Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/63

 

 

З.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч З.А-т холбогдох эрүүгийн 2413001330155 дугаартай, 4 хавтастай хэргийг шүүгдэгч З.А-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэж 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос, прокурор Д.Аянагүл, хохирогч Ш.Б-, А.А-, хохирогч Ш.Б-ын өмгөөлөгч Х.Зулхаш, шүүгдэгч З.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Тилеугавал, А.Серикжан, орчуулагч М.Нурасыл нар оролцов.       

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 хүнтэй, эцэг эх, дүү нарын хамт ******* багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт З.А-, /РД:*************/,

 

2. Шүүгдэгч З.А-ийн холбогдсон хэргийн талаар:

(1) 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бөхөн уул” гэх газарт, эцэг М.З-гийн бог малтай хамт хариулгад байсан хохирогч Ш.Б-ын өмчлөлийн бог малаас 120 тооны бог мал /хонь 90, ямаа 30/-ыг хамт хариулгад байсан нөхцөл байдлыг далимдуулан өвөлжөөнөөс нь ****БӨҮ улсын дугаартай “Kluger” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 29,140,000 төгрөгийн хохирол,

(2) 2024 оны 3 дугаар сарын 20-ны үед Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар  багийн нутаг дэвсгэр, “Бөхөн уул” гэх газар бэлчээрт байсан хохирогч М.Ж-ийн өмчлөлийн 2 тооны сарлаг үхрийг хулгайлж, нийт 1,900,000 төгрөгийн хохирол,

(3) 2023 оны 11 дүгээр сарын дунд үед Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бөхөн уул” гэх газар бэлчээрт байсан хохирогч М.Б-ын өмчлөлийн 7 тооны сарлаг үхрийг хулгайлж, 6,000,000 төгрөгийн хохирол,

(4) 2023 оны 11 дүгээр сарын 10-ны үед Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 03 дугаар  багийн нутаг дэвсгэр, “Бөхөн уул” гэх газар бэлчээрт байсан хохирогч А.А-ы өмчлөлийн 6 тооны сарлаг үхрийг хулгайлж, 5,750,000 төгрөгийн хохирол,

(5) 2023 оны 11 дүгээр сарын 20-ны үед хохирогч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бөхөн уул” гэх газар бэлчээрт байсан хохирогч Б.Ж-ийн эзэмшлийн 5 тооны сарлаг үхрийг хулгайлж, 4,750,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 194 дүгээр яллах дүгнэлтээр З.А-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  2024/ШЦТ/241 дүгээр  шийтгэх тогтоолоор:  

4.1. Шүүгдэгч Ш овогт З.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.А-ийг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-т оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-ийн цагдан хоригдсон 129 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцож,

4.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хохиролд шүүгдэгч З.А-ээс 29,140,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Б-ад, 5,600,000 төгрөг гаргуулан хохирогч М.Б-ад, 5,750,000 төгрөг гаргуулан хохирогч А.А- нарт тус тус олгож, хохирогч М.Ж-, хохирогч Б.Ж- нар нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж,

4.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч З.А-ээс 2,750,000 төгрөг гаргуулан хохирогч М.Б-ад олгож шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч З.А-ийн давж заалдах гомдолд:

5.1. Би Баян-Өлгий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар ял шийтгүүлэн одоогийн байдлаар 155 хоног цагдан хоригдож байгаа ба дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.2. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5.10 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хохиролд шүүгдэгч З.А-ээс 29.140.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Б-ад, 5.600.000 төгрөг гаргуулан хохирогч М.Б-ад, 5.750.000 төгрөг гаргуулан хохирогч А.А-д тус тус олгож гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох ёстой гэж хуульчлагдсан байхад хохирогч Ш.Б-ын мэдүүлснээр 120 тооны бог малыг надад тохож хохирол гаргуулахаар болсон нь миний эрх зүйн байдлыг дордуулсан асуудал гэж үзэж байна.

5.4. Гэрч А.Е нь 6 удаа мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө өөр өөр байдлаар мэдүүлсэн ба шүүх хуралдааны явцад гэрчээр оролцож мэдүүлэгтээ надаас 55 тооны бог мал худалдан авсан өөр бог мал аваагүй дээрх бог малын үнэ гэж 3.500.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн байхад шүүхээс уг асуудлыг анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасан. /1 дэх хавтаст хэргийн 62-63,65-67, 3 дахь хавтаст хэргийн 83-84 дэх тал/

5.5. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

5.6. Мөн хохирогч Ш.Б-ын 2023 оны жилийн эцсээр тоолуулсан малын тоо, алдагдсан малын тоо, хотонд үлдсэн малын тоо нь зөрүүтэй байсныг миний өмгөөлөгч А.Серикжан тодорхой байдлаар тайлбарласан байхад шүүхээс анхаарч үзэлгүйгээр нэг талыг барьж шийдвэрлэсэн.

5.7. Шийтгэх тогтоолын Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн дүгнэлтэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэснийг шүүх анхааран үзэж эрх хэмжээний хүрээнд, улсын яллагчийн санал болгосноос бага хэмжээний ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна.

5.8. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 39.9 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга:

6.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

6.2. Гэрч М.З-, хохирогч Ш.Б- нарын мэдүүлгээс үзэхэд малчид анх бог малаа нийлүүлэхдээ нэг бүрчлэн тоолж хүлээлцээгүй, түүнчлэн М.З-, Ш.Б- нар малаа 7 хоногоор ээлжлэн хариулдаг байсан бөгөөд ээлж хүлээлцэхдээ мөн малаа тоолж хүлээлцэж байгаагүй болох нь тогтоогдсон. Хамгийн сүүлд хавар 3 дугаар сарын үед эдгээр малчид малаа хувааж авахдаа бас малаа тоолоогүй бөгөөд зөвхөн нүдний баримжаагаар малаа хувааж авсан байдаг. Хохирогч Ш.Б- 120 тооны бог малаа хулгайд алдсан гэдэг боловч энэхүү мэдүүлэг нь мал тооллогын баримтаар үгүйсгэгдсэнээс гадна гэрч А.Е, А.С нарын мэдүүлгээр давхар няцаагдсан байна.

6.3. Түунчлэн шүүхээс хохирогч М.Б-ын алдагдсан 7 тооны үхрийг З.А- хулгайлсан гэж дүгнэхдээ гэрч А.Е, А.С нарын мэдүүлгийг няцаасан дүгнэлт өгөөгүй байна. Үүнээс үзэхэд шүүх холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл “Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий” гэсэн байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

6.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

7.1. Шүүгдэгч болон тэд нарын өмгөөлөгч малын тоонд маргаад байгаа. Малын тоо буурснаар түүнд оногдуулах эрүүгийн хариуцлага ч багасна, хохирол ч гэсэн тодорхой хэмжээгээр багасах ёстой гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэхдээ хохирогч анх гэмт хэргийн шинжтэй гомдол гаргах үед л 120 тооны мал алдагдсан талаар хэлсэн. Дараа нь хохирогчоор тогтоож мэдүүлэг авах үед ч гэсэн 120 тооны мал алдагдсан талаар мэдүүлсэн. Харин хохирогч нар малын тооны хувьд анхнаасаа тоолж нийлүүлээгүй, ээлжлэн хариулахдаа ч тоолж өгөөд ээлж хүлээлцэн өгдөггүй байсан гэдгийг мэдүүлдэг. Мал тооллогын баримтын талаар анхан шатны шүүх дээр бас яригдсан. Тухайн үед шүүгдэгч болон хохирогч нараас мал тооллогыг биечлэн очиж тоолсон эсэхийг асуухад биечлэн тоолоогүй, зүгээр асуугаад л малын тоог бүртгэж авсан талаар хэлдэг. Тэгэхээр тухайн мал тооллогын барим бодит байдалд нийцсэн нотлох баримт биш юм.

7.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэрч Е 55 тооны мал авч ирсэн гэж мэдүүлсэн байна. Харин түүнээс бусад малууд нь нотлогдон тогтоогдохгүй байна шүү дээ гэдэг байдлаар маргаж байгаа. Гэхдээ гэрч Е- “би А-ийн авч ирсэн мал болгоныг бичиж байгаагүй. Харин миний бичиж тэмдэглэж авсан тоо нь 55 тооны мал байгаа гэдгийг мэдүүлсэн. Мөн бичээгүй үлдсэн малууд байгаа” гэж бас хэлсэн. Тэгэхээр З.А- нь хулгайлж авсан малаа зөвхөн Е-д өгөх албагүй. Баян-Өлгий аймгийн хэмжээнд малын ченж маш олон байгаа. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд би ямар ч мал хулгайлж аваагүй гэж мэдүүлсэн. Тийм учраас улсын яллагчийн хувьд зөвхөн Е-ы мэдүүлгийг үндэслээд хохирлыг тодорхойлох боломжгүй гэж үзэж байгаа. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирлын хэмжээ, ялын хэмээг багасгах боломжгүй гэж үзэж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.А-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.  

 

            10. Хэргийн үйл баримтын талаар:

 

            10.1. Шүүгдэгч З.А- нь 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бөхөн уул” гэх газарт эцэг М.З-гийн бог малын хамт хариулгад байсан хохирогч Ш.Б-ын өмчлөлийн бог малаас 120 тооны бог мал /хонь 90, ямаа 30/-ыг хамт хариулгад байсан нөхцөл байдлыг далимдуулж өвөлжөөнөөс нь ****БӨҮ улсын дугаартай “Kluger” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, түүнд 29,140,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:

            - Иргэн А.С-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 04-06 дахь тал/,

            - Хохирогч Ш.Б-ын бог малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 07-10 дахь тал/,

            - Гэрч М.З-гийн бог малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

            - Хохирогч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Сагсай сумын 3 дугаар багийн иргэн М.З-гийн мал сүрэгтэй малаа нийлүүлээд 7 хоногоор ээлжлээд малаа хариулж байсан юм. Тэгээд өвөлжингөө малаа нийлүүлээд хариулаад энэ 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай малын хашаанд хоёр айлын малыг бөөгнөрүүлж байгаад М.З-гийн малыг нүдний баримжаагаар малын хашаанаас гаргаад М.З-гийн өөрт нь өгөөд явуулсан ба үлдсэн мал манай малын хашаанд үлдсэн юм. Тэгээд миний мал дутуу юм шиг санагдаад байхаар нь хонь болон ямаагаа тоолоход 162 хонь, 92 ямаа байсан юм. Анх 2023 оны 11 дүгээр сард М.З-гийн малтай малаа нийлүүлэхэд би 260 тооны хонь, 125 тооны ямаа нийлүүлсэн юм. Энэ өвөл хорогдолд 5 тооны хонь үхсэн. Тэгээд гайхаад дутсан гэх 93 тооны хонь, 33 тооны ямаагаа мал сүргээс салаад үлдсэн юм болов уу гэж бодоод ойр хавиас хайсан боловч ямар нэгэн сураг чимээ байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргаж байгаа юм.

            ...би өмнөх мэдүүлэгтээ хэлсэнчлэн 2023 оны 12 дугаар сарын эхээр манай сумын иргэн, хамт өвөлждөг хөрш болох З-гийн хамт бог малаа нийлүүлж хариулсан бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны үеэр бид хоёр малаа салгаж авсан. Тэгэхэд миний нийлүүлсэн малаас 120 орчим бог мал дутсан тул цагдаагийн байгууллагад өгч шалгуулахад З-гийн хүү болох А- нь өмнө нь мал хариулах нэрийдлээр манай малаас мал авч худалдаж байсан гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл З- болон түүний хүү А- нар миний малаас мал авч худалдаж байсан гэх хэргээ хүлээхгүй, надад учирсан хохирлыг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Үнэн хэрэгтээ манай малаас З-гийн хүү хулгайлан авч малын ченжид зардаг байсан нь тогтоогдсон байхад эдгээр хүмүүс буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь би гайхаж байна. З-гийн хонь, ямааны баруун чих нь дээд, тоод талдаа ухам имтэй, харин миний хонь ямаа хоёулаа зөв талын чихний урдаас ухам, баруун талын чихний үзүүрээс цуулбар имтэй байсан ба ихэнх хонины баруун чихэнд шар өнгийн дугаарлагдсан тэмдэгтэй, харин сэрх ямаануудад баруун чихэнд мөн шар өнгийн дугаартай ээмэг байсан.

            Миний бие З-гийн А-т гомдолтой байна. Миний малаас өнөөдрийн байдлаар алга болсон гэх сэрх 22, эм ямаа 8, эр хонь 23, эм хонь 45, шүдлэн эр хонь 22 тооны хонь ямаа алдагдсан бөгөөд эдгээрийг би үнэлгээ гаргасан дүгнэлтийн дагуу нэхэмжилж байна. Тиймээс миний бие өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-43, 236 дахь тал/,

            - хохирогч Ш.Б-аас гаргаж өгсөн 2023 оны “...бэлэн тоологдсон тэмээ 0, адуу 23, үхэр 35, хонь 325, ямаа 563...” гэх “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого” /1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/,

            - шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн БӨА-24-0131 дугаартай “2024 оны 03 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан нас гүйцсэн эр хонь 1 ширхэг 350,000 төгрөг, нас гүйцсэн эм хонь 1 ширхэг 250,000 төгрөг, нас гүйцсэн сэрх 1 ширхэг 150,000 төгрөг, нас гүйцсэн эм ямаа 1 ширхэг 130,000 төгрөг, 4 насны эр хонь 250,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 53-57 дахь тал/,

            - гэрч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...З- овогтой А- гэх хүнийг маш сайн таньдаг бөгөөд миний хүү Е.Н-тай хамт сурсан. Миний хүү Е.Н 3 жилийн өмнө Казахстан Улсад явсан бөгөөд одоо хүртэл ирээгүй болно.

            Миний бие аймгийн төвд малын ченж хийдэг учраас надад байнга мал авчирч худалдаж явдаг. Тийм учраас З.А-ийг маш сайн таньдаг. З.А- нь манайд нийт 4 удаа бог мал ачиж ирээд өгч байсан. Уг бог мал дотор эр хонь, сэрх, эм ямаа, багзаг зэрэг мал авч ирдэг байсан. Уг бог малын ихэнх нь буруу талын чихэнд шар өнгийн малын ээмэгтэй байсан. З-гийн А- нь манайд нийт 4 удаа цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нийт 55 тооны бог мал ачиж ирээд надад худалдсан. Эхлээд цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хойд суудлыг авч дотор нь 12 тооны бог мал ачиж ирсэн. Уг бог малын 8 нь нас гүйцсэн эм хонь, 4 нь нас гүйцсэн эр хонь байсан. Дараа нь 14 тооны бог малыг цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж ирээд өгсөн. Уг бог малын 2 нь хар зүсмийн нас гүйцсэн сэрх, 5 нь эм хонь, 5 нь эр хонь байсан. Дараа нь 16 тооны бог малыг цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж ирээд өгсөн. Уг бог малын 7 эр хонь, 3 багзаг, 2 эм ямаа, 4 нас гүйцсэн сэрх нийт 16 тооны бог мал байсан. Дараа нь 13 тооны бог малыг цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж ирээд өгсөн. Уг бог малын 4 нь эр хонь, 2 эм хонь, 7 бага насны хонь нийт 13 тооны хонь байсан. Уг бог малын зарим нь буруу талын чихэндээ шар өнгийн малын дугаартай ээмэг байсан.  

            Хамгийн сүүлд 2024 оны 3 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед 16 тооны бог мал, 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 13 тооны бог малыг ачиж ирсэн. Яагаад сайн санаж байгаа гэвэл өөрийн бор өнгийн жижиг тэмдэглэлийн дэвтэр байдаг. Уг дэвтэрт хамгийн сүүлд ачиж ирсэн бог малыг нэг бүрчлэн миний эхнэр тэмдэглэсэн болохоор сайн санаж байна. З.А- нь тухайн 4 удаагийн ачиж ирсэн малаа дандаа оройн цагаар ачиж авч ирдэг байсан. 4 удаагийн ачиж ирсэн малаа 2024 оны 01 дүгээр сарын 10-аас 03 дугаар сарын 10-ны хооронд авч ирж өгсөн. Цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын дугаар болон өнгийн тодорхой харж авсан ба өөрийн тэмдэглэлийн дэвтрийн эхний хуудаст түүний дугаарыг эхнэр бичиж тэмдэглэж авсан.  

            З.А- нь надаас тухайн худалдсан бог малын мөнгийг газар дээр нь тооцоо хийж бэлнээр авдаг байсан. Эхлээд зээлээр мөнгө хэрэгтэй үед надаас ирж бэлэн мөнгө авч, дараа нь мал авч ирээд өөрийн авсан зээлээ хасуулдаг байсан. Надаас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус авч мал авчирч өгсний дараа авсан зээлээ хасуулдаг байсан. Уг авсан мөнгийг өөрийн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэсэн болохоор сайн санаж байна.

            Нэг удаа найз охин Алтынтас гэх хүний данс руу 1,000,000 төгрөг хийлгэж авсан. Өөр дансаар мөнгө шилжүүлснийг сайн санахгүй байна. Би тэмдэглэлийн дэвтэрт бичсэн зүйлийг танд одоо гаргаж өгөх болно. З.А- нь байнга өөрөө ганцаараа ирдэг байсан. Цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр өөрөө ганцаараа шөнийн цагаар машин дотор багтсанаараа бог мал ачиж ирдэг байсан. Харин мөнгө асууж ирэх үед байнга хажууд нь сахалтай Д гэх залуу дагаж явдаг байсан. З.А-ээс авсан бог малыг хулгайн мал гэдгийг огт мэдээгүй бөгөөд З.А-ээс энэ ямар учиртай мал бэ гэж асуухад “миний өөрийн мал байгаа юм аа” гэж хэлэхээр нь түүний үгэнд итгэсэн. Өөрийн малыг танд худалдаж байгаа болохоор гарал үүслийн гэрчилгээг хожим бичүүлж өгнө гэж хэлдэг байсан.

            З.А-ээс худалдаж авсан бог малыг тухай бүрд малын захад гаргаж зарж борлуулдаг бөгөөд миний бие малын ченж учраас худалдаж авсан малд хэдэн төгрөг нэмж зардаг. Худалдаж авсан малыг өөртөө байлгах асуудал байхгүй.

            ...З.А-ээс авсан бог малыг хулгайн мал гэдгийг огт мэдээгүй бөгөөд ямар учиртай мал бэ гэж асуухад “миний өөрийн мал байгаа юм аа” гэх хэлэхээр нь итгэсэн.

            ...миний тэмдэглэлийн дэвтэрт А-ийн сүүлийн хоёр удаагийн авчирч өгсөн бог мал л бүртгэгдсэн байсан. Ер нь дээрх 55 тооны бог малаас гадна бас өөр бог мал авчирч, худалдаж байсан. Би тэр болгоныг нарийн сайн тэмдэглэж аваагүй болохоор хэдний өдөр, хэдэн мал авчирч өгснийг санаж мэдэхгүй байна. ...З.А- надад мал авчирч худалдах болгондоо өөрийн эзэмшлийн мал байгаа юм, зуд зурхан болоод хэдэн малдаа өвс, тэжээл авах гээд мөнгөний хэрэг гарлаа, өөр бас хэд хэдэн шалтгаан хэлж байсан би сайн санахгүй байна, тэр өөрийн мал байгаа юм гэхээр нь би түүнд итгээд авдаг байсан. Эхэндээ түүнд итгээд авч байгаад сүүл рүүгээ тэр надаас бэлнээр 3 удаа мөнгө авч байсан, санаж байгаагаар нийтдээ 3,5 гаруй сая төгрөгийг бэлнээр авч яваад мөнгөний оронд нь бог мал авчирч өгөхөөр нь би сүүлийн хоёр удаагийн авчирч өгсөн бог малын зургийг нь гар утсаараа дарж авсан байсан. Дээрх мөнгөнөөс 1 сая төгрөгийг нэг эмэгтэй хүний данс руу шилжүүлж авсан. ...миний харж байснаар А- нь өөрийнхөө ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дотор хэсэгт хойд зорчигчийн суудлын урагшаа налуулж, хойд хэсгийн шаланд алаг хулдаас дэвсээд бог малын дөрвөн мөчийг дандаа скочоор уяж авчирдаг байсан” гэх мэдүүлэг, түүнээс гаргаж өгсөн гэрэл зураг /1 дэх хавтаст хэргийн 62-63, 65-67, 3 дахь хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

            - гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...З.А- нь манайд нийт 4 удаа цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нийт 55 тооны бог мал ачиж ирээд манайд худалдсан. Эхлээд цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хойд суудлыг авч дотор нь 12 тооны бог мал ачиж ирсэн. Уг бог малуудын 8 нь нас гүйцсэн эм хонь, 4 нь нас гүйцсэн эр хонь байсан. Дараа нь 14 тооны бог малыг цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж ирээд өгсөн. Уг малын 2 нь хар зүсмийн нас гүйцсэн сэрх, 5 нь эм хонь, 5 нь эр хонь байсан. Дараа нь 16 тооны бог малыг цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж ирээд өгсөн. Уг бог малын 7 нь эр хонь, 3 багзаг, 2 эм ямаа, 4 нас гүйцсэн сэрх, нийт 16 тооны бог мал байсан. Дараа нь 13 тооны бог малыг цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж ирээд өгсөн. Уг бог малын 4 нь эр хонь, 2 эм хонь, 7 бага насны хонь нийт 13 тооны хонь байсан. Уг малын зарим нь буруу талын чихэндээ шар өнгийн малын дугаартай ээмэг байсан. Миний санаж байгаагаар буруу талын чихний үзүүрээс цуулбар имтэй байсан. Уг малуудыг хэзээ авч ирснийг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед 16 тооны бог мал, 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 13 тооны бог малыг ачиж ирсэн.

            Яагаад сайн санаж байгаа гэвэл нөхөр А.Е-ы бор өнгийн жижиг тэмдэглэлийн дэвтэр байдаг. Уг дэвтэрт хамгийн сүүлд ачиж ирсэн малыг нэг бүрчлэн миний бие тэмдэглэсэн болохоор сайн санаж байна. З.А- нь тухайн 4 удаагийн ачиж ирсэн малыг дандаа оройн цагаар 21 цагаас 23 цагийн хооронд ачиж авч ирдэг байсан. 4 удаагийн ачиж ирсэн малыг 2024 оны 01 дүгээр сарын эхнээс 03 дугаар сарын дунд үе хүртэлх хугацаанд авч ирж өгсөн. Цагаан өнгийн ****БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын дугаар болон өнгийн тодорхой харж авсан ба нөхрийн тэмдэглэлийн дэвтрийн эхний хуудаст түүний дугаарыг бичиж тэмдэглэж авсан. З.А- нь нөхөр А.Е-аас тухайн худалдсан бог малуудын мөнгийг газар дээр нь тооцоо хийж бэлнээр авдаг байсан. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус авч мал авчирч өгсний дараа авсан зээлийг хасуулдаг байсан. Уг авсан мөнгө нь нөхөр А.Е-ы тэмдэглэлийн дэвтэрт миний бие тэмдэглэсэн болохоор сайн санаж байна. Нэг удаа найз охин Алтынтас гэх хүний данс руу 1,000,000 төгрөг хийлгэж авсан. Өөр дансаар мөнгө шилжүүлснийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

            - гэрч Ү.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...З.А- нь 2024 оны 5 дугаар сарын эхэнд байсан байх, надад ирж би өөрийнхөө унаж байсан ****БӨҮ улсын дугаартай Клугер загварын тээврийн хэрэгслээ зарах гэж байна, тухайн машины мотор нь бөөрлөж гараад ямар ч нэмэргүй болсон гэж хэлэхээр нь би түүний гэрт нь очиж үзэхэд тухайн машины мотор нь ямар ч ажиллагаагүй болсон байсан тул би А-тэй 3,000,000 төгрөгөөр тохиролцож бэлэн мөнгийг нь шилжүүлж, авсан юм. Тэгээд би тухайн машинд эндээс хуучин машины мотор авч тавиад Алтанцөгц суманд нэг хүнд 10,000,000 төгрөгөөр худалдсан. Одоо уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байгаа бөгөөд шинэ гэрчилгээ гаргуулан авсан байгаа юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 213 дахь тал/,

            - ****БӨҮ улсын дугаартай “Kluger” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 74-76 дахь тал/,

            - Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 77-80 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

           

            10.2. Шүүгдэгч З.А- болон түүний өмгөөлөгчөөс “хохирогч Ш.Б-ын мэдүүлснээр 120 тооны бог малыг хулгайлсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, А.Е- нь 6 удаа мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө өөр өөр байдлаар мэдүүлсэн, 55 тооны бог малыг 3.500.000 төгрөгөөр авсан гэж мэдүүлсэн, М.З-, хохирогч Ш.Б- нар анх бог малаа нийлүүлэхдээ нэг бүрчлэн тоолж хүлээлцээгүй, түүнчлэн М.З-, Ш.Б- нар малаа 7 хоногоор ээлжлэн хариулдаг байсан бөгөөд ээлж хүлээлцэхдээ мөн малаа тоолж хүлээлцэж байгаагүй, хохирогч Ш.Б- нь 120 тооны бог малаа хулгайд алдсан гэдэг боловч энэхүү мэдүүлэг нь мал тооллогын баримтаар үгүйсгэгдсэн” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн уг давж заалдах гомдлын үндэслэл нь хохирогчийн мэдүүлгээс гадна гэрч А.Е-ы “шүүгдэгч З.А- нь өөрийн ****БӨҮ улсын дугаартай “Kluger” загварын суудлын тээврийн хэрэгсэлд нийт 4 удаа, 55 ширхэг бог малыг хөлийг нь скочдож авч ирж, борлуулсныг тэмдэглэж авсан” гэсэн мэдүүлэг, түүнчлэн “миний тэмдэглэлийн дэвтэрт А-ийн сүүлийн хоёр удаагийн авчирч өгсөн бог мал л бүртгэгдсэн байсан. Ер нь дээрх 55 тооны бог малаас гадна бас өөр бог мал авчирч, худалдаж байсан. Би тэр болгоныг нарийн сайн тэмдэглэж аваагүй болохоор хэдний өдөр, хэдэн мал авчирч өгснийг санаж мэдэхгүй байна” гэж мэдүүлснээр үгүйсгэгдсэн ба хохирогч Ш.Б-ын 2023 оны жилийн эцсээр мал тоолуулсан тооллогын баримт нь түүний малын тоо толгойг бүрэн илэрхийлэхгүй учраас энэ талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй болно.

            Харин хохирогч Ш.Б- нь цагдаагийн байгууллагад хандсан өргөдөл, гомдол болон мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд хуульд сануулж авсан мэдүүлгүүдэд хулгайд алдагдсан бог малын тоог 90 хонь, 30 ямаа гэж тодорхой, тогтвортой мэдүүлсэн учраас түүний уг мэдүүлгийг гэрч А.Е-, Н.Н нарын мэдүүлгүүдтэй харьцуулж үзсэнээр үнэн зөв гэж үнэлснийг тэмдэглэж байна.

 

            10.3. Шүүгдэгч З.А- нь 2024 оны 3 дугаар сарын 20-ны үед Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар  багийн нутаг дэвсгэр, “Бөхөн уул” гэх газар бэлчээрт байсан хохирогч М.Ж-ийн өмчлөлийн 2 тооны сарлаг үхрийг хулгайлж, түүнд 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:

            - Иргэн М.Ж-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал/,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

            - Хохирогч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Сагсай сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бөхөн уул” гэх газарт өвөлждөг бөгөөд өөрийн гэсэн хэдэн тооны малыг маллаж амьдардаг. Миний бие өнгөрсөн жил аавын танил хүн болох Я.А гэх хүнээс нийт 3 тооны сарлаг үхэр худалдаж аваад өөрийн 4 тооны сарлаг үхэрт нийлүүлж хариулж байсан.

            Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ээж нас барьсан ба буяны ажилд явж байгаад өөрийн мал сүргийг сайн харж чадаагүй. Манай үхэр сүрэг өвөлжөөнөөс гэрийн ойролцоо байдаг бөгөөд хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 15-аас хойш харж чадаагүй, тэгээд байж байгаад 2024 оны 03 дугаар сарын сүүлээр хайж очиход миний үхэр сүрэг дотроос 2 тооны сарлаг үхэр байхгүй байсан. Тэгээд тэр хавиар хайж олоогүй бөгөөд нийт 10 гаруй хоног хайж олоогүй болохоор хулгайд алдагдсаныг мэдэж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний нийт 2 тооны сарлаг үхэр хулгайд алдагдсан бөгөөд уг үхрийн зүс, им, тамгыг хэлж өгье. Нэг нь том биетэй, цагаан амтай, мухар, буруу талын чих нь онь имтэй, хар зүсмийн, 5 насны сарлаг эх үхэр, нөгөө нь хар алаг зүсмийн, мухар, адил имтэй, 4 насны сарлаг эх үхэр ба хоёулаа нэмнээтэй байсан. Миний бие малчин хүн учраас өөрийн мал сүргийг жил болгон тоолуулдаг ба алдагдсан 2 тооны үхрийг 2023 оны мал тооллогод тоолуулсан ...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,

            - Хохирогч М.Ж-ээс гаргаж өгсөн 2023 оны “...бэлэн тоологдсон тэмээ 0, адуу 10, үхэр 8, хонь 100, ямаа 80...” гэх “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого” /1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/,

            - Иргэн И.Ө-аас хохирогч М.Ж-ийн хулгайд алдагдсан гэх 1 тооны сарлаг үхрийг хураан авч, үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 30-34 дэх тал/,

            - шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-24-0149 дугаартай “...2024 оны 03 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 5 насны тарган сарлаг эх үхэр 1 ширхэг 1,000,000 төгрөг, 4 насны тарган сарлаг үхэр 1 ширхэг 900,000 төгрөг байх боломжтой болохыг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 39-43 дахь тал/,

            - гэрч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие З-гийн А-ээс 2 тооны сарлаг үхэр худалдаж авсан. Уг 2 тооны сарлаг үхрийг З.А- нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Өлгий сумын 03 дугаар багт байрлах манай гэрт ганцаараа тууж ирсэн. З.А- нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны үед надаас 660,000 төгрөг зээлээр мал авчирч өгнө гэж бэлэн авч явсан байсан. Тэгээд 2 тооны сарлаг үхрийг манай хашаанд оруулж “танаас авсан мөнгөний оронд өгөх үхэр байгаа юм аа. Миний өөрийн сарлаг үхэр юм аа. Өдрийн цагаар хайж олоогүй байсан ба орой олж аваад Бөхөн уулаас тууж танайд ирэх хүртэл орой болчихлоо” гэж хэлсэн.

            Тэгээд З.А- 2 тооны сарлаг үхрийг шөнийн цагаар тууж ирсэн болохоор “хулгайн мал биш үү” гэж асуухад З.А- нь “миний өөрийн зарж байсан үхрүүдээс үлдсэн 2 тооны сарлаг үхэр байгаа юм аа, миний өөрийн үхэр” гэж хэлэхээр нь үгэнд итгэж тухайн 2 тооны сарлаг үхрийг сэжигтэй болохоор нь газар дээр нь зургийг авсан. Одоо танд гаргаж өгөх болно. З.А-ээс нийт 2 тооны сарлаг үхрийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр худалдаж авсан. Уг сарлаг үхрийн нэг нь хар алаг зүсмийн, мухар, буруу талын чих нь онь имтэй, 4-5 насны таргандуу сарлаг эх үхэр ба нэмнээтэй байсан. Дараагийн нэг үхэр нь том биетэй, цагаан амтай, мухар, буруу талын чих нь онь имтэй, хар зүсмийн 5-6 насны тарган сарлаг эх үхэр ба мөн адил нэмнээтэй байсан.

            Миний бие З.А-ээс 2 тооны сарлаг үхэр худалдаж авсан ба хар алаг үхрийг 500,000 төгрөгт, хар үхрийг 700,000 төгрөгт, нийт 1,200,000 төгрөгөөр үнэлж худалдан авсан. З.А- надаас урьд нь 660,000 төгрөг зээлээр мал өгнө гэж авч явсан ба дараа нь үлдсэн мөнгийг бэлнээр авч явсан. З.А-ээс авсан малыг хулгайн мал гэдгийг огт мэдээгүй. Өөрийн малыг танд худалдаж байгаа болохоор гарал үүслийн гэрчилгээг хожим бичүүлж өгнө гэж хэлдэг байсан. З.А-ээс худалдаж авсан 2 тооны сарлаг үхрийн нэг болох хар алаг зүсмийн 4-5 насны үхрийг иргэн Х.С гэх хүнд 500,000 төгрөгт худалдсан ба хар зүсмийн үхрийг малын ченж А.С гэх хамаатан дүүд нядалж өгч махыг нь зарсан. Арьс толгойг хог ачих үед ачуулсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 52 дахь тал/,

            - гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие аймгийн төвд Тирлик захад махны ченж хийдэг бөгөөд малын ченж нараас нядалсан мах худалдан авч хэдэн төгрөг нэмж зардаг. Миний бие ах болох А.Е-аас 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэг тооны сарлаг үхрийн мах худалдаж авсан. Уг махыг ах А.Е- өөрөө нядалж зөвхөн махыг нь өгсөн. Тухайн нядалсан үхэр нь ямар зүсмийн ямар хүйсийн мал гэдгийг тухайн үед анзаараагүй ба ямар ч байсан сарлаг үхрийн дунд зэргийн мах байсан. Ах А.Е- надад хэлэхдээ сарлаг эх үхрийн мах гэж хэлсэн. Ах А.Е-аас худалдаж авсан сарлаг үхрийн мах нь 730,000 төгрөг гарсан ба уг мөнгийг бэлнээр ах А.Е-д өгсөн. Өөр ямар нэгэн үхрийн мах аваагүй болно” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 59 дэх тал/,

            - гэрч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...малын ченж А-ийн Е-аас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Өлгий сумын 03 дугаар багт байрлах хашаанаас нэг тооны хар алаг зүсмийн 3-4 насны сарлаг эх үхрийг 500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд уг сарлаг эх үхрийг өөрийн хашаанд тэжээж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Толбо сумын 03 дугаар багийн иргэн, манай худ И.Ө гэх хүнд 600,000 төгрөгөөр худалдсан. Тухайн өдөр миний эхнэрийн дансанд И.Ө 600,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд уг сарлаг эх үхрийг 3 хоногийн дараа Толбо сум руу явах унаа олдохоор нь ачуулж явуулсан. Одоо И.Ө-ны малын дотор явж байгаа байх. Хар алаг зүсмийн, халзан, сүүл хэсэг нь алаг, 4 хөл нь алаг, мухар, буруу талын чих нь онь имтэй, зөв талын чих нь ухам имтэй, 3-4 насны сарлаг эх үхэр байсан. Миний бие А.Е-ы хашаанаас нэг тооны хар алаг сарлаг эх үхэр худалдаж авах үед А.Е-ы хашаанд 2 тооны сарлаг үхэр байсан ба нэг тооны сарлаг үхрийг би худалдаж авахад нэг тооны мухар хар зүсмийн адил имтэй сарлаг эх үхэр байсан. Уг үхрийг худалдаж аваагүй байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 62 дахь тал/,

            - гэрч И.Ө-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Х.С-ээс 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хар алаг зүсмийн, халзан, сүүл нь алаг, 4 хөлний шилбэ хэсэг нь цагаан, мухар, буруу талын чих нь онь имтэй, зөв талын чих нь ухам имтэй, 3-4 насны сарлаг эх үхрийг худалдаж авсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

 

            10.4. Шүүгдэгч З.А- болон түүний өмгөөлөгчөөс түүний хохирогч М.Ж-ийн өмчлөлийн 2 тооны сарлаг үхрийг хулгайлж, 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл холбогдлын талаар давж заалдах журмаар гомдол гаргаагүй бөгөөд хохирогч М.Ж- нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед өөрт учирсан хохирол төлбөрийн талаарх иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлажээ.

 

            10.5. Шүүгдэгч З.А- нь 2023 оны 11 дүгээр сарын дунд үед Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бөхөн уул” гэх газар бэлчээрт байсан хохирогч М.Б-ын өмчлөлийн 7 тооны сарлаг үхрийг хулгайлж, 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:

            - Иргэн М.Б-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 88 дахь тал/,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 90-92 дахь тал/,

            - хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 06 дугаар багт оршин суух хаягтай бөгөөд 2019 оноос эхлэн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Хуст арал гэх газарт Ховд голын эрэгт өөрийн гэсэн хэдэн тооны малыг маллаж амьдардаг. Миний өөрийн 4 тооны сааж байсан үхэр Сагсай сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, Бөхөн уул тийшээ бэлчээрт гарч, орой нь гэрт ирдэг байсан.

            Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сааж байсан 3 тооны үхрийн бярууг нийлүүлж хажууд нь бяруу нь үхсэн нэг тооны сарлагтай хамт нийт 7 тооны үхрийг Бөхөн уул руу бэлчээрт гаргасан. Тэгээд хэдэн өдрийн дараа тухайн 7 тооны сарлаг үхэр гэрт ирээгүй болохоор хайж өнөөдөр хүртэл олоогүй. Уг 7 тооны үхэр жил болгон бэлчээрт явж байдаг байсан ба бэлчээрээс огт хөдөлдөггүй мал байсан. Тэгээд Сагсай сум болон Улаанхус сумын бүх нутаг дэвсгэрээс хайж эрэн сурвалжилж олоогүй болохоор Цагдаагийн байгууллагад 2 удаа тэмдэглүүлж орон нутгийн радиогийн мэдээгээр зарлуулж хулгайд алдагдсаныг мэдсэн.

            Миний нийт 6 тооны үхэр сарлаг үхэр, нэг тооны хайнаг үхэр хулгайд алдагдсан. Үүнд: ...10 насны хайнаг үхэр, ...9 насны сарлаг эх үхэр, ...2 тооны 8 насны сарлаг эх үхэр, 2 насны эр сарлаг бяруу” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 96 дахь тал/,

            - хохирогч М.Б-аас гаргаж өгсөн 2023 оны “...бэлэн тоологдсон тэмээ 0, адуу 3, үхэр 7, хонь 130, ямаа 0...” гэх “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого” /2 дахь хавтаст хэргийн 102-104 дэх тал/,

            - иргэн А.Е-гаас хохирогч М.Б-ын хулгайд алдагдсан гэх үхрийг хураан авсан, үзлэг хийсэн, хохирогч М.Б-ад хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 110-117 дахь тал/,

            - шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-24-0150 дугаартай “...2023 оны 11 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 10 насны тарган хайнаг үхэр 1 ширхэг 1,200,000 төгрөг, 9 насны тарган сарлаг эх үхэр 1 ширхэг 1,200,000 төгрөг, 8 насны тарган сарлаг эх үхэр 1 ширхэг 1,200,000 төгрөг, 2 насны сарлаг эр бяруу 1 ширхэг 400,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 121-125 тал/,

            - гэрч Б.О-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сааж байсан 4 тооны үхэрт 3 тооны бярууг нийлүүлж Бөхөн уул руу бэлчээрт гаргасан. Тэгээд 3 хоногийн дараа хайж үзэхэд тухайн 7 тооны сарлаг үхэр алга болсон. Тэгээд Улаанхус, Сагсай сумын бүх нутаг дэвсгэр болон бусад газруудаас сар гаруй миний бие хайж олоогүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 129 дэх тал/,

            -гэрч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие З.А-ээс 6 тооны сарлаг үхэр худалдаж авсан. Уг 6 тооны сарлаг үхрийг З.А- нь 2023 оны 12 дугаар сарын эхээр Өлгий сумын 03 дугаар багт байрлах манай гэрт ганцаараа “миний өөрийн хэдэн тооны сарлаг үхэр байдаг ба уг үхэр сүргийг маллаж чадахгүй болохоор идэшний үед зарах гэсэн юм аа” гэж тууж ирсэн. Тэгээд би З.А-ийн өөрийн үхэр гэж бодоод газар дээр нь худалдаж авсан. ...миний бие З.А-ээс 6 тооны сарлаг үхэр худалдаж авсан ба том 4 үхрийг тус бүр 800,000 төгрөгөөр нийт 3,200,000 төгрөг, хар алаг бярууг 200,000 төгрөгөөр, 2-3 насны хар зүсмийн сарлаг үхрийг 300,000 төгрөгөөр, нийт 3,700,000 төгрөгт үнэлж худалдан авсан. З.А- нийт 3,700,000 төгрөгийг бэлнээр авсан. З.А- нь өөрөө ганцаараа ирсэн. З.А-ээс авсан малыг хулгайн мал гэдгийг огт мэдээгүй бөгөөд З.А-ээс энэ ямар учиртай мал бэ гэж асуухад “миний өөрийн мал байгаа юм аа” гэж хэлэхээр нь З.А-ийн үгэнд итгэсэн. З.А- нь “манай аав ганцаараа мал хариулдаг ба сарлаг үхэр маллаж чадахгүй болохоор багасгаж худалдаж байна” гэж хэлсэн. З.А-ээс худалдаж авсан 6 тооны сарлаг үхрийн нэг болох хар алаг зүсмийн хайнаг бярууг иргэн А.Е гэх хүнд 220,000 төгрөгт худалдсан ба үлдсэн 5 тооны сарлаг үхрийг аймгийн төвд малын захад зарсан. Уг үхрүүдийг ямар хүн худалдаж авсныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 134 дэх тал/,

            - гэрч А.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 12 дугаар сарын эхээр малын ченж А.Е-аас нэг тооны хар алаг зүсмийн хайнаг эр бяруу худалдаж авсан. Өөр мал худалдаж аваагүй. Миний бие малын ченж А.Е-аас нэг тооны хайнаг бярууг 2023 оны 12 дугаар сарын эхээр Өлгий сумын 03 дугаар багт байрлах хашаанаас очиж худалдаж авсан. Уг хайнаг бярууг худалдаж авах үед малын ченж А.Е-ы хашаанд нэг талын эвэр нь хугарсан, нэг талын эвэр нь муруй дотогшоо ургасан хөх зүсмийн нас гүйцсэн хайнаг эх үхэр, хажууд нь миний худалдаж авсан хойд 2 хөл нь цагаан, хар алаг гэх үү хар зүсмийн эр хайнаг бяруу, түүний хажууд шар бор зүсмийн мухар сарлаг эх үхэр, түүний хажууд хар алаг зүсмийн эвэртэй нас гүйцсэн сарлаг эх үхэр, түүний хажууд мухар хөх зүсмийн нас гүйцсэн сарлаг эх үхэр, түүний хажууд хар зүсмийн төлтэй гунан сарлаг үхэр нийт 6 тооны үхэр байснаас нэг тооны хар алаг хайнаг эр бярууг худалдаж авч явсан. Тухайн 6 тооны сарлаг үхрийн им тамгыг сайн анзаараагүй байсан. Тухайн сарлаг эх үхрүүд нь тарган үхрүүд байсан. Миний А.Е-аас худалдаж авсан нэг тооны хайнаг бяруу Толбо сумын 02 дугаар баг буюу Бургаст гэх газарт манай үхэр сүрэг дотор явж байгаа. А.Е-аас хайнаг эр бярууг 200,000 төгрөгт худалдаж авсан. Мөнгийг нь бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 137 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

            10.6. Шүүгдэгчээс М.Б-ын өмчлөлийн 7 тооны сарлаг үхрийг хулгайлж, 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч түүний үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь иргэн М.Б-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэн А.Е-аас хохирогч М.Б-ын хулгайд алдагдсан гэх үхрийг хураан авсан, үзлэг хийсэн, хохирогч М.Б-ад хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.О, А.Е-, А.Е нарын мэдүүлгээр тогтоогдсон, хохирогчид шүүгдэгч З.А-ийн үйлдэл холбогдлын улмаас 6,000,000 төгрөгийн шууд хохирол учирснаас гадна, хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэж /4 дүгээр хавтаст хэргийн 23, 49 дахь тал/ түүнд сэтгэл санааны хор уршигт тооцож 2,750,000 төгрөгийг хууль болон журамд зааснаар /шийтгэх тогтоолын 39-41/ тогтоож, гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон учраас шүүгдэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

    

            10.7. Шүүгдэгч З.А- нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны үед Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар  багийн нутаг дэвсгэр, “Бөхөн уул” гэх газар бэлчээрт байсан хохирогч А.А-ы өмчлөлийн 6 тооны сарлаг үхрийг хулгайлж, 5,750,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:

            - иргэн А.А-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 158 дахь тал/,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 162-164 дэх тал/,

            - хохирогч А.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Сагсай сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр Бөхөн уул гэх газарт оршин суудаг бөгөөд миний өөрийн гэсэн хэдэн тооны малыг маллаж амьдардаг. Манай бод мал гэрийн ойролцоо бэлчдэг ба өдөр бүр хотонд цуглуулдаг байсан ба 2023 оны 11 дүгээр 10, 11,12-ны өдрүүдэд аймагт ирж мал нядлуулж буцаад 13-ны өдөр үхрийг тоолоход дотроос нь 6 тооны сарлаг үхэр байхгүй байсан ба тэр хавиас хайж олоогүй болохоор хулгайд алдагдсаныг мэдсэн. Түүнээс хойш сураглаж хайгаад олоогүй ба хулгайд алдагдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Манай хөрш болох Б.Ж-ээс ч 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 5 тооны сарлаг хулгайд алдагдсан. Б.Ж- ч өөрийн мэдүүлэгт хэлэх байх гэж бодож байна. Миний нийт 6 тооны үхэр хулгайд алдагдсан бөгөөд уг үхрийн зүс, им, тамгыг танд тодорхой хэлж өгөх болно. Үүнд: том биетэй хар алаг зүсмийн, сүүлгүй, мухар, зөв талын чихний араас ухам имтэй, буруу талын чихний урьдаас ухам имтэй, 13 насны сарлаг эх үхэр, том хар алаг зүсмийн, мухар, адил имтэй, 4 насны сарлаг эх үхэр, хар алаг зүсмийн, мухар, адил имтэй, 8 насны сарлаг эх үхэр, төлтэй хар зүсмийн, мухар, адил имтэй, 9 насны сарлаг эх үхэр, хар алаг зүсмийн, мухар, зөв талын чихний араас цуулбар имтэй, буруу талын чихний урдаас ухам имтэй, 7 насны сарлаг эх үхэр, төлтэй хар зүсмийн, мухар, зөв талын чихний араас цуулбар имтэй, буруу талын чихний урдаас ухам имтэй, 3 насны сарлаг гунан үхэр, нийт 6 тооны үхэр алдагдсан. Уг алдагдсан 6 тооны үхрийн бүгдийг нь зоо буюу нуруунаас сүүл рүү цэнхэр будгаар татаж будсан тэмдэгтэй байсан.

            Өөрийн мал сүргийг жил болгон тоолуулдаг ба алдагдсан 6 тооны үхрийг 2022 оны мал тооллогод тоолуулсан. Манай хөршүүд М.Х, М.Д, З.А- нараас сэжиглэж байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 169 дэх тал/,

            - хохирогч А.А-аас гаргаж өгсөн 2022 оны “...бэлэн тоологдсон тэмээ 0, адуу 34, үхэр 38, хонь 560, ямаа 52...” гэх “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого” /2 дахь хавтаст хэргийн 176  дахь тал/,

            - шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БӨА-24-0008 дугаартай “...13 насны сарлаг эх үхэр 1 ширхэг 1,200,000 төгрөг, 4 насны сарлаг эх үхэр 1 ширхэг 800,000 төгрөг, 8 насны сарлаг эх үхэр 1 ширхэг 1,050,000 төгрөг, 9 насны сарлаг эх үхэр 1,100,000 төгрөг, 7 насны сарлаг эх үхэр 1,000,000 төгрөг, 3 насны сарлаг гунан үхэр 600,000 төгрөг байх боломжтой тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 208-212 дахь тал/,

            - гэрч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2023 оны 11 дүгээр   сарын 10-ны орой Өлгий сумын 03 дугаар багт байрлах өөрийн гэрт байхад орой 21 цагийн үед З-гийн А- гэрт орж ирээд “миний бие худалдахаар 5 тооны сарлаг үхэр тууж ирээд таны хашаанд оруулсан. Та сарлаг үхэр худалдаж авах уу” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс З.А-ийн хамт гарахад манай хашаанд 5 тооны сарлаг үхэр байсан. Тэгээд “энэ ямар учиртай сарлаг үхэр вэ, яагаад шөнийн цагаар авч ирсэн бэ” гэж асуухад З.А- нь “миний тууж ирсэн 5 тооны сарлаг үхэр бол миний өөрийн үхэр юм аа. Өдрийн цагаар бог мал хариулж орой гэрээс гараад аймгийн төвд тууж ирэх хүртэл өвлийн өдрүүд харанхуй болж байна. Манай аав З-гийн идэшний үед зарж өг гэсэн сарлаг үхрүүд юм аа” гэж хэлсэн. Тухайн үед З.А- нь манай гэрт ганцаараа ирсэн ба 5 тооны сарлаг үхрийг миний бие ганцаараа тууж ирсэн гэж хэлсэн.

            ...тухайн тууж ирсэн 5 тооны сарлаг үхрийг үзэхэд нэлээн таргандуу, нас гүйцсэн, том биетэй, 4 тооны хар алаг зүсмийн, мухар сарлаг эх үхэр, 1 тооны төлөөтэй, хар зүсмийн, мухар сарлаг эх үхрүүд байсан. Нийт 5 тооны сарлаг эх үхэр байсан. Уг 5 тооны сарлаг эх үхрийн зоо буюу нуруу хэсэгт цэнхэр будгаар будсан тэмдэгтэй байсан. Тэгээд уг 5 тооны үхрийн том биетэй эхний 3 тооны үхрийг тус бүр 750,000 төгрөгөөр, үлдсэн 2 тооны үхрийг тус бүр 700,000 төгрөгөөр үнэлж нийт 3,500,000 төгрөгт худалдаж авахаар тохирсон. Тэгээд надаас мөнгө асуухаар нь урьд нь АТМ-ээс гаргаж авсан бэлэн 700,000 төгрөг байсан ба уг мөнгийг бэлнээр өгсөн. Тэгээд З.А- яваад өгсөн. Маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн төвд “Н” ХХК мал нядалгааны газарт З.А-ээс худалдаж авсан 5 тооны сарлаг үхрийг тууж очоод захирал болох Т-т 4,000,000 төгрөгт худалдахаар тохирч зарсан. Тэгээд Т нь миний Хаан банкны *********** тоот дансанд эхний өдөр эхлээд 200,000 төгрөг, дараа нь 2,000,000 төгрөг, нийт 2,200,000 төгрөг хийсэн. Тэгээд маргааш нь буюу 11 дүгээр сарын 12-ны өдөр үлдсэн 1,800,000 төгрөгийг хийсэн. Тэгээд би өөрийн данснаас 2,000,000         төгрөгийг гаргаж авч гэрт сууж байхад З.А- ирж надаас 2,000,000 төгрөгийг бэлнээр авч явсан. Тэгээд 2 хоногийн дараа З.А- ганцаараа ирж 800,000 төгрөг бэлнээр авч явсан. Уг 800,000 төгрөгийг бэлнээр авах үед одоо манайд үлдсэн 10 гаруй зарах сарлаг үхэр байгаа та худалдаж авах уу гэж асуухад үнэ тохирвол худалдаж авах болно гэж хэлсэн. Тэгээд З.А- яваад өгсөн.

            ... З-гийн А-ээс эхлээд 5 тооны сарлаг үхрийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр худалдаж авсан. Уг сарлаг үхрийг дурдвал: том биетэй, мухар, хар алаг зүсмийн, сүүл нь бараг байхгүй шахуу, чих нь ухам имтэй, нас гүйцсэн, сарлаг эх үхэр, хар алаг зүсмийн, мухар, том биетэй, адил имтэй, 4-5 насны сарлаг эх үхэр, хар алаг зүсмийн, мухар, адил имтэй, нас гүйцсэн сарлаг эх үхэр, хар алаг зүсмийн, адил имтэй, нас гүйцсэн, сарлаг эх үхэр, хар зүсмийн, мухар, адил имтэй, төлөөтэй, нас гүйцсэн сарлаг эх үхэр тус тус байсан. Уг 5 тооны сарлаг үхрийг бүгдийг нь Нөхөд нядалгааны газарт зарсан. Яагаад гэвэл том биетэй болохоор нядалгааны газарт шууд тохирч өгсөн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 220-221 дэх тал/,

            - гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А овогтой Е- гэх хүнийг маш сайн таньдаг бөгөөд манай нядалгааны газарт байнга мал өгч нядлуулдаг, малын ченж хийдэг. Миний бие Өлгий сумын 13 дугаар багт “Нөхөд” ХХК мал нядалгааны газар ажиллуулдаг бөгөөд малын ченж А.Е- гэх хүнээс 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 5 тооны сарлаг үхэр нядалгааны газарт хүлээн авсан. Уг 5 тооны сарлаг үхэр нь хар алаг зүсмийн үхрүүд байсан. Уг 5 тооны сарлаг үхрийн тохирсон мөнгийг өөрийн Хаан банкны *********** тоот дансаар малын ченж А.Е-ы Хаан банкны *********** тоот данс руу 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 200,000 төгрөг урьдчилгаа хийж дараа нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эхлээд 2,000,000 төгрөг, дараа нь 1,800,000 төгрөг үхрийн үнэ гэсэн утгатай хийж өгсөн. 5 тооны сарлаг үхрийг тухайн үеийн ханшаар бодож нийт 4,000,000 төгрөгт тохирч мөнгийг 2 өдөр хувааж хийсэн. Малын ченж А.Е-аас нийт 5 тооны сарлаг үхэр худалдаж авсан бөгөөд уг үхрүүдийн им, тамгыг сайн анзаараагүй ба хар алаг зүсмийн сарлаг үхрүүд байсан. Надад А.Е- нэг удаа 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нийт 5 тооны сарлаг үхэр өгсөн. Өөр сарлаг үхэр өгснийг санахгүй байна. З- овогтой А- гэх хүнийг огт танихгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 234 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

            10.8. Шүүгдэгчээс А.А-ы өмчлөлийн 6 тооны сарлаг үхрийг хулгайлсан үйлдэл холбогдлын талаар бүхэлдээ эс зөвшөөрч гомдол гаргаагүй боловч түүнээс хохирол төлбөрт 5,750,000 төгрөг гаргуулж хохирогчид олгосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг эс зөвшөөрсөн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ. Шүүгдэгч З.А-ийн дээрх үйлдэл холбогдол нь А.А-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч А.А-ы мэдүүлэг, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлт, гэрч А.Е-, А.Т нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон, хохирогч А.А-д учирсан хохирол төлбөрийн талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн учраас шүүгдэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.                

            10.9. Шүүгдэгч З.А- нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны үед хохирогч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бөхөн уул” гэх газар бэлчээрт байсан хохирогч Б.Ж-ийн өмчлөлийн 5 тооны сарлаг үхрийг хулгайлж, 4,750,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 159-161 дэх тал/,

            - хохирогч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Сагсай сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, Бөхөн уул гэх газарт оршин суудаг бөгөөд миний өөрийн гэсэн хэдэн тооны малыг маллаж амьдардаг. Манай бод малыг өдөр бүр хариулж байдаг ба 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үзэж тоолж яваад 2 хоногийн дараа буюу 27-ны өдөр үхрийг тоолоход дотроос нь 5 тооны сарлаг үхэр байхгүй байсан ба тэр хавийг хайж олоогүй болохоор хулгайд алдагдсаныг мэдсэн. Түүнээс хойш сураглаж хайгаад олоогүй бөгөөд хөрш айл болох А.А-аас нийт 6 тооны сарлаг үхэр хулгайд алдагдахаар бид нар нийлж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний нийт 5 тооны сарлаг үхэр хулгайд алдагдсан бөгөөд уг үхрийн зүс, им, тамгыг хэлж өгье. Үүнд: том биетэй төлтэй хар зүсмийн, эвэртэй, хойд хоёр хөл нь алаг шийртэй, зөв талын чихний үзүүрээс ухам имтэй, буруу талын чихний урьдаас ухам цуулбар, 7 насны сарлаг эх үхэр, хар зүсмийн, мухар, адил имтэй, 10 насны сарлаг эх үхэр, хар алаг зүсмийн, мухар, адил имтэй, 8 насны сарлаг эх үхэр, хар алаг зүсмийн, мухар, адил имтэй, 4 насны сарлаг эх үхэр, хар хөх зүсмийн, мухар, адилхан имтэй, 4 насны сарлаг эх үхэр тус тус алдагдсан.

            Миний бие малчин хүн учраас өөрийн мал сүргийг жил болгон тоолуулдаг ба алдагдсан 5 тооны үхрийг 2022 оны мал тооллогод тоолуулсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 184, 194 дэх тал/,

            - хохирогч Б.Ж-ээс гаргаж өгсөн 2022 оны “...бэлэн тоологдсон тэмээ 1, адуу 56, үхэр 41, хонь 310, ямаа 192...” гэх “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого” /2 дахь хавтаст хэргийн 188-189 дэх тал/,

            - шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БӨА-24-0009 дугаартай “...2023 оны 11 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан ...7 насны сарлаг эх үхэр 1 ширхэг 1,000,000 төгрөг, 10 насны сарлаг эх үхэр 1 ширхэг 1,000,000 төгрөг, 8 насны сарлаг эх үхэр 1,050,000 төгрөг, 4 насны сарлаг эх үхэр 800,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 198-202 дахь тал/,

            - гэрч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэгээд 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр байх өдрийн цагаар манай гарт З.А- 5 тооны хар алаг зүсмийн 5 тооны сарлаг үхэр тууж ирсэн. Тэгээд надад үзүүлж “түрүүний таньд хэлж байсан үхрүүд, та худалдаж авах уу” гэхээр нь уг 5 тооны үхрийг үзэж жижиг биетэй 3 тооны сарлаг үхрийг тус бүр 500,000 төгрөг, том биетэй 2 тооны сарлаг үхрийг тус бүр 700,000 төгрөг, нийт 5 тооны сарлаг үхрийг 2,900,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэгээд 5 тооны сарлаг үхрийг худалдаж аваад шууд малын захад гаргаж зарсан. Тухайн үед идэшний үе болохоор нэг хоногийн дотор худалдсан. Уг худалдаж авсан хүмүүсийг огт танихгүй гаднын хүмүүс ирж үзэж худалдаж авч байсан болохоор сайн санахгүй байна. Уг 5 тооны сарлаг үхрийн мөнгийг эхлээд 1,000,000 төгрөг бэлнээр данснаас шууд гаргаж өгсөн ба дараа нь 11 дүгээр сарын сүүлээр 1,700,000 төгрөг бэлнээр данснаас гаргаж өгсөн. Тэгээд дараа нь ирж үлдсэн мөнгийг бэлнээр авч яваад бид нарын хоорондын тооцоо дууссан.

            ...Дараа нь 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр мөн адил 5 тооны сарлаг үхэр худалдаж авсан ба уг сарлаг үхрийг дурдвал: том биетэй, төлөөтэй, эвэртэй, хойд хөл нь алаг шийртэй, ухам имтэй, нас гүйцсэн сарлаг эх үхэр. Уг үхэр нь гаднаас нь харахад тодорхой харагддаг үхэр байсан учраас маш сайн санаж байна, том биетэй хар зүсмийн, мухар, нас гүйцсэн, адил имтэй, сарлаг эх үхэр, хар алаг зүсмийн, мухар, бага насны, адил имтэй, 2 тооны сарлаг эх үхэр, хар хөх зүсмийн, мухар, бага насны, адил имтэй, сарлаг эх үхэр, нийт 5 тооны сарлаг үхэр авсан. Миний бие З.А-ээс 10 тооны сарлаг үхэр худалдаж авсан ба худалдаж авсан үнийг нэг бүрчлэн дээрх мэдүүлэгт бичүүлсэн. З.А-т бүх мөнгийг бэлнээр өгч байсан ба уг мөнгийг өгөх үед өөрийн Хаан банкны *********** тоот данснаас гаргаж аваад шууд бэлнээр өгдөг байсан. Яагаад гэвэл З.А- байнга бэлэн мөнгө авдаг байсан. З.А- манайд үхэр тууж ирэх үед байнга өөрөө ганцаараа ирдэг байсан. З.А-ээс авсан малыг хулгайн мал гэдгийг огт мэдээгүй бөгөөд З.А-ээс энэ ямар учиртай мал бэ гэж асуухад “миний өөрийн мал байгаа юм аа” гэж хэлэхээр нь З.А-ийн үгэнд итгэсэн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 220-221 дэх тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            10.10. Шүүгдэгч З.А- болон түүний өмгөөлөгчөөс Б.Ж-ийн өмчлөлийн 5 тооны сарлаг үхрийг хулгайлж, 4,750,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдлын талаар давж заалдах журмаар гомдол гаргаагүй бөгөөд хохирогч Б.Ж- нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед өөрт учирсан хохирол төлбөрийн талаарх иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 

11. Шүүгдэгч З.А-т холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн ба шүүхийн шатан хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэг болон талуудын мэтгэлцээнийг үндэслэж хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар З.А- олон тооны малыг учрах саадыг арилгах зорилгоор  машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ. Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч З.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй сэргээн тогтоосон, мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн,  хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.  

 

13. Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ийг хуульд заасан төрөл, хэмжээний дотор 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

 

14. Шүүгдэгч З.А-ийн  “…ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны “...хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн  гомдлуудыг хянаж үзэхэд:

Шүүгдэгч З.А-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан хорих ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангасан учраас шүүгдэгч З.А-ийн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй” гэсэн гомдол үндэслэлгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ