2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/07745

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 19

191/ШШ2025/07745

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, байр тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн дугаар хороо, хороолол, байрны тоотод оршин суух хаягтай ******* овогт ******* /РД: *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 23 нас хүртэлх сургалтын төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 23 нас хүртэлх сургалтын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* миний бие 2012 онд *******тэй танилцаж, 2013 оноос хамтран амьдраад 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлийн 1110610017 тоот баталгаагаар баталгаажуулан гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү төрсөн. Бид зан харилцаа болон санхүүгийн нөхцөл байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос салж тусдаа амьдрах болсон. 5 жил гаруй тусдаа амьдарч байгаа. Би өөрөө одоо өөр гэр бүлтэй болсон тул бичиг баримтаа салгуулах хүсэлтэй байна. Тусдаа амьдарсан үеэс хойш хүү миний асрамжид амьдарч өсөж торнисон. Аавтайгаа хүссэн үедээ уулзаж хоёр гэрийн дунд байдаг. Хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Аав нь хүүхдэдээ мөнгө өгч тусалдаг хэдий ч тэтгэлгийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Гэр бүлийн дундын хөрөнгийн маргаан байхгүй гэв.

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч *******ы гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэмж өгөхөд татгалзах зүйлгүй. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлгийг төлнө. Хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээж болно. Салах болсон шалтгаан нь хоорондоо таарамжгүй байсан. 3,4 жил тусдаа амьдарч байхад өөр хүнтэй суумаар байна салмаар байна гэсэн. Би өөр хүнтэй гэр бүл болоогүй. Гэр бүлийн дундын хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

- Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх 2/

- Итгэмжлэл /хх 10/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 9/

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 8/

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 6/

- Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2025.04.01-ний өдрийн 396 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 4-5/

- Манал өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх 5/,

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар гаргасан болно. /хх 18/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нөхцөлөө зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2020 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

4. Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь гэр бүл болсныг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 1110610017 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, тэдний дундаас 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

4.2 Нэхэмжлэгч ******* Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.

 

5. Нэхэмжлэгч *******, ******* нар нь 2020 оноос хойш тусдаа амьдрах болсон, цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно., 40.1-д заасан 40.1.1-т 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар гэж, 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоохоор хуульчилсан.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, эх *******ы асрамжид үлдээхээр тохиролцсон. Мөн хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн тул хуульд заасан хэмжээгээр хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор дараах баримт бичиг /иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр/-гийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан.

 

7.1. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.12-ны өдөр 70,200 төгрөг төлсөн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... төлүүлнэ гэж заасны дагуу ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч *******гээс хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 110,067 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

8.1. Үндэсний статистикийн хорооны даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 тоот тушаалын хавсралтаар 2025 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшнийг Улаанбаатар хотод 495,400 төгрөгөөр тогтоосон байх тул нэхэмжлэгчээс гаргуулах хүүхдүүдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт ******* /РД: *******/, овогт ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ийг эх *******ы асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг *******гээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 180,267 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д 70,200 төгрөгийг, 110,067 төгрөгийг улсын орлогод олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ