2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/07552

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 12

191/ШШ2025/07552

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо,  дугаар байрны тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, хороо, байр тоотод оршин суух хаягтай ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* миний бие *******тай 2018 оны 04 дүгээр сард танилцаж, 10 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. Бидний охин 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мэндэлсэн, хоёр дахь охин 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус тус төрсөн. Бид гэрлэлтээ 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор бүртгүүлж тухайн жилийн зун хуримын ёслолоо хийсэн. Бид 2020 оны 04 дүгээр сараас эхлэн өрх тусгаарлаж гэр бүлээрээ тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанаас хойш хамт амьдрахдаа хоёр хүүхдээ зөв боловсон, эрүүл өсгөн бойжуулж сайн сайхан амьдрахын төлөө тус тусын бизнесийг эрхэлж бусдын нэгэн адил ажил хөдөлмөр эрхэлж ирсэн боловч сүүлийн жилүүдэд зан байдлын хувьд хоорондоо таарамж муутай болж, зарим асуудлын хүрээнд үл ойлголцож хороондоо хэрүүл маргаантай байдаг болсон. Энэ явдал даамжирсаар бид 2024 оны 09 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарснаас хойш 9 сар өнгөрсөн бөгөөд бидний хооронд бие биеэ гэсэн сэтгэл үгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ харилцан ярилцаж, гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй хоёр охиноо ээж миний асрамжид байлгаж, эцэг нь хоёр охиноо өсгөж хүмүүжүүлэхэд эхийн нэгэн адил эрхтэй байх хуульд зааснаар охидууддаа сар бүр тэтгэлэг төлөхөөр тохиролцоод байгаа болно. Хүүхдээ хамтдаа өсгөнө гэсэн нөхцөлтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Хүүхдүүдээ бодоод гэрлэлтээ цуцлуулж байгаа. Бид хоёр одоо найрсаг харилцаатай байгаа. Хамтдаа амьдрах хугацаандаа хүүхдүүдийн хажууд хэрүүл хийж хүүхдийг айлгах зүйл сүүлийн 1 жилийн хугацаанд гарсан. Хүүхдийг эрүүл орчинд өсгөх нь зөв гэж ярилцаад гэр бүлээ цуцлуулахаар шийдвэрлэсэн. Тусдаа амьдарснаас хойш хагас жилийн дараа хүүхдүүдээ сэтгэл зүйчид үзүүлэхэд хүүхдийн сэтгэл зүйн байдал тогтвортой, уг үйл явцыг эрүүл хүлээн авч, хүүхдүүд дасан зохицсон байна гэсэн. Тогтмол хүүхдээ сэтгэл зүйчид үзүүлж байсан. Одоо байнга тогтмол явах шаардлагагүй болсон гэв.

2. Хариуцагч ******* гаргасан хариу тайлбартаа:

2.1. *******ийн нэхэмжлэлд дурдсан баримтуудыг үндэслэлтэй гэж үзэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ямар нэг санал, гомдол хариу нэхэмжлэл гаргах шаардлагагүй ба зохих хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. Нэхэмжлэгчийн эвлэрлийн гэрээнд заасны дагуу шаардаж байгаа нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талын хүслээр гэр бүл цуцлуулахаар шийдвэрлэсэн. Түүний нэхэмжилж байгаа болон хүсэл сонирхлыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид амьдралыг харах өнцөг, эдийн засаг, хөрөнгө мөнгөний тухайд нэгдмэл санаатай байж чадаагүй. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа болон хүсэл сонирхлыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

- Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх 3/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 8/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 10/

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 11-12/

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 9/

- Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2025.02.04-ний өдрийн 00167 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 4-5/

- Ачит гар өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх 6-7,

- Эвлэрлийн гэрээ

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар гаргасан болно. /хх 18/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нөхцөлөө зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2024 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

4. Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь гэр бүл болсныг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, тэдний дундаас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр охин , 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр охин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

4.2 Нэхэмжлэгч ******* Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.

 

5. Нэхэмжлэгч *******, ******* нар нь 2024 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон, цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.2-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно гэж тус тус заасан.

 

Зохигчид нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Эвлэрлийн гэрээ хийсэн байх бөгөөд гэрээнд:

Энэхүү гэрээ гэрлэлт цуцлах иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийн талаар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин , 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин нарыг эхийн асрамжид үлдэхээр, хариуцагч нь охин , нарыг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэж, тэтгэлгийг сар бүрийн 01-ний өдөр нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансанд төлөхөөр, талууд гэр бүлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэж тохиролцов гэж заажээ.

Мөн гэрээнд охин , нарыг өсгөн хүмүүжүүлэхэд талууд эрх тэгш байх, сургалтын төлбөр, эмнэлгийн зардал, хэрэглээний зардал зэрэг хүүхдүүдийн цаашдын ирээдүй, өсгөн хүмүүжүүлэх үйл явц, хүүхдүүдтэй харилцах харилцаа хандлага, үзүүлэх үлгэр дуурайлал, хүүхдүүдтэй хэрхэн уулзах зэрэг нөхцөлүүдийг тусгасан байх энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүрэгтэй нийцэж байна.

 

Ийнхүү хүүхдийн асрамж, тэтгэлгийн хэмжээний талаар талууд тохиролцсон байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор дараах баримт бичиг /иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр/-гийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан.

 

7.1. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* /РД: *******/, ******* овогт ******* /*******/, нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин , 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин нарыг эх *******ийн асрамжид үлдээж, хүүхдүүд хүссэн үедээ эцэг *******тай уулзах, хоёр долоо хоногийн 3 хоногт эцэг *******ын асрамжид байхаар талууд харилцан тохиролцсоныг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин , 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин нарыг 11 нас хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг *******аас тэтгэмж гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ