Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 17

 

 

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Монгол Ардын намыг /Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 8082001001/ төлөөлж, Увс аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Батсайханы нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Сонгуулийн хороонд холбогдох,

       “Увс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 сарын 17-ны өдрийн “нэр дэвшигчээр бүртгэх тухай” 06 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаас Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэгдсэн Д.Насанбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Насанбаярыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Дулмаа, хариуцагч Увс аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус хорооны гишүүн  Н.Энхжаргал,  гуравдагч этгээд Д.Насанбаяр, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Увс аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Батсайхан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дамба овогтой Насанбаяр нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-т зааснаар банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх гэсэн нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй байж Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн  27 дугаар тойрогт нэр дэвшиж бүртгүүлсэн байна. Д.Насанбаяр нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших үедээ Голомт банкинд зээл түүний хүү нийт 23.218.231 /хорин гурван сая хоёр зуун арван найман мянга хоёр зуун гучин нэг/ төгрөгийн өртэй байсан болох нь Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдсон байна. Уг мэдээллийг www.shuukh.mn сайтаас авсан болно. Д.Насанбаяр нь шүүгчийн захирамж гарснаас хойш тохиролцсон хугацаанд өрөө төлөөгүй тул Голомт банк шүүхэд хүсэлт гаргаснаар 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх хуудас бичүүлжээ.

     Д.Насанбаяр нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй. 157 дугаар зүйлийн 157.2.5-д заасан “өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг” үнэн зөв үйлдээгүй зэрэг нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болж байна.

       Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлнэ” гэж заажээ. Д.Насанбаяртай холбогдох асуудлыг www.shuukh.mn сайтаас олж мэдсэн ба 2016 оны 05 сарын 31-ний өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газарт шүүгчийн захирамжид гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх талаар лавлагаа авахаар албан тоот хүргүүлсэн. Шүүхийн тамгын газраас лавлагааг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 142 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Аймгийн Сонгуулийн хороонд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшсэн Д.Насанбаярыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлүүлэх тухай 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 87 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж хариу ирүүлээгүй байна.

     Иймд Увс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын 2 дугаар хавсралт, жагсаалтын 38 дугаарт бичигдсэн Ардчилсан намаас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурдын 2016 оны ээлжит сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэгдсэн Д.Насанбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Насанбаярыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаас Ардчилсан намаас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Насанбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Насанбаярыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Д.Насанбаяр нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1 дэх хэсэгт заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй байж Ардчилсан намаас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшиж бүртгүүлсэн байдаг. Д.Насанбаяр нь нэр дэвшигчээр бүртгүүлэх үедээ Голомт банкинд зээл болон түүний хүү 23.218.231 төгрөгийн өртэй байсан бөгөөд энэ нь Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 298 дугаар захирамжаар тогтоогдож байна. Монгол Ардын намын хороо уг захирамжийг shuukh.mn сайтаас олж мэдсэн ба уг захирамжаар олгосон хугацаанд Д.Насанбаяр нь зээлээ төлөөгүй учраас Голомт банк шүүхэд хүсэлт гарган 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн байдаг. Иймээс Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, 157 дугаар зүйлийн 157.2.5-д заасан өр төлбөргүй болох тухай мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй зэрэг нь Д.Насанбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасны дагуу Монгол Ардын намын хорооноос  аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 87 дугаартай албан тоот хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан гэв.

    Хариуцагч Увс аймгийн сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 05 сарын 12-нд Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг батламжлах тухай 2016 оны 5 дугаар сарын 09-ний 01 тоот тогтоол түүний хавсралт 1, тус намын хорооны 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, 2016 оны 5 дугаар сарын 12-ны 21 дүгээр албан бичгийг нэр дэвшигчдийг бүртгүүлэх тухай хүсэлт, 41 нэр дэвшигчийн нэр дэвшигчийн бүрдүүлсэн бичиг баримтын хамт тус бүр ирүүлснийг хүлээн авсан, ийнхүү хүлээн авахдаа Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журам, 157 дугаар зүйлд заасан нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн бүрдэл гүйцэд, хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д заасны дагуу нягтлан шалгах ажлыг хийж хүлээж авсан. Тухайн үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 27 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Насанбаяр бүрдүүлсэн баримтдаа өр төлбөргүй тухай нэр дэвшигчийн мэдүүлэгтээ өргүй гэдгээ банк, бусад хуулийн этгээд иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй гэж тус тус мэдүүлж ирүүлсэн байдаг.

       Ингээд аймгийн Сонгуулийн хороо нам болон нэр дэвшигчдээс ирүүлсэн баримт бичгийн хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д заасны дагуу нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар “нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоолыг гаргасан. Гэтэл аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Увс аймгийн Монгол Ардын намын хорооноос 87 тоот албан бичгээр Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Насанбаяр бусдад хугацаа хэтэрсэн өртэй нь шүүхээр тогтоогдсон тул нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхийг хүссэн мэдээлэл ирүүлснийг хүлээн авч 2016 оны 6 сарын 6-ний өдрийн аймгийн Сонгуулийн хорооны 9 дүгээр хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгохоос түр түдгэлзэж, нэр дэвшигч Д.Насанбаяр болон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тодруулга авахаар албан бичгээр хандахаар шийдвэрлэсэн. Аймгийн Сонгуулийн хорооноос хандсан албан бичгийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Голомт банкны Увс салбарын албан бичгээр Д.Насанбаярыг өр төлбөргүйг тус тус тодорхойлсон байдаг. Иймд дээрх байгууллагуудаас нэр дэвшигч Д.Насанбаярт холбогдуулан ирүүлсэн хариу албан бичгийн дагуу аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 6 сарын 10-ны өдрийн 10-р хуралдаанаар дахин хэлэлцээд Д.Насанбаярын өр төлбөргүйг холбогдох эрх бүхий байгууллагуудын тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор хурлын тэмдэглэлээр шийдвэрлэсэн гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Насанбаярыг нэр дэвших үед Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.3.1-д заасан өр төлбөргүй байсан бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5-д зааснаар нэр дэвшигчийн өөрийнх нь тайлбар болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байсан учраас аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 06 тоот тогтоол гарган нэр дэвшигчээр бүртгэсэн. Ардчилсан намаас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшигчдийн бичиг баримтын асуудлыг хэлэлцсэн дэлгэрэнгүй тэмдэглэл, албан бичгийн хамт 41 нэр дэвшигчдийн материалыг ирүүлснийг Сонгуулийн хороо нэг бүрчлэн хянаж үзээд бүртгэх эсэхээ шийдвэрлэсэн. Тухайн үед Д.Насанбаяр өр төлбөргүй болох нь тогтоогдсон байсан. Нэхэмжлэлийн шаардлаганд Д.Насанбаярыг нэр дэвшигчээр бүртгэх үед өртэй байсан гэж байна. Тухайн үед Сонгуулийн хороо нь холбогдох хууль тогтоомж болон Сонгуулийн тухай хууль, холбогдох байгууллагуудын тодорхойлсон тодорхойлолтын дагуу Д.Насанбаяр нь ямар нэгэн өр, төлбөргүй байсан учраас нэр дэвшигчээр бүртгэсэн. Тэрнээс биш Сонгуулийн хороонд Д.Насанбаярыг өртэй эсэхийг нэмэлт байдлаар шалгах эрх байхгүй бөгөөд ирүүлсэн баримт бичгийн хүрээнд бүртгэх ажиллагаа явагдсан. Бүртгэл хийгдээд албан ёсны тогтоол гарсны дараа Монгол Ардын намаас 2016 оны 6 дугаар сарын 04-нд 87 тоотоор нэр дэвшигч Д.Насанбаярын талаар мэдээлэл ирүүлсэн бөгөөд Сонгуулийн хороо 6 дугаар сарны 07-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох өдөр байсан учраас 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монгол Ардын намаас нэр дэвшигч Э.Баатарсан болон Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Насанбаяр нарын асуудлаар хуралдаж дээрх 2 нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэх олгох асуудлыг түдгэлзүүлсэн. Сонгуулийн хорооноос 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгох ажиллагааг зохион байгуулж хамгийн эхэнд нь Монгол Ардын намаас нэр дэвшигч Э.Баатарсан болон Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Насанбаяр нарт холбогдуулан ирсэн гомдол мэдээллийн дагуу нэр дэвшигчээр бүртгэх асуудлыг түдгэлзүүлсэн талаар албан ёсоор хоёр намд танилцуулсан. Тиймээс намын төлөөлөл болон 41 нэр дэвшигч албан ёсоор ирсэн байх үед Сонгуулийн хорооны дарга өөрийн биеэр амаар мэдээлсэн учраас Монгол Ардын намд хариу мэдэгдсэн гэж үзсэн. Д.Насанбаярт ямар нэгэн өр төлбөр байгаа эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахад 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 565 тоот албан бичгээр өр төлбөргүй болно гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн бөгөөд Д.Насанбаярт таны талаар мэдээлэл ирсэн байна, та энэ талаар тодруулж өгнө үү гэхэд Голомт банкнаас зээл болон зээлийн хүүгийн ямар нэгэн өр төлбөргүй болно гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн. Эдгээрийг хүлээж аваад 2016 оны 6 дугаар сарын 10-нд Сонгуулийн хороо энэ асуудлыг дахин хэлэлцэж дээрх байгууллагуудын албан бичгийг үндэслэн Д.Насанбаярыг нэр дэвшигчээр бүртгэсэн гэв.

       Гуравдагч этгээд Д.Насанбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихдээ хуульд заасан бүх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д заасан шаардлагыг хангасан нь банк бусад хуулийн этгээдэд өр төлбөргүй байсан гэдэг нь Увс аймгийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн 2016.06.21-ний өдрийн 93 тоот хариу тайлбар, Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 565 тоот албан бичгээс харагдаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх өөрөөр хэлбэл, аймгийн Сонгуулийн хорооноос 06 тоот тогтоол гарахад нэр дэвшигчид тавигдах шаардлага бүрэн хангагдсан байсан. Намайг өртэй гэсэн албан бичиг аль ч байгууллагаас ирээгүй байсан. Би барьцаа хөрөнгөөрөө найздаа зээл авч өгсөн. Намайг Увс аймагт ирсэн байх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 6 дугаар 6-ны өдөр ярьсан даруйд нь Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудастай нь танилцаж өр төлбөрийг барагдуулсан.

       Голомт банкны нэхэмжлэл Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг дээр байх үед шүүгчийн туслах Ц.Баярмагнай 4 дүгээр сарын 20-нд буюу намайг Увс аймагт байх үед дуудаж уулзсан бөгөөд би өөр хүнд зээл авч өгсөн, тэр хүнтэйгээ холбогдож байгаад болъё гээд зээл авч өгсөн хүнтэйгээ ярихад 5 дугаар сарын 10-ны өдөр гэхэд уг зээлийг барагдуулна, тэр хүртэл түр хойшлуулж өгөөч гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн үед энэ талаар шүүгчийн туслахад хэлэхэд 5 дугаар сарын 10-ны дотор уг зээлийг барагдуулна гээд тайлбараа бичиж өгөх талаар хэлсэн. Би удалгүй Улаанбаатар хот явсан бөгөөд намайг хотод байх үед шүүгчийн туслах тайлбараа явуулах хэрэгтэй байна гэхэд нь би 4 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн цахим хаягаар уг зээлийг 5 дугаар сарын 10-ны өдөр барагдуулна гэсэн тайлбарыг явуулсан байдаг. Ингэхдээ би шүүхийн шийдвэр гараад ийм асуудал үүснэ гэж огт мэдээгүй. Шүүхийн шийдвэр гарсан талаар надад мэдэгдээгүй бөгөөд 6 дугаар сарын 06-ны өдөр Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас утсаар ярихад мэдсэн бөгөөд тэр өдөр нь уг зээлийг өөрийн мөнгөөр төлж барагдуулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Дулмаа өмгөөллийн саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Д.Насанбаяр нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших үедээ Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д заасан шаардлагыг хангаагүй байсан. Энэ талаар Сонгуулийн хороонд мэдэгдсэн бөгөөд Сонгуулийн хороо Д.Насанбаярын бүрдүүлж өгсөн материалын дагуу нэр дэвшигчээр бүртгэсэн талаар огт маргаагүй, харин Д.Насанбаяр нь өртэй байсан мөртлөө өр төлбөргүй гэсэн тодорхойлолт, мэдээлэл бүрдүүлж өгсөн нь буруу, энэ нь илэрсэн учраас Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 158 дугаар зүйлийн 158.1.2-д зааснаар нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасч нийтэд мэдээллэх ёстой гэдэг байдлаар Сонгуулийн хороонд хандсан. Сонгуулийн хороо энэ асуудлыг шалгасан бөгөөд үүнийг бид нар буруутгаагүй харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэх ёстой байсан. Сонгуулийн хороо Монгол Ардын намын хорооноос нэр дэвшигч Д.Насанбаярт холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийн хариуг өнөөдрийг хүртэл албан ёсоор өгөөгүй ба Сонгуулийн хороо энэ үйл ажиллагаагаа биелүүлэхгүй байгаа явдал нь аль аль талдаа хор хохиролтой байдлыг бий болгож байна. Сонгуулийн хороо  нэр дэвшигч Д.Насанбаярыг бүртгэсний дараагаар Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь илэрсэн тохиолдолд энэ байдлыг таслан зогсоогоогүйгээс Д.Насанбаярт эдийн засаг болон сэтгэл санааны маш их хохирол учирч байгаа байх. Бидний зүгээс хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж мэдээлэл гаргасан бөгөөд үүнийг үндэслэж Сонгуулийн хороо Д.Насанбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан бол Д.Насанбаярт их хэмжээний хохирол учрахгүй байсан. Мөн Монгол Ардын намын хорооны эрх ашиг хөндөгдөж байна. Сонгуулийн тухай хуулинд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан хүн нэр дэвших ёстой бөгөөд зээлгүй, хугацаа хэтрээгүй зээлтэй байж болно, харин Д.Насанбаяр нь шүүгчийн захирамжинд дурдсанаар 297 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлтэй ба Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан шаардлагыг огт хангаагүй байж бүртгүүлсэн байдаг бөгөөд Сонгуулийн хороо үүнийг таслан зогсоохгүйгээр эс үйлдэхүй хийсэн. Нөгөөтэйгүүр Сонгууль явагдаад эцсийн дүн гарсны дараагаар энэ байдал илэрч эцэслэн шийдвэрлэгдэж Сонгуулийн хороо биелүүлэхгүй байх тохиолдолд Сонгууль дахин явагдах асуудал гарч ирнэ. Үүнтэй холбоотой бүх зардлыг буруутай этгээд хариуцах зэрэг эрх зүйн үр дагаврууд байгаа. Тийм учраас Сонгуулийн хороо энэ асуудалд болгоомжтой, хуулийн хүрээнд ажиллах ёстой байтал энэ үүргээ биелүүлэхгүй байгаад нь үнэхээр харамсаж байна.

        Сонгуулийн тухай хуулинд зааснаар нэр дэвшигчид тавигдаж байгаа гол шаардлага нь нэр дэвших үедээ шүүхийн шийдвэрээр баталгаажсан өргүй байх ёстой гэсэн байдаг. Өмнөх сонгуулиудад сүүлийн 10 жилийн шүүхийн шийдвэрүүдийг шүүлгэж судалгаа авдаг байсан бол энэ удаагийн сонгуулиар зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тодорхойлолт авч нэр дэвшигчдийг бүртгэж байгаа явдал нь нэр дэвшигчдийг эрсдэлтэй алхам хийхэд хүргэж байна. Сонгуулийн тухай хуулинд шүүхийн шийдвэрээр баталгаажсан өргүй байх ёстой гэсэн болохоос биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тодорхойлолт авсан байх ёстой гэсэн заалт байхгүй. Сонгуулийн хороо үүсээд байгаа асуудал дээр бодитой хандах ёстой байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй учраас энэ үйл явц өнөөдрийг хүртэл өрнөж байна. Сонгуулийн байгууллага хуулийг нэг мөр дагаж, хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстой гэдэг байр сууринаас Монгол Ардын намын хороо энэ асуудалд хандаж харсаар, үзсээр байж зүгээр өнгөрөөж болохгүй гэж үзсэн. Намын зүгээс Сонгуулийн хороонд 6 дугаар сарын 04-нд Д.Насанбаяртай холбоотой мэдээлэл гаргасан бөгөөд энэ алдаагаа засах байх гэж үзэн нэхэмжлэл гаргах хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

         Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчимэг өмгөөллийн саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Д.Насанбаярын өмгөөлөгчөөр оролцож байна. Увс аймгийн Монгол Ардын намын хорооноос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгуулийн хорооны 06 тоот тогтоол нь хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэлд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1, 158 дугаар  зүйлийн 158.1.2, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтуудыг баримтласан байна. Эдгээр заалтууд дээр эрх зүйн дүгнэлт хийе гэж бодож байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д заасан шаардлагыг Д.Насанбаяр хангасан гэж үзэж байна. Аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ холбогдох эрх бүхий байгууллагаас тодорхойлолт авсны үндсэн дээр бүртгэсэн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 10 жилийн доторх бүх шүүхийн шийдвэрүүдийг түүдэг байсан гэж байна. Тэгэхээр хуулинд заавал 10 жилийн хугацааны доторх шүүхийн шийдвэрээс шүүж, судлаж байж бүртгэх ёстой гэсэн үг, өгүүлбэр олж харахгүй байна. Увс аймаг дахь  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 298 дугаар шийдвэрийн хувьд хуулийн хүчин төгөлдөр үйлчлэл нь эхлээгүй гэж үзэж байна. Учир нь Д.Насанбаяр уг захирамжийг хууль зөрчиж гаргасан, процессийн алдаатай гэж үзэн 6 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан бөгөөд хэргийг Баян-Өлгий аймаг уруу шилжүүлсэн байдаг. Шүүх хуралдаан Баян-Өлгий аймагт 6 дугаар сарын 27-нд зарлагдсан бөгөөд Д.Насанбаярыг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өртэй байна гэж үзэх асуудал нь бүрэн шийдэгдээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд мөн Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар  зүйлийн 158.1.2-д заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байдаг. Сонгуулийн хороо холбогдох байгууллагуудаас тодорхойлолт авсан учраас өр төлбөргүй гэсэн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтын хувьд нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж хар дээр цагаанаар бичсэн байна. Д.Насанбаярыг өртэй байна гэсэн албан ёсны тодорхойлолт, саналыг Сонгуулийн хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Голомт банкнаас ч ирүүлээгүй байдаг. Тиймээс Д.Насанбаярыг нэр дэвшигчээс хасах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

         Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Монгол Ардын намыг төлөөлж, Увс аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Батсайхан дараах шаардлагууд бүхий нэхэмжлэлийг 2016 оны 6 сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

         1. Увс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэх тухай” 06 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаас Ардчилсан намаас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэгдсэн Дамбын Насанбаярт холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах;

        2. Нэр дэвшигч Д.Насанбаярыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгуулах.

          Шүүх энэхүү нэхэмжлэлийг Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д: “Орон нутгийн хурлын сонгуультай холбогдуулан тухайн шатны сонгуулийн хороонд холбогдох маргааныг тухайн сонгуулийн хороо байрлаж байгаа нутаг дэвсгэрийн захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ” гэснээр тус шүүхэд хамаарах хэргийн  болон нутаг дэвсгэрийн харьяаллын маргаан гэж үзлээ.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх нь хуульд тусгайлан заасан буюу Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4.1-д зааснаар үүссэн, нөгөө талаас Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д: “Аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тухайд сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн сонгуулийн хороо гэсэн тогтолцоотой байна”. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д: “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна” гэж заасан байх тул уг нэхэмжлэлд захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүйгээр шууд хүлээн авах боломжтой байна.

      Нэхэмжлэгч Монгол Ардын нам нь хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлийг[1] олгосноор нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх олгогдсон этгээд болох Увс аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Батсайхан нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэл нь Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасан шаардлагуудыг хангасан, мөн хуулийн 113.5-д заасан хугацааны дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргажээ.

     Иймд нэхэмжлэл нь нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр болон хуульд заасан шаардлагуудыг хангасан, хуульд заасан хугацааны дотор мэдүүлсэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэлүүд байхгүй гэж үзэж, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

     Нэхэмжлэгч тал нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Насанбаяр нь нэр дэвшигчийн талаарх материал аймгийн Сонгуулийн хороонд хүргэгдэх үе буюу 2016 оны 5 сарын 12-нд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн өр төлбөртэй байсан. Энэ нь бусад нэр дэвшигч тухайлбал, Монгол Ардын намын нэр дэвшигчдийн гарааны тэгш бус байдлыг түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д: “банк бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа батлан даалтын өргүй” гэсэн заалтыг зөрчсөн байна. Уг зөрчил нь нэр дэвшигчээр бүртгэгдсэний дараа илэрсэн тул уг нэр дэвшигчийг бүртгэсэн тогтоолын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвшигч Д.Насанбаярыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгуулна хэмээн маргааны зүйлээ тодорхойлж, шүүх хуралдаан дээр мэтгэлцэв.

       Хариуцагч аймгийн Сонгуулийн хороо нь Ардчилсан нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх материалаа ирүүлсэн, бид бүрэн эрхийнхээ хүрээнд нэг бүрчлэн хянаж үзэхэд тухайлбал, нэр дэвшигч Д.Насанбаярыг бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, өр төлбөрийн талаарх албан ёсны байгууллагын гаргасан баримтыг бид харгалзан үзэж шийдвэр гаргасан, нэр дэвшигчээр бүртгэсний дараа өртэй байдал мөн илрээгүй, учир нь эрх бүхий байгууллагаас өргүй болох талаар тодорхойлолт гаргаж ирүүлсэн тул нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас Д.Насанбаярыг хасах үндэслэл байгаагүй болохыг дурдаж, шүүх хуралдаан дээр мэтгэлцэв.

      Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн зүгээс Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 298 дугаар шийдвэр гарсныг мэдээгүй, шийдвэр гүйцэтгэх албанаас ярьснаар мэдсэн, мөн уг шийдвэрийн хувьд хуулийн хүчин төгөлдөр үйлчлэл нь эхлээгүй, маргаантай байгаа, нөгөө талаар өр төлбөрийг бүрэн барагдуулсан тул өр төлбөргүй болохыг холбогдох байгууллагууд тодорхойлж байгааг дурдаж, шүүх хуралдаан дээр мэтгэлцэв.

     Тэгвэл Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 27 дугаар тойрогт аймгийн Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Насанбаярыг Увс аймагт арилжааны банкны үйл ажиллагаа явуулдаг Голомт банкинд зээлийн гэрээний үүрэг болох 23,3  /хорин гурав аравны гурав/ сая төгрөгний төлбөр төлөх байсныг Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр[2] тогтоож, уг шийдвэрт шүүхийн гүйцэтгэх хуудас[3] 2016 оны 5 сарын 25-ны өдөр бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 5 сарын 27-нд эхлүүлж, төлбөр төлөгч төлбөрийг барагдуулсан, харилцан тохиролцсон гэх шалтгааныг дурдаж дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг[4] дуусгавар болгожээ. Энэ талаар хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид нь маргахгүй байна. Тодруулбал, Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Насанбаяр нь Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгээгүй төлбөртэй байсан гэдэгт шүүх хуралдаанд оролцогчид маргахгүй байна.

         Увс аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 06 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар[5]  Увс аймгийн Ардчилсан намаас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшин оролцох нэр дэвшигчдийг бүртгэж баталгаажуулжээ.

        Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д зааснаар аймгийн Сонгуулийн хороо дээрх шийдвэрийг гаргасан байх бөгөөд ингэхдээ ШШГГ-ын дарга, Улсын Ерөнхий гүйцэтгэгчийн гаргасан ОЭ84022812 регистрийн дугаартай Д.Насанбаяр нь банк, хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өргүй болох талаарх тодорхойлолт[6], нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан өр төлбөрийн талаарх мэдүүлэг[7] зэргийг харгалзан үзжээ. Ийнхүү шийдвэрлэснийг шүүхээс буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Д.Насанбаярт хариуцагдах Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байгаа боловч уг шийдвэрийн талаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, ШШГГ-ын өртэй этгээдийн бүртгэлд ороогүй байсан түүнчлэн захиргааны байгууллага болох Сонгуулийн хороо нь эрх бүхий байгууллагаас ирсэн албаны эх сурвалжийг өөрийн санаачилгаар шалгах эрхгүй байсан байна.

       Харин нэр дэвшигчээр бүртгэгдсэний дараа 2016 оны 6 сарын 4-нд аймгийн Монгол Ардын намын хорооноос мэдээлэл хүргүүлсэн ба уг мэдээлэлдээ холбогдох хууль зөрчигдөж байгаа тул өр төлбөртэй этгээд болох Д.Насанбаяр нэр дэвшсэн байгааг нийтэд мэдээлж, түүний нэрийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах ёстой гэжээ.

    Захиргааны байгууллага болох аймгийн Сонгуулийн хороо нь маргаан бүхий асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэн авч Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т: “сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 27.4-т: “сонгуулийн хорооны шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэснээр шийдвэр гаргаагүй харин хуралдааны тэмдэглэл гаргасан нь хэрэгт авагдсан бөгөөд ийнхүү захиргааны байгууллага эрх хэмжээний асуудлаараа шийдвэр гаргаагүй нь учир дутагдалтай боловч энэ байдал нь гуравдагч этгээдийн эрхийг хөндөхгүй ба түүнчлэн гуравдагч этгээд Д.Насанбаярыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлээгүй гэж сонгуулийн байгууллагыг буруутгах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

      Яагаад гэвэл, маргааны үйл баримтын хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д: “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа батлан даалтын өргүй” байх хуулийн заалтыг хангаагүй байж нэр дэвшүүлсэн гэж үзэхийн тулд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийг барагдуулах талаарх албан ёсны шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байх, тэгэж байж өр төлбөртэй этгээдийн бүртгэлийн санд орж, өртэй эсэх талаарх лавлагаа тодорхойлолт гарахаар байна. Энэ байдал нь дээр дурдсанаар нэр дэвшигчдийн бүртгэл явагдах үед мэдэгдэх боломжгүй байсан, харин дараа нь хүргүүлсэн мэдээлэл буюу Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасан асуудлын талаар аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4-д зааснаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хуралдаж, тэмдэглэл[8] үйлдсэн, ийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч аймгийн Монгол Ардын намын хорооны хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

      Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, өөрийнхөө зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргадаг ба уг нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна гэж хуулийн зорилго, үйлчлэх хүрээг тодорхойлсон байдаг. Тэгэхээр өөр бусад байдлаар хууль зөрчигдсөн боловч тухайн нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй үед хуулийн зорилго агуулгын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хязгаарлагдаж байдаг болно.

     Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д: “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д: “Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэж хуульчилсан байна. Тэгэхээр аливаа этгээдийн сонгох, сонгогдох эрхийг буюу сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглох хуулийн агуулга, ардчилсан ёс, хууль дээдлэх зарчмуудын агуулгын хүрээнд маргаан бүхий асуудалд шүүхээс хандсаныг тэмдэглэж байна.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох аймгийн Ардчилсан намаас нэр дэвшин орон нутгийн хурлын сонгуульд оролцож байгаа Д.Насанбаяр  нь нэр дэвших үед банкинд зээлийн өр төлбөртэй байсан ба бүртгүүлэх үед илрээгүй, бүртгүүлсний дараа өр төлбөрөө бүрэн барагдуулсан байгааг үндэслэн аймгийн Сонгуулийн хороо нь түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхгүй гэж үзсэн нь Сонгуулийн тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн асуудал байна, ингэж шийдвэрлэсэн нь  нэхэмжлэгч Увс аймгийн Монгол Ардын намын хорооны хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

        Шүүхээс сонгуулийн маргааны онцлогийг харгалзан Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчмыг баримтлан ажилласан болохыг дурдах нь зүйтэй.

     Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: “... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9,  72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

       1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.8, 115 дугаар зүйлийн 115.1, 159 дугаар зүйлийн 159.1-д заасныг баримтлан “Увс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 06 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаас Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэгдсэн Дамбын Насанбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Насанбаярыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай” Увс аймгийн Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан төлөөлөн нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

                                                                                

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 11 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 сарын 28-ны өдрийн 298 дугаар захиармж.

[3] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас 2016 оны 5 сарын 23-ны өдрийн 223 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас

[4] Хавтаст хэргийн 40-45 дугаар хуудас. Аймгийн ШШГА-аас ирүүлсэн нотлох баримтууд.

[5] Маргаан бүхий захиргааны акт. Хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 62 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 48-52 дугаар хуудас.