Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/02303

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/02303

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/02778 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Жаргалд холбогдох,

 

Орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Бат-Эрдэнэ миний бие 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ш.Жаргалаас 30 000 000 төгрөг зээлэхээр болж зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 16 дугаар байрны 60 тоот 52 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл Ш.Жаргал нь зээлийн гэрээгээр шилжүүлэх ёстой 30 000 000 төгрөгийг шилжүүлэлгүй атлаа шилжүүлсэн мэтээр надтай маргаж, улмаар дээрх мөнгийг хүүгийн хамт шүүхэд хандаж нэхэмжилсэн. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02667 тоот шийдвэрээр Ш.Жаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл иргэн Ш.Жаргал нь дээр дурдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 16 дугаар байрны 60 тоот хоёр өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02667 тоот шийдвэрийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцож барьцаалбарыг чөлөөлж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Гэхдээ уг нэхэмжлэлийг өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлэх гэж л гаргасан байгаа. Иймд өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлэх агуулга бүхий шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Х.Бат-Эрдэнийн гаргасан Ш.Жаргалд холбогдох зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний маргаанд хариуцагч Ш.Жаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Оюунболд миний бие оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Ш.Жаргал нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Х.Бат-Эрдэнэтэй зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээ байгуулагдсанаас хойш Х.Бат-Эрдэнэ нь нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй, сар бүр төлөх ёстой хүүг мөн төлөөгүй болно. Зээлийн гэрээг байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс Х.Бат-Эрдэнийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 16 дугаар байрны 60 тоот, 52 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр барьцаалж, барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй буюу гэрээний хугацаа дууссанаас хойш хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувь хүртэл хувиар алданги тооцно гэж заасан хэдий ч талууд харилцан тохирч зээлийн гэрээг байгуулахдаа гэрээний 5 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,1 хувь бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 30 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 11 дугаар сарын 21-ний өдөр 19 сар хүртэл төлөгдөөгүй зээлийн хүү болох 28 500 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд буюу 488 хоног буюу 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданги болох 28 548 000 төгрөгийг төлөөгүй. Улмаар шүүхэд хандсан боловч түүний төрсөн эгч болох Х.Ижилцэцэг шүүхэд би дүүгээ мөнгө авахаас өмнө Т.Баясгалангаас 26 500 000 төгрөг авсан миний дүү аваагүй гэж мэдүүлсэн ба улмаар түүнийг эгч Х.Ижилцэцэгийг мэдүүлгийг үндэслэл болгон зээлийг Х.Бат-Эрдэнэд өгөөгүй хэмээн шүүхээс үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ингэснээр Х.Бат-Эрдэнэ авсан мөнгөө өгөхгүй байх барьцааны зүйлээ өгөхгүй байх дэндүү ашигтай боломжийг эгч, дүү нарт олгосон бөгөөд энэ шийдвэр тэдний нөлөөллийн дор гарсан гэдэгт бид эргэлзэхгүй болно. Өөрсдөө ийм ашигтай шийдвэр гаргуулсан боловч хүнээс авсан мөнгөө ядаж шүүхэд мэдүүлээд байгаа дүн болох 26 500 000 төгрөгөө буцаан өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул тус 26 500 000 төгрөгийг авах хүртэл мөн шүүхийн маргаан үүсгэж шийдвэрлүүлнэ. Хэрэв 26 500 000 төгрөгийг өгсөн нөхцөлд орон сууцыг чөлөөлөн өгөхөд татгалзах зүйлгүй болно. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг үүгээр илэрхийлж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205050150 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/, Энгельсийн гудамж, 16 дугаар байрны 60 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 337 750 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ш.Жаргалаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Ш.Жаргалын өмгөөлөгч Б.Нандинчулуун би Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/02778 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-нд заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ" гэж заасныг зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй. Нэгэнт Ш.Жаргал нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах эрхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт буюу шийдвэр хүчин төгөлдөр байгаа нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Тодруулбал, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205050150 дугаартай бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/, Энгельсийн гудамж, 16 дугаар байрны 60 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсгүүдэд нийцнэ" гэжээ. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02667 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2478 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 00468 дугаартай тогтоолоос үзэхэд "талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноос бус нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ, хариуцагч Ш.Жаргал нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, эсхүл дээрх хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах эсхүл гэрээг цуцалж байгаа эсэхийг тодорхой тусгаагүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс "... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй ..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл 3 шатны шүүхээс хариуцагч Х.Бат-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт 89 250 000 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцаалагдсан орон сууцны үнээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дүгнэхдээ зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл мөн. Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн эхлэн гүйцэтгэх 30 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж шаардах эрхгүй гэж дүгнэсэн болно. Мөн шүүхээс Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар барьцааны эрхийг дуусгавар болсон гэж үзэж барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэг хүлээнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь барьцаалбар нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4, 160.1.5 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн болон барьцааны зүйл устаж үгүй болсон нөхцөл байдал байхгүй болно. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа болно. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ нь хариуцагч Ш.Жаргалд холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Ш.Жаргалтай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ш.Жаргал нь 30 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэд зээлдүүлэх үүрэг хүлээсэн байх бөгөөд нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 16 дугаар байр, 60 тоотод байрлах, өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 9-10, 33 дугаар тал/

 

Гэвч хариуцагч Ш.Жаргал нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө буюу 30 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй болох нь зохигчдын тайлбар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02667 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2478 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00468 дугаар тогтоолоор тус тус тогтоогджээ. /хх-ийн 11-18 дугаар тал/

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцсэн байна.

 

Эд юмсын эрх зүйн хувьд барьцааны эрх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг баталгаажуулах зорилготой байдаг бөгөөд энэхүү баталгаа нь үндсэн эрхгүйгээр дангаар бие даан оршин тогтнох боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үндсэн эрх, үүрэг хэрэгжээгүй тул барьцааны эрх хэрэгжих боломжгүй юм.

 

Иймд Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 16 дугаар байрны 60 тоотод байрлах, нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнийн орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх боловч шаардах эрхийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөх боломжтой байна.

Тодруулбал, хэргийн үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар барьцааны эрх дуусгавар болсон гэх үндэслэлгүй бөгөөд харин зээлийн гэрээний дагуу шаардах эрх анхнаасаа үүсээгүй тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т зааснаар барьцааны эрх дангаар бие даан хэрэгжих боломжгүй гэж үзэж мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д зааснаар нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/02778 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 160 дугаар зүйлийн 160.3 ... гэснийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ