| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0866/Э |
| Дугаар | 0910 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 0910
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Г.Номин
улсын яллагч: Н.Гэрэлмаа
шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Ц овогт Г Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806034371142 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Г Г, Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Би Жи Жи ХХК-д нимгэн төмөрчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай
Холбогдсон хэргийн талаар:
Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн байрны өрөөнд байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.О нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Би О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ Уухаа багасагс гээд бид жаахан маргалдсан. Маргалдаж байгаад би орхиж яваад түрүүлээд гэртээ ирсэн. Эхнэр О миний араас удалгүй ороод ирсэн. Орж ирээд надад үг хаяад намайг хэл амаар доромжлоод байсан. Намайг гэрт ууж байх үед О намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Яг энэ үед миний амьдардаг нийтийн байрны байнга согтуу явж байдаг залуу манайд ороод ирсэн. Би босоод түлхээд гаргасан чинь О миний араас татахаар нь би эргэж түлэхээд унагаасан. О шалан дээр унаад буцаж босож ирээд миний 2 чихнээс татаад, самардаад байсан. Би тэсэхгүй болиулах гээд алгадсан. Болихгүй болохоор нь дахиад нэг удаа алгадсан. Энгээд хэрэлдээд зогсож байхад цагдаа нар ирсэн..” гэх мэдүүлэг / хх-н 34/,
Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Тэгтэл өөрөө уг /0,5 литрийн 1 шил/ архыг уусан ба түүний дараа нийтийн байрны эзний хүүхэд болох архи уудаг залуу согтуу орж ирсэн. Тэрийг ороод ирсэн чинь манай нөхөр уурлаад “бид нар чамд мөнгө төлсөн, чи дээрэлхээд байна уу?” гээд заамдалцаад авсан. Тэгээд би салгах гэж байтал гаднаас байрны эзэн орж ирээд хүүхдээ аваад гарсан. Тэгсэн манай нөхөр шууд надруу дайраад миний нүүр лүү цохисон ба тэр үед дээрээс толгой руу хөлөөрөө өшиглөөд, ална чамайг гээд байсан..” гэх мэдүүлэг / хх-н 5-8/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Г хэрэлдэж байгаад ганцаараа дэлгүүр орж 0,5 литрийн хараа архи авчираад тэрнийгээ ганцаараа уугаад хоорондоо хэрэлдэж байгаад Г, О түлэхтэл нуруугаараа дээшээ хараад хана мөргөж унасан чинь Г гуя болон, бие рүү нь 1, 2 удаа өшиглөж байсан, О нь Г алгадаад зодож байсан тэр үед нь би болио гэж хэлсэн боловч болиогүй харилцан зодолдоод байсан тэд ойролцоогоор 2 цаг гаран хэрэлдэж байхад гаднаас цагдаа нар ирээд Г аваад явсан .Ийм л юм болсон..” гэх мэдүүлэг / хх-н 12-14/
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ Манай хажуу талын айл эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрэлдэж маргалдаад орилолдоод байхаар нь чимээ шуугианаа боль унтаж амармаар байна гэж хэлүүлтэл дуугүй болохгүй байж байгаад удалгүй эхнэрийгээ зодоод байгаа юм шиг орилоод сонсогдоод байхаар нь цагдаагийн байгууллага 8887-7596 дугаараас дуудлага өгсөн. Тухайн үед цохиж зодож байгаа эсэхийг хараагүй, ийм зүйл сонсоод цагдаагийн байгууллагад хандсан..” гэх мэдүүлэг /хх-н 15-16/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 17/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4939 тоот ДҮГНЭЛТ:
1.2.О.О биед зүүн шанаа, зүүн мөр, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, зүүн гуя, шидбэнд цус хуралт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Дээрх гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6.Цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19-20/
Г.Г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-34/
Г.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35--36/
Г.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 22 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 24/ , Би Жи Жи салхивч ХХК-ны ажлын байрны тодорхойлолт /хх-н 25/ зэрэг болно.
Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Ихдарь-Эхийн 3 дугаар гудамжны 77 тоотод нийтийн байрны өрөөнд байх гэртээ гэрбүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.О нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
1.2.О.О биед зүүн шанаа, зүүн мөр, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, зүүн гуя, шидбэнд цус хуралт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 18/ 4939 тоот дүгнэлт
Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...Тэгсэн манай нөхөр шууд надруу дайраад миний нүүр лүү цохисон ба тэр үед дээрээс толгой руу хөлөөрөө өшиглөөд, ална чамайг гээд байсан гэсэн мэдүүлэг / хх-н 5-8/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … хоорондоо хэрэлдэж байгаад Г, О түлэхтэл нуруугаараа дээшээ хараад хана мөргөж унасан чинь Г гуя болон, бие рүү нь 1, 2 удаа өшиглөж байсан, О нь Г алгадаад зодож байсан гэсэн мэдүүлэг/ хх-н 13/
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … О намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Яг энэ үед миний амьдардаг нийтийн байрны байнга согтуу явж байдаг залуу манайд ороод ирсэн. Би босоод түлхээд гаргасан чинь О миний араас татахаар нь би эргэж түлэхээд унагаасан. О шалан дээр унаад буцаж босож ирээд миний 2 чихнээс татаад, самардаад байсан. Би тэсэхгүй болиулах гээд алгадсан. Болихгүй болохоор нь дахиад нэг удаа алгадсан гэсэн мэдүүлэг / хх-н 34/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Г.Г холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2- д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Г.Г нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ц овогт Г Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хоёр сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7 .Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН