Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Н.Т/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Э.Төмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Нармандахын Тэлмэнд холбогдох эрүүгийн 1809015060273 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Тайж овогт Нармандахын Тэлмэн, Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техникийн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЕС88072114 /.

          Шүүгдэгч Н.Тнь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Дөлгөөн нуур зочид буудлын харалдаа авто зам дээр “дуут дохио өглөө” гэж иргэн Э.Төмөртэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Тэлмэнгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 15-нд Дөлгөөн нуурын уулзвар дээр би Төмөр гэх залуутай маргасан. Гандангийн автобусны буудлаас би найзтайгаа такси бариад явж байсан. Таксины жолооч та энд буучих надад ажил гарчихлаа гэхээр нь эсрэг талын замруу орох гээд эргээд зогсож байсан. Хамт явж байсан дүү маань энд гоё машин явж байна гэхээр би эргэж хартал сигналдсан. Тэгээд чихэн дээр сигналдсан болохоор нь миний уур хүрээд яагаад байгаа юм бэ гэхэд хохирогч чи яагаад байгаа юм гээд хоорондоо барьцалдаж аваад зодолдсон” гэв.

Яллагдагч Н.Тэлмэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна …Би эхлээд хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн, дараа нь нүүрэн тус газар 1 удаа цохисон. Энэ үйлдлээс болж дээрх хүнд уг гэмтлүүд учирсан гэж бодож байна ...Эмчилгээний бодит хохирол болох 200.000 төгрөг төлсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-37-40х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Төмөр мэдүүлэхдээ: “Тухайн өдөр амралтын өдөр байсан. Би ээжийнх рүүгээ очих замд Дөлгөөн нуурын уулзвар дээр зогсож байтал урд талын машин явахгүй байхаар нь би дуут дохио ажиллуулсан. Энэ залуу жолоочийн хажуу талын сандал дээр сууж байснаа эргэж хараад уурлаад байх шиг байсан. Би орчны чимээнээс болоод юу гэж хэлснийг нь сонсож чадаагүй. Тэгээд замын хөдөлгөөн эхэлсэн учраас би явах чиглэлдээ явж чадаагүй зогсож байтал энэ залуу бууж ирээд хаалга нээгээд үгийн зөрүүгүй намайг цохиод газар унагасан. Замын хөдөлгөөн эхэлсэн учраас би уулзвараар гарч амжилгүй зогссон. Тэгтэл энэ залуу машинаасаа бууж ирээд хаалга нээгээд чи ингэж хүн дээрэлхэж болдог юм уу гээд миний биед халдсан. Би нилээн олон удаа цохиулж, өшиглүүлсэн. Тэгснээ энэ залуу зугтах гээд байхаар нь би араас нь очоод барьж авсан. Би утсаа машиндаа орхисон байсан учраас эргэн тойрны хүмүүсээс цагдаа дуудаад өгөөч гэхэд цагдаа 15 орчим минутын дараа ирсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очсон. Болсон үйл явдлыг цагдаад бүгдийг нь худлаа хэлээд байсан. Намайг хавтаст хэрэгтэй танилцахад эхний мэдүүлгүүдийг бүгдийг нь худлаа хэлж, сүүлийн мэдүүлгийг л үнэн хэлсэн байсан. Болсон үйл явдлаас хойш нилээн цаг хугацаа өнгөрсөн. Нэг ч удаа надаас уучлал гуйгаагүй, их бардам залуу байна лээ. Хийсэн хэрэгтээ гэмшээсэй гэж бодож байна. Миний уруулын шарханд нарны хэт ягаан туяа багассан буюу өвөл лазерын эмчилгээ хийдэг юм байна лээ. Би өвөл эмчилгээ хийлгэнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Э.Төмөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн эзэмшлийн 77-72 УНГ улсын дугаартай алтан шар өнгөтэй Крайслер-300 маркийн автомашинаа жолоодоод 3,4-р хорооллоос Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхонд байх ээжийнхээ гэрт очих гэж явсан. Тэгээд би Баянбүрдийн тойрог өнгөрч Засгийн газрын автобаазын хойгуур зүүн зүгт явсан төв автозамаар явсаар Дөлгөөн нуурын уулзвар дээр ирж зүүн гар тийш Автомолл худалдааны төвийн зүүн талаар хойшоо Шинэ дэлхий цамхагийн хажуугаар явах гэж дохио өгөөд зогссон. Миний өмнө цайвар ногоон суудлын машин мөн зүүн гар тийшээ эргэх гэж дохио өгч зогссон. Энэ жолооч бид 2 тухайн үед эргэх ёсгүй эгнээгээр эргэх гэж давхар эгнээнд зогссон байсан. Тэгээд миний өмнө зогссон машины жолооч хөдлөхгүй зогсоод байхаар нь би дуут дохио өгсөн. Удалгүй өмнө зогсож байсан машин зүүн гар тийшээ бүтэн эргэх үйлдэл хийсэн. Энэ үед жолоочийн хажууд сууж явсан үл таних эрэгтэй цонхоо онгойлгон над руу эргэж хараад уурлаж байх шиг болсон. Тухайн үед замын дуу чимээнд түүний хэлсэн үгийг сонсоогүй. Дараа нь би бага зэрэг хөдлөөд явган хүний гарц дөнгөж өнгөрөөд зогссон. Гэхдээ уулзвар нэвтрээгүй байсан. Гэтэл миний өмнө зогсож байсан машинаас надад уурлаад байсан үл таних эрэгтэй бууж над руу чиглэн ирсэн. Тэрээр ирээд чи яагаад байгаа юм гэж хэлээд миний машины хаалгыг нээсэн. Энэ үед би түүний өмнөөс машинаас буусан. Гэтэл тэрээр намайг зодож цохиж эхэлсэн ...Би уруулан дээрх сорвиндоо өвөл лазер эмчилгээ хийлгэнэ. Энэ эмчилгээний мөнгөн дүн 1.500.000-2.000.000 төгрөг болно гэсэн. Энэ мөнгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-20-24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 4103 тоот дүгнэлтэнд:

“1. Э.Төмөрийн биед дээд уруулын дээд хэсэг ба гадна, дотор салстын нэвт язарсан шарх, дотор салстын цус хуралт баруун гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн гуяны цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ /хх-27х/,

Шүүгдэгч Н.Тэлмэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-43х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн шүүгдэгч Н.Тнь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Дөлгөөн нуур зочид буудлын харалдаа авто зам дээр “дуут дохио өглөө” гэж иргэн Э.Төмөртэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Тэлмэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.Тнь хохирогчид гэм хорын хохиролд 200.000 төгрөгийг төлсөн ба хохирогч Э.Төмөр нь  өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 12-ны дотор төлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид 200.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.