| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2408000000149 |
| Дугаар | 2024/ДШМ/1345 |
| Огноо | 2024-12-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/1345
2024 12 12 2024/ДШМ/1345
Ц.Г-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч Ц.Г,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/1127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2408000000149 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
... овгийн ..-ын Г, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...ийн хамт .. оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .../;
Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS25 дэлгүүрт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч А.М, Г.Ж нарын ширээн дээр цэнэглээд тавьсан байсан I рhone ХS, I рhone 8 рlus гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн GS25 сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-оос 770.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч А.М-ийн хууль ёсны төлөөлөгч Л.А-од 510.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Г.Ж-гийн хууль ёсны төлөөлөгч П.Г-од 260.000 төгрөг тус тус олгож, насанд хүрээгүй хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгчдөөс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, шүүгдэгч Ц.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн түүний эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эцэг, эх, охин, хүүгийн хамт амьдардаг. Гэр бүлдээ ганцаараа ажил хийдэг ба Хаан банкнаас 10.000.000 төгрөгийн зээл авсан байгаа тул хугацаа хэтрээд нэхэгдэж байна. Надад оногдуулсан ялын гэм бурууг ухамсарлан ойлгож байгаа бөгөөд маш их гэмшиж байна. Оногдуулсан ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон хохирол, төлбөр нөхөн төлөгдөөгүй, хохирогчийн зөрчигдсөн эрх нь сэргээгдээгүй зэрэг нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдагдсан “2 хүүхдийн хамт амьдардаг, “Хаан банк”-аас зээл авсан” зэрэг нөхцөл байдлууд нь хэрэгт баримтаар авагдаагүй тул шүүгдэгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS25 дэлгүүрт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч А.М, Г.Ж нарын ширээн дээр цэнэглээд тавьсан байсан I рhone ХS, I рhone 8 рlus гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
насанд хүрээгүй хохирогч А.М-ийн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS 25 дэлгүүрт найз Ж-гийн хамт үйлчлүүлсэн. Би Арр1е I рhone ХS загварын гар утсаа, найз I рhone 8 рlus загварын гар утсаа ширээн дээр цэнэглэж үлдээгээд, найзтайгаа хамт юм худалдаж авч идэх гээд босоод 5 орчим минутын дараа ширээн дээрээ эргээд иртэл бид хоёрын цэнэглэж байсан гар утас байхгүй болчихсон байсан. Тэгээд би аавтайгаа хамт цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгч байгаа. ...Бор шаргал өнгийн малгайтай, хар өнгийн нимгэн гадуур хувцастай, дотуураа шоотой алаг цамцтай, хар өнгийн өмдтэй, бордуу өнгийн царайтай, архи уудаг гэмээр 40-55 орчим насны ах тэр хавиар эргэлдээд сандал дээр суугаад байсан. Би тэр ахыг бид хоёрын гар утсыг авсан байх гэж бодож байна. Би тэр хүнийг дахин харвал танина. Цэнхэр өнгийн кейстэй, цагаан өнгийн Аррlе I рhone ХS загварын гар утас байсан, Id Lock-той гар утас байсан. Би гар утасныхаа имей кодыг мэдэхгүй. ...” /хх 19-20/,
насанд хүрээгүй хохирогч Г.Ж-гийн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагаас 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS 25 дэлгүүрт найз Мичид-Эрдэнийн хамт үйлчлүүлсэн. Би Арр1е I рhone 8 рlus загварын гар утсаа, харин манай найз М Арр1е I рhone ХS загварын гар утаснуудаа оролдож сууж байгаад сууж байсан ширээн дээрээ үлдээгээд найз бид хоёр тэр дэлгүүрээс юм худалдаж авч идэхээр босоод дэлгүүр дотуур явж байгаад эргээд 5 орчим минутын дараа ширээн дээрээ иртэл бид хоёрын үлдээсэн байсан гар утас байхгүй болчихсон байсан. Тэгээд манай найз цагдаа дуудаад, бас аавыгаа дуудсан. Найз аавтайгаа хамт цагдаагийн байгууллага руу очиж мэдүүлэг өгсөн. Бор шаргал өнгийн малгайтай, хар өнгийн гадуур хувцастай, дотуураа шоотой алаг шоотой цамцтай, хар өнгийн өмдтэй, бордуу өнгийн царайтай, архи уудаг гэмээр 40 наснаас 50 орчим насны эрэгтэй хүн тэр хавиар эргэлдээд, сандал дээр суугаад байсан, тэр ахыг найз бид хоёрын гар утсыг авсан байх гэж сэжиглэж байна. Би тэр хүний дахин харвал танина. Тэр хүн нэлээн согтуу байгаа юм шиг харагдаж байсан. Миний гар утас ягаан өнгийн кейстэй, алтлаг шар өнгийн I рhone 8 рlus загварын гар утас байсан ба Id Lоск-той гар утас байсан. Би гар утасныхаа имей кодыг мэдэхгүй. Би гар утсаа зах зээлийн ханшаар үнэлж байна. ...сэтгэл санааны хохирол тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. ...” /хх 27-28/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №Ц-65 дугаар “...I phone XS гар утас 500.000 төгрөг, кейс нь 10.000 төгрөг, I рhone 8 plus гар утас нь 250.000 төгрөг, кейс нь 10.000 төгрөг, нийт 770.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 35-37/,
яллагдагчаар Ц.Г-ийн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны оройны 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS 25 дэлгүүр дотор дулаацах гээд сууж байтал миний хажууд хоёр бага насны охин утсаа оролдож сууж байгаад суудлаасаа босоод нэг тийшээ явчихсан, суужбайсан ширээн дээрээ ягаан өнгийн болон цэнхэр өнгийн кейстэй хоёр ширхэг rap утаснуудаа үлдээгээд босоод явчихсан. Тэгээд би архи согтууруулах ундааны хэрэглэсэн байсан тул тэр хоёр гар утсыг өөрийн мэдэлгүй аваад халаасандаа хийгээд гараад явчихсан юм.
Би тэр гар утсыг 19 дүгээр байрны орчимд rap дээрээс гар утас худалдан борлуулдаг гар утас авна зарна гээд зогсож байдаг хүмүүсийн нэгэнд нь тухайн хоёр гар утсыг 100.000 төгрөгөөр зарсан. Би тэр гар утаснуудыг зарсан ченжийг одоо сайн санахгүй байна. …” /хх 49/ гэх мэдүүлэг,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа /хх 2/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,
насанд хүрээгүй хохирогч А.М-ээс хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дикс хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,
бичлэгийг эд баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх 5/,
бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тэмдэглэл, дүрс бичлэгийг бэхжүүлж буулгасан гэрэл зураг /хх 8-10/ зэргээр давхар нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс Ц.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Г-оос “хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү” гэж хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэх нөхцөл байдлыг иш татсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Ц.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, төлөх эсэхээ илэрхийлсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байхаас гадна анхан шатны шүүхээс сонгож оногдуулсан хорих ял нь шүүгдэгч Ц.Г-ийн үйлдсэн гэмт хэргийнх нь шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/1127 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР