Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 181/2018/02059/И |
Дугаар | 210/МА2018/02286 |
Огноо | 2018-11-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2018/02286
2018 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2018/02286 |
Б.Батзаяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01826 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Батзаяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В.Батдолгорт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2 047 500 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч: В.Батдолгор,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батзаяагийн төрсөн дүү Б.Бат-Өршөөлийн хүсэлтээр түүнтэй хамт ажилладаг В.Батдолгор гэгч эмэгтэйд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад мөнгийг маань эргүүлж өгөөгүй бөгөөд энэ хугацаанд 2 сарын хүүд 300 000 төгрөг төлсөн. Гэрээ байгуулах болсон шалтгаан нь Б.Бат-Өршөөл өмнөх өдөр нь яриад манай ажлын эмэгтэй 1 500 000 төгрөг зээлээч гэж байна, сарын хүүнд 150 000 төгрөг авбал хүүхдэд чинь хаа юм гэсэн болохоор нь зөвшөөрсөн. Маргааш нь нотариатын газар очиж, Б.Батзаяа 1 500 000 төгрөгийг В.Батдолгорт хүлээлгэж өгсөн. Үүнийгээ зургаар нотолно. Д.Отгонбаатарт мөнгө өгөөгүй, тэр хүнийг танихгүй, түүнд мөнгө зээлэх ямар ч үндэслэлгүй. В.Батдолгорыг Б.Бат-Өршөөлтэй хамт ажилладаг болохоор нь л мөнгө зээлсэн, зээлийн гэрээ хийсэн. Иймд В.Батдолгороос үндсэн зээл 1 500 000 төгрөг, хэтэрсэн хугацааны 2 сарын хүү 300 000 төгрөг, 33 хоногийн алданги 247 500 төгрөгийн хамт нийт 2 047 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бат-Өршөөлтэй нэг дор ажилладаг нь үнэн, гэхдээ В.Батдолгор мөнгө зээлж аваагүй, харин зээлдэгч Д.Отгонбаатар, зээлдүүлэгч Б.Батзаяа нарыг л холбож уулзуулж өгсөн. Б.Бат-Өршөөл өөрөө Д.Отгонбаатарт мөнгө зээлэхийг зөвшөөрсөн. В.Батдолгорт зээл авах хэрэгцээ шаардлага байхгүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир нь Б.Бат-Өршөөл танай найзыг танихгүй юм чинь чи баталгаа болгож хамтран зээлдэгчээр гарын үсэг зурчих гэхээр нь л зурсан. Нотариатч гэрээний үр дагавар тайлбарлахад ойлгосон хэдий ч гарын үсэг зурснаар энэ хэмжээний өрөнд орно гэж бодоогүй. Мөнгийг В.Батдолгор аваагүй Д.Отгонбаатар тоолж хүлээж авсан, 2 сарын хүү 300 000 төгрөгийг Д.Отгонбаатар төлсөн байдаг. Зээлийн гэрээн дээр ч тэр зээлдүүлэгч нь Б.Батзаяа, зээлдэгч нь Д.Отгонбаатар гэсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан В.Батдолгороос 1 747 500 төгрөг гаргуулж Б.Батзаяад олгож, Б.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэн В.Батдолгор би 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Батзаяа гэдэг хүний өргөдлөөр хариуцагчаар шүүх хуралд орж суусан. Б.Бат-Өршөөл бид хоёр хамт ажилладаг нь үнэн. Манай найз Д.Отгонбаатар мөнгө зээлүүлэх хүн байвал холбож өгөөч гэхээр нь Б.Бат-Өршөөлийг хувиараа хүүтэй мөнгө зээлдэг болохоор би утсаар холбож өгсөн чинь Б.Бат-Өршөөл нотариат дээр хамт хүрээд ир гэсэн. Би хамт очсон. Б.Бат-Өршөөл эгчтэйгээ хамт ирээд зээлийн гэрээг Д.Отгонбаатар, Б.Батзаяа нар хийж мөнгө тоолж авсан нь Д.Отгонбаатар болно. Зээлийн гэрээг 3 хувь үйлдэж, 1 хувийг нотариатч, 1 хувийг Б.Батзаяа, 1 хувийг Д.Отгонбаатар нарт өгсөн. Д.Отгонбаатар авсан нь үнэн болоод эхний 2 сарын хүүгээ төлсөн баримт байгаа. Шүүх хурал дээр би өөрөө Д.Отгонбаатарыг дуудаж авчирсан боловч Б.Бат-Өршөөл зодоод явуулсан. Би яагаад гарын үсэг зурсан гэхээр Б.Бат-Өршөөл намайг чиний найз юм чинь би сайн танихгүй чи зурчих гэхээр нь зурсан юм. Гарын үсэг зураад энэ хэмжээний өрөнд орно гэж бодоогүй. Надад мөнгө зээлэх шаардлага байхгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Батзаяа нь хариуцагч В.Батдолгорт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2 047 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Б.Батзаяа нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Д.Отгонбаатар, В.Батдолгор нартай зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд хоёр сарын хүү 300 000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5 дугаар тал/
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Хариуцагч В.Батдолгор нь зээлийн мөнгийг би аваагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа боловч 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж хамтран зээлдэгчээр оролцсон. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.
Түүнчлэн, гэрчийн мэдүүлэг болон гэрээний 2.5-д мөнгийг бэлнээр өгсөн гэж заасан заалтыг хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж зааснаар хариуцагч В.Батдолгороос үндсэн зээл 1 500 000 төгрөг, алданги 247 500 төгрөг, нийт 1 747 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, зээлийн хүүд төлөгдсөн 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 934 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Г.ДАВААДОРЖ