| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2026/0470/З |
| Дугаар | 128/ШШ2026/0657 |
| Огноо | 2026-07-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2026/0657
2026 07 03 128/ШШ2026/0657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г******* У******* /РД:*******/;
Хариуцагч:С******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хооронд үүссэн газар эзэмших эрхээс үүссэн газрын төлбөртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Г.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.На*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Эрдэнэсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.“Газрын дуудлага худалдааны үнийг дахин шинээр тогтоон нэхэмжилж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн бүртгэлд эзэмшигчээр нэмэлт бүртгэл хийж, гэрчилгээ олгохыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч Г.У******* нь С******* дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 199 дугаар захирамжаар тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6045 метр квадрат газар эзэмших эрхтэй болсон байна.
2.2.Хариуцагчаас нэхэмжлэгч Г.У*******ийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх ёстой гэж шаардсан байна.
2.3.Нэхэмжлэгч уг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “газрын дуудлага худалдааны үнийг дахин шинээр тогтоон нэхэмжилж байгаа нь илт хууль бус болохыг тогтоож, нийт 78,528,000 төгрөг төлөхийг шаардсан шийдвэрийг хүчингүй болгуулах” агуулга бүхий гомдол гаргаж, гомдлыг хянаад зөвлөлөөс 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар тогтоол гарч, С******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны шийдвэрийг хэвээр үлдээжээ.
2.4.Ингээд нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан “Газрын дуудлага худалдааны үнийг дахин шинээр тогтоон нэхэмжилж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн бүртгэлд эзэмшигчээр нэмэлт бүртгэл хийж, гэрчилгээ олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан үндэслэлд, тайлбартаа:
“Иргэн Г.У******* би С******* дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6045 квадрат метр талбайтай газрыг 2006 оноос эхлэн эзэмшиж байгаа ба 2012 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Энэ үед газрын асуудал хариуцсан мэргэжилтэн "дуудлага худалдааны үнэ" гэж 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг төлүүлсэн.
Үүнээс хойш жил бүр газрын төлбөрөө төлж, тооцоо нийлсэн актаа үйлдэн, 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулсан. Мөн тухайн газар дээрээ 2012 онд үл хөдлөх хөрөнгө барьж гэрчилгээ авсан ба газрын албатай харьцаж ажиллах хугацаанд газрын албанаас ямар нэгэн тооцоогүй, бүх төлбөр төлөгдсөн гэж байсан.
2025 оны 9 дүгээр сард газраа өөрийн хүүхдүүдтэй хамтран эзэмшихээр гэрчилгээнд нэмэлт бүртгэл хийлгэхээр очиход 32 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн "Танай газар эзэмших эрхийг 2017 онд сунгах ёсгүй байсан юм, за яах вэ тооцоогүй гэсэн баримт авчир" гээд төлбөр хариуцсан мэргэжилтэн рүү явуулсан. 2017 онд газар эзэмших эрхийг сунгах ёсгүй байсан гэж үндэслэлээ тайлбарлаагүй.
Төлбөрийн мэргэжилтэн "Танайх газрын дуудлага худалдааны анхны үнэ маш бага мөнгө төлсөн байна, 2012 онд 1,2 сая төгрөг төлжээ, одоо нэмж 78,585,000 төгрөг төлөхгүй бол ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй үйлчилгээ үзүүлэхгүй" гэж хэлсэн. Би энэ талаар гомдол гаргасан боловч С******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас "Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ"-ийн үлдэгдэл төлбөр 78,528,000 төгрөг төлөхийг шаардсан хариу өгсөнд гомдолтой байна.
Газрын албаны зүгээс дуудлага худалдааны үнэ гэж 1,2 сая төгрөг төлүүлсэн. Үүнээс хойш ямар ч тооцоогүй гэж 13 жил тооцоо нийлсэн акт үйлдэж байсан атал гэнэт өөр шийдвэр гаргаж, 78,528,000 төгрөг нэхэмжилж, үйлчилгээ үзүүлэхгүй байгаа нь хууль бус байна.
Миний гомдолд хариу өгсөн бичигт дурдсан эрх зүйг актаар бодоход нийт үнэ 4,8 сая төгрөг орчим тооцоо гарч байна. Үүнээс би 1,2 сая төгрөг төлсөн байгаа. Гэтэл үндэслэл болсон эрх зүйн актад зааснаас өөр дүнгээр үнэ нэхэж байна.
Шүүхээс нэхэмжлэл буцаасны дараа Нийслэлийн газрын эрхийн марган таслах зөвлөлд гомдол гаргасан. Тухай маргааныг хэлэлцэх хуралд би өөрөө эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгүй байсаар 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр маргааныг хэлэлцсэн. Маргаан таслах зөвлөлийн гишүүд "Танайх ямар юмны үйлдвэр ажиллуулна гэж гэрчилгээ гаргуулсан бэ, яах гэж эднийд газар олгосон бэ гэж дээрэнгүй" хандаж байсан. Би "Та нарт ямар үйлдвэр ажиллуулах нь хамаагүй, хөрөнгө мөнгөгүй байна, газар эзэмших хугацааны эцсийн өдөр үйлдвэрлэл эхэлсэн ч болно шүү гэж хэлсэн. Тухайн үед хоосон тал дээр газар авч, мод тарьж гахай үржүүлж байсан боловч гахайн өвчин гараад цаашид аж ахуйгаа эрхэлж чадаагүй юм
Хурлаас "Г.У*******ийн газрын төлбөрийг 49 сая орчим төгрөгөөр төлүүлэх боломжтой, маргахгүй бол төлж болно" гэж дүгнэсэн. Би иргэний хувьд энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус гэж үзэж байна.
Тухайн хурлын шийдвэр албажиж гараагүй, манайх удаж дүгнэлт гардаг гэсээр сар шахам хугацаа өнгөрч байгаа тул шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Төрийн байгууллага ажил их гээд хуульд заасан 30 хоногт дүгнэлтээ бичээд өгөхгүй байгаад итгэхгүй байна. Энэ нь ямар нэг байдлаар эрхээ хамгаалах хугацааг алдагдуулна гэж үзэж нэхэмжлэлээ гаргаж байна” гэжээ.
3.2.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа:
“С******* дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн "Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай" 199 дүгээр захирамжаар иргэн Г.У*******т 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын ******* дугаартай 6040 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх эрх олгож, дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай" А/298 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, 1 аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг 5148022 С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно", 33.2 дахь хэсэг "Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна", 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно" гэж тус тус заасны дагуу Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан газрын хэмжээнээс илүү газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж нь газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэгтэй. Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/343 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дах хэсэгт заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу нөхөн төлүүлэх, төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах арга хэмжээг авч ажиллаж байна. С******* дүүргийн Засаг даргын 2012 оны 199 дүгээр захирамж гарах үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу нийслэлийн 1 метр квадрат газрын суурь үнэлгээ 44000.0 төгрөг бөгөөд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын хавсралт 4.5-д "Үйлдвэрлэл /хөдөө аж ахуйнаас бусад/ зориулалтад, нийслэлийн газрын үнэлгээний 3 дугаар бүсэд хамаарч 1 метр квадрат нь 13200 төгрөгөөр тооцогдож нэгж талбарын ******* дугаартай газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ нь 79,728,000 (Далан есөн сая долоон зуун хорин найман мянган) төгрөг болно.
Иргэн Г.У******* нь тухайн газрыг эзэмшихдээ Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа бөгөөд С******* дүүргийн газрын албаны Улаанбаатар банкны 2601002693 тоот дансанд 2012 оны 6 дугаар сарын 20-нд 1,200,000 төгрөгийг нэг удаагийн төлбөр гэсэн утгатайгаар төлсөн ба газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн үлдэгдэл төлбөр 78,528,000 (Далан найман сая таван зуун хорин найман мянган) төгрөгийг төлүүлэхээр С******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10-20/2048 тоот албан бичиг хүргүүлсэн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “газрын дуудлага худалдааны үнэ нөхөн төлөх үндэслэл байгаа эсэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Г.У******* нь 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр С******* дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт мод үржүүлэг, ногоо тариалалт, үйлдвэрлэлийн зориулалтаар 6045 метр квадрат газрыг эзэмших хүсэлт[1] гаргасныг нь үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 199 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаагаар газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ[2].
2.2.Уг газар нь 8******* нэгж талбарын дугаартай ба газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн болох нь газрын кадастрын зургаар[3] тогтоогдлоо.
2.3.Г.У*******т уг газрыг эзэмшүүлэхдээ “газрын төлбөр, 1 удаагийн үнэ” гэсэн гүйлгээний утгатай 1,200,000.0 төгрөгийг төлүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэсэн болох нь уг баримт газрын хувийн хэрэгт авагдсанаар[4] тогтоогдож байна.
2.4.Мөн газрын хувийн хэрэгт “ДХТСШ” гэсэн утгатай 1 удаагийн үнэ 5,280,000.0 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх авагдсан[5] байгаа боловч энэ төлбөрийн нэхэмжлэх нь огноогүй, хэн үйлдсэн нь тодорхойгүй, уг баримтыг Г.У*******т гардуулсан баримтгүй зэргээс үзвэл Г.У*******ийн төлөх ёстой төлбөр мөн байна гэж дүгнэх боломжгүй байна.
2.5.С******* дүүргийн Засаг дарга болон Газрын албанаас нь Г.У*******тэй газрын эрх зүйн харилцааг анх үүсгэхдээ, Газрын тухай хуульд заасан журмын дагуу газрын дуудлага худалдаа, эсхүл газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын алиныг нь ч явуулаагүй байх бөгөөд хариуцагчаас энэ талаар маргаагүй олно.
2.6.Улмаар Г.У*******ээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасныг үндэслэн, тус Газар зохион байгуулалтын албанаас түүний газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000698250 дугаартай гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ [6].
2.7.Нэхэмжлэгч Г.У******* нь Газрын төлбөр, тооцоо нийлсэн актаар 2012-2025 оны байдлаар газрын төлбөр тооцооны үлдэгдэлгүй гэж гарсан байна[7].
2.8.Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газрынхаа хамтран эзэмшигчээр өөрийн төрсөн хүүхдээ бүртгүүлэхээр хандахад С******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10-20/2048 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийн үлдэгдэл 78,528,000.0 төгрөгийг төлөхийг шаардсан болох нь уг албан бичгээр нотлогдлоо.
2.9.Энэхүү албан бичгийг нэхэмжлэгчээс маргаан бүхий акт гэж үзсэн бөгөөд энэ нь нэхэмжлэгчид хууль зүйн үр дагавар үүсгэсэн албан бичиг болох нь тогтоогдсон тул шүүх захиргааны акт мөн гэж үзлээ.
2.10.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Г.У*******т газар эзэмших эрхийн гэрчилгээнд хүүхдийнх нь нэрийг оруулах талаар үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан үйлдэл гаргаагүй, үйлчилгээ үзүүлнэ” гэх агуулгатай тайлбар[8] гаргасан зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэжээ.
3.2.Газрын тухай хуулийн энэ заалтаар иргэн, аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах гэсэн 2 зарчим буюу аргаар эзэмшүүлэхээр хуульчилсан байна.
3.3.Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1-т “Үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно” гэж, мөн зүйлийн 197.6-д “Үнэ хаялцуулах ажиллагааг дуудлага худалдаа буюу уралдааны хэлбэрээр явуулна” гэж, мөн зүйлийн 197.9-д “Нэг этгээд оролцсон бол дуудлага худалдаа, уралдаан явагдаагүй гэж үзнэ” гэж зааснаас үзвэл “дуудлага худалдаа” гэж ямар харилцааг ойлгох, түүнийг явуулах, явуулсанд тооцох эрх зүйн үндэслэлийг хуульчилсан байна.
3.4.Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 3.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг зохион байгуулна” гээд мөн хэсгийн 3.1.1-т “Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах” гэж, мөн журамд дуудлага худалдааг явуулах хэлбэр, дуудлага худалдааг зарлан мэдээлэх, бэлтгэл ажил, оролцогчийг бүртгэх, дуудлага худалдааг явуулах дараалал дэг зэргийг тогтоосноос үзвэл “газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, дуудлага худалдаа явуулах” гэдэг нь хууль болон журамд заасан үе шат бүхий захиргааны үйл ажиллагаа байна.
3.5.Иймд С******* дүүргийн Засаг дарга нь газрыг иргэнд эзэмшүүлэхдээ дээрх хууль болон журамд заасны дагуу дуудлага худалдааг явуулаагүй бол газрыг дуудлага худалдааны журмаар эзэмшүүлсэн гэж үзэхгүй бөгөөд явуулаагүй дуудлага худалдааны үнийг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй юм.
3.6.Тодруулбал, эрх зүйн харилцаа нь:
-хуульд зааснаар;
-гэрээнд зааснаар;
-хуулиар эрх олгосон этгээд шийдвэр гаргаснаар тус тус үүсдэг эрх зүйн зарчимтай.
3.7.Дээрх 3 үндэслэлийн аль нэг тохиолдолд гарч байж аливаа эрх зүйн харилцаа үүсэх бөгөөд ийнхүү эрх зүйн харилцаа үүссэнээр эрх зүйн харилцаанд оролцогчид эдлэх эрх, хүлээх үүрэг үүснэ.
3.8.Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дүүргийн Засаг даргад газрыг дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлж болох эрхийг олгосон тул ийм дуудлага худалдааг явуулаагүй бол дуудлага худалдааны эрх зүйн харилцаа үүссэн болон дуудлага худалдаагаар газар эзэмшсэн гэж үзэхгүй учраас үүсээгүй эрх зүйн харилцаа болох явуулаагүй дуудлага худалдааны үнийг төлөх үүрэг нэхэмжлэгчид үүсэхгүй.
3.9.Иймд хариуцагч нь нэхэмжлэгч Г.У*******ээс дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг шаардах эрх байхгүй.
3.10.Нөгөө талаас хариуцагч нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “дуудлага худалдаа”-ны зарчмаас гадна “төсөл сонгон шалгаруулах” зарчмаар иргэн, аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлж болох хууль зүйн зохицуулалттай байхад нэхэмжлэгчид илтэд хохиролтой “дуудлага худалдаа”-ны аргыг сонгож, дуудлага худалдааны үнийг төлүүлэхээр шаардсан үндэслэл тодорхойгүй бөгөөд хариуцагчийн энэ шийдвэрийг нь зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
3.11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “дуудлага худалдааны үнэ төлөхийг шаардсан үндэслэлээ Нийслэлийн Засаг даргын 2024 онд “Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангахыг дүүргүүдэд үүрэг болгосон учраас нэхэмжлэгч газрын дуудлага худалдааны үнэ төлөх ёстой” гэх агуулгаар маргасныг хүлээн авах эрх зүйн үндэслэл шүүхэд алга байна.
3.12.Учир нь хариуцагч нь Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нэхэмжлэгчээс аливаа зүйлийг заавал нөхөн гаргуулах гэж байгаа бол нэхэмжлэгчээс эзэмшиж буй газар дээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд нь уялдуулсан төслийг нөхөж бичүүлэх боломж олгож болохоор байхаар заавал өндөр үнэ бүхий газрын дуудлага худалдааны үнэ шаардсан нь хуульд нийцсэн гэж үзэхгүй.
3.13.Дээрхээс гадна Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 75 дугаар зүйлийн 75.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж, 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэжээ.
3.14.Иймд хариуцагч С******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч Г.У*******ийг газрын дуудлага худалдааны үнэ төлөх ёстой гэж үзсэн бол анх 2012 онд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үед шаардах байсан ба тухайн цаг хугацаанд шаардаж төлүүлээгүй нь уг “дуудлага худалдааны үнийг төлөхийг шаардаагүй, ийм үнийг шаардахгүйгээр газрыг эзэмшүүлсэн” гэж үзэх үндэслэл болох ба харин одоо тус байгууллагаас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 75 дүгээр зүйлийн 75.1-т заасан шаардах эрхийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул уг шаардлага нь хуульд нийцээгүй гэж үзлээ.
3.15.Нэхэмжлэгч нь газрын дуудлага худалдааны үнийг төлөхгүй гэж маргасан, харин газрын дуудлага худалдааны үнийг аль журмыг баримталж төлөх, ямар хэмжээгээр төлөх талаар маргаагүй тул энэ үйл баримтад шүүх дүгнэлт өгөхгүй.
3.16.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.У*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10-20/2048 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэв.
3.17.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Г.У*******т гэрчилгээнд хүүхдийн нэрийг хамтран эзэмшигчээр нэмж бүртгэх үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан үйлдэл гаргаагүй, үйлчилгээ үзүүлнэ” гэх тайлбараас нэхэмжлэгчийн энэ шаардлагад холбогдох эрх зүйн маргаан байхгүй байна.
3.18.Гэвч нэхэмжлэгч нь энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй тул шүүх маргаагүй асуудлаар шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд маргаан байхгүй асуудлыг шүүх хянан шийдвэрлэхгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
3.19.Шүүхийн энэ дүгнэлт нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож байгаа явдал биш, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаагүй тул шүүхэд шийдвэрлэх маргаан байхгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.У*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10-20/2048 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.У*******ийн нэхэмжлэлийн “газар эзэмших эрхийн бүртгэлд эзэмшигчээр нэмэлт бүртгэл хийж, гэрчилгээ олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй, уг нэхэмжлэлийн шаардлагаар шийдвэрлэх үйл баримт, маргаан шүүхэд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцож, зөвшөөрлийг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Г.У*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсантай нь холбогдуулан уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч С******* дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулж нэхэмжлэгч Г.У*******т олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ