| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0160/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/165 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ат холбогдох эрүүгийн 1838003840217 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.А нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт иргэн Б.З-г эхнэр Бурмааг хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд баруун зовхи, хамар, баруун гуянд цус хуралт болон зөөлөн эдэд няцралт, хүзүү, зүүн алганд зулгаралт, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт иргэн Б.З-г эхнэр Бурмааг хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд баруун зовхи, хамар, баруун гуянд цус хуралт болон зөөлөн эдэд няцралт, хүзүү, зүүн алганд зулгаралт, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Золбоо манай хашаа руу орж ирээд танай эхнэрийн хүүхэд чинь чиний хүүхэд биш гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би уур хүрээд нүүрлүү нь цохичихсон юм. Золбоо бас манай найз охиныг хэл амаар доромжлоод байхаар нь би салгаад хашааны гадаа гаргаж таксинд суулгаад явуулсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хохирогч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хашгай ахтай юм яриад сууж байхад хүзүү Бооёо гэх хүн хүрч ирээд ямар ч үгийн зөрүүгүй шууд нүүрлүү өшиглөсөн. Тэгээд гуанзнаас Лхагваа гарч ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг ороод урууландаа оёдол тавиулсан. Болдоо гэх хүнээс эмчилгээний зардал 450.000 төгрөг авсан цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-15 дугаар хуудас/,
Гэрч Т.Лхагвадорийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хашгай ахын үүдэнд ирэхэд Ариунбаатарын дээд уруул цуурсан, нилээд цус гоожсон байдалтай хажууд нь Хашгай ах, Бооёо нар зогсож байсан. Би эмнэлэг авч явж дээд уруулд нь оёдол тавиулсан. Ариунбаатар намайг очиход Бооёо намайг зүгээр сууж байхад нүүрлүү өшиглөчихлөө гэж байсан....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Х.Х-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”...Хашааны гадаа Бооёо Ариунбаатарын урдаас хараад сууж байсан. Тэгээд Бооёо босож ирээд нүүр орчим руу нь гэнэт өшиглөөд авсан. Тэгээд нэмээд зодчихий гээд байхаар нь би салгаж Бооёог явуулсан. Ариунбаатартай нийлээд яваад байдаг Лхагваа гэх залуу эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 229 тоот
1. Б.Золбоогийн биед баруун зовхи, хамар, баруун гуянд цус хуралт болон зөөлөн эдэд няцралт, хүзүү, зүүн алганд зулгаралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
3. Б.З-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Золбоо нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 39 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838003840217 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч С.А нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 37 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Б.З нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838003840217 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838003840217 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР