Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 119/ШШ2026/0047

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, шүүгч Д.Сарангэрэл, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “**” ХХК /гүйцэтгэх захирал **/

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **

Гуравдагч этгээд: “**” ХХК /гүйцэтгэх захирал **/

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, иргэдийн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах, Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Сангийн яаманд холбогдуулан маргаж буй “Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах” нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 119/ШЗ2026/0283 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан ЭҮТӨҮГ/20250102426 дугаартай “Ган туйван /нүүрстөрөгчид ган/” тендер   шалгаруулалтад оролцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтын дагуу эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн. Тус тендер шалгаруулалтад 1 дүгээрт шалгарсан “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон” гэсэн мэдэгдэл хүргүүлжээ.

“**” ХХК нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба гомдлыг Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02/9830 дугаартай албан бичгээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч  шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 08 дугаар сарын 29-нд зарласан “Ган туйван /нүүрстөрөгчит ган/” ЭҮТӨҮГ/20250102426/03/01 урилгын дугаартай тендерт оролцсон. Тендерийн материалыг 2025.09.29-нд нээж, 2025.10.15-нд ирүүлсэн М-ДБ-112-12/10770 тоот мэдэгдэлд манай компани 2-р байр, “**” ХХК 1-р байр эзэлсэн талаар ирүүлсэн. Шалгарсан оролцогчийн нууцлаагүй материалд хуулийн 29.2-т заасны дагуу хяналт хийхэд нотолгоо бүхий зөрчил илэрсэн.

Бид Сангийн яаманд 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/17-01 дугаартай “**” ХХК-ны тендерийн бичиг баримтад буй зөрчлүүдийг дурдаж, хянан шалгаж, тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай гомдлыг гаргасан. Шалгарсан компанийн тендерийн материалд илгээсэн ICR/VC/HE240704 дугаар бүхий барааны тохирлын гэрчилгээ нь хуурамчаар үйлдэгдсэн болохыг нотлох баримтын хамт бид Сангийн яамны гомдолд дурдсан. Сангийн яам 2025 оны 10 дугаар сарын 31-нд 02/9830 дугаартай гомдол хянасан тухай мэдэгдэлд манай гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзсэн.

Мэдэгдэл хүлээн авсан даруй тухайн тохирлын гэрчилгээг олгосон Польш улсын байгууллага болох ** (ICR гэрчилгээжүүлэлтийн төв)-рүү ICR/VC/HE240704 дугаартай гэрчилгээг үнэн зөв эсэхийг тодруулж имэйл бичсэн. Үүний хариуд тус гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэнийг анхааруулсан бүртгэлийг өөрсдийн цахим сайтад баталгаажуулж байршуулсан болохыг бидэнд мэдэгдсэн имэйл ирүүлсэн. Дараах цахим холбоосоор шалгах боломжтой. https://cert.icrpolska.com/?s=lCR%2FVC%2FHE240704

Энэ талаар бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11/12-02 тоот албан мэдэгдэл хүргүүлсэн боловч өдийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй болно. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн үнэлгээний хорооны гишүүд тендерт ирүүлсэн материалыг үнэн зөв зөрүүтэй эсэхийг шалгах үүрэгтэй. Гэвч тус тендерийн Үнэлгээний хорооны гишүүд хариуцлага алдаж ган туйван бараанд ирүүлсэн тохирлын гэрчилгээг огт шалгаагүй нь, хуурамч бичиг баримттай компани тендерт шалгарч гэрээ байгуулагдсан хууль зөрчсөн нөхцөл үүссэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тендер шалгаруулалтад оролцогч нараас ирүүлсэн гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянаж шийдвэрлэдэг. Уг ажиллагаа нь захиалагчийн шийдвэрт гарсан алдааг засах боломжийг олгох зорилготой байдаг. Гэвч бидний гомдлыг хүлээн авч хянан үзсэн Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн мэргэжилтэн ** болон бусад албан тушаалтнууд гомдлыг эцэслэж, бүрэн гүйцэд хянаагүй, захиалагч талын Үнэлгээний хороо тендерийн материалыг үнэн зөв эсэхийг гүйцэт нягталж шийдвэр гаргаагүй эсхүл хууль зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасны улмаас манай компанийн тендерийн баталгааг улсын орлогод хураалгах хуулийн нөхцөл үүсэж цаашлаад тухайн тендерт шалгарч гэрээ байгуулах боломжийг үгүй хийсэн нь дээрх журмыг зөрчиж байна.

Хэрэв “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тендерийн материалын үнэн зөвийг эцэслэн шалган шударгаар шийдвэрлэсэн бол манай компани тухайн тендерт шалгарч гэрээ байгуулж гүйцэтгэхээс гадна тендерийн баталгааг улсын орлогод хураалгахгүй, хуурамч материал бүрдүүлсэн компани тендерт шалгарч гэрээ байгуулах хууль зөрчсөн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Дээрх компани нь тохирлын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн нь нотлогдож байхад хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах, мөн захиалагч болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 тоот шийдвэрийг 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгох, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх тухай хуулийн тус тус заалтууд хэрэгжихгүй шударга бус нөхцөл байдал үүсээд байна.

Иймд бидний хууль ёсны эрхийн дагуу гаргаж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.2.4-д заасан бидний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг хүлээн авч мөн хуулийн 52.5.1-т заасан илт хууль бус болохыг тогтоолгох, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн тендерт шалгарсан компанийн тендерийн материал дотор байгаа тохирлын гэрчилгээний агуулгыг тухайн тендерт зориулж хуурамчаар үйлдсэн байгаа. Уг гэрчилгээг олгосон байгууллагын цахим сайт дээр тухайн гэрчилгээг хуурамч болох тухай байршуулсан байгаа. Хуурамч бичиг баримтаар тендерт шалгарсан гэдэг гол үндэслэл байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.

Анхны сонгон шалгаруулалтын дараа бид Сангийн яаманд “**” гэдэг үйлдвэрийнх нь сайт дээр байсан тохирлын гэрчилгээний агуулгыг өөрчлөөд хуурамчаар үйлдсэн байна гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Үүний ард “**” ХХК, БНХАУ-д байгаа “**” гэдэг байгууллага хоёрын хооронд үгсэн хуйвалдсан зүйл байгаад байна. Биднийг Сангийн яаманд гомдол гаргасны дараа тендерт ирүүлсэн тохирлын гэрчилгээний агуулгаар өөрчлөөд сайтад тавиулсан байсан. Үүнийг яаж мэдсэн бэ гэвэл Сангийн яаманд бид нотлох баримтын хамт гомдол гаргасан. Сангийн яам гомдол хэрэгсэхгүй боллоо гэхэд нь бид дахиад ороод шалгатал сайт дээр сертификатаа сольсон байсан. Үүний дараа бид “**”-д гэрчилгээ олгосон Польш байгууллага руу мэйл бичиж холбогдоод ийм дугаар, он сар, агуулгатай тохирлын гэрчилгээ танайхаас олгосон нь үнэн зөв эсэх талаар хариу өгнө үү гэхэд Польш компаниас үүнийг хуурамч байна гэсэн хариу ирсэн. Тэр нь одоо болтол сайт дээр байршсан байгаа. Энэ процесс нь тендерийн үнэлгээ явагдаад, манайх Сангийн яаманд гомдол гаргаад, гомдлыг үндэслэлгүй гэж үзээд бид асуудлын араас нь ул мөрөөр нь яваад байгаа учраас он сар цаг хугацааны хувьд нотлох баримт араасаа яваад байгаа юм. Гуравдагч этгээд “**” ХХК БНХАУ-н үйлдвэрлэгчтэй хуйвалдаад цахимд байршуулсан сертификатаа өөрчилсний улмаас Сангийн яамны тендер хянах процесс өөрчлөх боломжгүй болж байгаа юм. Дараа нь бид Сангийн яаманд “Та нар дутуу хянаж шалгасны улмаас бид тендерийн баталгаагаа алдлаа, хуурамч бичиг баримттай компани шалгаруулсан байна” гэхэд Сангийн яам “Уучлаарай, захиргааны байгууллага нэгэнт гаргасан шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Та шүүхэд ханд” гэсэн. Польшийн байгууллагатай холбогдож хуурамч гэдэг нь нотлогдсоны дараа бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гомдол гаргаж хуурамч бичиг баримттай компани шалгарсан байна гэхэд өмнөх хурлууд дээр хариуцагчийн төлөөлөгч нар “хуурамч бичиг баримттай байсныг бид дараа нь шалгаж мэдсэн” гэж хүлээн зөвшөөрсөн.  Гуравдагч этгээд үйлдвэрлэгчийн зөвшөөрөл өгсөн байгууллагатайгаа үгсэн хуйвалдсанаас болж удаашраад, сунжраад яваад байна. Өнөөдрийн миний шүүхэд нотлох баримт нэмэлтээр гаргаж байгаа шалтгаан нь үүнтэй уялдаж байгаа. Анх энэ тендерт орохдоо өгсөн үйлдвэрлэгчийн сайт нь өнөөдрийн байдлаар ажиллахгүй болсон. 2 өөр сайт байгаа. Нэг сайт дээр нь жинхэнэ эх хувиа байршуулсан байгаа. Үүнийг тендерийн бичиг баримтад ирүүлсэн хувьтай харьцуулаад харахад хуурамч гэдэг нь шууд харагдана. Яагаад сайтаас болоод тохирлын гэрчилгээг дахиад эх хувиар өгч байгаа вэ гэвэл үйлдвэрлэгч чанарыг сайжруулахын тулд Европын олон улсын байгууллагаас гэрчилгээ авдаг. Тэр байгууллагаас нь “танай үйлдвэртэй дахин хамтарч ажиллахгүй, та нар бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн  байна” гэсэн дарамтыг үзүүлсний улмаас буцаагаад эх хувиа тавьсан байгаа. Одоо тэр сайт руу ороход бүх зүйл тодорхой болно. Сая гуравдагч этгээдийн өмгөөлөгч энэ байгууллага руу мэйл бичсэн гэж нотлох баримт харуулж байна. Англи хувилбар дээрээ Монгол он сартай, ямар нэгэн авсан хариу байхгүй. Мөн хуурамч гэдэг веб сайтыг өөрсдөө хэвлэж өгсөн байна. Та нар өөрсдөө хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаас ялгаагүй байна” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 1,458,834,451.25 төгрөгийн төсөвт өртөг бүхий Ган туйван /нүүрстөрөгчит ган/ ЭҮТӨҮГ/20250102426 дугаартай тендерийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зарлаж, тендерийн нээлтийг 2025 оны 09 сарын 29-ний өдөр хийсэн. Тендерт 10 оролцогч санал ирүүлсэн ба бүх оролцогчдын ирүүлсэн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 10 сарын 06-ны өдөр хянан үзэхэд үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн 100% саналаар 8 оролцогчийн ирүүлсэн материалыг тендерийн шаардлагад нийцээгүй, “**” ХХК, “**” ХХК-иудын ирүүлсэн материалыг шаардлагад нийцсэн тендер гэж үнэлсэн. Шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн 2 оролцогчоос хамгийн бага үнийн санал ирүүлсэн “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн 100% саналаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулан, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг хүргүүлсэн. Захиалагч үнэлгээний хорооны шийдвэрийг 2025 оны 10 сарын 15-ны өдөр баталгаажуулж, тендерт оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн.

Сангийн яамнаас 2025 оны 10 сарын 20-ны өдөр 02/9482 дугаартай “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” албан бичгийг “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-т ирүүлж, “**” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 59.1 дэх хэсэг заасны дагуу гомдол гарсан тул үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн. Энэ тухай тус үйлдвэрийн газраас 2025 оны 10 сарын 23-ны өдрийн ДБ-112-12/4187 дугаартай албан бичгээр тендерт оролцогчдод мэдэгдсэн. Сангийн яам “**” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзээд 2025 оны 10 сарын 31-ний өдрийн 02/9830 дугаартай “Гомдол хянасан тухай” бичигт “**” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлдээ үндэслэлгүй гэж үзсэн тул захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн хугацааг тухайн өдрөөр дуусгавар болгож тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэхийг мэдэгдсэн. Түүнчлэн Сангийн яамны 2025 оны 11 сарын 06-ны өдрийн 02/9957 дугаартай албан бичгээр 7,294,173 төгрөгийн тендерийн баталгааг улсын орлогод төвлөрүүлэхийг даалгасан тул **анд энэ тухай мэдэгдэж улсын орлого болгосон.

2025 оны 11 сарын 10-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК нарын байгуулсан 2025/14-H-0465 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

“**” ХХК-ийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 11/12-02 дугаартай албан бичиг үйлдвэрийн газрын бичиг хэргийн дотоод сүлжээгээр 2025 оны 11 сарын 14-ний өдөр ЭҮТӨҮГ/20250102426 дугаартай тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга **эд хуваарилагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй” гэж заасанд нийцээгүй тул “**” ХХК-ийн гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй болно.” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хороо ирүүлсэн нотлох баримтын хүрээнд хуульд зааснаар үнэн зөв үнэлгээ хийсэн. Гэрчилгээ хуурамч гэдэг асуудал яригдаагүй, мөн сайтыг бид шалгах шаардлагагүй. Тендер шалгаруулалтад өгөгдлийн хүснэгтийг анх хэлэлцэж боловсруулдаг. Үүнд тохирлын гэрчилгээ шаардана л гэсэн болохоос сайттай нь тулгаж шалгана гэсэн зүйл байхгүй. Ирүүлсэн баримт нь гадаад хэл дээр байсан бөгөөд орчуулгыг хамт ирүүлсэн байсан. Орчуулга үнэн зөвийг харин тухайн компани өөрөө хариуцна гэж өгөгдлийн хүснэгтэд заасан. Тухайн үед хуурамч, ямар нэг байдлаар зөрүүтэй гэсэн асуудал яригдаагүй. 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаад гаргасан зөвлөмжийг захиалагч шийдвэрээрээ баталгаажуулсан. Шаардлагад нийцсэн 2 тендерийн хамгийн бага үнийн саналтайд нь гэрээ байгуулах эрхийг олгосон. 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Үүний дагуу 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай дотоод сүлжээгээр дамжаад “**” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т албан бичиг ирсэн нь Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан **эд хуваарилагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7-д “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй” гэж заасан байна. Үүний дагуу албан бичиг гомдлыг хүлээж авч шийдвэрлээгүй. Өнөөдөр гаргаж өгсөн нотлох баримтуудыг харлаа. Нотлох баримтыг шаардлага хангасан байдлаар ирүүлэх ёстой. Гэтэл энэ баримтууд нь шаардлага хангаагүй хуулбар хувь байна. Бид шүүх хуралдааны явцад ч гадаад хэл дээрх сайтыг шалгаж үзэх, гэрчилгээг үнэн зөв эсэхийг дүгнэж үзэх нь учир дутагдалтай гэж үзэж байна. Гадаад хэл дээрх баримт нь код бичигдсэн эсвэл дутуу байсан эсэхийг бид мэдэхгүй. Яагаад гэвэл үүн дээр QR код байгаа, үүнийг нь уншуулж үзэхэд сертификат байна гэдэг нь л харагдаж байна. Үүнийг бид үнэн зөв гэж үзэхийн тулд тэр байгууллагад нь хандаж бичиг авах, эсвэл тэр байгууллагыг татан оролцуулж байж л хуурамч эсэх асуудал яригдах байх. Үнэлгээний хороо ямар ч асуудалгүй, ажлаа хуулийн дагуу хийсэн гэж үзэж байна. Компаниуд тендерт ялна гэж л орж байгаа. Асуудалтай баримт байх юм бол хар жагсаалтад орж, дахиад тендерт оролцох эрхээ тодорхой хугацаанд хязгаарлуулах эрсдэлтэй учраас баримтуудыг үнэн зөв бүрдүүлэх нь өөрсдийнх нь үүрэг. Тиймээс Үнэлгээний хороонд хардах, сэжиглэх үндэслэл байгаагүй. Ийм байхад Үнэлгээний хороо хуурамч баримттай компанийг шалгаруулсан гэж буруутгах нь нэхэмжлэгчийн хувь зохисгүй гэж үзэж байна. Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга бүгд хэлэлцээд асуудлыг шийдвэрлэсэн. Захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл харагдахгүй байна. Нотлох баримтад тулгуурлаж шийдэх ёстой. Энэ захиалагчийн шийдвэрийг үндэслээд гэрээ байгуулагдсан байхад үүнийг мөн хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд тендер шалгаруулалтыг дахин үнэлүүлэх хууль зүйн шаардлага, нөхцөл байдал бий болоогүй байна гэж харж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендер шалгаруулалтыг анх нээгээд шаардлагад нийцсэн “**” ХХК, “**” ХХК гэсэн 2 оролцогч үнэлэгдсэн. Хуулийн дагуу бага үнийн санал ирүүлсэн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. Энд яригдаж байгаа гэрчилгээний хувьд үнэлгээ хийх үед ямар нэгэн шаардлагад нийцэхгүй зүйл гараагүй тул Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн. Гэрчилгээг орчуулгын хамт ирүүлсэн байсан. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.4-т “Захиалагч ТШЗ-н 12.1-д заасан баримтаас өөр хэлээр үйлдсэн баримт бичгийн баталгаат орчуулгыг тендер хянан үзэх, үнэлэхэд ашиглах, оролцогч өөрөө орчуулсан эсвэл бусад этгээдээс орчуулуулсан эсэхээс үл хамааран орчуулга үнэн зөв болохыг захиалагчийн өмнө хариуцна” гэж заасан байдаг. Үүний дагуу ирүүлсэн материалд үндэслэн үнэлсэн байгаа. “**” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам “**” ХХК-ийн ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02/9830 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх талаар албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу бид “**” ХХК-тай гэрээ байгуулсан” гэв.

9. Гуравдагч этгээд “**” ХХК-ийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар үндэслэлээ бичгээр гаргаж өгч байна. “**” ХХК нь “Эрдэнэт  үйлдвэр” ТӨҮГ-аас мэдэгдэл авсны дараа Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яаманд 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргаад, Сангийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “**” ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлгүй гэсэн хариу аваад, энэ хариуг авсны дараа 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуурамч байсан байна гэдэг мэдэгдлийг “Эрдэнэт  үйлдвэр” ТӨҮГ-т “**” ХХК өгсөн байна. Цаг хугацааны дарааллыг аваад үзэхэд өөрсдөө шалгаад байгаа юм уу, шалгуулаад байгаа юм уу, хэзээ шалгаад, хэзээ мэдээд, яагаад гэрээ хийсний дараа 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хуурамч байна гэдэг мэдэгдэл өгч байгаа юм бэ? Гэтэл яг энэ өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тохирлын гэрчилгээ дээр хуурамч гэсэн бичиг хийгдсэн байна гэдэг асуудал яваад байгаа нь сонин байна. Хуульч **тай санал нийлж байна. Энэ тохирлын гэрчилгээ хуурамч гэсэн энэ олон гадаад хэл дээрх баримтуудыг бид Монгол хэл рүү орчуулсан учраас туйлын үнэн зөв гэж үзэх боломжгүй. Учир нь энэ орчуулж байгаа компани нь тухайн орчуулгынхаа л зөв бурууг хариуцаж байгаа болохоос биш энэ тохирлын гэрчилгээ хуурамч байсан гэдгийг нотлох баримт биш.

Тохирлын гэрчилгээ хуурамч байсан үгүй гэдэг дээр маргаад байна. Ийм асуудлын хувьд хүссэн мэйлээ орчуулж өгөөд, заримыг нь амаараа л хэлээд байна. Энэ газар руу бид мэйл явуулахад хариу өгөхгүй л байна. Гадны байгууллага хэнд нь хариу өгөөд, хэнд нь өгөхгүй байгаа юм бэ гэдэг асуудал байна. Хэн ч сайтаар ороод фотошопоор ч хийсэн байж болно. Зөвхөн орчуулга гэдэгт ач холбогдол өгөөд нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй. Хэрэв энэ тохирлын гэрчилгээ хуурамч байсан эсэхээс үл хамаараад гуравдагч этгээдийг нийлүүлсэн барааг хүлээж аваад чанарын шаардлага хангахгүй байх юм бол буцаах талаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ зохицуулсан байгаа. Энэ бол гадны сайт дээр байгааг үнэн зөв гэж ярихаас илүү бодитой асуудал. Хуйвалдаад байгаа юм шиг байна. Нэхэмжлэгч нотлох баримтаа бүрэн гаргаж өгөөгүй, хуурамч гэдийг хангалттай нотлоогүй. Шүүхээс гарах шийдвэрийн хариу нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод дараа нь гэрээгээр зохицуулагдана. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

10. Иргэдийн төлөөлөгч ** дүгнэлтдээ: ““**” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй байна. Хуурамч гэрчилгээтэй тендерт оролцсон байх үндэслэлтэй байна” гэжээ.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1.1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан  “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах, Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж маргасан.

1.2. Нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Сангийн яаманд холбогдуулан маргаж буй “Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах” нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 119/ШЗ2026/0283 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамж хүчин төгөлдөр болсон.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ““Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах” гэж тодруулсан. 

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан ЭҮТӨҮГ/20250102426 дугаартай “Ган туйван /нүүрстөрөгчид ган/” тендерийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зарлаж, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тендерийг нээхэд нэр бүхий 10 компани тендерийн материал ирүүлж, тендерт оролцжээ.  

 2.2. Үнэлгээний хороо 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, захиалагчийн баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийн дагуу тендерт ирүүлсэн баримтуудыг хянан үзэж, “**” ХХК, “**” ХХК-уудын тендерийг 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер гэж үнэлэн, хамгийн бага үнийн саналтай “** “ ХХК-ийн тендерийг “Хамгийн сайн” тендерээр үнэлж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих”, 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах”, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах” тус тус заасны дагуу захиалагч “**” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн захиалагчийн шийдвэр гарч, “**” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/10769 дугаартай мэдэгдлийг, “**” ХХК-д  захиалагчийн М-ДБ-112-12/10770  дугаар тендерт шалгараагүй мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.

2.4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “...танай ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болно. Тус тендер шалгаруулалтад 1 дүгээрт шалгарсан “**” ХХК-д дараах нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон. ... ” гэжээ.

2.5. Дээрх шийдвэрийг тендерт оролцогч “**” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яам 2025 оны 10 дугаар 31-ний өдрийн 02/9830 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “ ...гомдол үндэслэлгүй байна. Иймд тус тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлнэ үү....” гэж шийдвэрлэн, хариу хүргүүлжээ.

2.6. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10769 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/14-Н дугаартай “Худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулагдсан боловч тус гэрээний дагуу бараа нийлүүлэх ажлыг гүйцэтгээгүй байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Гурав. Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийн талаар:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.2.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдэж, тус тендер шалгаруулалтад 1 дүгээрт шалгарсан “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон болохыг мэдэгдсэн.

3.3. Нэхэмжлэгчээс “Тендерт шалгарсан “**” ХХК нь ICR/VC/HE240704 дугаар бүхий барааны тохирлын гэрчилгээг хуурамчаар үйлдэж тендерт шалгарсан бөгөөд тухайн тохирлын гэрчилгээг олгосон Польш улсын байгууллага болох ** (ICR гэрчилгээжүүлэлтийн төв)-рүү ICR/VC/HE240704 дугаартай гэрчилгээг үнэн зөв эсэхийг тодруулахад хариуд тус гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэнийг анхааруулсан бүртгэлийг өөрсдийн цахим сайтад баталгаажуулж байршуулсан болохыг бидэнд мэдэгдсэн и-мэйл ирүүлсэн” гэж,

Хариуцагчаас “Үнэлгээний хороо тендерийг хянан үзэх үед тухайн тохирлын гэрчилгээ хуурамч болох нь тогтоогдоогүй, тохирлын гэрчилгээ, орчуулгын хамт ирсэн тул шаардлага хангасан гэж үзсэн. Тендерийн баримт бичгийн үнэн зөвийг тендерт оролцогч өөрөө хариуцна. Тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа дуусаад гэрээ байгуулагдсан. Гэтэл “**” ХХК-ийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 11/12-02 дугаартай албан бичиг үйлдвэрийн газрын бичиг хэргийн дотоод сүлжээгээр ирүүлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй” гэж заасан тул “**” ХХК-ийн гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй” гэж,

Гуравдагч этгээдээс “Тохирлын гэрчилгээ хуурамч гэдэг нь нотлогдохгүй байна. Тохирлын гэрчилгээг хуурамч гэсэн и-мэйл ирсэн гэдгээр хуурамч баримт баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж тус тус маргасан.

3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендер шалгаруулалтын баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаардаг.

3.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж зааснаар “Ган туйван /нүүрстөрөгчид ган/” нийлүүлэгчийг  сонгох тендер шалгаруулалтын баримт бичгийг захиалагч боловсруулан  баталсан байх ба Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ны 17-ийн 17.3-т “Оролцогчийн санал болгож буй бараа нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримтыг өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт ирүүлнэ”, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5-ийн 2-т “Санал болгож байгаа барааны тохирлын гэрчилгээг тендерт хавсарган ирүүлнэ” гэж тус тус заажээ.

3.6. Тендерт шалгарсан “**” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын дагуу санал болгож байгаа барааны тохирлын гэрчилгээ болох ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээг тендерт ирүүлсэн.

3.8. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;” гэж тус тус зааснаар тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын хүрээнд хянан үзсэн байх бөгөөд тендерийг хянан үзэх үед тухайн маргаан бүхий тохирлын гэрчилгээ хуурамч эсэх талаар ямар нэгэн гомдол маргаан гараагүй байна.

3.9. Иймд тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах ажиллагааны явцад Үнэлгээний хорооны гаргасан шийдвэр, түүнийг үндэслэн гаргасан захиалагчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа боловч гэрээ байгуулагдсаны дараа тендерт шалгарсан “**” ХХК-ийн ирүүлсэн ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээг хуурамч болох талаар маргаан үүсэж, уг гэрчилгээг олгосон Польш улсын байгууллага болох ** (ICR гэрчилгээжүүлэлтийн төв)-өөс ICR/VC/HE240704 дугаартай гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэнийг анхааруулсан бүртгэлийг өөрсдийн цахим сайтад баталгаажуулан байршуулж, хүсэлт гаргагч “**” ХХК-д хариу хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

3.10. Иймд ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээг олгосон эрх бүхий байгууллагаас тохирлын гэрчилгээг хуурамч болох талаар мэдээлсэн энэ нөхцөлд захиалагч болон Үнэлгээний хорооноос маргаан бүхий тохирлын гэрчилгээтэй холбоотой асуудлыг тодруулах, дахин хянан үзэх замаар тендерийг дахин үнэлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

3.11. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”,  26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж зааснаар эрх бүхий байгууллагаас тодруулга авч тендерийг дахин хянан үзэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж зааснаар үнэлгээ хийх нь зүйтэй.

3.12. Ийнхүү захиалагч тендерийг дахин хянан үзэж үнэлэх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “ ...өрсөлдөх тэгш боломжтой,  ил тод,  үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцнэ.

3.13. Тодруулбал, тендер сонгон шалгаруулалтын үндсэн зорилго нь тухайн үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглагдах бараа материалыг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлага, техникийн үзүүлэлтэд нийцүүлэн шалгаруулах, тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангасан этгээдээс хамгийн бага үнийн санал бүхий оролцогчийг үнэлэхэд чиглэгдэх бөгөөд тендерт оролцогчид өрсөлдөх тэгш боломжтой байх, техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангасан чанартай бараа, материалыг худалдан авах нь үр ашигтай байх, тендерт оролцогчийн хувьд тендер бэлтгэхдээ, харин Үнэлгээний хороо болон захиалагчийн хувьд шийдвэр гаргахдаа хариуцлагатай байх зарчмыг баримтална.

3. 14. Тендерт оролцогч “**” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаж, тендерийн үнэлгээгээр хоёрдугаарт үнэлэгдсэн энэ нөхцөлд нэгдүгээрт үнэлэгдсэн тендерт оролцогч хуурамч баримт бүрдүүлэн тендер шалгарсан нөхцөл хожим нь тогтоогдох юм бол шударга ёсны зарчимд нийцэхгүй, тендерт оролцогчдын өрсөлдөх тэгш боломж хангагдахгүй, захиргааны байгууллагын шийдвэр “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй юм.

3.15. Иймд “**” ХХК-д хүргүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдэж, тус тендер шалгаруулалтад 1 дүгээрт шалгарсан “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон” гэх мэдэгдлийн улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.16. Тендерт шалгарсан “**” ХХК нь Ган туйван /нүүрстөрөгчит ган/ худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй болох нь хариуцагчаас “гэрээний дагуу бараа нийлүүлэгдээгүй” гэж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “шүүхэд маргаантай байгаа учраас гэрээний дагуу бараа нийлүүлээгүй” гэх тайлбаруудаар нотлогдож байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, гэрээг түдгэлзүүлэх, зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гараагүй.

3.17. Иймд захиргааны байгууллагын шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан зарчимд нийцэхгүй байгаа үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож шийдвэрлэв.

3.18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах;”, 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 50.2.2.тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх; 50.2.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд захиалагч тендерийг дахин хянан үзэх замаар тендерт үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

3.19. Захиргааны байгууллагаас маргаан бүхий нөхцөл байдлыг дахин нягтлан, тендерийг дахин хянан үзэх замаар үнэлгээг хийж шийдвэр гаргаснаар захиргааны байгууллагын шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар баталсан тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн үзүүлэлтийг хангасан хамгийн сайн барааг худалдан авах зорилгодоо нийцэж, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангахаар байна.  

3.20. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “**” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзэж, хууль зүйн дүгнэлт хийсэн болно.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1, 48 дугаар зүйлийн 48.2.4, 50 дугаар зүйлийн 50.2.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгож, тендерт дахин үнэлгээ хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

          

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             П.УУГАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                            Д.САРАНГЭРЭЛ

            ШҮҮГЧ                                                                            Б.БАТЧИМЭГ