| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2026/0371/З |
| Дугаар | 128/ШШ2026/0653 |
| Огноо | 2026-07-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2026/0653
2026 07 02 128/ШШ2026/0653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******-И*******” ХХК /РД:*******/;
Хариуцагч:Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Л.А******* нарын хооронд үүссэн “Улсын байцаагчийн дүгнэлт”-ээс үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******, хариуцагч Л.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, багасгасан өөрчилсөн зүйлгүй тул дээрх шаардлагаар хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр.Хэргийн үйл баримтын талаар:
2.1.“*******-И*******” ХХК нь “Т ” ХХК-иас зарласан Т дугаартай “Түлш савлах 25 кг-ын шуудай нийлүүлэх” тендерт оролцож, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсныг мэдэгдэж, гэрээ байгуулах эрх олгожээ.
2.2.“Т ” ХХК-иас зарласан Т дугаартай “Түлш савлах 25 кг-ын шуудай нийлүүлэх” тендерт оролцсон “А” ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газарт хандаж, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 335 дугаар албан бичгээр “*******-И*******” ХХК-д холбогдуулж “... илтэд хуурамч баримт бичиг үйлдсэн” гэх үндэслэлээр гомдол, мэдээлэл гаргасан байна.
2.3.Энэ гомдол, мэдээллийн дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны Улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай “Хяналт шалгалт хийх тухай”, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай “Удирдамжийн хугацаа сунгах тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж, нэхэмжлэгч “*******-И*******” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг мэдэгдэж, маргаан бүхий ******* дугаар дүгнэлтийг гаргажээ.
2.4.“*******-И*******” ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/59 дугаар албан бичгээр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан, Сангийн яамнаас 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *******/1124 дугаар “Хариу хүргүүлэх” тухай албан бичгээр Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын *******-ны ******* дугаар дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2.5.Ингээд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Л.А*******гийн 2026 оны 01 дүгээр сарын *******-ны ******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“*******-И*******” ХХК нь "Т ” компаниас зарласан Т дугаартай "Түлш савлах 25 кг-ын шуудай" нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтад оролцон шалгарсан бөгөөд тендерийн дагуу гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан болно
Манай компанитай хамт уг тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон "А" ХХК /РД:5/ нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газарт гомдол гаргасны дагуу тус газрын Улсын байцаагч шалгалт хийж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот дүгнэлт гаргасан.
Уг дүгнэлтийг манай компанийн зүгээс эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад гомдол гаргасан боловч тэрээр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн хариу албан бичиг ирүүлж, Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Иймд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот дүгнэлт болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээс ирүүлсэн 2026 оны 02 сарын 24-ний өдрийн хариу /шийдвэр/-г эс зөвшөөрч дараахь үндэслэлүүдээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна
Үүнд: 1.Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот дүгнэлтэд “*******-И*******” ХХК нь "Т ” компаниас зарласан Т дугаартай "Түлш савлах 25 кг-ын шуудай" нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо тендерт хавсарган ирүүлсэн "Д т " ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХХАГ-23-01 дугаартай гэрээг хуурамчаар үйлдсэн" хэмээн дүгнэж, улмаар иргэн С. Цтай байгуулсан 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатай ХХАГ-23-01 дугаартай гэрээг нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дүгнэлтийн үндэслэл болгох боломжгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Улсын байцаагч Д.А******* нь иргэн С. Цтай байгуулсан 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатай ХХАГ-23-01 дугаартай гэрээг ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон зүйл байхгүй болно
Иймд энэхүү гэрээг Монгол Улсын Иргэний хуульд заасан болзол шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж манай компанийн зүгээс үзэж байна.
Иргэн С.Цтай байгуулсан ХХАГ-23-01 дугаартай "Худалдааны хамтран ажиллах гэрээ"-ний 1.4 дэх заалтад "Энэхүү гэрээ нь захиалагч тал аж ахуйн нэгжийн бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд дуусгавар болох бөгөөд гэрээний анх байгуулсан огноо болон бүтээгдэхүүний захиалгын нөхцөлийг хэвээр хадгалан, тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр дахин байгуулна" гэж заасныг үндэслэн иргэн С. Цийн өөрийнх нь байгуулсан "Д т " ХХК-тай "Худалдааны хамтран ажиллах гэрээ"-г 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр огноолон байгуулсан. Өөрөөр хэлбэл, өмнөх гэрээний хугацаа нөхцөл, эрх, үүргийг иргэн С.Цийн өөрийнх нь үүсгэн байгуулсан "Д т " ХХК-тай байгуулсан "Худалдааны хамтран ажиллах гэрээ" рүү шилжүүлсэн ба талууд үүнийг харилцан тохиролцож, Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдал, харилцан тэгш эрхийн зарчмын үндсэн дээр дээрхи гэрээг байгуулсан.
Тиймээс талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр хэлцлийг үгүйсгэж, Төрийн болон орон нутгийн өмчийн бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн хэмээн дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.Манай компанитай хамт уг тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон "А" ХХК /РД 5/ нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газарт гомдол гаргасны дагуу тус газрын Улсын байцаагч шалгалт хийж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот дүгнэлт гаргасан ба манай компани тухайн дүгнэлтийг эс зөвшөөрч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад гомдол гаргасан.
Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газарт гомдол гаргасан "А" ХХК /РД:5/ нь 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст "Гомдол буцаан татах тухай" 56 тоот албан бичиг ирүүлж манай компанитай холбогдуулан гаргасан гомдлоосоо татгалзсан” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******-И*******” ХХК нь “Т ” ХК-аас зарласан ТТХК202508*******3331 дугаартай савлах шуудай нийлүүлэх сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. Тендерт заасны дагуу бүх материалыг бүрдүүлж өгсөн. Үүний дагуу манай компани шалгараад тендерийн гэрээний дагуу бүх үүргээ бүрэн биелүүлж ажиллагаа дууссан. Гэтэл манай компанитай хамт тендерт оролцсон өөр компани Сангийн яамны худалдан авах газарт гомдол гаргасан байдаг. Уг гомдол нь нэхэмжлэгч компанийн “Д Т Алтай” ХХК-тай байгуулсан гэрээ нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн агуулгатай байсан бөгөөд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч шалгалт хийж 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 3 тоот дүгнэлтийг гаргасан байна. Нэхэмжлэгч компанийн зүгээс уг дүгнэлтийг эс зөвшөөрч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад гомдол гаргасан боловч Төрийн нарийн бичгийн даргын зүгээс улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж, дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгч компанийн зүгээс дараах үндэслэлүүдээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 3 тоот дүгнэлтэд нэхэмжлэгч компани буюу “*******-И*******” ХХК нь “Т ” компаниас зарласан сонгон шалгаруулалтад ирүүлсэн, “Д Т Алтай” ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 23/0 дугаартай гэрээг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэсэн байна. Улмаар иргэн Б.Цтай байгуулсан 2301 дугаартай гэрээг нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Яг гэрээг ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байдаг. Уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон зүйл байхгүй. Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон ямар нэгэн шийдвэр байхгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн зүгээс уг гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 189, 196 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж үзэж байна. Иргэн Б.Цтай байгуулсан худалдааны хамтран ажиллах гэрээний 1.4 дэх заалтад "энэхүү гэрээ нь захиалагч тал аж ахуйн нэгжийн бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд дуусгавар болох бөгөөд гэрээний анх байгуулсан огноо болон бүтээгдэхүүний захиалгын нөхцөлийг хэвээр хадгалан тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр дахин байгуулна" гэж заасан байна. Иймд иргэн Б.Ц өөрөө үүсгэн байгуулсан “Д Т ” ХХК-тай худалдааны хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд гэрээний огноог 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тавьсан нь иргэн Б.Цтай байгуулсан анхны гэрээний 1.4 дэх заалтыг баримталсны үр дүн болно. Тендерийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад учраагүй бөгөөд тендер хэрэгжиж дуусгавар болсон байна. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдал, харилцан тэгш эрхийн зарчмын дагуу дараагийн гэрээг байгуулсан болно. Иймд хүчин төгөлдөр хэлцлийг үгүйсгэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэж дүгнэсэн Улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн анх гомдол гаргасан “А” ХХК нь 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 56 тоот албан бичгээр өөрсдийн гаргасан гомдлоосоо татгалзсан. Уг албан бичигт “А” ХХК нь “Таван толгой ” ХК-д зарласан тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан гэх “*******-И*******” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдлийг шалган өгнө үү гэж 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 335 тоот албан бичгээр хүргүүлж байсан гэх гомдлоосоо татгалзаж байгааг мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тус нэхэмжлэлийн үндэс болсон дүгнэлтийг гаргах үндэслэл болсон гомдлоо анх гаргасан этгээд өөрөө татгалзсан байна. Иймд ямар нэгэн этгээдийн эрх зөрчигдөөгүй байна гэж нэхэмжлэгч компанийн зүгээс үзэж байна. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс уг татгалзлын албан бичгийг хүлээн авсан боловч өөрийн шийдвэрээ өөрчлөх боломжгүй тул шүүхийн шатад шийдвэрлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Иймд нэхэмжлэлд дурдагдсан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 3 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“*******-И*******" ХХК нь TTXXK/20250102331 дугаартай "Түлш савлах 25 кг-ын шуудай" нийлүүлэгчийг "Т ” ХХК-иас зарласан сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо тендерт хавсарган ирүүлсэн "Д т " ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХХАГ-23-01 дугаартай 29,000,000,000.0 гэрээ нь илтэд хуурамч байх ба хуулийн 56.5.1-д заасан нөхцөл байдал илэрсэн тухай "А" ХХК-иас 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 335 тоот албан бичиг, холбогдох баримтыг хавсарган Сангийн яаманд ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийгдсэн.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим систем /www.opendata.gov.mn/-ээс шалгахад "Д т " ХХК 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, аялал жуулчлал гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно" гэж заасан тул 2023 оны 04 дүгээр сарын 25-нд байгуулагдсан компани 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан байх боломжгүй байна.
Дээрх гэрээний захиалагч тал болох "Д т " ХХК-ийн Сангийн яамны Цахим санхүүгийн тайлангийн систем (www.ebalance.gov.mn) дэх 2023, 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг үзэхэд тухайн онуудад гэрээнд заасан 29,000,000,000.0 (хорин есөн тэрбум) төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалт хийсэн мөнгөн дүн санхүүгийн тайланд тусгагдаагүй байсан.
Иймд “*******-И*******” ХХК-ийн ТTXXK/20250102331 дугаартай тендерт оролцохдоо тендерийн материалд хавсарган хүргүүлсэн "Д т " ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХХАГ-23-01 Дугаартай 29,000,000,000.0 гэрээ нь илтэд хуурамч гэдэг нь тогтоогдсон болно.
Харин "*******-И*******" ХХК-аас тус хяналт шалгалттай холбогдуулж ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 02/535 дугаартай хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичигт тус компанийн "Д т " ХХК-тай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай ХХАГ-23-01 дугаартай гэрээ нь иргэн С.Цтай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай ХХАГ-23-01 дугаар гэрээний 1.4 дэх заалтыг үндэслэн байгуулсан гэрээ болно" гэж дурдсан байсан бөгөөд хариу тайлбарт хавсарган ирүүлсэн иргэнтэй байгуулсан гэх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь ирүүлсэн байсан бөгөөд энэ гэрээг тендерт хүргүүлээгүй байсан.
Иймд дээрх Улсын байцаагчийн дүгнэлт нь холбогдох хууль журамд нийцүүлэн гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“*******-И*******” ХХК-д “А” ХХК-аас гомдол ирүүлсний дагуу Таван “Толгой” ХХК-иас зарласан тендертэй холбогдуулан хяналт шалгалт хийсэн байна. “А” ХХК-иас гаргасан гомдолд тендерт шалгарсан “*******-И*******” ХХК нь ижил төстэй ажлын гэрээ болгон “Д т ” компанитай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан нийт 29 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ хуурамч байна гэдгийг дурдсан байсан. Тухайн компани 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр биш, харин 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан тул “*******-И*******” ХХК нь тендерт техникийн болон туршлагын шаардлагыг хуурамч байдлаар хангуулах зорилгоор уг гэрээг ирүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан болохыг дурдсан. Уг гомдлыг хүлээн авч Улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулсан. Хяналт шалгалтын хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10/9928 дугаартай мэдэгдлийг “*******-И*******” ХХК-д хүргүүлж, Засгийн газрын 2024 оны 147 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан дүрмийн 5.5, 5.6 дахь заалтад зааснаар тендерт ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар нотлон гэрчлүүлж, хуулбар хувиар Улсын байцаагчид хүргүүлэхийг үүрэг болгосон байна. Мөн сонсох ажиллагаанд оролцох, шаардлагатай бол Улсын байцаагчтай урьдчилан уулзахыг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг хүргүүлснээс хойш 30 хоногийн хугацаанд буюу “*******-И*******” ХХК-иас 2025 оны 12 дугаар сарын *******-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн байна. Тус хариуд иргэн Б.Цтай байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулаагүй хуулбарыг ирүүлсэн байна. Уг гэрээний 1.4 дэх заалтад "захиалагч тал аж ахуйн нэгжийн бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд гэрээ дуусгавар болж, гэрээний анх байгуулсан огноо болон бүтээгдэхүүний захиалгын нөхцөлийг хэвээр хадгалан тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр дахин байгуулна" гэж заасан байна. Гэвч уг гэрээ нотариатаар баталгаажаагүй, нотлох баримтын шаардлагыг хангаагүй байсан. Шүүх болон Улсын байцаагч аль аль нь нотлох баримтын шаардлага хангасан материалд үндэслэн шийдвэрээ гаргадаг зарчмын дагуу дүгнэлтэд тусгасан болно. Хяналт шалгалтын үр дүнд дараах нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Нэгдүгээрт, data.gov.mn нээлттэй мэдээллийн сангийн мэдээллээс үзэхэд “Д т ” компани 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Уг компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь бөөний худалдаа, аялал жуулчлал байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг тул тус компани 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулах хууль эрх зүйн чадамжгүй байсан болно. Тендерт ирүүлсэн 29 тэрбум төгрөгийн өртөг бүхий ижил төстэй ажлын гэрээ нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн огноотой, “Д т ” компанийн тамгаар тамгалагдсан байна. Иймд гэрээний огноог хуурамчаар тавьсан болохыг тогтоосон байна. Хоёрдугаарт, гэрээний 2.2 дахь заалтад тухайн компанитай хийх төлбөрийг банкны дансаар гүйцэтгэнэ гэж тохиролцсон байна. Уг гэрээ үнэхээр хэрэгжсэн эсэхийг шалгах зорилгоор “Д т " компанийн санхүүгийн тайланг Сангийн яамны И-баланс цахим системээс татаж үзсэн. Тус компанийн санхүүгийн тайланд 2023 онд 79.3 сая төгрөг, 2024 онд 177 сая төгрөгийн борлуулалтын орлого тусгагдсан байна. 29 тэрбум төгрөгийн гэрээ хэрэгжсэн байгаа бол санхүүгийн тайланд заавал тусгагдах ёстой боловч тусгагдаагүй байна. Энэ нь уг гэрээ амьдрал дээрээ хэрэгжээгүй хуурамч гэрээ болохыг нотолж байна. Гуравдугаарт, иргэнтэй байгуулсан гэрээний эрх, үүрэг болон хуулийн этгээдтэй байгуулах гэрээний эрх, үүрэг нь Иргэний хуулийн дагуу ялгаатай байдаг тул иргэнтэй байгуулсан гэрээг хуулийн этгээд рүү шилжүүлэх нь эрх зүйн хувьд боломжгүй болохыг тэмдэглэж байна. Дээрх нотлох баримтуудад үндэслэн “*******-И*******” ХХК-ийн тендерт ирүүлсэн, “Д т ” ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ хуурамч болохыг тогтоосон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх хэсэгт заасан зөрчил гарсан гэдэг Улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байсан. Иргэнтэй байгуулах гэрээний эрх, үүрэг болон хуулийн этгээдтэй байгуулах гэрээний эрх, үүрэг өөр байдаг. Ийм учраас иргэнтэй байгуулсан гэрээг хуулийн этгээдэд шилжүүлэх эрх зүйн боломжгүй юм” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэхтэй холбоотой Улсын байцаагчийн гаргасан дүгнэлтэд холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч “*******-И*******"” ХХК нь “Таван толгой ” ХХК-ийн зарласан Т дугаартай “Түлш савлах 25 кг-ын шуудай” нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтад оролцон, шалгарсан байна.
2.2.Нэхэмжлэгч нь дээрх тендерт оролцохдоо худалдан авах ажиллагааны туршлагатайгаа нотлох баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, “Д т ” ХХК-тай байгуулсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г хүргүүлсэн байгаа бөгөөд уг гэрээгээр тус компанид 29,000,000,000.0 /Хорин есөн тэрбум/ төгрөгийн 1 тонн жоншны уут нийлүүлэх гэрээг байгуулжээ[1].
2.3.Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газарт “А” ХХК-иас хандан, тендерийн ялагч “*******-И*******" ХХК-ийн “Д т ” ХХК-тай байгуулсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г” хуурамч гэх мэдээлэл гаргасан байна.
2.4.Уг мэдээлэл, гомдолд үндэслэн тус газрын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн удирдамжаар хариуцагч Улсын байцаагч Л.А*******г Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн эсэхийг дүгнэх, гарсан дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлж зөрчлийг арилгуулах, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад хамруулах санал гаргах зорилго бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилж, тэрээр энэхүү шалгалтыг явуулсан[2].
2.5.Хариуцагч Улсын байцаагчаас хяналт шалгалтыг явуулахдаа “*******-И*******" ХХК-д хандан 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10/9928 дугаартай албан бичгээр “... танай компани 56.5-д заасан нөхцөл үүсээгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл, тайлбарыг гаргаж, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, тендерт ирүүлсэн баримт бичиг, мэдээллийн үнэн зөв баримт бичгийн нотлох баримтын шаардлага хангасан эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувийг улсын байцаагчид хүргүүлэх үүрэгтэй” гэж, “... хяналт шалгалтанд цугларсан баримт бичигтэй танилцах, сонсох ажиллагаанд биечлэн оролцох шаардлагатай гэж үзвэл Сангийн яамны 51-267416 дугаарт холбогдож, хугацаа товлоно уу” гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн[3], “Д т ” ХХК-ийн санхүүгийн тайланг цахим системээс татаж үзсэн гэдгээс өөр ажиллагаа явуулаагүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
2.6.Нэхэмжлэгч “*******-И*******" ХХК нь энэхүү Сангийн яамны шаардсан дагуу 2025 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 02/535 дугаар албан бичгээр “иргэн С.Цтай байгуулсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г хуулбарлан, энэ гэрээний 1.4-д заасныг үндэслэн “Д т ” ХХК-тай байгуулсан гэрээ” гэсэн тайлбарыг уг гэрээний хамт хүргүүлсэн гэдгийг хариуцагч тайлбарлаж, ирүүлсэн баримтыг нь шүүхэд хуулбарлан ирүүлсэн[4].
2.7.Нэхэмжлэгч “*******-И*******" ХХК нь Сангийн яаманд хүргүүлсэн “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-гээ нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар хуулбарлаж явуулснаа зөвшөөрсөн бөгөөд, ийнхүү хуулбарлан хүргүүлсэн шалтгаанаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “уг гэрээний эх хувийг Тендерийн материалдаа хийж явуулсан учраас эх хувь нь манайд байхгүй, эх хувьгүй учраас нотариатаар гэрчлүүлэх боломжгүй байсан” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан[5] боловч тендерийн материалд С.Цтай байгуулсан гэрээ хавсаргагдаагүй байжээ.
2.8.Хариуцагч Улсын байцаагч нь “*******-И*******" ХХК-д хандан С.Цтай байгуулсан гэрээний эх хувийг ирүүлэхийг дахин шаардаагүй, ирүүлээгүй шалтгааныг шалгаж тогтоогоогүй болох нь түүний шүүх хуралдаанд “ийм ажиллагаа хийгээгүй, өөрөө нотлох баримтаа гаргах ирэх үүрэгтэй” гэх тайлбараар[6] тогтоогдлоо.
2.9.Нэхэмжлэгчийн С.Цтай байгуулсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ” нь тендерт ирүүлсэн “Д т ” ХХК-тай байгуулсан гэрээ нь агуулгын зөрүүгүй, гэрээнүүд хоёулаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр огноолсон байна.
2.10.“Д т ” ХХК нь “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан гэх 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хуулийн этгээдийн эрх үүсээгүй байсан болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч нь С.Ц болох нь нотлогдлоо[7].
2.11.“*******-И*******" ХХК-ийн иргэн С.Цтай байгуулсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-ний 1.4-т “Энэхүү гэрээ нь захиалагч тал аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд дуусгавар болох бөгөөд гэрээний анх байгуулсан огноо болон бүтээгдэхүүний захилгын нөхцөлийг хэвээр хадгалан, тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр дахин байгуулна” гэж заажээ.
2.12.Ийм байхад хариуцагч нь гэрээний 1.4 заалтад дүгнэлт өгөөгүй, нотлох, шалган тогтоох ажиллагааг бүрэн, тал бүрээс нь явуулаагүй атлаа “*******-И*******" ХХК-ийн “Д т ” ХХК-тай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г хуурамч гэж дүгнэсэн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг гаргасан байна.
2.13.Харин гомдол, мэдээлэл гаргагч “А” ХХК нь 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан гомдлоосоо татгалзсан талаарх хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлжээ.
2.14.Нэхэмжлэгч нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 21ний өдрийн 02/59 дүгээр албан бичгээр Сангийн яамны Худалдааны авах ажиллагааны Улсын ерөнхий байцаагчид хандан гомдол гаргасан[8].
2.15.Уг гомдлын хариуг Сангийн яамны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *******/1124 дүгээр албан бичгээр “... Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн” талаар мэдэгдсэн[9] зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, мөн зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан байна.
3.2.Хуулийн дээрх заалтын дагуу Улсын байцаагч нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хангалттай хийгээгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан “... “*******-И*******" ХХК-д албан бичгээр гэрээний эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувийг ирүүлэхийг мэдэгдсэн байхад гэрээг хуулбар хувиар ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй байсан, компани өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй тул эх хувиар ирүүлэх талаар дахин шаардаагүй” гэх, ...” Д т ” ХХК-иас тайлбар аваагүй, санхүүгийн тайланг л татаж үзсэн” гэх, “*******-И*******" ХХК-ийн санхүүгийн тайланг татаж үзээгүй” гэх агуулгатай тайлбаруудаар[10] тогтоогдож байна.
3.3.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэжээ.
3.4.Хариуцагч нь “*******-И*******” ХХК-д шалгалт явуулах талаараа мэдэгдэж, нотлох баримт гаргаж өгөхийг шаардсан байгаа боловч, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийг дуудан ирүүлж тайлбар аваагүй, бусад нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.
3.5.Тодруулбал, Сангийн яам 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10/9928 дугаартай албан бичигт дурдсан “сонсох ажиллагаанд биечлэн оролцох шаардлагатай гэж үзвэл Сангийн яамны 51-267416 дугаарт холбогдож, хугацаагаа өөрөө товло” гэх агуулга нь сонсох ажиллагааг зохион байгуулж байгаа хэлбэр огт биш, нэгэнт хариуцагч Улсын байцаагч сонсох ажиллагаа явуулаагүй тохиолдолд “... нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр улсын байцаагчид хүргүүлэх үүрэгтэй” гэсэн бичиг үйлдэж байгаа нь нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ гүйцэтгэж, нэхэмжлэгчийг сонсох ажиллагаанд оролцох эрхийг нь хангаж байгаа ажиллагаа биш болно.
3.6.Иймд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 26 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулахгүйгээр актыг гаргасан нь хууль зүйн зөрчил болно.
3.7.Үүнээс гадна маргаан бүхий актын үндэслэл болсон “*******-И*******” ХХК-ийн иргэн С.Цтай байгуулсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г хуурамч, хүчин төгөлдөр бусад тооцсон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй тул захиргааны хэргийн шүүхээс уг гэрээг хүчингүй, эсхүл хуурамч гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
3.8.Учир нь захиргааны байгууллага, албан тушаалтан, түүнчлэн захиргааны хэргийн шүүх ч энэхүү гэрээний талууд маргаагүй байгаа тохиолдолд Иргэний хуульд заасан гэрээний хүчин төгөлдөр, эсэх, хуурамч байдлыг тогтоох эрх хэмжээгүй, хэрэв энэ талаар гэрээний талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд иргэний хэргийн шүүх гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөх эрх зүйн зохицуулалттай болно.
3.9.Харин гэрээний аль нэг тал ийм гэрээг огт байгуулаагүй талаарх нотлох баримт байвал Улсын байцаагч гэрээг хуурамч гэж үзэж болох байсан бөгөөд энэ талаар шалгалт хийгээгүй байгаа тул хариуцагчийн “гэрээ хуурамч” гэх дүгнэлт хуульд нийцэхгүй байна.
3.10.Ийнхүү хариуцагч Улсын байцаагч нь сонсох ажиллагааг хуульд заасан журмаар явуулах, шаардлагатай нотлох баримтыг шаардан гаргуулах, худалдан авалт бодитой хийгдсэн эсэхийг бүх талаас нь нягталж шалгаагүй, энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт өгөхөд хангалттай нотлох баримт байхгүй учраас маргааны үйл баримт нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж дүгнэлээ.
3.11.Өөрөөр хэлбэл, бодит худалдан авалт хийсэн эсэхийг дан ганц “Д т ” ХХК-ийн санхүүгийн тайланд үндэслэн дүгнэлт хийсэн нь бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэхгүй.
3.12.Хариуцагч Улсын байцаагч нь “*******-И*******” ХХК, иргэн С.Ц нарын хооронд байгуулсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ”, түүний 1.4-т заасан зохицуулалтын үр дагаврын талаар бодитой дүгнэлт өгөөгүй, энэ талаар шалган тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй учраас шүүхэд шинжлэн судлах баримт байхгүй байна.
3.13.Энэ үйл баримтыг шүүхээс нөхөн тогтоох боломжгүй тул хариуцагч Улсын байцаагчийг маргаан бүхий актаараа тогтоосон байгаа хуурам гэрээ эсэхийг бүх талаас нь шалган тогтоох зохих ажиллагааг хийх, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах замаар 1 сарын хугацаанд шинэ акт гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
3.14.Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа “Сангийн яамны 2026 оны 02 дүгээр сарын 24-ний өдрийн *******/1124 дүгээр албан бичгээр өгсөн хариуг хүчингүй болгуулах” гэснийг шүүхээс тогтоосон бүрдүүлбэр хангуулахаар буцаахад багасгаж ирүүлсэн учраас шүүх уг хэрэгт захиргааны хэрэг үүсгээгүй.
3.15.Нэхэмжлэгчээс Сангийн яамны Худалдааны авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянасан Сангийн яамны 2026 оны 02 дүгээр сарын 24-ний өдрийн *******/1124 дүгээр албан бичгээр өгсөн хариу нь маргааныг шүүхийн бус журмаар урьдчилан шийдвэрлэж гарсан гомдлын хариу байна.
3.16.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжиж байгаа гэж тайлбарласан ч шүүх уг шаардлагад холбогдуулан захиргааны хэрэг үүсээгүй, маргаж буй албан хариу нь захиргааны актын шинжийг агуулгаагүй тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4 дэх заалтыг баримтлан, нэхэмжлэгч “******* и*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны ******* дугаар дүгнэлт нь шүүхийн шинжлэх судлах хүрээнээс хэтэрсэн тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах замаар хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн хариу /шийдвэр/-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг “захиргааны акт биш” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхийн тогтоосон хугацаанд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч шинэ акт гаргахгүй бол Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар дүгнэлт хүчингүй болохыг заасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхийн энэ шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д заасан “1 сарын” хугацааг, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолохыг мэдэгдсүгэй.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “*******-И*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
7.Шүүхийн энэ шийдвэр нь захиргааны албан тушаалтнаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үр дагавар үүсгэх тул шүүхийн шийдвэрийг албадан Гүйцэтгэх хуудас бичигдэхгүй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
[1] ХХ-т Т дугаартай “Түлш савлах 25 кг-ын шуудай” нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерийн материал цахим хэлбэрээр авагдаж, судлагдсан
[2] ХХ-ийн 55-56 дахь тал
[3] ХХ-ийн 57 дахь тал
[4] ХХ-ийн 63 дахь тал
[5] Шүүх хуралдааны тэмдэглэлд
[6] Шүүх хуралдааны тэмдэглэлд
[7] ХХ-ийн 124-125 дахь тал
[8] ХХ-ийн 9-10 дахь тал
[9] ХХ-ийн 11-12 дахь тал
[10] Шүүх хуралдааны тэмдэглэлд