Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2018/0152

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0152

 

 

 

 

Улаанбаатар хот

Ж.У нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ж.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, С.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0942 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б гаргасан давж заалдах гомдлоор, Ж.У нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Хурдан морины салбар хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ж.У 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины Салбар хорооны хязаалан насны хурдан морины уралдаанд түрүүлсэн Ж.У миний морийг хассан шийдвэрийг хүчингүй болгуулж, бай шагналыг олгохыг хариуцагч нарт даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0942 дугаар шийдвэрээр: “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.У Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Хурдан морины салбар хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины Салбар хорооны хязаалан насны хурдан морины уралдаанд түрүүлсэн Ж.У бор халзан хязаалан морийг хассан шийдвэрийг хүчингүй болгож, бай шагналыг олгохыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...1.Анхан шатны шүүхээс Ж.У бор халзан хязааланг уралдаж ирсний дараа сэрвээний өндрийг хэмжиж хассан нь “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журамд нийцэхгүй байна” гэж үзсэн. 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн хязаалан морьдын уралдаанд уралдсан морьдоос бүх 6 насны морьд хашаанд орж ирсэн даруйд хэмжилтийг хийсэн, айргийн 5-д ирсэн морьдыг бүгдийг хэмжиж эхний 4 морь шаардлага хангахгүй болохоор эхний 12 морьдыг бүгдийг хэмжсэн гэх зэргээр 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 128/ТМ2017/2762 дугаартай урьдчилсан хэлэлцүүлэгт дуудагдсан гэрчүүд хуралдааны тэмдэглэлд тодорхой мэдүүлж, дурдсан. Хурдан морины салбар хороо гарааны үеийн зохион байгуулалт, уралдааны үеийн зохион байгуулалт, барианы үеийн зохион байгуулалтад бүгдэд оролцох эрхтэй байдаг, маргаантай асуудалд тухайн насны даамал нь салбар хорооны болон шүүгчдийн хамтарсан хуралд оролцож шийдвэрлүүлнэ гэж заасан нь морьдод хэзээ ч хэмжилт хийж болох эрх салбар хороонд байгааг харуулж байна.

Мөн хязаалан морьдын уралдааны дараа морьдын сэрвээний өндрийг хэмжихэд Ж.У бор хязаалангаас гадна дахин нэг хурдан морь сэрвээний өндрөөр хасагдсан байна гэдгийг шүүх үндэслэх хэсэгтээ тогтоосон. Яагаад тэрхүү сэрвээний өндрөөр хасагдсан нөгөө хурдан морины эзэн болон морьд уралдаж ирсний дараа сэрвээний өндрийг хэмжүүлсэн бусад 11 уяач аливаа гомдол гаргаагүйг магадлаагүй, гэрч гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй. Тэрхүү 11 уяач аливаа гомдол гаргаагүй байгаа нь салбар хорооны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгчийн бай шагнал олгохыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд:

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 128/ШЗ2017/5572 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт “...Уг маргааны үйл баримтын улмаас хязаалан насны хурдан морины уралдаанд түрүүлж бай шагнал хүртсэн морины уяачийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байх тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэж дурьдаад гуравдагч этгээдээр зөвхөн түрүү магнайд ирсэн хээр үрээний эзэн Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Л.Э оролцуулсан.

Ингэснээр бусад айргийн тавд багтсан хурдан морьдын эзэд уяачдын эрх ашиг хөндөгдөж болзошгүйг шүүх харгалзан үзэлгүй, дүгнэлт өгч шийдвэрлэхгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт MNS6464:2014 “Хурдан моринд тавих ерөнхий шаардлага”-ын 6.1-д хязаалан насны моринд тавигдах сэрвээний өндрийн дээд хэмжээ 138 см, харин Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 5 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний Их баяр наадамд монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах” журам”-ын 3.2-т сэрвээний өндрийг 137 см гэж тус тус зааснаас үзэхэд стандарт болон журмын зохицуулалт хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл хязаалан насны монгол морины сэрвээний өндөр 137-138 см байх боломжтой байна.

Бодит байдалд 2017 оны үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Хурдан морины салбар хорооноос дээрх стандартыг бус харин журмаар тогтоосон өндрийг баримталсан гэдэг ч уг журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй, журмын нэр болон зохицуулалтаас нь үзэхэд монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах агуулгатай, иймд уралдахаас нь өмнө үүлдэрлэг байдалд болон сэрвээний өндрийг тогтоохоор журамласан гэх үзэхээр байна.

Харин нэгэнт уралдаж ирсний дараа эрлийз гэх байдлаар хасч байгаа нь журмын зохицуулалттайгаа нийцээгүй, өөрөөр хэлбэл уралдуулахгүй байхаар журамласан зохицуулалтыг уралдаж ирсний дараа дахин шалгах байдлаар хэрэгжүүлсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ж.У бор халзан хязаалан хэмжилтээр хасагдалгүй уралдаж түрүү магнайлсан байхад барианд ирсэний дараа дахин сэрвээний өндрийг хэмжин 139 см байна гэх үзэж хассан нь хууль бус, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

2015 онд батлагдсан дээрх журмын дагуу 2016 оны улсын их баяр наадамд бор халзан морь шүдлэн насандаа уралдаж, түрүүлсэн байгаагаас үзэхэд ч 1 жилийн дараа эрлийз гэх үндэслэлээр хасч буй нь учир дутагдалтай.

Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-ийн 8.5-д “Азарга, их наснаас бусад насны уралдаанд айрагдсан морьдыг уралдааны дараа дахин шүдлэх бөгөөд шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасч дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” гэснээс үзэхэд айрагдсан хязаалан насны морьдыг уралдааны дараа зөвхөн шүдлэхээр байна.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойд уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаар хурлын тэмдэглэлээс үзэхэд уралдаж айрагдсан хязаалангийн үүлдэрлэг байдлыг дахин нягтлан үзсэн байгаагаас гадна 313 дугаартай уралдсан нэхэмжлэгчийн бор хязааланг үүлдэрлэг байдлаар бус харин сэрвээний өндөр журамд зааснаас 2 см илүү буюу 139 см байсан гэх үндэслэлээр хассан байх боловч хурлын тэмдэглэлд тусгагдсан хүснэгтэн мэдээлэлд бор халзан хязааланг сэрвээний өндөр төдийгүй үүлдэрлэг байдлаараа ч шаардлага хангаагүй гэж үзжээ.

Журамд зааснаар монгол морьдыг эрлийз мориноос ялгахдаа сэрвээний өндрөөс гадна тухайн морины ерөнхий галбир, бие цогцос биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүлээр нь шинжихээр байх бөгөөд эдгээр үзүүлэлтээр бор халзанг хассан талаарх ямар ч баримт байхгүй, гэтэл дээрх тэмдэглэлд тухайлбал, хязааланд айргийн 3, 4-т орсон 139, 878 дугаартай уралдсан 2 морьны сэрвээний өндөр нь 137 см-ээс бага байсан ч үүлдэрлэг байдлын хувьд шаардлагад нийцэхгүй гэж хассан байна.

Үндсэндээ нэхэмжлэгчийн бор халзан хязаалантай нийлээд айргийн эхний 4-т орсон морьдыг сэрвээний өндөр болон үүлдэрлэг байдлаар хасч, айргийн 5-д орсон 321 дугаартай морийг түрүүлсэнд тооцсон /энэ морийг хэмжилт, үүлдэрлэг байдлаар шаардлага хангасан гэж үзсэн/ боловч дараагийнх нь айргийн 2, 3, 4, 5-т оруулан тооцож буй бодит байдалд 6, 7, 8, 9-т орсон морьдод дахин хэмжилт хийж, үүлдэрдэг байдлыг шалгасан эсэх нь тодорхойгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...морьд уралдаж ирсний дараа сэрвээний өндрийг хэмжихэд 11 уяачийн морь хасагдсан. Тэрхүү 11 уяач аливаа гомдол гаргаагүй байгаа нь салбар хорооны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хэрэг...” гэж тайлбарладаг ч тэдгээр хасагдсан морьдын уяач нараас маргаагүй нь салбар хорооны шийдвэр зөв байсан гэх хангалттай нотолгоо болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ” гэж заасан тул хязаалан насанд 1-р байранд орсон гэж тооцогдсон 321 дугаартай морины эзнийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татсан нь зөв, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн бор халзанг хассан шийдвэрийг хүчингүй болгох эсэхээс хамаарч айргийн тав, цаашлаад нэг, нэг байр ухрах үр дагаварт хүргэх магадлалтай гэж үзэн уралдсан бүх хязаалан насны морьдын эздийг гуравдагч этгээдээр татах боломжгүй юм.

Тухайн үед хэмжилт хийхэд бор халзан хязаалан тахтай байсан эсэх талаар гэрч болон нэхэмжлэгчийн зүгээс өөр өөр тайлбар хийдэг, гэвч үүнийг тогтоох боломж цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд байхгүй ч хэргийн 28 дахь талд авагдсан уралдсаны дараа хэмжилт хийлгэж байх үеийн болон хэргийн 103 дахь талд авагдсан зурагт тус тус бор халзан морь тахтай байсан байх боломжтой болох нь зүүн урд хөлнөөс харагдахаар байна.

103 дугаар талд авагдсан зургаас тахтай байдал бүр ч тодорхой харагдах бөгөөд 313 дугаартай хүүхдийн өмсгөл, бусад байдал нь хэмжилт хийлгэх үеийн нөхцөл байдалтай адил байгааг харьцуулан харж болохоор байх тул тахны зузаан хэмжилтэд нөлөөлсөн байх магадлалтай болохыг, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ДНХ-ийн лабораторид мал, амьтны ДНХ-г тогтоох харьцуулах шинжилгээ хийдэггүй гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан зэргийг энэхүү магадлалыг гаргахдаа харгалзан үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН