| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 101/2024/06447/И |
| Дугаар | 191/ШШ2025/07428 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/07428
2025 09 09 191/ШШ2025/07428
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С........ тоотод оршин суух, ........ /РД:....../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1....... тоот хаягт байрлах, Эр дэл ир технологи холбоо /НҮТББ/ /РД:......./-д холбогдох,
Ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрийг гардуулахыг даалгах, цалин 4,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, алданги 1,215,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6,952,251 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн М.На2022 оны 5 дугаар сард Эр дэл ир технологи НҮТББ-д маркетингийн менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус төрийн бус байгууллагын ТУЗ-ын шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон.
Гэтэл 2024 оны 01 дүгээр сард ТУЗ-ын дарга Ч.Уянга гэх хүн ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр түүнийг ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж, ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулалгүй байгууллагын тамга гэрчилгээ, ажилд томилогдсон тушаал, холбогдох баримт бичгүүдийг нь хураан авч 2024 оны 02, 03, 04 дүгээр сарын цалин хөлсийг олгохгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхгүй өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өг гэх хууль бус шаардлагыг тавьсан байна.
Нэхэмжлэгч М.На хувьд бие давхар бөгөөд одоо 8 сартай удахгүй жирэмсний болон амаржсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж гэх зэрэг хуульд заасан эрхээ эдлэхэд тус байгууллагын хууль бус үйлдэл түүнийг маш ихээр хохироож байна.
Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн бол тушаал шийдвэрийн нэг хувийг гардуулж өгөх үүрэгтэй, ажилтан уг тушаал шийдвэрийг эс зөвшөөрвөл хуулийн хугацаанд холбогдох байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлдэг хуулийн зохицуулалттай.
Гэтэл хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл түүнийг өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө бичиж өгвөл тушаал шийдвэрийг чинь танилцуулъя гэх хууль бус шаардлага тавьж ажилтны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч тус байгууллагын төлөөлөл хуралдаанд хүрэлцэн ирээгүйн улмаас тодорхой үр дүнд хүрэлгүй урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасан ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө гэсэн, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох гэсэн, 124 дүгээр зүйлийн 124.1-т ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэж заасан.
Иймд Эр дэл ир технологи НҮТББ-д байгууллагаас ажилтан М.На ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэрийг танилцуулж гардуулахыг даалгаж,
2024 оны 02 дугаар сарын цалин 1,500,000 төгрөг, 3 дугаар сарын цалин 1,500,000 төгрөг, 4 дүгээр сарын цалин 1,500,000 төгрөг нийт цалин 4,500,000 төгрөгийн цалин хөлс олгуулах, үүнд ноогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлүүлэх.
Тогтоосон хугацаанд олгоогүй 3 сарын цалин хөлс болох 4,500,000 төгрөг үүний 0.3 хувийг хугацаа хэтрүүлсэн 90 хоногоор тооцсон алданги 1,215,000 төгрөгийг тус тус гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна /4,500,000*0,3:100=13,500*90=1,215,000/ гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.Нань манай байгууллагад мэргэжилтнээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирал албан тушаалтай ажиллах болсон. Ийнхүү гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлээд М.Нань 2023 оны 6, 8 саруудад төрийн бус байгууллагын орлогоос үндэслэлгүйгээр 6,952,251 төгрөгийг өөртөө цалин гэж шилжүүлэн авсан байна.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-т гүйцэтгэх захирал 1/удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах гэж хуульчилсны дагуу тэрээр өөртөө ийнхүү цалинг нэмэгдүүлэн авах эрхгүй. Улмаар тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна гэж тусгасан. Бидний хооронд ийнхүү урамшуулал олгохоор тохиролцоо, гэрээ байхгүй.
М.Нань өөртөө ийнхүү илүү цалин тавих хэлбэрээр байгууллагын хөрөнгөнөөс авах эрх хэмжээ хууль, гэрээ, төрийн бус байгууллагын удирдах өвлөлийн шийдвэрийн аль хэлбэрээр олгогдоогүй. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4-т заагдсан 17.4 дүгээр зүйл. Хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулдаг. Ингэхдээ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу 2.1. албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тул арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын хариуцлагатай үйлдэл.
Бид түүнийг энэхүү үйлдлийнх нь улмаас цаашид итгэлцэж ажиллуулах боломжгүй. Хэрвээ энэ тухай үнэхээр тогтоолгох шаардлагатай бол цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруутай эсэх тухай тогтоож, тэрхүү тогтоолын үндсэн дээр түүнийг ажлаас чөлөөлөх процесс ажиллагаа хийгдэхээр байна.
Улмаар түүнийг хөл хүнд, мөн хөршөө уучлан өршөөх сэтгэлээр хандаж тухайн илүү авсан мөнгөө буцаан төлөөд, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх боломж олгосныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруугаар ойлгож өөрөө чөлөөлөгдөх хүсэлт өг хэмээн шаардсан гэж андуурч тайлбарлаж байна. Бидний зүгээс байгууллагаас завшсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөхийг өнөөдрийг хүртэл хүлээлээ.
Нэгэнт энэ хүн ямар үйлдэл хийснээ ухаарахгүй, ямар нөхцөл байдалд байгаагаа, байгууллага хамтран ажиллаж байсан найз нөхдийн зүгээс хичнээн нигүүлсэнгүй хандаж байсныг ойлгохгүй байгаа бол бидний зүгээс тухайн асуудлыг хуульд заасан хэлбэрээр буюу цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрнэ.
Өнөөдрийг хүртэл бид байгууллагаас амьдралын боломжгүй нөхцөлөөс болоод сурч мэдэх боломж дутмаг байгаа хүүхдүүдийн боловсролд зарцуулагдах мөнгийг буюу өмнө дурдсан байгууллагаас үндэслэлгүй завшсан хохирлыг нөхөн төлөх боломж олгож хүлээлтийн байдалтай байсан.
Нэгэнт асуудал иргэний хэргийн шүүхэд шилжсэн байгаа тул түүнээс байгууллагаас үндэслэлгүй илүү өөртөө авсан 6,952,251 төгрөгийг гаргуулна. Мөн мэдээд байгууллагын зүгээс тус илүү завшин, өөртөө завшсан мөнгөний асуудлыг хөндөлгүй хүлээлтийн байдалтай байна. Нэхэмжлэгч нь 1,200,000 төгрөгийн цалинтай. Энэ нь нийгмийн даатгалын хуулгаас ч харагдана.
Гэтэл ингээд зогсохгүй М.Нань манай байгууллагад удаан хугацаанд үндсэн хандивлагч байсан иргэнээс удаа дараа цалин нэмэгдүүлэх зүй бус шаардлагыг шаардаж байгууллага иргэн хоорондын харилцаа итгэлцлийг нураасан байна.
Ингээд ч зогсохгүй байгууллагын үйл ажиллагааны явцад бий болсон итгэлцлийг хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгон тус иргэнээс машиныг нь зээлээр худалдан аваад тухайн зээлээр авсан машины төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүйн дээр тухайн иргэний байгууллагад өгсөн хандив гэж ойлгоод төлбөрөөсөө хасах тухай ч дурдаж байсан байна.
Бид түүний энэхүү үйлдлийн улмаас тэрхүү хандивлагч АНУ-ийн иргэнээс, ийнхүү мэдүүлж нэхэмжлэл бичиж байгаадаа ч үнэндээ ичиж байна. Гүйцэтгэх захирал нь хандивлагч иргэнээс 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би цалингаа нэммээр байна хандиваа нэмэгдүүл /цалин 3 сая байх/ гэж шаардлага хүргүүлэх үнэндээ байж боломгүй юм. Мөн хүссэн хэмжээний цалинг нь өгөхгүй бол үргэлжлүүлэн ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн байсан. Түүний ийнхүү хувиа хичээсэн, хандивлагч иргэн манай байгууллагын ирээдүйд хөрөнгө оруулах үүднээс англи хэлний багшлах эрхийн сургалт 1.2 сая, бали арал дах аялал, уулзалт зэргийг 100 хувь санхүүжүүлсэн болно.
М.На нэхэмжлэл дээрээ 2024 оны 01 дүгээр сард миний биеийг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр ажлаа хүлээлгэн өгөхийг шахсан тухай болон бичиг баримтын тухай дурдсан байсан. Энэ нь ор үндэслэлгүй худал бөгөөд миний бие М.Натай амьдралдаа анхны бөгөөд эцсийн удаа биечлэн уулзсан нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр орчим миний ажлын газар дээр өрөө ирсэн өдөр юм. Нотлох баримт болгон захиргааны хэргийн шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр М.На өөрийн өгсөн мэдүүлгийн хуулбарыг хавсаргав.Мөн удирдах зөвлөлийн групп чатыг хуулбарлан илгээв.
М.На 2024 оны 02 дугаар сард 5 өдөр ажилдаа ирсэн бөгөөд 3 болон 4 дүгээр сард ажиллаагүй тул холбогдох цалин хөлсийг олгох боломжгүй юм. Гол хандивлагчтай хийсэн М.На маргааны улмаас манай байгууллагын данс улайсан бөгөөд холбогдох цалинг олгох боломжгүй юм.
Иймд түүний завшсан мөнгө 6,952,251 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.На нэхэмжлэлтэй, хариуцагч Эр дэл ир технологи холбоо НҮТББ-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь сайн дураараа нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Нань хариуцагч Эр дэл ир технологи холбоо НҮТББ-д холбогдуулан, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрийг гардуулахыг даалгах, цалин 4,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, алданги 1,215,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч Эр дэл ир технологи холбоо НҮТББ нь нэхэмжлэгч М.Над холбогдуулан 6,952,251 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сайн дураараа нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул тус хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 6,952,251 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.На нэхэмжлэлтэй, хариуцагч Эр дэл ир технологи холбоо НҮТББ-д холбогдох, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрийг гардуулахыг даалгах, цалин 4,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, алданги 1,215,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Эр дэл ир технологи холбоо НҮТББ-ын нэхэмжлэгч М.Над холбогдуулан гаргасан 6,952,251 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч М.Нанэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч М.Нааас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 176,590 төгрөгийн 50 хувь буюу 88,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 88,295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Над, 126,186 төгрөгийг гаргуулж хариуцагч Эр дэл ир технологи холбоо НҮТББ-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ