Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02592

 

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/02592

 

 

              Б.Наранбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03042 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Наранбатын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Жавхланд холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагчийн нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Наранбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хэрлэнчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Чулуунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зарын дагуу Г.Жавхлан гэдэг хүнтэй утсаар холбогдон уулзаж, мөнгө зээлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Надад 3 сарын хугацаатай 30 000 000 төгрөгийн хэрэгцээ байсан бөгөөд энэ хэмжээний мөнгийг зээлэх санал тавихад 3 хувийн хүүтэй олгоно, үл хөдлөх хөрөнгө барьцаална гэж хэлсэн. Үл хөдлөх хөрөнгөө худалдах, худалдан авах гэрээний дагуу миний нэр дээр шилжүүл, тэрний дараа 30 000 000 төгрөг өгнө гэж хэлсэн. Маш яаралтай мөнгөний хэрэгцээ байсан тул энэ нөхцөлийг нь зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 4 дүгээр байр, 1 тоот 2 өрөө орон сууцаа 30 000 000 төгрөгөөр худалдаж байгаа мэтээр гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, гэрчилгээгээ эх хувиар нь өгч байж 30 000 000 төгрөг авсан. Би авсан зээлээсээ 3 600 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 13-нд Г.Жавхланд төлсөн. Өөр төлбөр хийж чадаагүй. Бага насны 2 хүүхэдтэй манай гэр бүлийг өвлөөс хойш байрнаас маань хөөж дарамтлах боллоо. Байраа шилжүүлж өгнө гэсэн бичиг хийж өг гээд надаар хийлгүүлж байсан. Надаас зээлийн төлбөр гэж нийтдээ 62 100 000 төгрөг нэхэж байгаа бөгөөд хүү 17 100 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, үндсэн зээл 30 000 000 төгрөг гэсэн. Бид анх 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохирсон. Хэрэв бидний тохиролцоо хуульд нийцэж байгаа бол хуулийн дагуу хүү, алдангийг хариуцахад бэлэн байна. Харин худалдах, худалдан авах гэрээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа юм. Учир нь үнэн хэрэгтээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан атлаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би хүлээж авсан мөнгөө хүүгийн хамт буцааж төлөх, худалдан авч байгаа тал хөрөнгийг хүлээж авахгүйгээр, мөнгө хүүтэй зээлдүүлж байгаа нь энэ гэрээний харилцаа хүчин төгөлдөр бус гэдгийг баталж байна. Би зээлсэн мөнгөө төлнө. Харин худалдах, худалдан авах гэрээний дагуу байрнаасаа гарах үндэслэлгүй. Анхнаасаа хэн аль нь худалдах, худалдаж авах зорилгогүй, барьцаалж зээл олгосон. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Г.Жавхлангийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Б.Наранбат намайг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 4 дүгээр байр, 1 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Наранбат нь сайн дурын үндсэн дээр өөрийн биеэр надтай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, миний бие мөнгийг данснаасаа авч Б.Наранбатад бэлнээр өгч, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлд бүртгүүлж, уг орон сууц миний өмчлөлд шилжсэн. Орон сууцыг чөлөөлж өгнө гэсэн боловч суллаж өгөөгүй байсан тул миний бие олон сарын хугацаанд Б.Наранбатын араас хөөцөлдөж, хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэрээр дээрх хаяг дээр оршин суудаггүй гэдэг үндэслэлээр иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан. Цагдаагийн байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.Наранбатыг олж тогтоосон. Энэ өдөр Б.Наранбат нь надад гэр орноо нүүлгэх 7 хоногийн хугацаа өгчих, би энэ хугацаанд байрыг суллаж өгнө гээд өөрийн биеэр баталгаа бичиж өгөөд дахиад алга болсон. Миний бие Б.Наранбатын хойноос 2015 оны 09 дүгээр сараас хойш хөөцөлдөж байж эрэн сурвалжлуулж олсон ба түүний гэр орноо нүүлгэх, байр суллах долоо хоногийн хугацаа өгсөн хэдий ч дахиад алга болсон. Би Б.Наранбатыг эрж хайж гэр орноор нь хэд хэдэн удаа очсон боловч ихэвчлэн хүнгүй байдаг ба эхнэр, эхнэрийн эцэг гэсэн хүмүүстэй 3 удаа уулзаж, байдлыг нэг бүрчлэн хэлж байсан. Б.Наранбат Г.Жавхлан нар нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, өөрийн сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Наранбаттай харилцан тохиролцож, түүний өмчлөлийн ...хоёр өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийг хийж, тус орон сууцны өмчлөгч болсон. Орон сууцыг чөлөөлүүлэх талаар Б.Наранбаттай удаа дараа ярилцаж байсан боловч тэрээр үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн тул Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 01 хаягт орших орон сууцнаас албадан гаргуулан орон сууцыг чөлөөлүүлж, миний зөрчигдөж буй өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан бол мөнгө шаардахгүй, зээлийн хүү шаардахгүй. Хүү 17 000 000, алданги 15 000 000, зээл 30 000 000, нийт 62 000 000 төгрөг нэхэмжилж байсан. Зээлд барьцаалах зорилгоор хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Жавхланд холбогдуулан гаргасан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагчийн нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Наранбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Наранбатын хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009838 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 4 байр, 1 тоотод байрлах 28 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Наранбатаас төлсөн 100 000 төгрөг, хариуцагч Г.Жавхлангаас төлсөн 307 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Наранбатаас 348 350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, мөн 307 950 төгрөг гаргуулан хариуцагч Г.Жавхланд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийг шийдэхдээ ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлсэнгүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь илэрхий байхад шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан харилцан үүрэг хүлээсэн байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч анх "25 000 000 төгрөгийн зээл хүссэн нь үнэн, мөн бид мөнгө зээлдүүлэг нь ч үнэн, гэхдээ бид барьцаалуулах орон сууцны 30 хувьд л зээл өгдөг, учир нь хүү алданги тооцогддог..." гэснээс дүгнэхэд нэхэмжлэгч байраа зарах гэж уулзаагүй нь тодорхой бөгөөд зээл хэрэгтэй талаар анх уулзаад ярьсан, зээлэх мөнгөнийх нь 30 хувьд нь зээл өгдөг гэх мэдүүлгээр мөнгө зээлсэн гэдгээ хариуцагч хүлээсэн байна.

Шүүх хариуцагчийн амаар, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй зүйлийг дүгнэсэн, мөн хэрэгт хамааралгүй баримтыг үнэлж нэг талыг барьж шийдвэр гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хариуцагчийн дүүгийн эмчилгээнд мөнгө хэрэгтэй байсан гэж мэссэжээс үзэхээр байх тул гэрч М.Баярмагнай мөнгө олж байрыг худалдаж авах санал тавьсаны дагуу түүнээс мөнгө төлөхийг шаардсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна", Хариуцагч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдмагц орон сууцыг эзэмшилдээ шилжүүлж аваагүй шалтгаанаа шүүхэд тайлбарлахдаа нэхэмжлэгч нь орон сууцаа хямд зарж байгаа тул үнийн зөрүүнд 2015 оны 11 сар хүртэл амьдарч байгаад дараа нь суллаж өгье гэсэн байна" гэх мэтчилэн хэт нэг талыг барьж, нотлох баримтгүйгээр дүгнэлт хийсэн.

Шүүх мөнгө хүүлэгч нарын увайгүй, дээрэлхүү занг харуулсан мэссэжийг эс тоож, хуулийн мэдлэгээ ашиглаж хуульд заасан хэлбэрийн шаардлагыг ягштал хангасан гэрээ баримт бүрдүүлсэн нөхцөл байдлыг өөхшүүлсэн шийдвэр гаргалаа. Эдгээр мэссэж худалдах, худалдан авах гэрээ хийсэн хүний үйлдэл үү, зээлсэн мөнгөө авч чадахгүй байгаа хүний үг үү гэдгийг дүгнэж үзэхийг шүүх хүссэнгүй. Надад мөнгө зээлэх зорилго байсан болохоос байраа зарах зорилго үнэхээр байгаагүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд шүүх хуралдаан болж шийдвэр гарснаас хойш 2017 оны 11 сарын 4-ний өдөр очиж хэргийн материалын бүх зургийг авахад дараах зөрчил байсан. 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 10/ШЗ2017/15952 тоот шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн тэмдэглэл байхгүй. Зохигч ирээгүй байхад шүүх хуралдаан хийсэн мэт захирамж гаргаж, тэмдэглэлийг нөхөж бичүүлэх талаар цаас наасан байсан. Шүүх хуралдааныг 2017 оны 8 сарын 31-ний өдөр 11 цаг 30 минут хүртэл хойшлуулсан тэмдэглэлд шүүгч гарын үсэг зурж тамга дарсан боловч нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй байсан. Наадаг цаасан дээр "засах гарын үсэг" гэж бичсэн байсан. Энэ тэмдэглэлийг хэн, хэзээ бичсэн нь тодорхойгүй. Уг хуралдаанд гэрч, нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нар оролцсон. 2017 оны 5 сарын 4-ний өдрийн 101/ЗТ2017/00425 шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд "хуулбар үнэн" дардас нөхөж дарах зааврыг цаасан дээр бичиж наасан байсан. Шүүх ийм байдлаар хэрэгт хандсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч миний зүгээс гэрч асуулгаж, үзлэг хийлгэж, нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлсэн байхад нотлох баримтыг хэргийн бодит байдлаас гадуур дүгнэж, мөнгө зээлдүүлэхдээ тавьсан хатуу нөхцөлдөө нийцүүлэн хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан баримтад өнгөц дүгнэлт хийж хариуцагчийн тайлбарт хэт автлаа. Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Б.Наранбатыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагчийн нэр дээрх орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Наранбат нь хариуцагч Г.Жавхланд холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 4 дүгээр байр, 1 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ хүчин төгөлдөр тул дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Б.Наранбат нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 4 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Г.Жавхлан нь орон сууцны үнэд 30 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ. /хх-5/

 

Түүнчлэн, дээрх гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрх 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр худалдан авагч Г.Жавхланд шилжсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар /хх-16/ тогтоогдсон байхаас гадна худалдан авагч Г.Жавхлангаас худалдагч Б.Наранбатад орон сууцны үнэ болох 30 000 000 төгрөг шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна. Нэхэмжлэгч Б.Наранбат нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцаа худалдах хүсэл байгаагүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцаа барьцаалсан тул худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Баярмагнай, Ц.Аригуун нарыг гэрчээр асууж, мөн хариуцагчийн хүсэлтээр тэдгээрийн гар утсан дах мессежид үзлэг хийжээ. /хх 87-88, 90-91, 135-136/

Зохигчдын хоорондох захидал харилцаа нь бичгийн нотлох баримт болохын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 51 дүгээр зүйлд заасан журмын дагуу үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэнээр нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой боловч М.Баярмагнай, Ц.Аригуун нар нь нэхэмжлэгч Б.Наранбаттай хамаарал бүхий этгээдүүд байх тул эдгээр хүмүүсийн мэдүүлэг, тэдний хоорондох захидал харилцааг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулагдсан гэх байдлыг нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний барьцаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч Г.Жавхлан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...сайн дурын үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч худалдагч Б.Наранбат нь одоог хүртэл орон сууцаа суллаж өгөөгүй гэж тайлбарлажээ.

 

Дээр дурдсанаар сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байх бөгөөд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 4 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх нэхэмжлэгч Б.Наранбатын эрх уг орон сууцны өмчлөл хариуцагч Г.Жавхланд шилжсэн үеэс дуусгавар болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл орон сууцны өмчлөх эрх шилжсэн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Б.Наранбат уг орон сууцыг эзэмшиж байгаа нь хууль бус байх тул харуицагч Г.Жавхлан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө нэхэмжлэгч Б.Наранбатын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны журам зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Наранбат давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ