Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/62

 

Б.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн 2313001180151 дугаартай, 2 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу, прокурор Я.Дина, шүүгдэгч Б.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, С.Алтай нар оролцов.       

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, ****оны ** дүгээр сарын **-ны өдөр ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 хүнтэй, эхнэр хүүхдийн хамт ****** багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Ш овогт Б.А- /РД: **************/,

 

2. Шүүгдэгч Б.А- нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хар уул” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Т.А-ийн өмчлөлийн 2 тооны адуу, хохирогч Х.Т-ын өмчлөлийн 1 тооны адуу, нийт 3 тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Т.А-т 2,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Х.Т-т 1,800,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаар яллах дүгнэлтээр Б.А-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн  2024/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолоор:  

4.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,   

4.2. Шүүгдэгч Ш овогт Б.А-ыг алдуул мал бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

4.3. Шүүгдэгч Б.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

 

5. Прокурорын эсэргүүцэлд:

5.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина би, яллагдагч Б.А-д холбогдох 2313001180151 дугаартай эрүүгийн хэрэгт 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

5.2. Хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 2024/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн.

Ингэхдээ шүүгдэгч Б.А- нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дунд уул”, мөн тус аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэр “Зоост эрэг” гэх газрын заагт бэлчээрт байсан адуу сүрэгт нийлсэн тус аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар уул" хэмээх газраас алдагдсан гэх хохирогч Т.А-ийн өмчлөлийн 2 тооны адуу, хохирогч Х.Т-ын өмчлөлийн 1 тооны адуу, нийт 3 тооны алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал, хэргийн үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ. ...Шүүгдэгч Б.А- нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагаас тухайн өдрийн орой хүртэл хугацаанд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар уул” гэх газраас буюу 80 км газраас хохирогч Т.А-ийн өмчлөлийн 2 тооны адуу, хохирогч Х.Т-ын өмчлөлийн 1 тооны адуу, нийт 3 тооны адууг мотоциклоор туугаад хулгайлсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн.

5.3. Шийтгэх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй”, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна.

5.4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Т.А-, Х.Т-, гэрч Е.Х, С.Ж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Т.А-, Х.Т- нарын 3 тооны адууг шүүгдэгч Б.А- нь мотоциклоор тууж адуун сүрэгтээ нийлүүлсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байдаг.

Гэтэл дээрх үйл баримтыг бататгаж буй нотлох баримтуудыг тухайлбал гэрч Е.Х “...2022 оны 12 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг санахгүй байна адуугаа харахаар 19 цагийн үед Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан толгой гэх газарт сумын төвөөс 1 км-ийн зайтай явж байхад тус сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Б.А- нь өөрийн улбар шар өнгийн Мустанг-5 загварын мотоциклтой Сагсай сумын чиглэлээс 3 тооны адуу тууж ирж байсан. Тухайн үед би Б.А-той уулзаагүй, Улаантолгойн орой дээр гарахад Б.А- нь уг 3 тооны адууг манай сумын 4 дүгээр багт оршин суух иргэн С.Ж-ийн хашаанд оруулаад хашсан, ...тухайн үед хулгайн адуу болохыг сэжиглэж Б.А- явсны дараагаар хашааны гаднаас харсан, ...зөв талын гуяндаа 2 тооны тамгатай 5 настай азарга, хул зүсмийн их насны гүү, хээр зүсмийн зөв талын гуяндаа жижиг “о” үсгэн тамгатай, цагаан өнгийн толиотой даага байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 117-119 дүгээр хуудас/,

Гэрч С.Ж-ийн “...2022 оны 12 дугаар сарын сүүлээр байх нэг өдөр орой 18 цагийн үед Болатханы А- өөрийн улбар шар өнгийн мотоциклоор манай хашаанд 3 тооны адууг өөрийн адуун сүрэгтэй хамт тууж ирээд оруулсан. Тэгээд дотроос нь хээр бор зүсмийн, төлтэй /толиотой/ зөв талын гуяд “о” үсгэн тамгатай даагыг барьж аваад бусад адуунуудыг гаргаж явуулсан. Миний харсан 3 тооны адуу бол хээр зүсмийн азарга, түүний хажууд зөв талын гуяд X тамгатай нас гүйцсэн хул зүсмийн гүү, түүний хажууд бор хээр зүсмийн зөв талын гуяд “о” үсгэн тамгатай даага нийт 3 тооны адуу байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 134-136 дугаар хуудас/ зэргийг шүүхээс хэрхэн үгүйсгэж байгаагаа тайлбарлахгүйгээр шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад шүүх “...ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;” дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж заасантай нийцэж байгаа болно.

5.5. Хэрэв шүүгдэгч Б.А- нь уг 3 адууг ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй гэдгийг мэдэж байсан мөн завших зорилгогүй байсан бол адууны талаар Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх” үүрэгтэй.

Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа шүүгдэгч Б.А- нь сүрэгт ирж нийлсэн адууг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг магад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээсэн уг үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй адууг өөрийн өмчийн адил хууль бусаар өмчилж байсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй.

5.6. Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхашийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгаруулж, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой буюу хамааралтай талаас нь үнэлж, хууль ёсны шийдвэр гаргасан. 3  тооны адууг алдуулаар  ашигласан гэсэн, 3 тооны адуу ашигласан асуудал байхгүй. Б.А-ын хувьд  ганц даагыг эмчилж, тэжээсэн. 3 тооны адууг 80 км газраас тууж ирсэн үйл баримт нотлогдон тогтоогдоогүй.  Тухайн жил Б.А- өөрийнхөө адууг идшинд гаргасан учраас азаргагүй явж байсан Б.А-ын адууг азарга нь хурааж авсан. Энэ нь байгалийн шинж, салгах гээд оролдсон боловч салаагүй учраас туугаад ирсэн.  Анх Буянт сумаас 7-8 тооны үхэр алдагддаг. Тэрэнд Хасха буюу Х.Ж-ийг сэрдээд  Х.Ж-т  холбогдох хэрэг үүсгээд, 3 жил мөрдөгдсөн. Тухайн хэрэг 3 жил мөрдөгдөж байх үед хохирогч нарын алдагдсан гэсэн үхэр нь өөр газраас олдсон.  Тухайн үед 3 тооны адууны асуудал гарч ирснээр мөн адил 3 тооны үхрийг Х.Ж- хулгайлсан байж болзошгүй гээд зохиомол мэдүүлэг авсан. 60 хоногоор хэргийг буцааж байсан шүүх хуралдаан дээр Х- болон Х.Ж-ийн мэдүүлсэн мэдүүлэгт “бид нарын өмнөх өгч байсан бүх мэдүүлэг зохиомол, 3 тооны адууг тууж ирээгүй, адуу сүрэгтэй хамт ирсэн” гэдэг мэдүүлэг байна.

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтайн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Прокурорын эсэргүүцэл дээр 2 гэрчийг мэдүүлгийг үндэслэж байна.  Анхан шатны шүүх даагыг байлгаснаар ашигласан гэдэг асуудал дээр дүгнэлт хийж болзошгүй. Гэхдээ 3 тооны адууг ашиглаагүй биш, хэргийн зүйл ангийг өөрчилсөн учраас ямар нэгэн гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх хэргийг хянаад, хууль ёсны буюу үндэслэлтэй дүгнэлт хийсэн, прокурорын эсэргүүцлийг буцааж өгнө үү. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

9. Шүүгдэгч Б.А-ыг алдуул мал бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

10. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас  шүүгдэгч Б.А-ыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хар уул” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Т.А-ийн өмчлөлийн 2 тооны адуу, хохирогч Х.Т-ын өмчлөлийн 1 тооны адуу, нийт 3 тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Т.А-т 2,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Х.Т-т 1,800,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

11. Шүүх хэргийн бодит байдал, шүүгдэгчийн санаа зорилго, сэдэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үнэлж дүгнэн, харьцуулан шинжлэх зэргээр эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэх учиртай.

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хар уул” гэх газар бөгөөд Сагсай сумын төвөөс 28 орчим км, Буянт сумын төвөөс 80 орчим км зайтай, Улаанхус, Сагсай, Бугат сумын хил залгаа орчмын бүс нутаг байв” гэж тэмдэглэснийг яллагдагч Б.А-, гэрч Е.Х-, С.Ж нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдтэй харьцуулж үзэхэд шүүгдэгч Б.А- нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагаас тухайн өдрийн орой хүртэл хугацаанд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар уул” гэх газраас буюу 80 км газраас хохирогч Т.А-ийн өмчлөлийн 2 тооны адуу, хохирогч Х.Т-ын өмчлөлийн 1 тооны адуу, нийт 3 тооны адууг мотоциклээр туугаад хулгайлсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокурорын яллах дүгнэлт болон хэргийн үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

 

12. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдэл холбогдлын талаар ...шүүгдэгч Б.А- нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Дунд уул”, мөн тус аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэр, “Зоост эрэг” гэх газрын заагт бэлчээрт байсан адуун сүрэгт нийлсэн тус аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар уул” хэмээх газраас алдагдсан гэх хохирогч Т.А-ийн өмчлөлийн 2 тооны адуу, хохирогч Х.Т-ын өмчлөлийн 1 тооны адуу, нийт 3 тооны алдуул адуу малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна гэсэн агуулгатай дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх тус хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй байна.

13. Шүүхээс гэм буруутай этгээдийн үйлдэл, санаа зорилгын талаар дүгнэлт хийхдээ уг үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн дамжсан, эсхүл шууд бус хэлбэр, сэдэлт, шалтгаан зэргийг ялган тогтоож, учруулсан хор уршигтай гэм буруутай ямар үйлдэл хэрхэн холбогдож байгааг, хэрвээ хохирол, хор уршиг байна гэж үзвэл эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашигт бодитой хохирол учруулсан зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтооно.

 

14. Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн хувьд алдуул мал гэдэг ойлголт нь гэм буруутай этгээдийн ямар нэгэн оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөлийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн газар нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа зэрэг таван хошуу малыг хамруулж үзнэ. Алдуул малыг эзэмшиж буй этгээд уг малын талаар зохих байгууллагад мэдэгдээгүй эс үйлдэхүй нь дангаараа тухайн гэмт хэргийн обьектив талын шинжийг бүрдүүлэхгүй бөгөөд энэхүү эс үйлдэхгүй нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрч завших үйлдэлтэй холбогдсоноор тухайн гэмт хэргийн шинжийг агуулна. 

Алдуул мал завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс, эсхүл түүний хүсэл зоригоос үл хамааран алга болсон малыг авч завшсан үйлдлийг, өөрөөр хэлбэл тухайн малыг урьдаас төлөвлөж тооцоолон идэвхтэй үйлдлээр олж аваагүй, эд хөрөнгийг завших санаа зорилго нь түүнийг олж авсны дараа үүсдэг зэргээрээ бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдана.  Мөн энэ гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгдэж, гэмт этгээд алдуул малыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг олж идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч, уг санаагаа хэрэгжүүлж алдуул малыг өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлж завшсан, эсхүл санаатай үрэгдүүлснээр гэмт хэргийн бүрдэл хангагдана. Тодруулбал, энэ гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгдэж, гэмт этгээд алдуул малыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг олж авах идэвхтэй  үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч уг санаагаа хэрэгжүүлж алдуул малыг өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлж  завшсан, эсхүл санаатай үрэгдүүлснээр гэмт хэргийн бүрдэл хангагдана.

 

15. Харин шүүгдэгч Б.А-ын хувьд, өөрийн адуун сүрэгт нийлсэн, 3 тооны алдагдсан адууг санаатайгаар өөрийн үзэмжээр хэрхэн захиран зарцуулж завшсан, уг боломжийг өөртөө бий болгосон нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч байгаа талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй, өөрийн адуун сүрэгт нийлсэн 3 тооны адууг салгаж явуулах гэсэн боловч салгаж чадаагүй /Б.А-ын адуун сүрэг азаргагүй байсан бөгөөд сүргээ алдаж, өөр сүрэгт нэгдсэн 3 тооны адуун дунд байсан азарга Б.А-ын сүргийн адууг хураах зэргээр шинэ сүргээсээ салахгүй байсан учраас/ тул адуун сүргээ тууж ирэн С.Ж-ийн хашаанд оруулж гүү болон азарга хоёрыг хашаанаас гаргаж, Б.А- нь малын эмч мэргэжилтэй тул даагыг сахуу өвчин туссаныг оношилж, эмчлэхээр өөрийнхөө даагатай хамт авч үлдэж эмчилж, малласан байна.  

Шүүгдэгч Б.А- нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн Засаг даргад алдагдсан гэх уг 3 тооны адууг тэмдэглүүлсэн тухай тухайн багийн Засаг даргын тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 51 дэх тал/, гэрч Ж.М-ийн Буянтчуудын нэгдсэн групп гэх фэйсбүүк хуудаст бичсэн зурагтай зар /1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал/ зэргээс үзвэл, шүүгдэгч Б.А- нь Иргэний хуулийн 117 дугаар 117.1 дэх хэсэгт “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны … мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах …” гэснийг зөрчөөгүй, алдагдсан гэх азарга болон гүүг Б.А- нь өөрийн сүрэгт нийлсэн өдөрт нь сүргийн хамт туун ирж, С.Ж-ийн хашаанд хашиж байгаад сүргээсээ гаргаж явуулсан, үүнээс хойш азарга болон гүү Ж.М-гийн бичсэн зурагтай зарын дагуу алдуул мал болох нь илэрч, жинхэнэ өмчлөгчид нь цагдаагийн байгууллагаас хүлээлгэж өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэвэл, Б.А-ыг бусдын 3 тооны алдуул малыг завшсан гэж үзэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй учраас анхан шатны шүүх хуулийн мөн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

16. Прокурор “...Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Т.А-, Х.Т-, гэрч Е.Х-, С.Ж- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Т.А-, Х.Т- нарын 3 тооны адууг шүүгдэгч Б.А- нь мотоциклоор тууж адуун сүрэгтээ нийлүүлсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байдаг.

Гэтэл дээрх үйл баримтыг бататгаж буй нотлох баримтуудыг тухайлбал гэрч Е.Х-ы мэдүүлэг /ХХ-ийн 117-119 дүгээр хуудас/, Гэрч С.Ж-ийн мэдүүлэг /ХХ-ийн 134-136 дугаар хуудас/ зэргийг шүүхээс хэрхэн үгүйсгэж байгаагаа тайлбарлахгүйгээр шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад шүүх “...ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;” дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж заасантай нийцэж байгаа болно. Хэрэв шүүгдэгч Б.А- нь уг 3 адууг ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй гэдгийг мэдэж байсан мөн завших зорилгогүй байсан бол адууны талаар Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа шүүгдэгч Б.А- нь сүрэгт ирж нийлсэн адууг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг магад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээсэн уг үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй адууг өөрийн өмчийн адил хууль бусаар өмчилж байсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй” гэсэн эсэргүүцэл гаргажээ.

 

 17. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хар уул гэх газарт бэлчээрт байсан хохирогч Т.А-ын 2 тооны адуу, хохирогч Х.Т-ын 1 тооны адуу, нийт 3 тооны адуу буюу олон тооны адуу бод малыг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг нь:  

- хохирогч Т.А-ийн “...миний бие Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар уул” гэх газраас манай адуун сүрэг дотроос манай авга ах Х.Т-ын эзэмшлийн дөнөн /одоо 5 настай/, бор зүсмийн, имгүй, зөв талдаа 2 тооны тамгатай азарга, миний эзэмшлийн 9 настай, хул зүсмийн, имгүй, зөв талдаа X үсгэн тамгатай гүү, бор зүсмийн, имгүй, зөв талдаа жижиг О үсгэн тамгатай даага нийт 3 тооны адуу алдагдсан. Уг адуунуудыг бид Сагсай сумын нутаг дэвсгэрээс хайсан боловч олдоогүй тул 2023 оны 01 дүгээр сарын 05, 08-ны өдрүүдэд аймгийн “9-ийн мэдээ” радиогоор дамжуулан алдагдсан талаар мэдээлэл өгсөн ба 02 дугаар сарын эхээр Буянт сумын цагдаагийн хэсгээс холбогдож “таны алдсан даага, гүү, азарга нь Буянт сумын нутаг дэвсгэрт байна, та ирж үзээрэй” гэж хэлсэн, ...авга ах Х.Т-ын адуун сүрэгтэй миний адуунууд нийлж явдаг бөгөөд алдагдсан 3 тооны адуу нь тусдаа салж яваагүй адуу билээ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-12 дугаар хуудас/,

- хохирогч Т.А-ийн дахин өгсөн “...би өөрийнхөө алдсан зөв талын гуяндаа жижиг “О” үсгэн тамгатай, хээр зүсмийн цагаан өнгийн толиотой даагыг эргүүлэн авсан. Одоо хул зүсмийн гүүгээ аваагүй, ...2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр миний адууг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.А-ын төрсөн ах Б.Е нь манай хүргэн ах Ж.Ө-ийн хамт би Улаанхус сумын төвд нагац ах Э.А-ын гэрт ирж нагац ах Э.М бид дөрөв уулзсан. Тухайн үед Б.Есдаулет нь надад “миний дүүг уучлаарай, ...би дүүгийнхээ өмнөөс чамд учирсан бүх хохирлыг төлнө” гэж уучлалт гуйсан. Тэгээд би адууг хайхад зарцуулсан шатахууны мөнгийг төлж өгөөрэй гэхэд Б.Е нь би төлнө гэж хэлээд надад 800,000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,

- хохирогч Х.Т-ын “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар уул” гэх газраас манай адуун сүрэг дотроос миний эзэмшлийн дөнөн /одоо 5 настай/, бор зүсмийн, имгүй, зөв талдаа 2 тооны тамгатай азарга, манай ахын хүү Т.А-ийн эзэмшлийн 9 настай, хул зүсмийн, имгүй, зөв талдаа X үсгэн тамгатай гүү, бор зүсмийн, имгүй, зөв талдаа жижиг О үсгэн тамгатай даага нийт 3 тооны адуу алдагдсан. Уг адуунуудыг бид Сагсай сумын нутаг дэвсгэрээс хайсан боловч олдоогүй тул 2023 оны 01 дүгээр сарын 05, 08-ны өдрүүдэд аймгийн “9-ийн мэдээ” радиогоор дамжуулан алдагдсан талаар мэдээлэл өгсөн ба 02 дугаар сарын эхээр Буянт сумын цагдаагийн хэсгээс холбогдож “таны алдсан даага, гүү, азарга нь Буянт сумын нутаг дэвсгэрт байна, та ирж үзээрэй” гэж хэлсэн, ...миний алдагдсан 3 тооны адуу нь адуун сүргээсээ салж явдаггүй байсан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 18-20 дугаар хуудас/,

- гэрч Е.Х-ы “...2022 оны 12 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг санахгүй байна адуугаа харахаар 19 цагийн үед Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан толгой гэх газарт сумын төвөөс 1 км-ийн зайтай явж байхад тус тус сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Б.А- нь өөрийн улбар шар өнгийн Мустанг-5 загварын мотоциклтэй Сагсай сумын чиглэлээс 3 тооны адуу тууж ирж байсан. Тухайн үед би Б.А-той уулзаагүй, Улаантолгойн орой дээр гарахад Б.А- нь уг 3 тооны адууг манай сумын 4 дүгээр багт оршин суух иргэн С.Ж-ийн хашаанд оруулаад хашсан, ...тухайн үед хулгайн адуу болохыг сэжиглэж Б.А- явсны дараагаар хашааны гаднаас харсан, ...зөв талын гуяндаа 2 тооны тамгатай 5 настай азарга, хул зүсмийн их насны гүү, хээр зүсмийн зөв талын гуяндаа жижиг “о” үсгэн тамгатай, цагаан өнгийн толиотой даага байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 117-119 дүгээр хуудас/,

- гэрч Ж.М-гийн “...Сагсай сумын Хар уул гэх газраас хулгайд аглагдсан гэх хул зүсмийн, цагаан өнгийн толиотой их насны гүүг би анх 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр манай өвөлжөөний хажууд манай адуун сүргийн хажууд -ганцаараа идээшилж явж байхад нь харсан. Уг адуу нь Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Түнхэт гэх газраас чиглэлтэй ирсэн байсан. Би тухайн адууны содон шинж тэмдгийг харахад хул зүсмийн гүү, манай Баян-Өлгий аймгийн тамга биш баруун аймгийн тамгатай, цагаан өнгийн толиотой байсан. Уг гүү нэлээн турсан байдалтай байсан тул би хивэг өгч 7 хоног тэжээсэн. Тэгээд 7 хоногийн хугацаанд ямар нэгэн хайсан хүн ирээгүй бөгөөд би уг гүүг өөрийн адуун сүрэгтэй нийлүүлээд Буянт сумын зарын фейсбүүк группт адууны содон шинж тэмдэг, зураг зэргийг оруулж олж авлаа гэж гэж зар оруулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 122-123 дугаар хуудас/,

- гэрч С.Ж-ийн “...2022 оны 12 дугаар сарын сүүлээр байх нэг өдөр орой 18 цагийн үед Болатханы А- өөрийн улбар шар өнгийн мотоциклээр манай хашаанд 3 тооны адууг өөрийн адуун сүрэгтэй хамт тууж ирээд оруулсан. Тэгээд дотроос нь хээр бор зүсмийн, төлтэй /толиотой/ зөв талын гуяд “о” үсгэн тамгатай даагыг барьж аваад бусад адуунуудыг гаргаж явуулсан. Миний харсан 3 тооны адуу бол хээр зүсмийн азарга, түүний хажууд зөв талын гуяд X тамгатай нас гүйцсэн хул зүсмийн гүү, түүний хажууд бор хээр зүсмийн зөв талын гуяд “о” үсгэн тамгатай даага нийт 3 тооны адуу байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 134-136 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

18. Прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон дээрх нотолгооны хэрэгслүүдийг нэг бүрчлэн, тал бүрээс нь шинжлэн судлахад, хохирогч Т.А-, Х.Т- нар  алдагдсан гэх 3 тооны адууны хувийн онцлог шинж тэмдэг болон хэзээ алдагдсан талаар, мөн радиогоор зарлуулсны дараа Буянт сумаас олдсон, уг адууг хүлээж авч, эрж хайсан зардлаа шүүгдэгчийн ахаар төлүүлж авсан талаар мэдүүлсэн, харин гэрч Е.Х-, С.Ж- нарын мэдүүлгээр Б.А- өөрийн адуунд нийлсэн 3 тооны адууг тууж ирж С.Ж-ийн хашаанд хашиж азарга болон гүү хоёрыг салгаж явуулсан, даага нь өвчин туссан, туйлдсан байсан учир хашаандаа авч үлдсэн маллаж эмчилсэн, хохирогч нарын 3 тооны адуу нь Б.А-ын адуутай нийлснийг, уг адуунуудыг Б.А- нь өөрийнхөө  адуун сүрэгтэй хамт тууж ирснийг нотлох боловч эдгээр хоёр гэрчийн мэдүүлэг нь хохирогч Т.А-, Х.Т- нарын 3 тооны адууг шүүгдэгч Б.А-ыг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлж авсан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Б.А- нь өөрийн адуун сүрэгт нийлсэн 3 тооны адууг адуунаасаа салгаж явуулснаас хойш  азарга, гүү хоёр өөр хүмүүсийн адуун сүрэгтэй нийлж Буянт сумын нутагт явж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хул зүсмийн гүү гэрч  Ж.М-гийн адуун сүрэгт нийлж тэнд байсан, Ж.М- Буянт сумын зарын фейсбүүк группт алдагдсан гүүний зургийг  оруулж зар тавьснаар адууны эзэд эрж, хайсан адуугаа олж авсан зэргээс үзвэл азарга, гүү хоёр өөр хүмүүсийн адуун сүрэгт нийлж тус тусдаа явж байсан нь тогтоогджээ. Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч Б.А- нь хохирогч Т.А-, Х.Т- нарын 3 тооны адууг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон, эсэргүүцэлд дурдсан гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдоогүй тул прокурорын “Б.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан” гэсэн агуулгатай эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй.

 

19. Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.А-ыг цагаатгаж,  прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.А-ыг цагаатгаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтыг баримтлан Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, прокурорын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан Б.А- нь өөрт хохирол учирсан гэж үзвэл Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хугацаанд, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ