Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02327

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02327

 

 

 

 

Ж А Кгийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02168 дугаар шийдвэртэй,

 

 

 

Нэхэмжлэгч Ж А Кгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М тХХК-д холбогдох,

 

 

 

Гүйцэтгэсэн ажлын хөлс 8 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аманкелд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч Ж А Кгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: АНУ-ын иргэн Ж А К нь Монгол улсын СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн урилгаар График, дизайны тэнхимийн гэрээт багшаар ажилладаг ба АНУ, Турк улс, Казахстан улс зэрэг өндөр хөгжилтэй гадаадын орнуудад брэнд бүтээгдэхүүнүүдийн лого, загвар дизайн зохион бүтээдэг график дизайнерийн чиглэлээр 20-оод жил ажилсан.

 

2018 оны 03 сарын 26-ны өдрийн М тХХК- тай байгуулсан №2018/08 тоот гэрээт ажилтны гэрээ /Ажил гүйцэтгэх гэрээ/-ний дагуу захиалагчийн өгсөн үүрэг даалгавраар ажлын тоо хэмжээ харгалзахгүйгээр төрөл бүрийн бүтээгдэхүүний лого, загвар дизайныг шинээр санаачлан хийх, сайжруулах, хөгжүүлэх зэрэг ажлуудыг 1 сарын 4 000 000 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. М тХХК-д олон төрлийн ажлуудыг гүйцэтгэж өгч, түүнийг үйл ажиллагаандаа ашиглан эхэлсэн. Гэтэл сар бүрийн 22-ны өдөр олгож байхаар тохиролцсон цалин хөлсөө олголгүй гэрээгээ ноцтой зөрчиж байна. Иймд хариуцагч М тХХК-аас 2 сарын ажлын хөлс болох 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М тХХК-ийн хариу тайлбарт: АНУ ын иргэн Ж А Ктэй 2018 оны 03 сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ж А К нь гэрээнд заасан ажлаа хүлээлгэж өгөөгүй, түүнчлэн хийсэн ажлаа манай ажил хариуцсан ажилтнуудын цахим хаягаар илгээж үзүүлж байсан хэдий ч бидний хүссэн ажлыг хийж өгөөгүй тул гүйцэтгэх захирал Б.Мхамтран ажиллахаа больсон талаар мэдэгдсэн. ДХ ХК-ийн охин компаниуд нь М тХХК, Д ф ХХК, Д к ХХК-ууд бөгөөд эдгээр компаниудын веб сайтын хөгжүүлэлт болон бүтээгдэхүүний лого зэргийг бидний өгсөн зааврын дагуу хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Дээрх компаниудын ажил хариуцсан ажилтнуудын и-мэйл хаягт илгээж, уг ажлыг сайжруулах хөгжүүлэх талаарх мэдээллийг хүргүүлж байсантай маргахгүй, гэхдээ албан ёсоор ажлыг хүлээж аваагүй бөгөөд уг логонуудыг ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М тХХК-аас 4 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж А Кд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М тХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж А Кд олгож шийдвэрлэжээ.

 

 

 

Хариуцагч М тХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь захиалагчид ажлаа хүлээлгэж өгсөн, гүйцэтгэгчийн хийсэн бүтээгдэхүүн логог захиалагч үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа гэж тайлбар гаргадаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дээрх ажлуудыг хүлээж авсан баримт байхгүй. Харин захиалагчийн зүгээс хийсэн гэх ажлууд нь шаардлагад нийцэхгүй байгааг удаа дараа цахим хаягаар мэдэгдэж, хүлээж авах боломжгүй талаар дурдсан бөгөөд уг логог үйл ажиллагаандаа хэрэглээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл нь гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авмагц ажлын хөлс төлөх үүрэгтэй байдаг. Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343.2, 350.1.6, гэрээний 5.1, 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй, захиалагчийн захиалсан ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэж өгөөгүй тул захиалагчаас ажлын хөлс 4 000 000 төгрөг гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч М тХХК-аас 4 000 000 төгрөгийг гаргуулах гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулан, талуудаас ирүүлсэн нотлох баримтыг уг маргаанд хамааралтай талаас нь үнэлж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

 

 

Нэхэмжлэгч Америкийн нэгдсэн улсын иргэн Ж А К ажлын хөлс 8 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч М тХХК эс зөвшөөрч маргасан байна.

 

 

 

Хэргийн 8-9 дүгээр тал дахь 2018 оны 03 сарын 26-ны өдрийн N92018/08 тоот гэрээгээр нэхэмжлэгч нь 2018 оны 04 сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 сарын 12-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд ажил олгогчийн захиалгын дагуу бүтээгдэхүүний загвар дизайн зохиох, маркетингийн зөвлөгөө, веб сайт, сошиал хөгжүүлэлт зэрэг ажлыг хийж гүйцэтгэлийг эрх бүхий албан тушаалтанд тайлагнах үүргийг, хариуцагч нь сар бүрийн 22-ны өдөр тогтмол 4 000 000 төгрөгийн хөлс олгохоор тохиролцсон байх бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв болжээ.

 

 

 

Нэхэмжлэгч тал ажиллуулагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хэргийн 12-36 дугаар талд авагдсан бүтээгдэхүүний загвар зохиох, хөгжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг бөгөөд уг ажлын гүйцэтгэлийн талаар зохигчид харилцан санал солилцож, ажиллагч нь ажил үүргээ 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл гүйцэтгэж байсан нь шүүхээс цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 64/

 

 

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг гүйцэтгэсний дараа төлнө гэж заасан бөгөөд гэрээний 3.1.1-д ажлын нөхцлөөс хамааралгүй сар бүр тогтмол 4 000 000 төгрөгөөр цалинжуулна, хөлсийг тогтсон сар бүрийн 22-ны өдөр олгохоор зохицуулсан тул хариуцагч нэхэмжлэгчийн хөлсийг сар тутамд төлөх үүрэгтэй.

 

 

 

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил шаардлага хангаагүй, гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй гэдэг нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй, шүүх ажлын 1 сарын хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан талуудын үүрэг гүйцэтгэх зарчимд нийцжээ.

 

 

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

 

 

А.МӨНХЗУЛ