Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 119/ШШ2026/0050

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч: **,

      Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч **,

Гомдлын шаардлага: “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 0903874 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийг төлөөлж **, хариуцагч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч ** нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч **д холбогдуулан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан ** нь “**” ХХК-нд 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 0903874 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 23 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн дүгнэлт шүүхэд гаргажээ.

2. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч ** нь “** ХХК-ийн ** эмийн сан нь Эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хүнээр жор бариулсан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 23 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл шийтгэл оногдуулсан 0903874 дугаартай хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан, тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргасан ** нь шилжин томилогдсон тул **ын 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Ц-2/1180 дугаар албан бичгээр ахлах прокурор **ыг томилсон байна. /ХХ-ийн 103 дугаар тал/

4. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэл, **аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан ** нь зөрчлийн ЭМД25/26-1 дугаартай “**” ХХК-ийн ** эмийн сан эм барих эрхгүй хүнээр эм бариулсан” гэх үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “**” ХХК-нд 2026 оны 02 сарын 16-ны өдөр 0903874 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 23 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг шалгалтаар хянасан. Зөрчлийн материалд **-ийн “**” ХХК-ийн ** эмийн санд хяналт шалгалт хийх тухай шалгалтын удирдамж, шалгалтын танилцуулга, тэмдэглэл, “**” ХХК-ийн захирлын 2025 оны 07 сарын 08 өдрийн А/05, Б/05 тушаалын хуулбар, 2025 оны 12 сарын 01 өдрийн А/13, Б/14 дугаартай тушаалын хуулбар, жор баригч **ийн орлого, зарлагын баримт, “**” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, тусгай зөвшөөрлийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, холбогдогч **, ** нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

Зөрчлийн материалд цугларсан нотлох баримтаар Орхон аймгийн Баян- Өндөр сумын ** баг, ** дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “**” ХХК-ийн ** эмийн сан нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.4-т “энэ хуулийн 6.1.3-т заасан /эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл/ тусгай зөвшөөрлийг олгоход эмийн сангийн зохистой дадлын стандартад заасан ажлын байр, түүний зохион байгуулалт, хүний нөөцтэй холбоотой нөхцөл, шаардлага хангасан эсэх талаар шинжээчийн дүгнэлт, нотлох баримт, 7.6 Тусгай зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 7.5-д заасан баримт бичгийн үнэн зөвийг өөрөө хариуцна”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-т “Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах үйл ажиллагааг хориглоно”, 10.8.3. “эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдийг эм найруулах, бэлтгэх, шалгах, худалдах үйл ажиллагаанд оролцуулах” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна. “**” ХХК-ийн ** эмийн сан нь эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хүлээх үүрэг, хуулиар хориглосон зүйл, стандарт, тогтоосон журмыг зөрсөн буюу Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хүлээх үүрэг, хуулиар хориглосон зүйл, стандарт, тогтоосон журмыг зөрчсөн” зөрчил үйлдсэн байхад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулахдаа “...тухайн хүний зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх...”-ийг тогтоосон байхыг шаардах ба хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан байж шийтгэл оногдуулах үндэслэл болно.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн заасан ба эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан ** нь “**” ХХК-нд 2026 оны 02 сарын 16-ны өдөр 0903874 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 23 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

4. Хариуцагч ** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч ** овогтой ** миний бие 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” удирдах албан тушаалтны тогтоолын дагуу шилжүүлсэн “** ХХК-ийн ** эмийн сан нь жор барих эрхгүй **гийн **ээр 2025 оны 07 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд жор бариулж иргэдэд үйлчилгээ үзүүлсэн” гэх зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйл /Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих/-ийн 23 дахь хэсэгт заасан “Эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу “**” ХХК-ийг таван мянган нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 903874 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан. Прокурорын дүгнэлтэд дурдсан Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлийг зөвшөөрөхгүй байна.

Учир нь “**” ХХК-ийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тушаалаар эм барих эрхгүй туслах ажилтан **гийн **ийг зөрчлийн холбогдогч нь ажлаас чөлөөлсөн байхад тус эмийн сангийн жор баригч ** овогтой ** нь дур мэдэн эм барих эрхгүй эм найруулагч мэргэжилтэй **гийн **ийг 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр жор бариулж иргэдэд үйлчилгээ үзүүлсэн үйлдэл нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн улсын байцаагч **ын шалгалтын тэмдэглэл, газар дээр нь үзлэг хийж, гар утсаар хийсэн дүрс бичлэгийн хуулбарт /** ажиллаж байгаа дүрс бичлэг/, “**” ХХК-ний захирлын тушаал, цалин хөлс олгосон баримт, **т ”эм барих” хүчинтэй хугацаа бүхий гэрчилгээгүй, холбогдогч нарын мэдүүлэг зэрэг хэргийн нотлох баримтаар эм найруулагч мэргэжилтэй **гийн ** нь эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын ”эм барих” зөвшөөрөлгүйгээр явуулсан зөрчил нотлогдож шийтгэл оногдуулсан. Прокурорын дүгнэлтэд дурдсан 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хүлээх үүрэг, хуулиар хориглосон зүйл, стандарт, тогтоосон журмыг зөрчсөн” гэх заалтыг хэрэглэж шийтгэл оногдуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасныг зөрчихөд хүрэх байсан гэж үзэж байна. Учир нь эрх бүхий байгууллагын ”эм барих” зөвшөөрөлгүйгээр эм барих эрхгүй этгээдээр эм бариулсан гэх зөрчлийг шууд тодорхой заасан хуулийн заалт болох 6.6 дугаар зүйлийн 23 дахь хэсгийг хэрэглэх нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” заалтыг мөрдсөн. Тухайн үедээ шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг цахимаар болон эх хувиар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокурорт хуулийн хугацаанд хүргүүлж хянуулсан болно.

Прокурорын дүгнэлтэд дурдсан “**” ХХК-ийн ** эмийн сан нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.4 “энэ хуулийн 6.1.3-т заасан /эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл/ тусгай зөвшөөрөл олгоход эмийн сангийн зохистой дадлын стандартад заасан ажлын байр, түүний зохион байгуулалт хүний нөөцтэй холбоотой нөхцөл, шаардлага хангасан эсэх талаар шинжээчийн дүгнэлт, нотлох баримт.... гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж тогтоогдсон байна” гэж дурдсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс “**” ХХК-ийн “**” эмийн сан нь эм барих эрхгүй **гийн **ээр 2025 оны 07 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд жор бариулж иргэдэд үйлчилгээ үзүүлсэн” гэх зөрчлийг шалгуулахаар “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” удирдах албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор шилжүүлэн ирүүлсний дагуу зөрчлийн гомдол, мэдээллийн хүрээнд шалгаж тогтоосон. “**” ХХК-ийн ** эмийн сан Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас ЭСХ-98/12/1135 дугаартай 2029 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүчинтэй хугацаатай Эмийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй. Орхон аймгийн Эрүүл мэндийн газарт Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн албан бичгийн дагуу “**” ХХК-ийн “**” эмийн санд 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн газраас ажлын хэсэг очиж газар дээр нь үзлэг, хяналт шалгалт, “Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS5260:2015 стандарт”-ын хэрэгжилтэд үнэлгээ хийж /Барилга байгууламж, эмийн сангийн өрөө, тасалгааны хэмжээ, хүн хүчний хангамж, эмийн сангийн тавилга, багаж тоног төхөөрөмж, эмийн сангийн үйл ажиллагаа, эм хадгалалтад тавих шаардлага, анхан шатны бүртгэл мэдээ, тайлан, аюулгүй ажиллагааны шаардлага гэх мэт 10 үзүүлэлтээр/  “86% хангалттай” гэж үнэлсэн байсан тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд шаардлагагүй гэж үзсэн.  

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31, 6.33, 6.34, 6.35, 6.36, 6.37, 6.38,

6.39, 6.40, 6.41, 6.42, 6.43, 6.44, 6.45, 6.46, 6.47, 6.48, 6.49, 6.50, 6.51, 6.52, 6.53, 6.54, 6.55, 6.56, 6.57, 6.58, 6.59, 6.60, 6.61, 6.63, 6.64, 6.65, 6.66 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д "гомдол" гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг хэлэхээр хуульчилсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. Гэтэл прокурорын дүгнэлт нь дээрх хуульд заасан хугацаанаас хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.8 дахь хэсэгт “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд **гийн гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн дагуу захиргааны актыг хууль ёсны гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу дүгнэлтийг буюу нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0903874 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч ** нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч **д холбогдуулан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 0903874 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд **** нь тус шаардлагыг дэмжиж оролцов. 

2. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч ** нь 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 0903874 дугаартай шийтгэлийн хуудсаар нь “** ХХК-ийн ** эмийн сан нь Эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй  хүнээр жор бариулсан” зөрчилд  Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 23 дахь хэсэгт зааснаар “**” ХХК-д 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ.  /Хавтаст хэргийн 64 дэх тал/

3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж зааснаар прокурор дүгнэлт ирүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

4. Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 0903874 дугаар шийтгэлийн хуудастай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн зөрчлийн материалыг **ын 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Хяналтын харьяа Цагдаагийн газраас бусад эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудын шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгах тухай” удирдамжид заасан хугацаанд шалган, 2026 оны  оны 06 дугаар сарын 04-ний өдөр дүгнэлт бичиж тус шүүхэд 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв. /ХХ-ийн 3-4 дүгээр тал/

5. Шүүх Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 0903874 дугаар шийтгэлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дараах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

6. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл /Шийтгэл оногдуулах шийдвэр/-ийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, ...хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана”  гэж тус тус заасан.

            7. Захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа /гадагш чиглэсэн/ шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”,  24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүйзаасан бөгөөд дээрх хуулийн зарчимд үндэслэн чиг үүргээ  хэрэгжүүлэхээр байна.

            8. Хэрэгт авагдсан баримтаар “**” ХХК-ийн “**” эмийн сан нь эмийн худалдаа эрхлэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байсан, тухайн зөвшөөрөл хүчинтэй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан  баримтаар тогтоогдож байна.

9. Тодруулбал, хариуцагчаас эм барих эрхгүй этгээдээр эм олгуулсан гэх үйлдэлд хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 23-т /Эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заасан хариуцлагыг оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгдсэн эсэх, холбогдогчийн буруутай эсэх, шийтгэл оногдуулахад ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоох үүрэгтэй гэж заасан.

11. Гэтэл эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа зөвхөн эм барих эрхгүй этгээд эм олгосон гэх нөхцөл байдлыг үндэслэл болгосноос бус, уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 23 дахь хэсэгт заасан зөрчлийн бүрэлдэхүүний бүх шинжийг хэрхэн хангаж байгаа, хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхэд хангалттай эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох баримтаар нотлон тогтоогоогүй байна.

12. Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд хэрхэн хэрэглэх талаар хариуцагч болох эрх бүхий албан тушаалтан үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт гаргаагүй бөгөөд зөвхөн үйл баримтыг тогтоосноор хуулийн этгээдийн хариуцлагыг шууд үүссэн гэж үзсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцэхгүй.

13. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т "эм барих" гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг ойлгохоор хуульчилсан.

14. Харин “Эм барих  үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан”  гэх ойлголт нь  “эм барих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл огт аваагүй”, эсхүл “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсвэл хүчингүй болсон”, мөн “зөвшөөрөлд заагаагүй газар, нөхцөлд үйл ажиллагаа явуулсан”  нөхцөлүүдийн аль нэгийг хэлэхээр байна.

15. Иймд эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй, хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул прокурорын дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 6.6 дугаар зүйлийн 23, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан **/**/-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч /**/-ийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0903874 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.САРАНГЭРЭЛ