, тайлагнах үүрэггүй байсан нь Татвар төлөгчийг татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд төлөөгүй гэх зөрчил гаргасан мэтээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь хуулийн үндэслэлгүй юм ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.18. Хариуцагч нарын зүгээс “... Засгийн газраас 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг, мөн Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 227 дугаар тогтоолоор Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар тус тус баталсан ба 227 дугаар тогтоолд Засгийн газрын 2021 оны 393 дугаар тогтоолоор “*********” ХХК-ийг нэр заан тухайлан нэмснээр агаарын бохирдлын төлбөрийн чөлөөлөлт эдлэх эрхтэй болсон ч тухайн төрлийн татвараас тодорхой баримтыг бүрдүүлэн тайлагнаснаар чөлөөлөгдөхөөс бус нэр заагдан орсноор бүрэн чөлөөлөгдөх агуулгагүй юм. Татварын ерөнхий хуулийн 14.1.3-т заасан “... тухайн төрлийн татвараас хуулиар чөлөөлөгдсөн” бус Засгийн газрын тогтоолд журамласны дагуу агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтийг журамд заасан хугацаанд шаардлагатай баримтыг бүрдүүлэн харьяа татварын албанд хүргүүлж чөлөөлөлт эдлэх зохицуулалттай байна. "*********" ХХК нь Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зориулалтаар шахмал түлш үйлдвэрлэх баяжуулсан эрчим хүчний нүүрс нийлүүлэх гэрээ"-г байгуулж, гомдолд дурдсанаар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор баяжуулсан эрчим хүчний нүүрсийг үнэ төлбөргүйгээр төрийн өмчит "*********" ХХК-д нийлүүлсэн, актад холбогдох 2022, 2023 онуудад агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлийг бүрэн хангасан боловч тухайн төлбөрийг татварын албанд тайлагнах, чөлөөлөлт эдлэх журмын заалтыг мөрдөөгүй байна. “*********” ХХК-ийг 2022-2023 онд агаарын бохирдлын төлбөр ногдуулж төлөөгүй нь төлбөл зохих татварын дүнг 50 дээш хувиар бууруулсанд татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгох хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгч “*********” ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “…Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд манай компани "*********” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 1-ний өдөр ER-18-180 тоот "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зориулалтаар шахмал түлш үйлдвэрлэх баяжуулсан эрчим хүчний нүүрс нийлүүлэх гэрээ"-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр Улаанбаатар хотын агаарын бохирыг бууруулах зорилгоор шахмал түлш үйлдвэрлэх зориулалтаар жилд 800,000 тонн хүртэл угааж баяжуулсан эрчим хүчний өндөр илчлэг бүхий нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлэхээр болсон.

Уг гэрээний хүрээнд нийт 148,736,537,675.00 (нэг зуун дөчин найман тэрбум долоон зуун гучин зургаан сая таван зуун гучин долоон мянга зургаан зуун далан тав) төгрөгийн үнэ бүхий 3,058,994.39 (гурван сая тавин найман мянга есөн зуун ерэн дөрөв зууны гучин ес) тонн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг агаарын бохирдлын бууруулах зорилгоор сайжруулсан түлш үйлдвэрлэхэд ашиглуулах зориулалтаар хүлээн авагчид үнэ төлбөргүй нийлүүлж, 7 жилийн хугацаанд Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлш түүхий эдийн хэрэгцээг дангаар бүрэн хариуцан ажилласан.

Агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдсөн харилцааны тухайд Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолын хавсралт "Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам"-д Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 202 тоот тогтоолоор өөрчлөлт оруулж, 2012 оны 227 дугаар тогтоолын 1 дэх хавсралтад заасан чөлөөлөгдөх аж ахуйн нэгжийн жагсаалтад 2021 оны 12 дугаар сард “*********” ХХК-ийн нэр нэмэгдсэн.

"*********" ХХК нь хэдийгээр бүрэн чөлөөлөгдөх шаардлагыг хангаж байсан ч 2018-2021 оны хооронд буюу баяжуулсан эрчим хүчний нүүрс нийлүүлж эхэлснээс хойших 4 жилийн туршид бид агаарын бохирдлын төлбөрийн ямар нэг хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаагүй. Гагцхүү 2022 оноос эхлэн бүрэн чөлөөлөлтөд хамрагдсан бөгөөд татварын байгууллагаас татвар төлөгчийн бүртгэлд өөрчлөлт хийгдэж, тус байгууллагын тухай бүр өгч байсан заавар, зөвлөмж, мэдэгдлийн дагуу холбогдох баримт материалыг хүргүүлснээр 2022 онд 23.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий нүүрсийг үнэгүй нийлүүлснээр 5,253,771,000 төгрөгийн нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн чөлөөлөлт, 2023 онд нийт 37.5 тэрбум төгрөгийн нүүрсийг үнэгүй нийлүүлснээр 12,119,133,000 төгрөгийн агаарын бохирдлын төлбөрийн, 2024 онд 47.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий нүүрсийг үнэгүй нийлүүлснээр 12,694,581,000 төгрөгийн агаарын бохирдлын төлбөрийн чөлөөлөлт эдэлсэн болно.

Гэтэл Маргаан бүхий захиргааны актаар "*********” ХХК-ийн нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдсөн байсан гурван жилээс 2022, 2023 оныг сонгож аваад нүүрсний агаарын бохирдлын төлбөрийг “ногдуулж төлөөгүй" гэх хуулийн үндэслэлгүй зөрчлийг тодорхойлсон улмаар 2022 онд олборлосон 5,253,771.00 тонн түүхий нүүрсэнд 5,253,771,000.00 төгрөгийн төлбөрийг, 2023 онд олборлосон 12,119,133.03 тонн түүхий нүүрсэнд 12,119,133,030.00 төгрөгийн нүүрсний агаарын бохирдлын төлбөр буюу нийт 17,372,904,030.00 төгрөгийн нөхөн ногдуулалт хийж, 6,949,161,612 төгрөгийн торгууль, 4,298,372,758.56 төгрөгийн алдангийг нэмэн нийт 28,620,438,400.56 төгрөгийн төлбөр тавьсныг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн хувийн хэвшлийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж хооронд татварын хууль тогтоомжийг ялгамжтай байдлаар хэрэгжүүлсэн тухайд,

Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг баталж, тус хуулийн 4.1.1 дэх заалтын дагуу "түүхий нүүрс олборлогч" нь агаарын бохирдлын төлбөр төлөгч байхаар заасан.

Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт “Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно.", мөн хуулийн 8.6-д "Энэ хуулийн 8.5-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг Засгийн газар батална." гэж тус тус зааснаар түүхий нүүрс олборлогчийг тодорхой тохиолдолд нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлж болохоор заасан байсан.

"*********” ХХК нь Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу төлбөр төлөгч байх үед Засгийн газраас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 202 дугаар тогтоолоор Хөнгөлөх, чөлөөлөх журамд “агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага"-ыг агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх боломжийг нэмэгдүүлж шийдвэрлэсэн. Үүний дараа Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар тогтоолоор Засгийн газрын 227 дугаар тогтоолын 1-р хавсралтад заасан “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт"-д "*********" ХХК-ийн нэрийг нэмсэн нь “*********" ТӨХК, "*********" ХК-иуд агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдсөнтэй ижил үйл явц юм.

Манай компанийн үнэ төлбөргүй нийлүүлж буй нүүрсний хэмжээ нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний 70-аас доошгүй хувь байх шаардлагыг давуулж буй нийт түүхий эдийн 100 хувийг үнэ төлбөргүй нийлүүлж ажилласан ба нийлүүлж буй нүүрсний чанарын хувьд харьцуулахад төрийн өмчит "*********" ТӨХК, "*********" ХК-иудын тодорхой үнэ төлбөртэйгөөр цахилгаан станцуудад нийлүүлсэн хүрэн нүүрснээс илчлэг өндөр бүтээгдэхүүн гэдгийг онцлох хэрэгтэй.

Манай компанид холбогдох маргаан бүхий захиргааны актаар нөхөн ногдуулалт хийхтэй зэрэгцэн дээрх “*********” ТӨХК-ийн 2022, 2023 оны, "*********" ХК-ийн 2023 оны агаарын бохирдлын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд мөн хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалт хийж, төлбөр тогтоосон ч ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дээрх 2 компанийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож, зөвхөн "*********” ХХК-ийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь ялгаварлан гадуурхсан, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.2-т заасан татварын хууль тогтоомж Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдөгдөх зарчим зөрчигдсөн гэж үзэж байна.

Татварын маргаан таслах зөвлөл нь 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч "*********” ХХК-тай ижилхэн Засгийн газрын 2012 оны 227 дугаар тогтоолд нэр нь орсон үндэслэлээр агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгддөг 2 төрийн өмчит аж ахуйн нэгжийг чөлөөлөлт эдлэх боломжтой гэж үзсэн мөртөө "*********” ХХК-д дараах үндэслэлээр татвар ногдуулах үндэслэлтэй гэх 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоол гаргасан:

Засгийн газрын 2021 оны 393 дугаар тогтоолоор "*********” ХХК-д тухайн төрлийн татвараас тодорхой баримтыг бүрдүүлэн тайлагнаснаар чөлөөлөгдөхөөс бус нэр заагдан орсноороо "бүрэн чөлөөлөгдөнө" гэх агуулгагүй юм.

ТЕХ-ийн 14.1.3 дахь заалтын дагуу 2022, 2023 оны туршид бүрэн чөлөөлж тайлан ирүүлэх үүрэггүй болгосон гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар гомдлыг хэлэлцэх явцад гишүүдийн олонх нь гомдол гаргагчийг 2011 оноос хойш агаарын бохирдлын төлбөрийн тайланг татварын албанд тайлагнаж байсан, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системд тухайн тайлангийн төрлийн бүртгэлтэй байсан нь татвар төлөгчийн үүргээ бүрэн ухамсарлаж мэдсээр байж Засгийн газрын тогтоол гармагц тайлант онд төлбөр төлбөрийг буцаан авах хүсэлт хүргүүлсэн, 2022 онд 536,245 тонн, 2023 онд 417,581.84 тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс /завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг/-ийг “*********” ХХК- д нийлүүлснээрээ тус компани нь нийт олборлосон хэдэн тонн нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх эсэхийг журамд заасан холбогдох баримтыг хуулийн хугацаанд нь татварын албанд ирүүлснээр чөлөөлөлтөд хамрагдах боломжтой нь ТӨХК-аас ялгаатай гэж дүгнээд Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д "Маргаан таслах зөвлөл нь гомдлыг хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх"-ээр заасныг үндэслэн гомдол гаргагч "*********” ХХК-д холбогдох татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна гэж үзсэн.

Хэрэв "бүрэн чөлөөлөгдөх аж ахуйн нэгжийн жагсаалт"-д орсон нь Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд дүгнэснээр “тодорхой баримтыг бүрдүүлэн тайлагнаснаар чөлөөлөгдөхөөс бус нэр заагдан орсноороо "бүрэн чөлөөлөгдөнө” гэх агуулгагүй" байдаг юм бол тухайн онуудад ямар ч тайлан, материал хүргүүлээгүй “*********” ХК, "*********" ХК-ийн хувьд бүрэн чөлөөлөлт эдлээд харин "*********” ХХК-ийн хувьд 2022 оны тайлангийн материалыг Засгийн газрын журамд заасан хугацаанд хүргүүлж, 2023 онд тайлангаа цахим системээр болон цаасаар хүргүүлсэн ч чөлөөлөлт эдлэх боломжгүй болдог нь ямар ч утга авцалдаагүй юм.

Татварын маргаан таслах зөвлөлөөр бидэнтэй зэрэгцэн гомдлоо шийдвэрлүүлсэн тус 2 компанийн гомдолд дурдагдсан дараах үйл баримтаар үйл баримтын хувьд "*********" ХХК-тай ижил бөгөөд тайлан, мэдээлэл ирүүлээгүй үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн болох нь илэрхий байна.

"*********” ХХК-ийн нэрийг Засгийн газрын 2012 оны 227 дугаар тогтоолд 2021 онд мөн нэмснээр 2022 оноос хойш агаарын бохирдлын төлбөр төлөгчөөс хассан "хасалтын карт" үйлдсэнтэй яг ижил үйл баримт байхад "ТӨХК-аас ялгаатай" гэх үндэслэлгүй тайлбар, дүгнэлт хийсэн.

Харин ч татвар төлөх эсэх талаар татвар төлөгчид бий болсон ойлголтын тухайд "*********" ХХК-д Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/152 тоот албан бичгээр "... Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д татвар төлөгч тухайн төрлийн татвараас хуулиар чөлөөлөгдсөн гэж заасныг тус тус үндэслэн "*********" ХХК-ийг агаарын бохирдлын төлбөр төлөгчөөс чөлөөлөх үндэслэлтэй байна" гэх, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр татварын албаны *********хаяrаас "Шийдвэрийн дагуу 01030718-Нүүрсний агаарын бохирдлын төлбөр Татварын төрлийн бүртгэлээс 2021-12-31 12:00 өдрөөс эхлэн хассан болно. Та Хугацаанаас эхлэн татварын тайлан ирүүлэх үүрэггүй болохыг мэдэгдэж байна. Татварын төлөгчийн гэрчилгээ, татварын карт хэвлэн авна уу" гэх мэдэгдэл тус тус ирж байсан нь Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д зааснаар татвараас бүрэн чөлөөлөгдсөн, мөн тайлан гаргах үүрэггүй байх талаар маш тодорхой зааварчилгаа, мэдэгдэл авсан юм.

Гэтэл Татварын маргаан таслах зөвлөлөөс "ТЕХ-ийн 14.1.3 дахь заалтын дагуу 2022, 2023 оны туршид бүрэн чөлөөлж тайлан ирүүлэх үүрэггүй болгосон гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм." гэж дүгнэхдээ тухайн онуудад тайлан ирүүлээгүй “*********" ТӨХК, "*********" ХК-ийн хувьд Татварын ерөнхий хуулийн 14.1.3 дахь заалтыг яагаад ялгамжтай хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байна.

Татварын маргаан таслах зөвлөлөөс 2026 оны 05 дугаар тогтоолоороо хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг ялгаварлан гадуурхсан дүгнэлтийг аливаа хууль зүйн үндэслэлгүйгээр хийхдээ зөвлөлийн гишүүдийн олонхын санал гэх байдлаар тайлбарласан нь Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам"-ын 1.3-т “хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, татвар төлөгчийн болон татварын албаны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” зарчмыг алдагдуулсан бөгөөд олонхоор гаргах шийдвэр нь нь хуулиас давсан, аж ахуйн нэгжийг ялгаварласан гадуурхсан байх үндэслэл болох ёсгүй.

Хоёр. Хуульд зааснаар эдлэх агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөлтийг хуульд нийцэхгүй агуулга бүхий журмын зохицуулалтаар хязгаарлах нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон хууль дээдлэх, чөлөөлөлт эдлэх эрхийг хангах үндсэн зохицуулалтыг зөрчсөн тухайд,

2012 онд батлагдсан Хөнгөлөх, чөлөөлөх журмын 2.1-д “Энэ журмын 1.2-т заасан аж ахуй нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлнө" гэж заасан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2008 оны Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Татвар төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:" гэж, 10.1.3 дахь заалтад “татвар төлөгч тухайн төрлийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн;" гэж заасан хүрээнд батлагдсан зохицуулалт юм.

2019 онд шинэчлэн батлагдсан Татварын багц хуулийн хүрээнд Татварын ерөнхий хууль шинэчлэгдсэн бөгөөд тус хуулийн 14.1 дэх хэсэг нь мөн "Татвар төлөх үүрэг дараах тохиолдолд дуусгавар болно:" гэж, 14.1.3 дахь заалтад “татвар төлөгч тухайн төрлийн татвараас хуулиар чөлөөлөгдсөн;" гэж тус тус заасан нь 2008 оны Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн шууд залгамж болохыг илэрхийлж байна.

Иймд Хөнгөлөх, чөлөөлөх журмын “бүрэн чөлөөлнө" гэдгийг 2019 оны Татварын ерөнхий хуулийн 14.1.3 дахь заалтад “татвар төлөгч тухайн төрлийн татвараас хуулиар чөлөөлөгдсөн;" гэж заасан хүрээнд татвар төлөх үүрэг дуусгавар болохоор ойлгож ирсэн нь уг чөлөөлөлтөд хамрагдаж ирсэн бүх аж ахуйн нэгжийн хувьд илэрхий юм.

2019 оны Татварын багц хуулийн төслөөр Татварын ерөнхий хуульд орсон зарчмын шинжтэй өөрчлөлт нь тус хуулийн 10.2 дахь хэсгийн “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэсэн заасан.

Татварын ерөнхий хуулийн 1.1-д тус хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоохоор, мөн хуулийн 2.1- д татварын хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэхээр, мөн хуулийн 3.2-т тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчлэхээр заасан бол мөн хуулийн 3.3-т уг хуулийн 3.2- т заасны дагуу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль, зүйл, хэсэг, заалтыг тодорхойлох боломжгүй бол аль сүүлд батлагдсан хууль, хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтлахаар, мөн хуулийн 15.1-д татварын чөлөөлөлт эдлэх хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байхаар, мөн хуулийн 15.3- т хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг хуульчлан тогтоосон бөгөөд чөлөөлөлт эдлэх хөөн хэлэлцэх хугацааны 4 жилийн хугацааг аливаа журмын зүйл заалтаар хязгаарлах эрхийг олгоогүй байна.

Иймд Агаарын бохирдлын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх эдлэх эрхийн нарийвчилсан зохицуулалтыг гагцхүү "хуулиар" тогтоох бөгөөд чөлөөлөлт эдлэх хөөн хэлэлцэх хугацааны 4 жилийг тоолох тухай Татварын ерөнхий хуулиар тогтоосон эрх зүйн үндсийг Агаарын бохирдлын хуулиар дараа жилийн эхний улирлаар хязгаарлах эрхийг хуулиар олгоогүй байх тул 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойших татварын эрх зүйн шинэтгэлээр хуулиас давсан журмын зохицуулалтыг мөрдөх үндэслэлгүй болсон билээ. Иймд Татварын байцаагчдын гаргасан нөхөн ногдуулалтын акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол нь татварын хууль тогтоомжийн эрэмбэ алдагдаж, хууль дээдлэх зарчим зөрчигдсөн тул хууль бус юм.

Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.3-т “Аж ахуйн нэгж, байгууллага нь дараах баримтыг бүрдүүлсний үндсэн дээр агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлүүлэх болон хөнгөлөлт эдлэх хүсэлтийг дараа оны I улиралд багтаан харьяалагдах татварын албанд хүргүүлнэ" гэж, 2.4-т "Энэ журмын 2.3-т заасан баримтыг бүрдүүлж хугацаанд нь ирүүлээгүй болон өмнөх оны агаарын бохирдлын төлбөрийн өртэй аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөхгүй, хөнгөлөлт үзүүлэхгүй." гэж тус тус заасан нь татварын хуульд байхгүй зохицуулалт тул Татварын ерөнхий хуулийн 10.2 дахь хэсэг, 15.1 болон 15.3 дах хэсгийн зохицуулалтыг зөрчиж татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул хуулийн үндэслэлгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 76.1.1 дэх заалтад заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн ажиллагаа болсон.

Гурав. Татвар төлөгчийн бүртгэлээс хасах ажиллагааг татварын байгууллагын шийдвэр, мэдэгдэл, зөвлөмжийн дагуу хийгдсэн тухайд,

Татварын ерөнхий газрын дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтарсан А/268, А/1345 дугаартай тушаалаар баталсан "Татвар төлөгчийн бүртгэлийн журам"-ын 2.12.10- т тухайлан "Татварын ерөнхий хуулийн 14.1-д заасан үндэслэлээр тухайн төрлийн татвар төлөх үүрэг дуусгавар болсон тохиолдолд холбогдох баримт бичгийн бүрдлийг үндэслэн тухайн татварын төрлийн бүртгэлээс хасах;"-аар заасан.

Тус журмын 2.11.1-д “татвар төлөгчийн бүртгэл, татварын төрлийн бүртгэлд бүртгэгдсэн, хасагдсан, өөрчлөлт орсон тухай бүр татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийж, өөрчлөлтийг татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ" гэж заасны дагуу татварын байгууллагын ********* хаягаас "Шийдвэрийн дагуу 01030718-Нүүрсний агаарын бохирдлын төлбөр Татварын төрлийн бүртгэлээс 2021-12-31 12:00 өдрөөс эхлэн хассан болно. Та Хугацаанаас эхлэн татварын тайлан ирүүлэх үүрэггүй болохыг мэдэгдэж байна. Татварын төлөгчийн гэрчилгээ, татварын карт хэвлэн авна уу" гэх мэдэгдлийг ирүүлж, улмаар Татвар төлөгчийн гэрчилгээнд хасалт хийж, татварын хасалтын карт үйлдсэнийг дахин тэмдэглэж байна.

Уг албан мэдэгдлийн дагуу татварын системээс хэвлэж авсан 2022 оны 03 дугаар сарын 04- ний өдрийн "*********" дугаар бүхий "Татвар төлөгчийн гэрчилгээ", түүгээр гэрчилсэн “Татвар төлөгч хуулийн этгээдийн бүртгэгдсэн татварын төрлийн мэдээлэл" гэх хүснэгтэд Том татвар төлөгчийн газраас "нүүрсний агаарын бохирдлын төлбөр" гэх татварын төрлөөс хасагдсан он, сар, өдрийг "2021-12-31" гэх тэмдэглээ бүхий нотлох баримтыг татварын улсын байцаагч болон Татварын маргаан таслах зөвлөлийн аль алинд хүргүүлсэн.

Татварын албанаас энэхүү татвар төлөх үүрэг дуусгавар болгох тухай бүртгэл хийх нь Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд заасан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай холбоотой бүрэн эрхийнхээ хүрээнд гүйцэтгэх чиг үүрэг нь байсан. Тодруулбал, тус хуулийн 32.1- д "Татварын алба татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна. Татварын алба чиг үүргээ хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох зорилгоор мэдээллийн систем, технологийг ашиглах бөгөөд тэдгээрийн нууцлал, найдвартай байдлыг бүрэн хангаж ажиллана.", 32.2-т “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан дараах зориулалттай байна: 32.2.1. татвар төлөгч болон татварын тайлан, ногдуулалт, төлөлт, татварын өрийг бүртгэх, хяналт тавих; 32.2.3. татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх;” гэж тус тус заасан.

Монгол Улсын дээрх хууль, тогтоомжуудын заалтуудыг хэрэгжүүлэн Татварын албанаас "********* ХХК-ийн татвар төлөгчийн бүртгэлд өөрчлөлт оруулж, тус татвар төлөгчийг "Нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн төрөл”-өөс хасах өөрчлөлтийг хийж, тус компанийн Татвар төлөгчийн гэрчилгээний "Татвар төлөгч хуулийн этгээдийн бүртгэгдсэн татварын төрлийн мэдээлэл"-д Нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн төрлөөс 2011-12-21 өдрөөр бүртгэгдсэн байсныг 2021-12-31 өдрөөр хасагдсан тэмдэглэгээг хийсэн Татварын улсын байцаагч нар болон ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлд удаа дараа тайлбарласан ч үүнийг үл тоож, акт болон тогтоолд уг асуудлаар дүгнээгүй.

Хэрэв манай компанийг тухай бүр нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тайлангаа гаргах замаар татварын чөлөөлөлт эдлээд явна гэж татварын алба үзсэн бол энэ горимын дагуу бусад тайлантай хамт тайлангаа өгөөд чөлөөлөгдсөн дүнгээ тайландаа холбогдох баримтын хамт тусгаад явахад нэхэмжлэгчийн хувьд аливаа асуудал байхгүй, “хасалтын карт" үйлдсэн нь татвар төлөгч дур мэдэн хэрэгжүүлдэг эрх хэмжээ биш юм.

Татварын байгууллагын гаргасан шийдвэр нь хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэхийг татвар төлөгчийн зүгээс хянах боломжгүй бөгөөд цахим системд идэвхтэй талбарын хүрээнд тайланг хүргүүлж ажилладаг болно. Түүнчлэн агаарын бохирдлын төлбөрийн төрөл болох "Үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчид ногдуулах төлбөр"-ийн 2022, 2023 оны тайланг ТТ-24(2) маягтын дагуу илгээснийг татварын алба 2023 оны 4 дүгээр сарын 19, 2024 оны 03 дугаар сарын 05- ны өдрүүдэд хүлээн авч баталгаажуулсан боловч тухайн үедээ татварын албанаас ТТ-24(1) маягтыг ирүүлээгүй гэх шаардлага тавигдаж байгаагүй.

Өөрөөр хэлбэл татварын албанаас тухайн үед тайлан өгөх тухай мэдэгдэж, нүүрсний агаарын бохирдлын төлбөр төлөгчийн бүртгэлээс хасаагүй бол одоогийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Татварын төрлийн бүртгэлээс хасаад, цаашид “тайлан ирүүлэх үүрэггүй болно" гэж мэдэгдчихээд өнөөдөр хугацаандаа тайлан ирүүлээгүй, татвар төлөгч биш байсан ч цаасан хувилбараар ирүүлэх боломжтой, 2011 оноос энэ төрлийн татварын тайланг тогтмол ирүүлдэг, үүргээ мэддэг этгээд хэдий ч тайлагнасангүй гэж дүгнэж шийдвэрлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хамгийн гол нь бидний зүгээс татвараас зайлсхийсэн, нуун дарагдуулсан, ногдлыг бууруулсан аливаа үйлдэл үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд өгсөн заавар, чиглэлийн дагуу татварын албанд материалаа хүргүүлэн, шалгуулж, тайлагнаж ажилласан. Татварын албанаас ямар ч хоёрдмол утгагүйгээр тайлан ирүүлэх үүрэггүй болсныг мэдэгдсэн хэр нь одоо ногдлыг тооцохдоо үндэслэлгүйгээр чөлөөлөгдөх дүнг оруулж тооцохгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Татварын улсын байцаагч нарын үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн 5.1.2, 5.1.3 дахь заалтад зааснаар татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагааг алдагдуулж байна. "тодорхой байх", "шударга байх” зарчмыг алдагдуулж байна.

Дөрөв. Засгийн газрын тогтоолоор татвараас бүрэн чөлөөлөгдөх нөхцөлийг хангаж байсан тухайд,

Маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт болон Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолуудаар "*********” ХХК нь 2022 онд 2022 онд 536, 245 тонн, 2023 онд 417,581.84 тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс /завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг/-ийг “*********" ХХК-д нийлүүлснээр 2022, 2023 онуудад агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлийг бүрэн хангасныг үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч дүгнэсэн байдаг.

Гэсэн хэдий ч мөн онуудад тухайн төлбөрийг татварын албан тайлагнах, чөлөөлөлт эдлэх журмын заалтын дагуу зарим мэдээлэл, баримтын бүрдлийг хангаж ажиллаагүй гэх журмын зүйл заалтыг иш татсан, татварын байгууллагаас тухайн төрлийн татвар төлөгчийн бүртгэлээс хасан тайлан өгөх үүрэггүй болсон гэх мэдэгдэл өгөгдсөн аж ахуйн нэгжийг тайлан өгөх ёстой байсан гэх үндэслэлгүй шаардлагыг тавьж чөлөөлөлт эдлэх эрхийг хуульд заагдаагүй үндэслэлээр хязгаарлах шийдвэр гаргасан нь бодит байдалд үл нийцэх тул хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулахаар үүгээр маргаж байна.

Тухайн онуудад ногдвол зохих нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн мэдээллийг нэхэмжлэгчээс тухай бүр татварын байгууллагад хүргүүлж, түүнийг татварын алба тухай бүр хянан шалгасны үндсэн дээр чөлөөлөлт эдлүүлж шийдвэрлэснийг 2022 оны тухайд ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/537 дугаартай албан бичиг, 2023 оны тухайд 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/879 дугаартай албан бичгээр тус тус нотлогдоно.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Татварын ... хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна." гэж заасны дагуу агаарын бохирдлын төлбөрийг чөлөөлөх асуудал нь 4 жилийн хугацаанд эдлэх боломжтой байхад хуулийн тус заалттай эрх зүйн зөрчил бүхий Журмын заалтыг үндэслэн холбогдох чөлөөлөлтийг үгүйсгэх, хүчингүй болгох асуудал тавьж байгаа нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Тав. Татварын ногдлыг бууруулсан, нуун дарагдуулсан үйлдэл гаргаагүй тухайд,

“*********” ХХК нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулж тайлагнасан зүйл байхгүй болно.

Актад үндэслэл болгосон Татварын ерөнхий хуулийн 29.5-д "Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно." гэж Татварын улсын байцаагч болон ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлөөс нар нь "*********” ХХК-ийг тайлан тушаах үүргээ зөрчсөн гэх агуулгатай дүгнэлт өгөгдсөн хэр нь маргаан бүхий актад “татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй”, мөн “татварын ногдлыг бууруулсан” тохиолдолд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт хэрэглэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсгэж байна.

Актад дурдсан 2022 онд 5,253,771.00 тонн олборлосон нүүрсэнд 5,253,771,000.00 төгрөгийн төлбөр, 2023 онд 12,119,133.03 тонн олборлосон нүүрсэнд 12,119,133,030.00 төгрөгийн ногдуулалт бий болох тухай "*********” ХХК нь аливаа байдлаар нуун дарагдуулсан зүйлгүй бөгөөд хуулийн дагуу агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн байхад “татварын ногдлыг бууруулсан" гэж үзэж буй нь үндэслэлгүй юм.

Нөхөн ногдуулалтын актад дурдсан 2022 онд 5,253,771,000.00 төгрөгийн төлбөр, 2023 онд 12,119,133,030.00 төгрөгийн ногдуулалт бий болох тухай "*********” ХХК нь аливаа байдлаар нуун дарагдуулсан зүйлгүй бөгөөд Татварын улсын байцаагчид нь гагцхүү Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/139 дугаар тушаалын 5 дугаар хавсралт ТТ-24(1) маягтын 6 дугаартай мөрөнд "5. Хуулийн 8.5 дахь заалтын дагуу чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх төлбөрийн дүн (төгрөгөөр) ЗГ-ын .....-р тогтоол" гэсэн мөр байдгийг харгалзан үзэлгүй нөхөн ногдуулалтын акт гаргаж байгаагаараа бидний тайлагнаж, мэдээлснээс зөрүүтэй байна.

Энэ нь Татварын улсын байцаагч нарын зүгээс "*********” ХХК нь 2022, 2023 онд агаарын бохирдлын төлбөрийн чөлөөлөлт эдэлсэн нь хууль болон "Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам", Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/139 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтын ТТ-24(1) маягт, 8 дугаар хавсралтын "Агаарын бохирдлын төлбөрийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ын аль нэг зохицуулалтыг зөрчсөн тухай тайлбар, үндэслэлгүйгээр Нөхөн ногдуулалтын акт гаргаад байгаа нь үндэслэлгүй, хууль бус болохыг бүрэн нотлох юм.

Зургаа. Нүүрсний агаарын бохирдлын төлбөр ногдуулалттай холбоотой мэдээлэл, тайланг ТТ-24(1) маягтаар, бичгээр болон цахимаар тухай бүр боломжит хэлбэрээр татварын албан хүргүүлж байсан тухайд,

"*********” ХХК нь 2023 оны агаарын бохирдлын төлбөрийн тайлангийн ТТ-24(1) маягтыг цахим системээр илгээх боломжтой болгосны дараагаар 2024 оны 05 дугаар сарын 07, 2024 оны 05 дугаар сарын 09, 2024 оны 5 дугаар сарын 16, 2024 оны 5 дугаар сарын 24, 2024 оны 05 дугаар сарын 29, 2024 оны 06 дугаар сарын 02, 2024 оны 06 дугаар сарын 13, 2024 оны 06 дугаар сарын 17 өдрүүдэд тус тус цахимаар илгээснийг татварын алба 2024 оны 06 дугаар сарын 20 өдөр хүлээн авч баталгаажуулсан.

Ийнхүү хүргүүлэхэд Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/193 дугаар тушаалын 8 дугаар хавсралтаар батлагдсан “Агаарын бохирдлын төлбөрийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-т олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн ТТ-24(1) маягтыг бөглөхөд “... Маягтын 6 дугаар мөрөнд хуулийн 8.6-д заасныг үндэслэн Засгийн газраас баталсан журмын дагуу чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх төлбөрийн дүнг гараас тусган оруулна." гэж заасанд нийцүүлэн 2023 онд чөлөөлөгдөх агаарын бохирдлын төлбөрийн дүнг тусгасан.

Гэтэл нөхөн ногдуулалтын актад "*********” ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно." гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-д нийцүүлэн залруулсан тайлан хүргүүлж, татварын алба хүлээн авсан үйл баримтыг Нөхөн ногдуулалтын актад огт дурдалгүйгээр агаарын бохирдлын төлбөрийг ногдуулж төлөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн Татварын улсын байцаагчид нь агаарын бохирдлын төлбөр төлөгчөөс хассаны дагуу тайлан илгээх шаардлагагүй нөхцөлд ч бид агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлт, тайлан залруулах, тайлбар хүргүүлэх агуулга бүхий 2023 оны 205 тоот, 2024 оны 204, 297, 401, 407 тоот албан бичгүүдийг тухай бүр Татварын ерөнхий газарт хүргүүлж байсныг харгалзан үзээгүй нь аль хууль тогтоомжийг баримталж маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь ойлгомжгүй байдал үүсгэж байна.

Эдгээрийг татварын албаны зүгээс тухай бүр хянасны үндсэн дээр 2022 оны тухайд ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/537 тоот албан бичиг, 2023 оны тухайд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/879 тоот албан бичгээр тухай бүр албан ёсоор хариу баталгаажуулж, тайлан материалыг хүлээн авч байсан. Тухайлбал, ТЕГ-ын удирдлагын зөвлөл асуудалтай танилцаж байсан тухай татварын албаны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн цахим системээр ирүүлсэн хариунд тодорхой дурдсан. ТЕГ-ын удирдлагын зөвлөл нь уг асуудлаар хэлэлцэхдээ 2022, 2023 аль ч оны тайлагналын асуудлаар алдаа, зөрчилтэй гэж дүгнээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Долоо. Хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн, хяналт шалгалт хийх үндэслэлгүй тухайд,

 Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:" гэж, 5.1.2-т "тодорхой байх" гэж, 5.1.3-т "шударга байх” гэж татварын харилцаанд мөрдөх тусгайлсан зарчмыг тодорхой заасан. Татварын үйл ажиллагаанд оролцогч талууд болох татварын алба, татвар төлөгч хоорондын харилцаа нь тодорхой, шударга байх нь эрх зүйт төрийн "хууль дээдлэх зарчим"-ын шаардлага юм.

"*********” ХХК нь агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх нөхцөлийг хангасны дараа татварын байгууллага хуулийн хэрэгжилтийг хангаж, тухайн төрлийн татвар төлөгчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргаж, чөлөөлөгдөх нөхцөлийг хангасан эсэхийг тухай бүр хянаж баталгаажуулсны үндсэн дээр 2022, 2023 онуудад нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлсөн.

Гэтэл Татварын улсын байцаагч нар төлбөл зохих татварыг тодорхойлж, ногдлыг шалгахдаа бүрэн чөлөөлөгдөх дүнг тооцоололд үндэслэлгүйгээр оруулалгүй, чөлөөлөгдөх үндэслэл болсон анхан шатны шууд нотлох баримтууд (үнэ төлбөргүй нүүрс нийлүүлэх гэрээ, тус гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний бүртгэл, тооцоо нийлсэн акт, журнал, нийлүүлсэн нүүрстэй холбоотой бусад татварын тайлан, Ашигт малтмал, газрын тосны газрын тодорхойлолт, “*********” ХХК-ийн тодорхойлолт зэрэг)-ыг шалгалтын явцад нотлох баримтаар хүлээн авсан ч үнэлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д заасан "Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй." гэж заасныг зөрчсөн зөрчил юм.

Мөн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн тухайн үеийн мэдээлэл дэх тухайн төрлийн татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан байсан баримт, нотолгоо, татварын байгууллагын тухайн үед авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай холбоотой үйл баримтад үндэслээгүй Нөхөн ногдуулалтын актыг гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа билээ.

Татварын улсын байцаагчдын дээрх үйл ажиллагааг татварын хууль тогтоомжоор олгосон татвар төлөгчийн эрхийг зөрчсөн, татвар төлөгчид ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг үүсгэн тодорхой байх, шударга ёсны зарчмыг зөрчсөн, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, шударга бус, үндэслэлгүй, хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Мөн нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэж буй тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг баримтлах учиртай гэж үзэж байна.

Татварын улсын байцаагч нар нь ТЕГ-ын даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/26 дугаартай "Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж" болон ТЕГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2125200416 дугаартай "Татварын хяналт шалгалт хийх томилолт"-оор "*********” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 2023 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны агаарын бохирдлын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд "эрсдэлд суурилсан-хэсэгчилсэн" татварын хяналт шалгалтыг явуулсан гэж мэдэгдсэн.

Татварын ерөнхий хуулийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана." гэж, 41.4-т “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана." гэж, 41.11.1-д "энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх"-ийг хориглоно гэж тус тус заасан.

Нөхөн ногдуулалтын актын хөндлөнгийн мэдээлэлд дурдсан 2022 онд 23,302,148.81 тонн, 2023 онд 7,894,738.96 тоон нүүрс экспортолсон гэх гаалийн мэдээ нь магадгүй гаалийн албан татвартай холбоотой асуудлаар хяналт шалгалт хийх үндэслэл байж болох ч олборлосон нүүрсний хэмжээгээр шууд тогтоогддог агаарын бохирдлын төлбөрийн ногдуулалт, мөн экспортод гаргалгүйгээр "*********” ХХК-д үнэ төлбөргүй нийлүүлсэн баяжуулсан эрчим хүчний нүүрстэй ямар ч хамааралгүй тоон мэдээ болохоос гадна гаалийн мэдээний хувьд "*********” ХХК-ийн экспортын хэмжээг хэт өндрөөр бичсэн, үндэслэл тодорхойгүй алдаатай мэдээлэл байна.

Агаарын бохирдлын төлбөрийн тооцооллын үндэслэл болсон олборлосон нүүрсний хэмжээ болон чөлөөлөлтөд хамрагдах үндэслэл болох "*********” ХХК-д нүүрс үнэ төлбөргүй нийлүүлсэн тоон мэдээллийг тухай бүр татварын албанд мэдээлж, тайлагнаж байсан ба энэхүү тоон мэдээллийн талаар нөхөн ногдуулалтын актад ямар нэг байдлаар өөрөөр тогтоосон тоон дүн байхгүй байгаа нь анхнаасаа агаарын бохирдлын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд шалгалт хийх хуулийн үндэслэлгүй байсныг илэрхийлж байна. Мөн 2024 оны татварын жилийг алгасаж 2022, 2023 оны татварын жилд хяналт шалгалт хийсэн нь үндэслэлгүй юм.

Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн “Албан татвар ногдуулалт, төлөлтийн талаар" хэсэгт “Тус компани нь Агаарын бохирдлын төлбөрийн тайланг (Олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах төлбөр) ТТ-24(1) маягтаар 2022 онд тайлан ирүүлээгүй..." гэж дурдсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг нөхөн ногдуулалтын актад иш татсан нь үндэслэл гэж ойлгогддог.

Гэтэл Татварын ерөнхий хуулийн 15.3.4-т “тайлан гаргахгүй төлдөг татвар” гэсэн нэр томьёог хэрэглэсэн нь тус хуулийн 29.5-д заасныг үл харгалзан тайлан гаргахгүй хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой татварын төрөл байдгийг тодорхой болгож байна.

Агаарын бохирдлын тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлийн зохицуулалт нь хууль зүйн хувьд энэхүү гомдол гаргах үед ч тайлангүй төлдөг татварын төрөлд хамаарч болох хууль зүйн зохицуулалттай болохыг татварын улсын байцаагч нар анхаарч үзсэнгүй. Татварын ерөнхий хуулиар татвар төлөгчийг хуулиар чөлөөлснөөр уг татвар төлөгчийн татвар төлөх үүрэг дуусгавар болох зохицуулалтыг тус тус тусгасан нь чөлөөлөлт эдлэхийн тулд заавал тайлангийн маягтад тусгах заалт бүх тохиолдолд үйлчлэхгүй болохыг илэрхийлж байна.

Тодруулбал, хууль тогтоогч Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд татвар төлөгч агаарын бохирдлын төлбөрийг тайлагнах хугацааг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс тодорхой болгосон нь 2026 оны 06-р сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөх гэж байна.

ТЕГ-ын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ын 1.2-т тайлан хүргүүлэх үндсэн хэлбэр цахим байхаар зааж, 1.4-т “Татвар төлөгч нь татварын тайлан, хавсралт мэдээг цаасаар, эсхүл баталгаат шуудангаар илгээж болно." гэж заасан нь татвар төлөгч хүсвэл цаасан хэлбэрээр тайлан өгөх, түүнийг нь татварын байгууллага татвар төлөгчийн өмнөөс цахим хэлбэрт шилжүүлэх зохицуулалттай.

Манай компанийн хувьд нэгэнт татварын байгууллагын зүгээс тухайн төрлийн татвар төлөгчийн бүртгэлээс хасаж, "тайлан ирүүлэх үүрэггүй" гэж мэдэгдсэнээр аливаа төрлийн тайлагнах үүрэггүй болсон, Татвар улсын байцаагчдын ярилцлагын тэмдэглэлд дурдсанаар цаасан тайлан хүргүүлсэн ч татварын алба бүртгэл, мэдээллийнхээ санд мэдээллийг оруулах боломжгүй нөхцөл байдалтай байсан болно. Иймд татварын алба өөрөө байхгүй болгосон маягтаа цаасаар өг гэж шаардах нь үндэслэлгүй.

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл. "Агаарын бохирдлын төлбөр төлөгч, түүнийг бүртгэх" хуулийн зохицуулалтыг компанийн зүгээс зөрчсөн зүйлгүй бөгөөд хэрхэн зөрчсөн талаар нөхөн ногдуулалтын актад тодорхой дурдаагүй, илрүүлсэн зөрчил байхгүй байна. Татварын байгууллагын үндэслэл болгож буй Агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журмын 2.3, 2.4 дахь заалт нь хуулиар төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл буюу нөхцөл заасан байхад журмаар агуулгыг өргөжүүлж хугацаа тогтоон баримтын бүрдэл шаардаж байгаа нь үндэслэлгүй байдаг. Хуулийн агуулгыг өргөжүүлсэн журмын зохицуулалтаар нэмэлт нөхцөл тавьж байгаа байдлыг татвар төлөгч биелүүлэх гээд цахим татварын системээрээ хааж, тайлагнах боломжгүй болгочхоод үүрэг биелүүлсэнгүй гээд нөхөн ногдуулалт хийж байгааг аль ч хувилбараар хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлсөн харилцаа хэвээр үргэлжилж байснаа татварын байгууллагын зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02/507 дугаартай "Тайланг залруулж ирүүлэх тухай" албан бичгээр Хөнгөлөх, чөлөөлөх журмын 2.3-т заасан заасан хугацаанд холбогдох бичиг баримтыг татварын албанд ирүүлээгүй тул мөн журмын 2.4 дэх заалтын дагуу 2023 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх боломжгүй тухай мэдэгдэж, агаарын бохирдлын төлбөрийн тайлангаа залруулан, цахим тайлангийн системээр тайлагнах үүрэгтэй гэх анхааруулгыг ирүүлсэн. Ингэхдээ татвар төлөгчийн гэрчилгээнд нүүрсний агаарын бохирдлын төлбөр төлөгчөөр “2023-12-01” өдрөөр дахин бүртгүүлсэн мэт тэмдэглэл нөхөн хийсэн байсан ба эдгээр үйлдэл нь "тодорхой байх" хуулийн зарчмыг хангахгүй, татвар төлөгчийг төөрөгдөлд оруулж байсан.

Харин Том татвар төлөөлөгчийн газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01/620 дугаартай албан бичгээр "Татварын Ерөнхий газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын хамтарсан А/268, A/1345 тоот тушаалаар баталсан "Татвар төлөгчийн бүртгэлийн журам"-ын 20 дугаар зүйлийн 20.24-т "Татварын төрлөөс түдгэлзүүлэх гэдгийг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хугацаанд тухайн төрлөөр тайлагнах үүргээс чөлөөлөгдсөнийг ойлгох бөгөөд татварын албаны шийдвэрт заасан хугацаагаар дараах байдлаар татварын төрлөөс түдгэлзүүлнэ" гэж заасны дагуу зөвхөн "нүүрсний агаарын бохирдлын төлбөр"-өөр тайлагнах үүргээс түр түдгэлзүүлж, шийдвэрлэсэн байна. Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журмын 2.3-т заасан материалыг хугацаа хоцроон ирүүлсэн тул 2023 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй, татварын албаны зүгээс татварын тайлан ирүүлэх талаар 2024 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн 02/507 албан бичгээр мэдэгдсэн, мөн 2022 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх хүсэлтийг холбогдох материалын хамт 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар албан бичгээр ирүүлснийг Татварын алба холбогдох байгууллагуудын лавлагааг үндэслэн чөлөөлөлт эдлүүлж, танай компанид 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/537 дугаар албан бичгээр мэдэгдэж байсан байна" гэсэн байсан.

Ингээд манай компанийг ТТ-24(1) маягтын дагуу цахим системээр тайлан гаргах боломжтой болгосон тул бид Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно." гэж заасныг хэрэгжүүлж ТТ- 24(1) маягтын дагуу тайланг илгээх хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр цахим системээр хүргүүлсэн болохыг мэдэгдэж, тус тайланд 2023 онд чөлөөлөгдөх агаарын бохирдлын төлбөрийн дүнг тусгасан талаар дурдаж, "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах тайланд залруулга хийх журам"-ын 4.7-д зааснаар хүлээн авахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн.

"*********” ХХК-аас энэ тухайгаа 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 407 дугаартай албан бичгээр 2023 оны тухайд нийт 37,539,682,400 төгрөгийн үнэ бүхий 417,581.84 тонн баяжуулсан эрчим хүчний нүүрсийг “*********” ХХК-д үнэгүй нийлүүлж, Агаарын бохирдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөлт эдлэх хуулийн шаардлагыг хангасан бодит үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй тухай илэрхийлснээр 2023 оны 4-р улирлын Нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тайланг 2024 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн дотор ирүүлнэ үү гэсний дагуу бид 2023 оны тайланг 2024 оны 06 дугаар сарын 17-нд цахимаар илгээж, татварын албанаас тайланг 20-ны өдөр хүлээн авч баталгаажуулж байсан.

Найм. Нөхөн ногдуулалтын актад дурдсан торгууль, алданги үндэслэлгүй тухайд,

Нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдсөн, төлбөр төлөгчийн бүртгэлээс хасагдсан, тайлагнах үүрэггүй байсан нь татвар төлөгчийг татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлөөгүй гэх зөрчил гаргасан мэтээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь хуулийн үндэслэлгүй юм.

Ингэхдээ ТЕГ-ын даргын 2011 оны 336 дугаар тушаалаар үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг татварын албандаа үүрэг болгон баталсан “Агаарын бохирдлын төлбөрийн тайлан маягт" (нүүрсний) ТТ-24(1) маягтын дагуу “төлбөл зохих төлбөрийн дүн"-г мөр 5-д заасан “түүхий нүүрсэнд ногдуулсан төлбөрийн дүн"-ээс мөр 6-д заасан "Хуулийн 8.5 дахь заалтын дагуу чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх төлбөрийн дүн"-г хасаад гарсан дүнгээр ногдлыг тодорхойлох байтал үндэслэх ногдлын зохих маягтын дагуу тодорхойлоогүй нь хуулийн зөрчилтэй.

Түүнчлэн татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дах заалтад татвар төлөгч хүн, хуулийн этгээд нь “татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах; ... үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.' гэж хуульчилсан байна. Нэхэмжлэгчийг 2022, 2023 онд өөрийн санаачилгаар татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой, эсхүл тайлан өгөх ёстой гэж үзэж байгаа бол нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль тавих үндэслэлгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болон түүний хавсралт тооцооны хүснэгтээс үзэхэд 2022, 2023 оны татварын жилд Татварын ерөнхий хуулийн 73.1, 73.2, 73.2.1 дэх заалтыг үндэслэн алданги, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2 дахь заалтыг үндэслэн 40 хувиар торгууль тус тус тавьсан байна.

ТЕГ-ын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 7.7-д “Нөхөн ногдуулалтын акт, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Илтгэх хуудсанд дараах баталгаажуулсан маягтыг хавсаргана:" гэж зааснаас Татварын улсын байцаагч нар нь Маягт ХШ08 буюу "Хуулийн хугацаанд төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоо"-г Нөхөн ногдуулалтын актад хавсаргасан.

Татварын улсын байцаагч нараас Маягт ХШ08-ын дагуу үйлдсэн тооцоонд торгууль, алданги огт тавиагүй байна. Өөрөөр хэлбэл, торгууль, алдангийг 2022 болон 2023 оны тухайд хэрхэн тооцсон, хугацаа хэтэрсэн хоног нь хэд байсан тухай тооцоолол нь Маягт ХШ08-д байхгүй, тэг утгатай байна.

Тэгэхдээ “Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо" Маягт-ХШ06/02/-д доорх багц дүн бүхий торгууль, алданги ногдуулсан байх ба эдгээрийн тооцооллын үндэслэл нь тодорхойгүй байна. Үүнд:

Энэхүү гомдолд зааснаар манай компанид 2022, 2023 онуудад төлбөл зохих төлбөрийн дүн байгаагүй тул аливаа хэлбэрээр торгууль, алданги ногдуулах үндэслэлгүй болно.

Нөхөн ногдуулалтын актад "*********" ХХК-ийг нүүрсний агаарын бохирдлын төлбөр төлөгчөөр 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр буцаан бүртгэхдээ огноог 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тооцсон болохыг дүгнэсэн мөртөө төлбөр төлөгчөөр бүртгэлгүй байсан 2022 оны бүхэлд нь, 2023 оны 01-11 дүгээр сарын олборлосон нүүрсний хэмжээгээр нөхөн ногдуулалт хийж буй нь үндэслэлгүй юм.

“*********” ХХК-ийг нүүрсний агаарын бохирдлын төлбөр төлөгчийн бүртгэлээс хассан нь татварын албаны өөрийн хууль хэрэгжүүлэх практикт үндэслэн бие даан гүйцэтгэсэн үйл явц болохыг дээр дурдсан.

Ийнхүү татвар төлөгчөөр эргүүлэн бүртгэхдээ дур мэдэн 5 сарын өмнөх хугацааг буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр сонгосон. Тухайн бүртгэлийг өмнөх огноогоор сонгох боломжтой байлаа гэж төсөөлөхөд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар тус компанийн 2023 оны 12 дугаар сарын 01-ээс 31-ний өдрийн хооронд олборлосон нүүрсний тоо хэмжээгээр л төлбөл зохих татварын хувь хэмжээг ярих ёстой байтал татвар төлөгчөөр бүртгэлтэй байгаагүй бүтэн 23 сарын хугацаанд нөхөн ногдуулалт хийсэн агуулга бүхий Нөхөн ногдуулалтын акт гаргаж буй нь илтэд үндэслэлгүй, хууль бус захиргааны акт юм.

Татварын байгууллагын энэхүү үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан “Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй", 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан "Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. 76.1.1.хууль дээдлэх, 76.1.3. татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх, болон 76.7 дахь хэсэгт заасан "Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана" гэсэн үүрэг, зарчмыг зөрчөөд байна.

Иймд Татварын улсын байцаагч нарын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *********дугаартай нөхөн ногдуулалтын акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “…Татварын албаны үндсэн чиг үүрэг нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйл. Татварын албаны чиг үүрэг 75.1.2.татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;" гэж хуульчилсан байдаг. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу төлбөр төлөгч нь тайлан болон шаардлагатай материалыг тогтоосон хугацаанд татварын байгууллагад ирүүлэх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч нь агаарын бохирдлын төлбөрийн тайлан болон холбогдох материалыг хууль, журамд заасан хугацаанд ирүүлээгүй нь баримтаар тогтоогдсон. Мөн татварын ямар ч төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах нөхцөл нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж биелүүлсэн байхаас хамаарахаар зохицуулагдсан.

"*********" ХХК нь Агаарын бохирдлын төлбөрийн тайланг (Олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах төлбөр) ТТ-24(1) маягтаар 2011-2021 оныг дуустал буюу 11 жилийн хугацаанд нийт 73,427,797,930.00 төгрөгийн нүүрсний агаарын бохирдлын төлбөр ногдуулж төлөхөөр тайлагнаж 70,619,781,830.00 төгрөгийг төсөвт төлж, бусад татварын илүүгээс 2,808,016,100.00 төгрөгийг суутган тооцуулсаар тухайн төрлийн төлбөрийн өргүй болсон байна.

Татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаанд тус ХХК нь 2022 онд Агаарын бохирдлын төлбөрийн тайланг (Олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах төлбөр) ТТ-24(1) маягтаар тайлан ирүүлээгүй, боловч холбогдох баримтыг цаасаар 2023 оны 03 сарын 15-нд ирүүлсэн байсан. 2023 онд 12,119,133.00 тонн түүхий нүүрс олборлож 12,119,133,000.00 төгрөгийн төлбөр ногдуулахаас 12,119,133,000.00 төгрөгийн төлбөрөөс чөлөөлөхөөр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр цахим тайлангийн системээр ирүүлснийг Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн байцаагч байцаагч нар удаа дараа сэтгэгдэл бичих, тухайн төрлийн тайланг залруулах шаардлагуудыг хүргүүлж байсан байна.

Мөн 2023 оны ТТ-24 тайлангийн маягтаар илгээсэн тайланг татвар төлөгчтэй харилцах нэгжээс "Сэтгэгдэл" хэсэгт: удаа дараа 2023 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй байна. Иймд та тайлангаа залруулан дахин илгээх тухай татвар төлөгчид мэдэгдэж ирсэн байх бөгөөд Татварын албаны шаардлагыг 2 удаа [email protected] хаягаар хүргүүлсэн тухай тэмдэглэгдсэн байна.

Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.-т "Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ.", гэж заасны дагуу түүхий нүүрс олборлодог аж ахуй нэгжийг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журмаар нарийвчлан зохицуулсан байна.

Иймд "*********" ХХК нь 2022 онд холбогдох татварын тайланг татварын албанд ирүүлээгүй, 2023 онд хуульд, журамд заасан хугацаа хоцроосон зэрэг нь тухайн төрлийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах үндэслэлгүй байсан. Мөн Татвар төлөгч татварын хуулиар олгосон аливаа хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийн тулд татварын албанд тайлагнах үүрэгтэй бөгөөд уг тайланг хавсралт баримтын хамт үнэн зөв гаргаж өгөх үүрэг өөрт нь байсан. Тухайн үүргийг биелүүлээгүйд хариуцлага ногдуулсан.

Хуульд татварын тайланг зөвхөн цахим хэлбэрээр гэж хязгаарлаагүй бөгөөд цаасан хэлбэрээр татварын албанд хүргүүлж болох байсан. Мөн татварын алба нь тухайн татвар төлөгчийн тайлагнаагүй, холбогдох баримт, бичгийг ирүүлээгүйгээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг шууд эдлүүлэх боломжгүй байдаг.

Тухайлбал, “*********” ХХК нь “*********” ХХК-д мидлинг буюу завсрын бүтээгдэхүүнийг сайжруулсан түлш үйлдвэрлэхэд 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй нийлүүлсэн эсэх, нүүрс олборлосон эсэх, журамд заасан тооцоо нийлсэн акт зэрэг баримт, тайлангүйгээр хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах боломжгүй юм. Татварын ерөнхий хуулийн 29.1-д Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана, 29.5-д "Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно." гэж заасны татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд гол үндэслэх баримт нь татварын тайлан болох, мөн татвар төлөгч тайлангаа цахимаар илгээх боломжгүй бол цаасан хэлбэрээр үйлдэж татварын албанд ирүүлэх боломжтой бөгөөд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах эрхийг эдлэхийн тул хууль, журамд заасан нөхцөл, шаардлагыг хангах үүрэгтэй байсан.

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8.5-д "Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно.", 8.6-д "Энэ хуулийн 8.5-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг Засгийн газар батална" гэж хуулиар Засгийн Газарт эрх олгосон байна. Засгийн газар 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 139 дугаар тогтоолоор баталсан журмын 1.1-д "Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.",  2.3-д "Аж ахуйн нэгж, байгууллага нь дараахь баримтыг бүрдүүлсний үндсэн дээр агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлүүлэх болон хөнгөлөлт эдлэх хүсэлтийг дараа оны I улиралд багтаан харьяалагдах татварын албанд хүргүүлнэ", 2.4-д "Энэ журмын 2.3-т заасан баримтыг бүрдүүлж хугацаанд нь ирүүлээгүй болон өмнөх оны агаарын бохирдлын төлбөрийн өртэй аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөхгүй, хөнгөлөлт үзүүлэхгүй" гэж журамласан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “Захиргааны байгууллага нь "хуульд үндэслэн" шийдвэр гаргах үүрэгтэй гэж заасан.

Иймд Татварын ерөнхий хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын нөхцөл шаардлагыг хангаагүй байх тул хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх зүйн нөхцөл бүрдээгүй. Үүргээ биелүүлж эрх үүсэх нь эрх зүйн харилцааны үндсэн зарчим бөгөөд үүрэг, хариуцлагатай салшгүй холбоотой ойлголт юм. Энэ нь иргэн, хуулийн этгээд өөрт ноогдсон үүргээ зохих ёсоор биелүүлсний үндсэн дээр хууль ёсны эрхээ эдлэх, эсхүл шаардах эрх үүснэ.

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд төлбөр төлөгч нь тайлангаа үнэн зөв, хугацаанд нь гаргах үүрэгтэй. Хөнгөлөлт, чөлөөлөлт нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж, холбогдох тайлан, материалыг хугацаанд ирүүлсэн тохиолдолд олгогдоно. Иймээс хугацаа зөрчсөн бол эрх үүсэхгүй. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага нь хуульд нийцүүлэн шийдвэр гаргах үүрэгтэй. Хэрэв хугацаа зөрчсөн тохиолдолд хөнгөлөлт олговол хууль зөрчсөн шийдвэр болох эрсдэлтэй. Энэ бол урьдчилсан нөхцөл хангаагүй бол эрх үүсэхгүй, "Хугацаа хэтрүүлсэн бол эрх сэргээхгүй" зарчим юм. Жишээ нь шүүхийн практикт: Шүүхэд нэхэмжлэл гаргах, гомдол гаргах, давж заалдах эрхүүд нь хуульд заасан хугацаа дотор л хүчинтэй байдаг. Хугацаа нь энэ эрхийг эдлэх үндэслэл болдог. Ялангуяа татвар, төлбөр, тайлангийн харилцаанд хуулиар хугацаа заасан байдаг.

Бид татварын хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална: 76.1.1-д хууль дээдлэх; 76.5-д Хуульд зааснаас бусад тохиолдолд аливаа этгээд татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон асуудлаар бусдын өмнө үүрэг хүлээхийг хориглоно." 76.6 дах заалтад заасан зарчмын дагуу татварын улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон ажилласан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*********, Ц.О********* нараас нэхэмжлэгч “*********” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд 2125200416 тоот томилолтоор эрсдэлд суурилсан хэсэгчилсэн хяналт шалгалт хийжээ.

2. Хяналт шалгалтаар нэхэмжлэгч “*********” ХХК-ийг нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тайланд (ТТ-24-1 маягт) 2022 онд 5,253,771.00 тонн олборлосон нүүрсэнд 5,253,771,000.00 төгрөгийн төлбөр, 2023 онд 12,119,133.03 тонн олборлосон нүүрсэнд 12,119,133,030.00 төгрөгийн нүүрсний агаарын бохирдлын төлбөр ногдуулж төлөөгүй гэх үндэслэлээр 17,372,904,030 төгрөгийн зөрчлийг илрүүлсэн.

3. Улмаар маргаж буй Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*********, Ц.О********* нарын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *********дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч “*********” ХХК-д 17,372,904,030 төгрөгийн нөхөн татвар, 6,949,161,612 төгрөгийн торгууль, 4,298,372,758.56 төгрөгийн алданги, нийт 28,620,438,400.56 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

4. Нэхэмжлэгч “*********” ХХК нь “*********” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ER-18-180 дугаартай “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зориулалтаар шахмал түлш үйлдвэрлэх баяжуулсан эрчим хүчний нүүрс нийлүүлэх гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулж[24], гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгаж[25], 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байна.[26]

5. Засгийн газрын 2012 оны 139 дугаартай тогтоолоор “Түүхий  нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталж, Засгийн газрын 2020 оны 202 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж, Засгийн газрын 2012 оны 227 дугаартай тогтоолоор "Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралтаар баталж, уг тогтоолын 1 дэх хавсралтад Засгийн газрын 2021 оны 393 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “*********” ХХК багтсан байх[27] бөгөөд эдгээр үйл баримтуудтай хариуцагч тал маргаагүй.

6. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн тайлбараас үзэхэд, хариуцагч талаас “... Засгийн газраас 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг, мөн Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 227 дугаар тогтоолоор Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар тус тус баталсан ба 227 дугаар тогтоолд Засгийн газрын 2021 оны 393 дугаар тогтоолоор “*********” ХХК-ийг нэр заан тухайлан нэмснээр агаарын бохирдлын төлбөрийн чөлөөлөлт эдлэх эрхтэй болсон ч тухайн төрлийн татвараас тодорхой баримтыг бүрдүүлэн тайлагнаснаар чөлөөлөгдөхөөс бус нэр заагдан орсноор бүрэн чөлөөлөгдөх агуулгагүй” гэж маргасан.

7. Тиймээс шүүх маргааны хүрээг энэ хүрээнд тодорхойлон дараах тухайлсан эрх зүйн дүгнэлтүүдийг өгч байна. Тодруулахад:

8. Энэ маргааны хувьд, маргаж буй нөхөн ногдуулалтын актад хамаарах нүүрсний агаарын бохирдлын төлбөр ногдуулж төлөөгүй гэх зөрчил нь 2022-2023 онд хамаарах зөрчил буюу энэ цаг мөчид 2019 оны Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ үйлчилж байгаа, харин Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль нь 2010 онд батлагдсан буюу тухайн цаг мөчид 2008 оны Татварын ерөнхий хууль үйлчилж байжээ.

9. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт “Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно.” гэж, 8.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.5-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг Засгийн газар батална.” гэж тус тус заасан зохицуулалтууд нь 2008 оны Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Татвар төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:” гээд, мөн зүйлийн 10.1.3 дахь заалтад “татвар төлөгч тухайн төрлийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн;” гэж заасан нөхцөлд хамаарна.

10. Өөрөөр хэлбэл, аливаа татвараас чөлөөлөх эрх зүйн харилцаа нь субъектийг чөлөөлөх, эсхүл объектыг буюу тодорхой бараа, ажил, үйлчилгээг чөлөөлөх гэсэн хоёр төрлөөр хуульчлагддаг ба ингэхдээ хууль тогтоогч нэг удаагийн тухайлсан хууль гаргах, эсхүл тухайн төрлийн татварын хууль тогтоомжид нь тухайлан зохицуулах байдлаар хэрэгжүүлдэг.

11. Маргаан бүхий энэ тохиолдолд субъектийг буюу нэхэмжлэгч “*********” ХХК-ийг агаарын бохирдлын төлбөр төлөх үүргээс чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

12. 2008 оны Татварын ерөнхий хуулийн дээр дурдсан зохицуулалтыг 2019 оны Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Татвар төлөх үүрэг дараах тохиолдолд дуусгавар болно:” гээд, мөн зүйлийн 14.1.3 дахь заалтад “татвар төлөгч тухайн төрлийн татвараас хуулиар чөлөөлөгдсөн;” гэх байдлаар үргэлжлүүлэн хуульчилжээ.

13. Хариуцагч нарын зүгээс Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.” гэж зааснаар нэхэмжлэгч нь тухайн төрлийн татвараас тодорхой баримтыг бүрдүүлэн тайлагнаснаар чөлөөлөгдөх ёстой байсан гэж маргаж байх боловч мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ.” гэж заасныг анхаараагүй нь буруу.

14. Тодруулбал, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд[28] “Төлбөр төлөх, тайлагнах” гэх зохицуулалт байх боловч[29] тухайлбал, зөрчилд хамаарах цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгээс үзвэл зөвхөн төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлосон түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг татварын албанд төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан, мөн зүйлийн 9.5.2 дахь заалтад “аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;” тайлагнах харилцааг зохицуулсан буюу татварын алба хоорондын тайлан гаргах харилцааг зохицуулснаас бус, төлбөр төлөгч аж ахуйн нэгжээс татварын албанд тайлан өгөх үүргийг хуульчлаагүй байсан байна.

15. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос хуулийн дээрх заалтуудыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “татвар төлөгч тайлан гаргах” агуулгаар өөрчилсөн байх боловч энэ өөрчлөлт нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болох өдрөөс буюу 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлчлэхээр заасан байгаагаас үзвэл агаарын бохирдлын төлбөрийн тухайд төлбөр төлөгч /татвар төлөгч/ нь 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тайлан гаргах, тайлагнах үүрэг хүлээдэггүй байжээ.

16. Иймээс хариуцагч нар нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “... энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ” гэсэн зарчмыг баримталж, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл татвар төлөгч тайлан гаргах, илгээх үүрэггүй байсныг хууль хэрэглээний хувьд анхаарах ёстой юм.

17. Нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч “*********” ХХК нь агаарын бохирдлын төлбөр төлөх үүргээс хуулиар чөлөөлөгдсөн этгээд мөн болох нь маргаангүй, түүнчлэн, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд агаарын бохирдлын төлбөрийг татварын албанд тайлагнах үүрэг хуулиар хүлээгээгүй байсан байх тул нөхөн ногдуулалтын актаар тухайн төрлийн татвараас тодорхой баримтыг бүрдүүлэн тайлагнаснаар чөлөөлөгдөх байсан гэж тайлбарлаж байгаа хариуцагч нарын тайлбар хуульд нийцэхгүй.

18. Харин Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Түүхий  нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын[30] 2.3-т “Аж ахуйн нэгж, байгууллага нь дараахь баримтыг бүрдүүлсний үндсэн дээр агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлүүлэх болон хөнгөлөлт эдлэх хүсэлтийг дараа оны I улиралд багтаан харьяалагдах татварын албанд хүргүүлнэ:” гэж заасан байх бөгөөд энэ нь татварын тайлан бус, харин хүсэлт байхаар зааж, улмаар дараа оны 1-р улиралд багтаан хүсэлтээ гаргах тухай хугацаа тогтоожээ.

19. Нэхэмжлэгчээс 2022 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаартай албан бичгээр[31] буюу дээрх журамд заасан хугацаанд багтаан өгсөн байх ба Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт гаргахад, тус газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/537 дугаартай албан бичгээр “…2022 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтойг мэдэгдэж байна” гэх хариуг өгсөн.[32]

20. Нэхэмжлэгчээс дээрх 2022 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтдээ “*********” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07/272 дугаартай “Тодорхойлолт хүргүүлэх тухай” албан бичгийг хавсаргасан байх бөгөөд уг тодорхойлолтод “…********* ХХК 2022 онд 536,245 тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс (завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг)-ийг үнэ төлбөргүй нийлүүлж ... сайжруулсан шахмал түлшний гол түүхий эд болох  баяжуулсан эрчим хүчний нүүрс (завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг)-ний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүйгээр нийлүүлж байгаа аж ахуйн нэгж мөн болохыг тодорхойлж байна” гэжээ.[33]

21. Харин 2023 оны төлбөрт хамаарах хүсэлтийн тухайд, Татварын ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02/507 “Тайланг залруулж ирүүлэх тухай” албан бичгээр “...агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлүүлэх, хөнгөлөлт эдлэх хүсэлтээ хуульд заасан хугацаанд холбогдох баримтын хамт татварын албанд ирүүлээгүй ... 2023 оны жилийн агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх боломжгүй” гэж “*********” ХХК-д мэдэгджээ.[34]

22. Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт гаргасан 2023 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх тухай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 284 дугаартай хүсэлтдээ “*********” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/855 дугаартай “Мидлинг нийлүүлэлтийн тухай” “…********* ХХК нь 2023 онд 417,581.84  тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс (завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг)-ийг үнэ төлбөргүй нийлүүлж ... сайжруулсан шахмал түлшний гол түүхий эд болох  баяжуулсан эрчим хүчний нүүрс (завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг)-ний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүйгээр нийлүүлж байгаа аж ахуйн нэгж мөн болохыг тодорхойлж байна.”[35] гэх албан бичгийг хавсаргажээ.

23. “*********” ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаартай албан бичгээр тайлбар, тодруулгыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт хүргүүлэхэд, тус газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/620 дугаартай албан бичгээр[36] хариу өгч, нэхэмжлэгчээс дахин 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 401 дугаар[37], 05 дугаар сарын 15-ны өдрийн 407 дугаартай[38] албан бичгүүдээр тайлан залруулах, хариу тайлбар хүргүүлэхэд, тус газрын 2024 оны  06 дугаар сарын 11-ний өдрийн 01/879 дугаартай албан бичгээр “…2023 оны 04 дүгээр улирлын нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тайланг ... 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэх хариуг өгсөн байдаг.[39]

24. Дээрх мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2023 оны 04 дүгээр улирлын агаарын бохирдлын төлбөрийн тайланг (Олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах төлбөр) ТТ-24(1) маягтын дагуу татварын цахим системээр илгээжээ.

25. Дээрх үйл баримтуудаас үзвэл, татварын алба нь хуульд заагаагүй тайлан гаргах үүргийг нэхэмжлэгчээс шаардсан байх бөгөөд харин нэхэмжлэгч нь “Түүхий  нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гаргах хүсэлтийг хугацаа хэтрүүлэн гаргасан болох нь тогтоогдов.

26. Гэхдээ Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 292 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам”-ын[40] 1.2-т “Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацааг баримтална” гэж заасан байх бөгөөд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.” гэж, 15.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно:” гээд, 15.3.4 дэх заалтад “тайлан гаргахгүй төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын хуульд заасан татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс.” гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргах хугацаа хэтрүүлсэн үйл ажиллагаа нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд зөвтгөгдөх хууль зүйн боломжтой байна.

27. Тодруулбал, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт[41] “Төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлосон түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд төлнө.” гэж зааснаар 2023 оны агаарын бохирдлын төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд энэ хугацаанаас хойш Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан 4 жилийг тоолоход Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмын 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор байх тул хариуцагч нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлж өгсөн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой буюу тийнхүү 2024 оны  06 дугаар сарын 11-ний өдрийн 01/879 дугаартай албан бичгээр[42] хүлээн авсан үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцжээ.

28. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *********дугаартай нөхөн ногдуулалтын акт хуульд нийцээгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

29. Энэхүү эрх зүйн маргаантай үйл баримт, хууль хэрэглээний хувьд ижил төстэй кэйсийг буюу Засгийн газрын 2012 оны 139, 227 дугаартай тогтоолоор баталсан агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам болон төлбөрөөс бүрэн чөлөөлөх жагсаалтад багтсан “*********” ХК-ийг 2023 оны нүүрсний агаарын бохирдлын төлбөр ногдуулж төлөөгүй гэх зөрчилд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *********дугаартай нөхөн ногдуулалтын акт тогтоосныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон, мөн дээрх жагсаалтад багтсан “*********” ТӨХК-ийг 2022-2023 оны түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөр ногдуулж төлөөгүй гэх зөрчилд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ********* дугаартай нөхөн ногдуулалтын акт тогтоосныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон байгаа болохыг тухайлан тэмдэглэж байна.

30. Дээрх агуулгаар нэхэмжлэгчээс “татварын алба ижил тохиолдолд татвар төлөгчид тэгш бус хандсан” гэх агуулгаар маргасныг шүүх анхааран үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэг, 15.3.4 дэх заалт, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*********” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*********, Ц.О********* нарын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *********дугаартай нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 166-179 дэх тал

[2] 1Хх 202-217 дахь тал

[3] 1Хх 218-219 дэх тал

[4] https://legalinfo.mn/mn/detail?lawId=206336&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/

[5] 1Хх 126 дахь

[6] 1Хх 129 дэх тал

[7] 1Хх 131 дэх тал

[8] 1Хх 135 дахь тал

[9] 1Хх 133 дахь тал

[10] 1Хх 137 дахь тал

[11] 1Хх 140 дэх тал

[12] 1Хх 146-147 дахь тал

[13] 1Хх 148-153 дахь тал

[14] 1Хх 156-157 дахь тал

[15] 1Хх 158 дэх тал

[16] 1Хх 159-160 дахь тал

[17] 1Хх 26-28 дахь тал

[18] 1Хх-ийн 57-65 дахь тал

[19] 1Хх 46 дахь тал

[20] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 86-88 дахь тал

[21] 2Хх 100-107 дахь тал

[22] 2Хх 108-110 дахь тал

[23] 2Хх 120-127 дахь тал

[24] 1Хх 166-179 дэх тал

[25] 1Хх 202-217 дахь тал

[26] 1Хх 218-219 дэх тал

[27] https://legalinfo.mn/mn/detail?lawId=206336&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/

[28] Цаг хугацааны хувьд маргаан бүхий зөрчилд хамаарах 2022, 2023 онд үйлчилж байсан зохицуулалтыг харах

[29] Хууль тогтоогчоос энэ зүйлд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байх бөгөөд энэ өөрчлөлт нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болох өдрөөс буюу 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлчлэх байна. https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141124250431&showType=1 үзэх.

[30] https://legalinfo.mn/mn/detail?lawId=203019 /нийтэд илэрхий нотлох баримт/

[31] 1Хх 131 дэх тал

[32] 1Хх 135 дахь тал

[33] 1Хх 133 дахь тал

[34] 1Хх 137 дахь

[35] 1Хх 140 дэх тал

[36] 1Хх 146-147 дахь тал

[37] 1Хх 148-153 дахь тал

[38] 1Хх 156-157 дахь тал

[39] 1Хх 158 дэх тал

[40] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17333401791211&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/

[41] Маргааны цаг хугацаанд хамаарах үеийн зохицуулалтаар

[42] 1Хх 158 дахь тал