| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/03675/И |
| Дугаар | 191/ШШ2025/07430 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/07430
2025 09 09 191/ШШ2025/07430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Б...... тоот хаягт оршин суух, Б.................. /РД:...../-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Б.Цэр
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Цэр нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие 1989-1994 он хүртэл ......комбинатад саальчин, шил угаагчаар тус тус түр хугацаагаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр нээж өгөөгүй болно.
1994 онд өөрийн хань ..... гэр бүл болж уг оноос 2003 он хүртэл мал маллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон учир улсад ажилласан жил маань хүрэхгүй байгаа болно. Малын А дансны бүртгэл олдохгүй байгаа.
Иймд 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 5 дугаар сарын эцэс хүртэл Төв аймгийн Баянчандмань буюу Цагаан тэмээт гэх газар мал малласан тул миний мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
Б.Цэргийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Б.Цэргийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-4/, Нийслэлийн архив, Үндэсний төв архивын тодорхойлолт /хх-5-8/, Гэрч Л.Б, С.Ур нарын тодорхойлолт /хх-9-12/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-13/, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны тодорхойлолт /хх-14/, 1989 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 85 дугаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт биокомбинатын захиргааны тушаалын хуулбар /хх-15-16/, 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт биокомбинатын захиргааны тушаалын хуулбар /хх-17/, 1993 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт биокомбинатын захиргааны тушаал /хх-18-19/, 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 236 дугаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт биокомбинатын захиргааны тушаалын хуулбар /хх-20/, 1994 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт биокомбинатын захиргааны тушаалын хуулбар /хх-21/
3. Шүүх гэрч Л.Б, С.Ур нараас 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Цэр нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэвэр тогтоолгох зорилготой, малын А данстай холбоотой баримт олдохгүй байгаа тул шүүхийн журмаар тогтоолгох болсон гэж тайлбарлан, хүсэлтийн шаардлагаа тодруулан 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 5 дугаар сарыг дуустал Төв аймагт мал маллаж байсныг тогтоолгоно гэв.
2. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зохицуулсан.
3.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3.1 Хүсэлт гаргагчаас ХААЯ-ны Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт биокомбинатын захиргааны 1989 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 85 дугаартай ........г 1989 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс гүүний саальчнаар түр, томилон ажиллуулах тушаал,
1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаартай Б.....1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд гүүний саальчнаар түр томилон ажиллуулах тушаал
1993 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаартай .....1993 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн саасан айраг зөөгчөөр түр томилон ажиллуулах тушаал,
1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 236 дугаартай 12 дугаар хорооны харьяат ..... 1993 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бэлтгэл цехэд шил угаагчаар түр томилон ажиллуулах тушаал
1994 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай Б.Цэрг 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн бэлтгэл цехэд шил угаагчаар түр томилон ажиллуулах тухай тушаалыг тус тус шүүхэд ирүүлсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт байна.
Тодруулбал, шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагч нь шаардлагаа тодруулж 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 5 дугаар сарыг дуустал Төв аймагт мал маллаж байсан байдлыг тогтоолгоно гэсэн тул дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралгүй байна.
3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаанд хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох үүднээс шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулна.
Шүүхээс нотлох баримт бүрдүүлэх тухай захирамж гарган Архивын ерөнхий газрын харьяа Үндэсний төв архив, Нийслэлийн архивын газраас Б.................. /РД:...../-ийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоох А дансны баримт болон холбогдох баримт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Б.................. /РД:...../-ийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалин, хөдөлмөрийн хөлснөөс тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх баримтыг шаардахад холбогдох газруудаас ...Малын А дансны баримт хадгалагдаагүй..., ...нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байна... гэх хариу албан бичгийг ирүүлсэн байна.
3.3 Хэргийг хянан хэлэлцэх 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Төв аймгийн архивын тасгаас Б.Цэргийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоох А дансны баримт болон холбогдох баримт, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас Б.Цэргийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалин, хөдөлмөрийн хөлснөөс тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх баримт, Татварын ерөнхий газраас Б.Цэргийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд малын тоо толгойн албан татвар төлж байсан эсэх, түүнтэй холбоотой баримтыг нотлох баримтаар бүрдүүлэхээр шийдвэрлэсэн боловч малын А данс, нийгмийн даатгалын шимтгэл болон малын тоо толгойн албан татвар төлсөн баримт олдоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
3.4 Гэрч С.Уранчимэг нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Рашаант хэсэгт 1995-1996 онд үхэр, хонь маллаж байсан гэх мэдүүлгийг өгч, шүүхэд гаргасан тодорхойлолтдоо С.Уранчимэг миний бие 1994-2003 он хүртэл СХД-ийн 21 дүгээр хороо, Рашаант хэсэгт Бямбаа овогтой Цэрэнсумъяа гэх хүнтэй айл саахалт байж мал маллаж байсан нь үнэн гэжээ.
Гэрч Л.Батбилэг нь Б.Цэр нь Төв аймаг, Борнуур суманд манай ахтай танилцаад мал маллаж байсан. Малын А данс Төв аймгийн Баянчандмань суманд л байгаа байх. А дансыг 2 хувааж авдаг байсан. Заримдаа Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Рашаант хэсэг А дансыг авч байсан санагдаж байна. Үхэр хонь, ямаа маллаж байсан. Мөн 4-5 тооны адуу маллаж байсан гэх мэдүүлгийг өгч, шүүхэд гаргасан тодорхойлолтдоо Лувсанжамц овогтой Батбилэг миний бие нь 1994-2003 он хүртэл СХД-ийн 21 дүгээр хороо, Рашаант хэсэгт, Бямбаа овогтой Цэрэнсумъяа гэх хүнтэй айл саахалт байж мал маллаж байсан нь үнэн гэжээ.
Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шүүхэд гаргасан тодорхойлолт зөрүүтэй байхаас гадна Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооноос ...Бямбаа овогтой Цэрэнсумъяагийн 1997 оноос 2002 он дуустал мал тооллогын баримт тус хорооны архивт хадгалагдаагүй болохыг тодорхойлж тодорхойлолт олгосон байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл хүсэлт гаргагч Б.Цэргийн 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 5 дугаар сарыг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй тул хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүсэлт гаргагчийн мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна.
5. Хүсэлт гаргагч Б.Цэргийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.................. /РД:...../-ийн 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 5 дугаар сарыг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Цэргийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ