Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 00164

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг,

Өсвөр насны шүүгдэгч Ө.П хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгмаа,

Өсвөр насны шүүгдэгч О.Ч хууль ёсны төлөөлөгч С.Энхцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч Ө.П, О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.П, О.Ч нарт холбогдох эрүүгийн 1838002710112 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч Ө.П, О.Чнар нь 2018 оны 03 дугаар сарын 25-26-нд шилжин шөнө Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвд байрлах “Тэмүүлэн” нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бэлнээр 132.500 төгрөг, 102.200 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Ө.П, О.Ч нар нь 2018 оны 03 дугаар сарын 25-26-нд шилжин шөнө Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвд байрлах “Тэмүүлэн” нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бэлнээр 132.500 төгрөг, 102.200 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлж 234.700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-8 дугаар хуудас/,

Гэр, орон сууцанд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-17, 20 дугаар хуудас/

Мөнгө түр хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

Мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/ХХ-ийн 21 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 22 дугаар хуудас/,

       Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2018 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг болж байхад дэлгүүрээ галлах гээд дэлгүүртээ ортол вакум цонхны салхивчны нөгөө талын том хэсгийн шилийг хага цохиод хулгай орсон байсан... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад одоо гомдол санал байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-34 дүгээр хуудас/,

       Өсвөр насны гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Би Чинзоригийнд хонож байхдаа нэг альпен голд хамт идсэн. Чтэр шоколадыг байшингийнхаа хойд амбаараас молоко, гоё гэсэн жижиг ундаа, шар өнгийн жимсний өндөр нарийн шилтэй компот, торт нэг боодлыг оруулж ирж байсан. Би тэр үед юу хаанаас гаргаж ирээд байгаа юм бэ гэхэд П, Чбид хоёр Цэрмаа багшийн дэлгүүрийг ухчихсан юм гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/,

        Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…2018 оны 03 дугаар сарын 25-26нд шилжих шөнө Цэрмаа багшийн дэлгүүрийг эвдэж ангийнхаа найз болох Птай хулгай хийсэн байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/,

        Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…2018 оны 03 дугаар сарын 25-ны орой манай хүү П ангийнхаа найз Чинзоргийнд очиж хононо гээд явсан. Тэгээд тэр орой Чинзоригтой  нийлж Цэрмаа багшийн дэлгүүрийг эвдэж эд зүйл хулгайлсан байна лээ..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-46 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 49 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Өсвөр насны шүүгдэгч Ө.П, О.Чнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч өсвөр насны шүүгдэгч Ө.П, О.Ч нар нь сэтгэцийн хөжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдлийн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй болох нь Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай ”...3. Ө.П нь сэтгэцийн өвчинтэй холбогдолгүй боловч насанд хүрээгүй, ухаан санаа нь бүрэн хөгжөөгүйн улмаас өөрийн үйлдэл холбогдлыг бүрэн ойлгож чадахгүй байна.

4. Ө.П нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгч байгаа нь эргэлзээтэй байна гэх дүгнэлт,

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай “...3. О.Чнь сэтгэцийн өвчинтэй холбогдолгүй боловч насанд хүрээгүй, ухаан санаа нь бүрэн хөгжөөгүйн улмаас өөрийн үйлдэл холбогдлыг бүрэн ойлгож чадахгүй байна.

4. О.Чнь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгч байгаа нь эргэлзээтэй байна гэх дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Ө.П, О.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838002710112 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

       Хохирогч Ц.Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ө.П, О.Чнь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 71-72 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сүх 1 ширхэг, бахь 1 ширхэг, гар чийдэн 1 ширхэг, молоконы лааз 1 ширхэг, бэлэн хоолны сав 2 ширхэг, ундааны сав 1 ширхэгийг тус тус устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Өсвөр насны шүүгдэгч Ө.П, О.Ч нарыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.П, О.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

     3. Эрүүгийн 1838002710112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сүх 1 ширхэг, бахь 1 ширхэг, гар чийдэн 1 ширхэг, молоконы лааз 1 ширхэг, бэлэн хоолны сав 2 ширхэг, ундааны сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

     4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ө.П, О.Ч нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР