Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/00196

 

Д.Уламсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2016/00908 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1974 дүгээр магадлалтай,

         Д.Уламсайханы нэхэмжлэлтэй,

         П.Батжаргалд холбогдох        

         Зээлийн гэрээний үүрэгт 28 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдсайханы гаргасан тайлбарт: “...Миний бие Д.Уламсайхан нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт орших Нарантуул Олон улсын худалдааны төвд байрлах 32 тоот хүнсний агуулахыг түрээсээр ажиллуулдаг. 2009 оны 4 сарын 10-ны өдөр Боса төвд нягтлангаар ажилладаг П.Батжаргал гэгч эмэгтэй над руу утсаар холбогдон “1000 хайрцаг ургамлын тос түр хугацаагаар зээлдүүлээч тооллогонд оруулчихаад өгье” гэсэн хүсэлтийг тавихад нь би зөвшөөрч 32 тоот хүнсний агуулахад ажиллаж байсан Г.Зоригоо гэх залууд “БОСА төвийн нягтлан П.Батжаргалыг ирэхээр нь 1000 хайрцаг тос өгөөд явуулаарай” гэж хэлсэн. Өмнө нь П.Батжаргал надаас 500 хайрцаг ургамлын тос зээлээр аваад удахгүй мөнгийг нь өгсөн болохоор итгээд 1000 хайрцаг тосоо ийнхүү өгч явуулсан. Энэхүү ургамлын тос нь 1 хайрцагандаа 12 ширхгээр савлагдсан, нэг бүрийнх нь үнэ 2.340 төгрөг, 12.000 ширхэг буюу 28.080.000 төгрөгийн үнэтэй болно. Тухайн үед П.Батжаргал манай агуулахаас очиж тос авахдаа “түр хугацаагаар тоолуулчхаад буцааж өгөхөөр тохиролцов” гэсэн гарын үсэг бүхий баримтыг үйлдсэн байсан. Уг үйл явдлаас хойш П.Батжаргалаас ургамлын тосоо нэхтэл удахгүй өгнө гэсээр хугацаа өнгөрөөсөн бөгөөд сүүлдээ 1000 хайрцаг тосыг аваагүй хэмээн мэлзэх болсон тул би Цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргаж П.Батжаргалын хууль бус үйлдлийг шалгуулсан. Дүүргийн 1 дүгээр Прокурорын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 185 тоот тогтоолоор “П.Батжаргал нь Д.Уламсайханаас тос авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152.1 дэх хэсэгт заасан хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг байна. Гэвч гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 6 сар өнгөрч 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд дээрх үндэслэлээр иргэн П.Батжаргалаас зээлээр авсан 1.000 хайрцаг ургамлын тосны үнэ болох 28.080.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

   Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “ ...Би Боса импексид нярваар ажиллаж байх хугацаандаа Д.Уламсайхантай ажлын талаар утсаар холбогдож байснаас хувийн асуудлаар буюу 1000 хайрцаг тос гуйж авч байгаагүй. Мөн урд нь 500 хайрцаг тос авч байгаагүй. Энэ хүн намайг маш их гүтгэж байна. Би Д.Уламсайханаас хэзээ ч тос гуйж байгаагүй. Мөн тэр өдрөөс хойш надаас тос, мөнгөө нэхэж ярьсан гэж худлаа ярьж байна. Над руу 1 ч удаа ярьж байгаагүй. Цагдаагийн байгууллагаар шалгуулж байхдаа өгсөн мэдүүлэг болгон зөрдөг байсан учраас хэрэгсэхгүй болсон. Д.Уламсайхан нь “БОСА”-гийн борлуулагч байсан н.Нямдорж, н.Мөнхнаран нартай бизнесийн холбоотой байхдаа энэ тосыг н.Нямдоржид өгсөн, энэ хүмүүс тосыг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ асуудал надад ямар ч хамаагүй.” гэжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2016/00908 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Батжаргалаас 28.080.000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Уламсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1974 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09  дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2016/00908 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Батжаргалаас 28.080.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уламсайханд олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч П.Батжаргалаас 298.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уламсайханд олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 184/ШШ2016/00908 дугаар шийдвэртэй хэргийг нэхэмжлэгч Д.Уламсайханы гаргасан гомдлоор хянан хэлэлцээд гаргасан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1974 дүгээр магадлалыг хариуцагч П.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах үндэслэлээр шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ИХШХШ тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: Д.Уламсайхан нь Нарантуул зах дээр хүнсний агуулах түрээсэлж, “Боса импекс” ХХК, “Боса трейд” ХХК-д гэрээт борлуулагчаар ажиллаж байсан бөгөөд “БОСА” ХХК-иас бараагаа авч, борлуулж төлбөрийг “БОСА” ХХК-д төлдөг байсан гэдэг нь зохигчид болон гэрч н.Нямдорж, н.Мөнхнаран нарын мэдүүлгээр болон хэрэгт гэрч н.Мөнхнарангийн нотлох баримтаар гаргаж өгсөн, н.Мөнхнаран, н.Нямдорж нар Д.Уламсайханы өмнөөс Д.Уламсайханаас... гэж түүний төлбөрийг төлснийг “БОСА” ХХК хүлээн авсан санхүүгийн баримтуудаар нотлогдож байгаа юм. Иймд маргаж буй 1000 хайрцаг ургамлын тос нь Д.Уламсайханы өөрийнх нь биш, “БОСА” ХХК-иас авч борлуулж байсан “БОСА” ХХК-ийн бараа юм гэсэн хариуцагч болон гэрчүүдийн мэдүүлэг тайлбарыг Д.Уламсайхан үгүйсгээгүй, “БОСА” ХХК-иас би худалдаж авч борлуулж байсан гэх боловч тосны мөнгийг нь төлж худалдаж авсан өөрийн хөрөнгө байсан гэдгийгээ ямар нэг баримтаар нотлож чадаагүй учир энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр энэ дүгнэлтийг буруу гэж дүгнэж , хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн. Хэрэгт авагдсан хариуцагч П.Батжаргалын би тосыг аваагүй гэсэн тайлбар, гэрч н.Нямдорж, н.Мөнхнаран нарын Д.Уламсайханаас н.Нямдорж 1000 хайрцаг тосыг зээлээр худалдан аваад, хүлээн авсан баримт үйлдээгүй захаас гарсан хойно нь гарын үсгээ зуруулахаа мартсан байна гэж ирж гарын үсэг зур гэхэд нь тухайн үед П.Батжаргал машинтай зөрж зах руу орж байгаа таарсан тул түүний өмнөөс гарын үсэг зурчхаарай гэсэн н.Нямдоржийн даалгаврын дагуу П.Батжаргал орж гарын үсэг зурсан гэсэн мэдүүлэг нь Д.Уламсайханы өмнөөс н.Нямдорж, н.Мөнхнаран нар “БОСА” ХХК-д мөнгө, бараа өгсөн бичгийн баримтуудаар давхар нотлогддог. Д.Уламсайхан нь н.Нямдорж, н.Мөнхнаран нарыг түүний өмнөөс 2009 оны 4 дүгээр сараас 5 дугаар сард 28.000.000 төгрөгийг мөнгөөр болон бараа өгч “БОСА” ХХК-д төлснийг болон төлбөр төлсөн гэх нотлох баримтыг үгүйсгэдэггүй, нотлох баримтаар няцаалт өгөөгүй. Хоорондын тооцоо байсан гэж тайлбарладаг боловч, н.Нямдорж, н.Мөнхнаран нартай 2009 оны 4, 5 сараас өмнө нь хэзээ ямар хэмжээний, ямар нэр төрлийн, ямар үнэ бүхий бараа өгсөн авсан байсныг болон , 2009 оны 5 дугаар сар гэхэд тэдний хооронд 28.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан гэдгийг буюу н.Мөнхнаран, н.Нямдорж нарын “БОСА” ХХК-д төлсөн төлбөр нь тосны төлбөр биш гэдгийг нотолсон ямар ч баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд барааг П.Батжаргал аваагүй, н.Нямдорж авсан гэсэн хариуцагчийн тайлбар, гэрч н.Нямдорж, н.Мөнхнаран нарын мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан төлбөрийг “БОСА” ХХК-д Д.Уламсайханы нэрээр төлсөн бичгийн баримтуудаар давхар нотлогдож байгаа учир энэ 2 гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэдэг нь нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүдийн мэдүүлгийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм гэж ташаа дүгнэлт хийсэн. Гэрч н.Зоригоо нь Д.Уламсайханы ачигчаар ажилладаг, түүнээс цалинждаг учир түүний хараат байдалд байдаг, Д.Уламсайхантай ашиг сонирхол нэгтэй гэрч учир түүний мэдүүлэг нь ашиг сонирхлын зөрчилтэй, эргэлзээтэй мэдүүлэг байтал үүнийг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлж, магадлалын үндэслэл болгосон нь үндэслэл муутай байна. Иймд дээр дурдсан 3 үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ “ гэсэн журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгчийн тайлбар олон янз, тухайлбал эрүүгийн хэрэгт н.Нямдоржийг авсан гэж гомдол гаргаж, түүний дагуу н.Нямдоржийг сэжигтнээр татаж байсан баримт хэрэгт авагдсан байдаг, мөн П.Батжаргал Дарханаас хүн авая гэж байна гэж хэлээд авсан, П.Батжаргал Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өгөөд мөнгийг нь аваад өгье гэж хэлж авсан гэх мэтээр янз бүрээр мэдүүлдэг, тоолуулаад эргүүлж өгнө гэсэн бичиг үйлдсэн гэх боловч энэ бичгийн агуулга нь түүний тайлбар, мэдүүлгийн агуулгатай зөрчилдсөн зэргээс үзэхэд түүний мэдүүлэг, тайлбар нотлох баримтууд зөрүүтэй байгаа нь ИХШХШ тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын гаргасан тайлбар нь бодит байдалд нийцсэн, үнэн зөв байна" гэж заасныг зөрчсөн, бодит үнэнд нийцээгүй, эргэлзээтэй баримт учир түүнийг хөдөлбөргүй үнэн баримт гэж үнэлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тосыг Дархан-Уул аймаг руу худалдаад мөнгийг нь өгнө гээд өгөөгүй гэсэн агуулгаар хариуцагчаас тосны үнэ, мөнгө шаардсан байна. Үүнийг анхан шатны шүүх үнэлэхдээ: Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх зээлийн гэрээ гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь хэрэв зээлийн гэрээ үүссэн байсан бол мөнгө биш зээлээр өгсөн гэх тосоо буцааж нэхэмжлэх байсан. Энэ нь давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1974 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч Иргэний хуулийн үүргийн зөрчилд холбогдох зохицуулалтыг бүрэн хэрэглээгүй байна.

        Нэхэмжлэгч Д.Уламсайхан нь хариуцагч П.Батжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 1000 хайрцаг тос аваагүй, уг тосыг Д.Нямдорж авч тосны үнийг төлсөн гэжээ.

        Зохигчид тосны үнэ болон тоо хэмжээний талаар маргаагүй, харин 1000 хайрцаг тосыг зээлж авсан эсэх үйл баримтын талаар маргасан  байна.

        Хэрэгт “2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1000 хайрцаг тосыг нэг бүрийн үнийг 2 340 төгрөгөөр бодож 28 080 000 төгрөгийн тосыг түр хугацаагаар тоолуулчихаад буцааж өгөхөөр тохиролцож, хариуцагч П.Батжаргал тосыг бэлэн тоолж хүлээн авсан” агуулга бүхий баримт авагдсан ба уг баримтад зурсан гарын үсгийг хариуцагчийнх мөн эсэх тухайд маргасан гэж үзэхээр баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-6/

        Хариуцагч П.Батжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа “Д.Уламсайханаас тос аваагүй, энэ тосыг Д.Нямдоржид өгсөн, Д.Нямдорж тос авснаа хүлээн зөвшөөрч байгаа” гэжээ.

        Анхан шатны шүүх зохигчдын хэн аль нь тухайн өдөр хариуцагчид шилжүүлсэн 1000 хайрцаг тосыг нэхэмжлэгчийн тос байсан эсэх талаар маргаагүй байхад  “...1000 хайрцаг тос Д.Уламсайханы өмч болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь хуульд заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэлээ нотлоогүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрч нарын мэдүүлгийг харьцуулан дүгнэж, нэхэмжлэгч Д.Уламсайханаас хариуцагч П.Батжаргал нь 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 28 080 000 төгрөгийн үнэ бүхий 1000 хайрцаг тосыг зээлсэн тухай үйл баримт, гэрч Г.Зоригоогийн мэдүүлэг болон хэргийн 6 дугаар талд авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон гэж үзэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчөөгүй, хэргийг бүхэлд нь хянах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлжээ.

         Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн маргаанд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталж хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулахдаа Иргэний  хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримталж өөрчлөлт оруулсан нь зөв,  зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Д.Уламсайхан 1000 хайрцаг тосны үнэ 28 080 000 төгрөгийг хариуцагч П.Батжаргалаас шаардах эрх үүссэн гэж дүгнэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

        Хэргийн баримт, нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Д.Уламсайхан нь хариуцагчаас зээлийн гэрээний биелэлтийг бус харин гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлоо мөнгөн хэлбэрээр шаардсан байна. Иймээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч 1000 хайрцаг тосны мөнгийг төлөх үүрэгтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний нэмэлт оруулав. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1974 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасныг ...” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.,  219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг ...” гэж нэмэлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.350 /хоёр зуун ерэн найман мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                             ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН