Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/61

 

Х.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолтой, 

 

шүүгдэгч  Х.Б-, цагаатгагдсан этгээд Л.У- нарт холбогдох эрүүгийн 2413001060178 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Д.Айбек нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Д.Айбек, Х.Зулхаш, цагаатгагдсан этгээд Л.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ****** багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай З овогт Х.Б- /РД:************/,

 

2. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******суманд төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, *********** ажилтай, ам бүл ** хүнтэй, ээжийн хамт амьдардаг, ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Э овогт Л.У- /РД:**********/.

 

3. Шүүгдэгч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж улмаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзсан албан бичгийг компаниудад хүргүүлснээс хойш ажлын 6 хоног болоогүй байхад 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг зөрчиж 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “К” ХХК-тай гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон,

Цагаатгагдсан этгээд Л.У- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Сангийн яамнаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт албан бичиг хүргүүлж, улмаар түүний ****************@gmail.com гэх цахим шууданд материал илгээх талаар мэдэгдсээр байхад материалыг хугацаанд нь илгээгээгүй, өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т  “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэж заасан журмыг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, мөн зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад буюу “К” ХХК-д давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

5. Прокурорын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаар яллах дүгнэлтээр Х.Б-, Л.У- нарын үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн  2024/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолоор: 

6.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э овогт Л.У-д Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

6.2. Шүүгдэгч З овогт Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэжээ.

           

            7. Прокурорын эсэргүүцэлд:

            7.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Аянагүл би, яллагдагч Х.Б-, Л.У- нарт холбогдох 2413001060178 дугаартай эрүүгийн хэрэгт 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

            7.2. Хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолоор Л.У-гийн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн.

            Ингэхдээ 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 5.1 дэх хэсэг, мөн Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаартай “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 4.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хууль журмын дагуу ажил үүргийг хариуцах этгээд бус, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

            7.3. Шийтгэх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй”, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” буюу илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаар Баян-Өлгий аймгийн Буянт суманд 2.5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаж, даргаар тус сумын Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Т.М-, гишүүнээр цэцэрлэгийн нярав Х.О-, нарийн бичгийн даргаар Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Л.У- нар оролцож, тус хэсэг нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, хурлын тэмдэглэлээр “хамгийн сайн үнэлэгдсэн” /ялсан/ “К” ХХК-тай хэлэлцээр хийх зөвшөөрлийг захиалагч буюу Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн.

            Дээрх зөвшөөрлийн дагуу Буянт сумын Засаг даргын тамгын газрын дарга X.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу 4 хоног өнгөрч байхад “К” ХХК-тай гэрээ байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэснийг зөрчсөн.

            Улмаар тухайн тендерт оролцож, ялагдсан “И-” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тухайн тендерийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Л.У-гийн ********************@gmail.com гэх мэйл хаяг руу “тендерийн материалыг ирүүлэх” тухай албан бичгийг илгээж, энэ талаар Сангийн яамны мэргэжилтэн Д.Отгонсүрэн нь Л.У-тай утсаар удаа дараа ярьж тендерийн материал ирүүлэх талаар шаардсан.

            7.4. Гэтэл Л.У- нь Сангийн Яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаартай албан бичгийг хүлээн авсан боловч тендертэй холбоотой материалыг явуулаагүй тул тус яамнаас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2-т заасан “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй” хэмээн Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн.

            7.5. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Л.У- нь /ажлын хэсгийн нарийн бичгийн дарга/ 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамнаас түүний ********************@gmail.com гэх мэйл хаяг руу “Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газар”-т гэж хаягласан “материал илгээх” талаарх албан бичгийг захиалагч тал болох Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын газрын дарга Х.Б-т танилцуулалгүй дарагдуулж, өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр эс үйлдэхүй үзүүлж, Төрийн байгууллагын тендертэй холбоотой маргааныг хянан шалгах эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, мөн зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад буюу "К” ХХК-д давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

            7.6. Захиалагч тал буюу Х.Б- нь тендертэй холбоотой гомдол гарсныг мэдсэн даруй тендер шалгаруулалтыг зогсоож, холбогдох материалыг журамд зааснаар 3 хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлж, хянуулах үүрэгтэй бөгөөд Л.У- нь Сангийн яамнаас “тендертэй холбоотой материал ирүүлэх талаар” ирүүлсэн албан бичгийг санаатайгаар дарагдуулж, тамгын газарт өгөөгүйн улмаас Х.Б- нь дээрх үүргээ хэрэгжүүлэх боломж бүрдээгүй, хууль бус байж болзошгүй тендер албажиж, “К” ХХК нь ажил үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлснийг дурдах нь зүйтэй.

            7.7. Гэтэл анхан шатны шүүх Л.У-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосны улмаас гэмт хэрэг үйлдсэн хүнд ял завшуулах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд хүргэж байна.

            7.8. Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив.

 

            8. Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Д.Айбекийн гаргасан давж заалдах гомдолд:

8.1. Х.Б- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

8.2. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан юм.

8.3.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц- “Хоёр компанитай холбоотой надад мэдэх зүйл байхгүй.Тухайн үед тендер зарлагдаж, бүхий л үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Орон нутаг хөгжлийн сангийн мөнгө, төгрөгийг нь шилжүүлсэн байгаа. “К” ХХК хуулийн хугацаандаа ажлыг бүрэн гүйцэт хийж дуусгасан ба Засаг даргын тамгын газарт учруулсан хохиролгүй” гэж мэдүүлсэн байхад дүгнэж үзээгүй юм.

8.4. Буянт сумын төвийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалтыг хуулийн хүрээнд цахим хэлбэрээр зарлаж байршуулсан юм.Уг хатуу хучилттай авто замын тендерт 4 компани оролцохоор байсан боловч 2 компани материал ирүүлсэн юм.

8.5. “К” ХХК    болон “И” ХХК 2 компани тендерт оролцох материалуудыг Буянт сумын Засаг даргын тамгын газарт ирүүлсэн юм.Тендерт “К” ХХК 27 сая 992,883 төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн санал ирүүлсэн. Үнэлгээний хороо хянан үзэж, Засаг даргын тамгын газарт “К” ХХК-тай гэрээ хийх зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийг үндэслэн “К” ХХК-ны захирал С.Ганчимэгтэй сумын хатуу хучилттай авто замын зураг төсөв боловсруулах гэрээг 2023 оны 12 дугаар сарын-05 өдөр хийсэн юм.

8.6. Сангийн яамнаас тендерийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг бидэнд хугацаандаа ирүүлээгүй ба мэдээгүй байсан юм. Харин тендер зарлагдаж ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, сумын хатуу хучилттай замын ажил нь дууссаны дараа 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сангийн яамнаас явуулсан бичгийг шуудангаар хүлээн авсан юм. Сангийн яамнаас явуулсан бичигт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

8.7. Х.Б- нь бусдад давуу байдал бий болгож, бусдын шударга өрсөлдөх боломжийг хязгаарлах асуудал нь мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдоогүй асуудалд сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн  2024/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолд зохих журмын дагуу өөрчлөлт оруулж, хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

9. Шүүгдэгч Х.Б-ын давж заалдах гомдолд:

9.1. Шүүгдэгч Х.Б- миний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэргийн шинж байхгүй бөгөөд энэ нь нотлогдоогүй байгаа тул гомдол гаргах үндэслэл болж байна. Тухайлбал: Хуулийн тайлбарт: “Урвуулан ашиглах” гэдэг нь албан үүрэг, албан тушаалын байдлаа “албаны эрх ашгийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдэл хэтрүүлэх байдлыг ойлгоно” гэжээ. Гэтэл шүүгдэгч Х.Б- би Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу “Захиалагч"-ийн хувиар оролцож, мөн хуулийн 46.1 дэх хэсэгт заасан захиалагчийн бүрэн эрхийг эдэлж, хуулийн 46.1.3 дахь хэсэгт заасан “Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” эрхийн дагуу шийдвэр гаргасан, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан “Захиалагч нь хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, энэ тухай талуудад мэдэгдэх” гэж хуульд заасан үүргээ биелүүлсэн юм. Мөн хуулийн 29.2 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээ, хязгаарын дагуу “Гэрээ байгуулах” чиг үүргээ хэрэгжүүлсэн байгаа юм. Шүүгдэгч Х.Б- миний дээрх үйлдэл хийх эрхийг тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсгүүдэд зааснаар хуулиар олгосон учир “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” гэж үзэх эрх зүйн үндэс байхгүй.

9.2. Шүүгдэгч Х.Б- би Буянт сумын төвд баригдах 2.5 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг “Нээлттэй тендер шалгаруулалт” явуулах журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн сонирхогч этгээдийг тэгш оролцох боломжоор хангаж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хуулийн хугацаа 30 хоногийг сахин биелүүлж, хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар үнэлгээний хороо байгуулж захиалагчаас хараат бус ажилласан юм. Эдгээр хуулийн хүрээнд хийгдсэн процессын үйл ажиллагаанууд нь захиалагч Х.Б- миний албан тушаалын чиг үүргийг хууль ёсоор гүйцэтгэснийг, бусдад давуу байдал олгох гэсэн зорилго байхгүй гэдгийг нотолж байна. Миний бие захиалагч тул хараат бус ажилласан юм. Энэ талаар анхан шатны шүүх шууд санаатай, хүсэж үйлдсэн гэж буруу ташаа дүгнэлт хийсэн гэж гомдол гаргаж байна.

9.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт зааснаар “тендерийг хянаж үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” зэрэг бүх эрх мэдлийг үнэлгээний хороонд өгсөн бөгөөд хуулийн 46.2-д зааснаар “томилогдсон захиалагч үнэлгээний хорооны шийдвэрийг өөрчлөх эрхгүй” гэж хатуу заагаад өгсөн байдаг юм.

Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт “Тендерийг хянаж үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, захиалагчид өгөх” зэрэг бүх эрх мэдэл зөвхөн Үнэлгээний хорооны бүрэн эрхэд хамаарах тул захиалагчийн төлөөлөгч Х.Б- надад бусдад болон өөртөө давуу байдал олгох эрх зүйн үндэслэл байхгүй билээ. Анхан шатны шүүхээс эдгээр хуулийн заалтыг буруу хэрэглэж, эрх зүйн буруу дүгнэлт хийсэн гэж гомдол гаргаж байна.

9.4. Нээлттэй сонгон шалгаруулалтад тухайн үед “И” ХХК болон “К” ХХК гэх хоёр аж ахуйн нэгж өрсөлдөж оролцсон бөгөөд Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, захиалагчид хандаж шалгарсан хуулийн этгээд болох “К” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон учир захиалагч Х.Б- би мөн зүйлд заасан “Үнэлгээний хороо”-ны шийдвэрийг захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан өөрчлөхийг хориглоно” гэсэн заалт, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай Үнэлгээний хороо мэдэгдсэнээс хойш 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулна” гэж заасан тул 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “И” ХХК болон “К”  ХХК-нд тус тус мэдэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 6 дахь хоногт шалгарсан хуулийн этгээд “К” ХХК-тай гэрээ байгуулсан болно.

9.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж, 28.7.4 дэх хэсэгт “Хамгийн бага үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасныг, 28.14.6 дахь хэсэгт “Санхүүгийн саналыг энэ хуулийн 28.2-28.7 дахь хэсгийг баримтлан үнэлж, гэрээ байгуулах эрхийг “Хамгийн сайн” гэж үнэлэгдсэн оролцогчид олгоно” гэжээ. Нээлттэй тендер сонгон шалгаруулалтад “И” ХХК болон “К” ХХК зэрэг хоёр аж ахуйн нэгжээс баримт бичиг ирүүлсний дотор “К” ХХК нь хамгийн бага үнэтэй тендер ирүүлж, Үнэлгээний хороо нь “К” ХХК-ыг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдийг зөв хэрэглэсэн, хууль ёсны үндэстэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай байна. Тухайн харилцааг зохицуулсан “нарийвчилсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж гомдол гаргаж байна.

9.6. Шүүгдэгч Х.Б- намайг анхан шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан “...Ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулна” гэдгийг зөрчиж, 6 хоног болоогүй байхад, ажлын 5 хоногтой байхад гэрээ байгуулсан явдал нь “К” ХХК-нд давуу байдал олгосон гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүгдэгч Х.Б- миний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” эсвэл “хэрэгжүүлэхгүй байх”, “бусдад давуу байдал олгох” зэрэг гэмт хэргийн шинжгүй болно. “Урвуулан ашиглах” гэдэг бол албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилго агуулсан байдаг. Гэтэл би албаны эрх ашгийг дээгүүрт тавьж, Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг биелүүлэх, 2.5 км хатуу хучилттай замыг хурдан бариулах зорилготой байж, шалгарсан “К” ХХК-тай гэрээ байгуулсан юм. Мөн “давуу байдал” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт тодорхойлсон байдаг бөгөөд миний үйлдэл хэн нэгэн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал олгоогүй, хуульд заасан захиалагчийн үүргийг биелүүлж, гэрээ байгуулсан байгаа.

9.7. Шүүгдэгч Х.Б- намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/223 дугаар тогтоолоор ”Буянт сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байхдаа Буянт сумын төвийн 2.5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах гүйцэтгэгч шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон компаниудад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлын 6 хоног болоогүй байхад “К” ХХК-тай гэрээ байгуулж, бусдын шударга өрсөлдөх боломжийг хязгаарласан” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.  Энэ нь Эрүүгийн хуулийн өрсөлдөх хэм хэмжээг буруу хэрэглэсэн, хэргийг буруу зүйлчлэн ангилсан гэж гомдол гаргаж байна.

9.8. Шүүгдэгч Х.Б- миний бие Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29 2 дахь хэсэгт заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсэн заалтыг зөрчиж 2023 оны 11 дүгээр сарын 29-нд мэдэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу ажлын 5 дахь хоногт гэрээ байгуулж, хуульд заасан хугацаанаас 1 хоногийн өмнө гэрээ байгуулсан гэм буруутай болох нь тогтоогдсон гэжээ. Харин “К” ХХК-нд давуу байдал бий болгосон, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах явдал биш миний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хайнга хандах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул надад холбогдох хэргийг буруу зүйлчилсэн гэж үзэж байна. Тухайлбал: УДШ-ийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 381 дүгээр тогтоолд “Албан тушаалтан хайнга хандах” гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргээ биелүүлээгүй, цаг хугацаа алдсан, алдаа доголдол илэрснийг ойлгоно гэжээ. Тийм учраас шүүгдэгч Х.Б- миний хуулийн хугацаанаас 2 хоногийн өмнө гэрээ байгуулж, тухайн хуулийн 29.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь УДШ-ийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 381 дүгээр тогтоолд заасан хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй, цаг хугацаанд алдаа гаргасан” үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5-д заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа ба гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шүүх шийдвэрлэх юм.

9.9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн 2413001060178 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

10. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдол, эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

12. Шүүгдэгч Х.Б-ын үйлдэл холбогдлын тухайд:

 

12.1. Шүүгдэгч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа тус сумын төвийн 2,5 км хатуу хучилттай замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзсан талаарх 3/210, 3/211 дугаартай хоёр албан бичгээр “К” ХХК болон “И” ХХК-д тус тус мэдэгдсэнээс хойш ажлын 6 хоног өнгөрөөгүй байхад 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг зөрчиж 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "К” ХХК-тай гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон үйл баримт нь:

- Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх тухай 38 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан материалууд,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц-гийн “Буянт сумын төвд авто замын ажил хийх зураг төсвийн ажлыг хүлээж авсан. Тус ажлыг үр дүнтэй сайн хийсэн гэж үзэж байгаа. ... санхүүжилт нь тус сумын Орон нутаг хөгжүүлэх сангаас гарсан...” гэх мэдүүлэг,

- гэрч Т.М-ын “...Буянт сумын төвийн 3 км авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгавар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гарч улмаар намайг Үнэлгээний хорооны даргаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилсон. Тус төслийн ажил нь Буянт сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бөгөөд нийт 31 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зарлаж 11 дүгээр сарын 26-ны өдөр тендерийг нээсэн. Ингээд тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нээхэд 2 компани материал ирүүлсэн байсныг үнэлгээний хороо хуралдаж олонхын саналаар “К” ХХК нь шаардлага хангах юм байна гээд шалгаруулсан. Тухайн үед “К” ХХК-тай цуг “И” ХХК өрсөлдөж улмаар 2 компанийн аль аль нь техникийн шаардлага хангасан боловч “И” ХХК нь “К” ХХК-аас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзаж “К” ХХК-ийг шалгаруулж захиалагчид зөвлөмж хүргүүлсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга “К” ХХК-тай гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг,

- гэрч Х.О-гийн “...Буянт сумын төвийн 3 км авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгавар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гарч улмаар намайг Үнэлгээний хорооны гишүүнээр Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилсон. Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нээхэд 2 компани материал ирүүлсэн байсныг үнэлгээний хорооны дарга М-, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга У- бид 3 хуралдаж олонхын саналаар буюу 100 хувийн саналаар “К” ХХК нь шаардлага хангах юм байна гээд шалгаруулсан. Тухайн үед “К” ХХК-тай цуг “И” ХХК өрсөлдөж улмаар 2 компанийн аль аль нь техникийн шаардлага бүрэн хангасан боловч “И” ХХК нь “К” ХХК-аас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзаж “К” ХХК-ийг шалгаруулж захиалагч болох Засаг даргын Тамгын газрын даргад зөвлөмж хүргүүлсэн. Миний хувьд үүнээс өөр зүйл мэдэхгүй. 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалт болж, өөрийнхөө саналыг өгөөд шалгаруулалт болоод өндөрлөсөн, түүнээс цааш юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг,

- гэрч Ч.М-ын / “И” ХХК-ийн захирал/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...яагаад гомдол гаргасан гэхээр тендерийн баталгаагаа байршуулах ёстой дансанд байршуулаагүй хуулийн этгээд /нэрийг нь санахгүй байна/-ийг шалгаруулсан байсан учир тендер сонгон шалгаруулалт хууль бусаар явагдсан гэж үзээд Сангийн яамд гомдол гаргасан.  ...би гомдлоо гаргаад Сангийн яамнаас хариу ирүүлэхдээ танай гаргасан гомдлыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газраас тендерийн баримт материалыг хуулийн хугацаанд ирүүлээгүй тул Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ гэсэн албан бичгийг Сангийн яамнаас манайд ирүүлсэн. Үүний дараагаар буюу Сангийн яамнаас дээрх албан бичиг ирүүлсний дараа Буянт сумын Засаг даргын тамгын газрын дарга Б- гэсэн шиг санагдаж байна, нэрийг нь буруу санаж байж магадгүй, энэ хүн миний ********* дугаарын утас руу залгаж /над руу залгасан дугаарыг одоо санахгүй байна/ гомдлоо татчих, дараагийн удаа хамтарч ажиллаж болно гэсэн утгатай зүйлийг хэлсэн, тэгэхээр нь би за гэж хэлээд тендерийн баталгаанд байршуулсан мөнгөө цуцлуулж авсан” гэх мэдүүлэг,

- Х.Б-ын яллагдагчаар өгсөн “...би бусдад давуу байдал олгоогүй, тендер хуулийн дагуу зарлаж 2 компани материал илгээснээс үнэлгээний хороо шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн компанитай би гэрээг байгуулсан. ...хугацаанаас өмнө гэрээ байгуулсан асуудлын тухайд гэвэл 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тендер шалгаруулж улмаар гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн. Ингээд тоолоод үзэхээр 6 хоног хангалттай дууссан байсан.  ...би бол ажлын 6 хоног дууссан л гэж тооцсон. Би тоолохдоо 11 дүгээр сарын 29-ний өдрийг оруулж тоолоод 12 дугаар 06-ны өдөр дуусаж байна гэж үзсэн...” гэх мэдүүлэг,

- Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/9236 дугаар албан бичиг,

- Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/211, 3/210 дугаар албан бичгүүд,

- Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/214 дугаар “И” ХХК-д хүргүүлсэн “...техникийн алдаа гарч Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоолд заасан босго үнийг мөрдөхгүй болох нь тогтоогдсон боловч захиалагчийн зүгээс гаргасан шийдвэр өөрчлөгдөхгүй болохыг мэдэгдэж байна” гэх албан бичиг,

- Буянт сумын Засаг даргын Тамгын газар болон “К” ХХК-ийн хооронд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсөв боловсруулах гэрээ,

- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийн төсөл,

- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаар албан бичиг зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

12.2. Шүүгдэгч Х.Б-ын дээрх хууль бус үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль ёсны зарчмыг хангасан учраас шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “хэргийг буруу зүйлчилсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн агуулгатай давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Х.Б- 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн хувьд сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахдаа гэрээ байгуулах санал болон татгалзсан талаарх албан бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тендерт оролцсон “И” ХХК, “К” ХХК-д тус тус мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш ажлын 6 хоног өнгөрөөгүй байхад 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг зөрчиж тус компанид давуу байдал олгосон, сонгон шалгаруулалтад оролцсон “И” ХХК-ийн шударгаар өрсөлдөх, Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогджээ.

 

12.3. Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийн үйл баримт, түүнд ач холбогдолтой бусад нөхцөл байдлуудын талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж шинжлэн судлахад:

- Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/14 дугаартай тушаалаар “тус суманд 2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх сумын төвийн хатуу хучилттай авто замын зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч”-ийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн даргаар тус сумын Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Т.М-, гишүүдэд  цэцэрлэгийн нярав Х.О-, тус сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Л.У- нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан,

- тус үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэмдэглэлээр “хамгийн сайн үнэлэгдсэн” гэх “К” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч буюу Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга Х.Б-т хүргүүлсэн,

- улмаар захиалагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б- нь албан бичгээр 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр уг тендерт оролцсон “И” ХХК, “К” ХХК-д тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулах санал болон татгалзсан талаар мэдэгдсэн,

- ийнхүү мэдэгдсэнээс хойш 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу ажлын 4 дэх хоног өнгөрч байхад “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг зөрчсөн,

- үүний дараа сонгон шалгаруулалтад шалгараагүй “И” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд захиалагч буюу Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б- нь хуульд заасан хугацааг зөрчиж “К” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэж заасан журмыг эрх бүхий этгээд буюу Сангийн яамнаас хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж, “К” ХХК-д давуу байвал бий болгосон нь хангалттай тогтоогджээ. Иймээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй.

 

12.4. Шүүгдэгч Х.Б- нь захиалагч буюу Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдаж авах тухай сонгон шалгаруулалтыг явуулсан Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зөвлөмжийг хүлээж авсны дараа тус сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/211, 3/210 дугаар албан бичгүүдээр сонгон шалгаруулалтад оролцсон “И” ХХК-д тендерт шалгараагүй талаар, харин “К” ХХК-д гэрээ байгуулах санал хүргүүлж, маргааш нь “И” ХХК нь тус сонгон шалгаруулалтын талаар гомдол гаргасаар байхад шалгарсан компанитай гэрээ байгуулаагүй буюу гэрээ байгуулах хуульд заасан хугацаа нь болоогүй байхад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 03/214 дугаартай албан бичгээр “И” ХХК-д “захиалагчийн зүгээс гаргасан шийдвэр өөрчлөгдөхгүй” гэж мэдэгдэж, улмаар 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан хугацаа өнгөрөөгүй байхад “К” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хэргийн нөхцөл байдал, гэрч Ч.М-ын /“И” ХХК-ийн захирал/ “... Сангийн яамнаас дээрх албан  бичгийг ирүүлсний дараа Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б- гэх шиг санагдаж байна, нэрийг нь буруу санаж байж магадгүй, энэ хүн миний ********* дугаарын утас руу залгаж, гомдлоо татчих, дараагийн удаа хамтарч ажиллаж болно гэсэн утгатай зүйлийг хэлсэн, тэгэхээр нь би за тэгье гэж хэлээд тендерийн баталгаанд байршуулсан мөнгөө цуцлуулж авсан” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэвэл, шүүгдэгч Х.Б-ын хуульд заасан хугацааг хүлээхгүйгээр “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, тус компанитай гэрээ байгуулах гэсэн урьдчилсан хүсэл, сонирхлоо гүйцэлдүүлэх замаар “И” ХХК-ийн шударгаар өрсөлдөх, Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж шийдвэрлүүлэх, улмаар эрх бүхий дээд шатны байгууллагаас мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 55.4 дэх заалтад заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг тус тус хязгаарласан хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэгт тооцогдоно.

 

12.5. Харин тэрээр захиалагчийн хувьд хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу чиг үүрэгтээ цалгар, нямбай бус, хайхрамжгүй, илт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал хэргээс  тогтоогдоогүй учраас Х.Б-ын “өрсөлдөгч хэм хэмжээг буруу хэрэглэсэн, хэргийг буруу зүйлчилсэн, шүүгдэгчийн үйлдэл Хайнга хандах гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэсэн агуулгатай давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “ажлын 6-аас доошгүй өдрийн дараа” гэснийг “6-аас доошгүй өдрийн дараа” гэж буруу ойлгож хэрэгжүүлсэн гэх шүүгдэгчийн мэдүүлэг, давж заалдах гомдол нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд тооцогдох, эсхүл шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12.6. Иймд шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил нэг сарын хугацаагаар хасаж, нэг жил дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь гэм буруутай этгээдийн үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу шийдвэр гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг хангасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй учраас тэдгээрийн “хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

13. Цагаатгагдсан этгээд Л.У-гийн үйлдэл холбогдлын талаар:

 

13.1. Прокуророос Л.У-г Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Сангийн яамнаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт албан бичиг хүргүүлж, улмаар түүний ********************@gmail.com гэсэн цахим шуудан руу материал ирүүлэх талаар мэдэгдсээр байхад сонгон шалгаруулалтын материалыг хугацаанд нь ирүүлээгүй, өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтыг эрх бүхий этгээд буюу Сангийн яамнаас хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, мөн зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад буюу “К” ХХК-д давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх Л.У-гийн эс үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.  

     

13.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, дараах үйл баримт, нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.У- нь тус Тамгын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/14 дугаар тушаалаар “Буянт суманд 2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх сумын төвийн хатуу хучилттай авто замын зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч” сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажилласан,

- Буянт сумын Засаг даргын Тамгын газраас 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зарласан хатуу хучилттай замын зураг төсвийн гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “И” ХХК-аас 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/437 дугаартай албан бичгээр тус сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдуулж Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан,

- тус гомдлын дагуу Монгол Улсын Сангийн яамнаас 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасан арга хэмжээг авч хэрэгжүүлж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаар албан бичгийг эх хувиар нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, хувийг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Л.У-гийн ********************@gmail.com цахим шуудангаар илгээж, захиалагчийн шийдвэр буюу үйлдлийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, сонгон шалгаруулалтын холбогдох бичиг баримтуудыг гомдлыг хянан шалгахад шаардлагатай учраас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн, харин уг баримт материалыг Л.У- нь тус албан бичигт заасан хугацаанд Монгол Улсын Сангийн яаманд хүргүүлээгүй үйл баримт хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, Л.У- болон шүүгдэгч Х.Б-ын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

13.3. Гэтэл, тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журмуудад, 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Захиалагч худалдан авах ажиллагаа явуулсан тухай бүр тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлж архивын нэгж болгон хадгална” гэж, Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 5.1-т “Үнэлгээний хороо нийт гишүүдийн олонх дэмжсэн үнэлгээний дүгнэлтийг дараах баримт бичгийн хамт захиалагчид хүргүүлнэ: 5.1.1. холбогдох журам, заавар, аргачлалын дагуу боловсруулж, захиалагчаар батлуулах баримт бичиг, мэдэгдлийн төсөл; 5.1.2. тендер шалгаруулалттай холбогдох бусад баримт бичиг” гэж,  мөн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаартай “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 4.6-д “Сангийн яам тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гарсан тухай захиалагчид утсаар, албан бичгээр эсхүл цахим системээр дамжуулан мэдэгдэх бөгөөд захиалагч нь мэдсэн даруйд түр түдгэлзүүлсэн тендер шалгаруулалтыг зогсоох, гомдол гаргагчийн тендерийн баталгааг чөлөөлөхгүй байх ба энэ журмын 5.1-д заасан баримт бичгийг 3 хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлнэ” гэж хуульчилж, журамлажээ.

Үүнээс дүгнэвэл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаар албан бичигт дурдсан бичиг баримтуудыг журамд зааснаар үнэлгээний хороо нь зөвлөмжийн хамт захиалагчид хүргүүлж, харин хуульд зааснаар захиалагч нь архивлаж өөртөө хадгалах, улмаар уг баримтуудыг төрийн захиргааны төв байгууллагад татаж хянан шалгах талаар Сангийн яамнаас захиалагчид мэдэгдэх, захиалагч нь мэдсэн даруйд тухай баримт бичгийг Сангийн яаманд хүргүүлэх үүрэгтэй байна. Иймд Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан Л.У-гаас өөртэй нь шууд холбогдож, эсхүл түүний цахим шуудангаар дамжуулан тендер сонгон шалгаруулалттай холбоотой баримт, материалыг шаардсан Сангийн яамны мэргэжилтний үйл ажиллагаа хууль, журамд нийцээгүй, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь тендерийн баримт материалыг Сангийн яаманд хүргүүлэх үүрэг хүлээхгүй, энэ үүргийг захиалагч хүлээж хэрэгжүүлэхээр тодорхой хуульчилж, журамласан байхад “Сангийн яамнаас шаардсан баримт бичгийг тус яаманд хүргүүлээгүй” гэж Л.У-г гэм буруутайд тооцох, тэрээр хууль болон журам, ажлын байрны чиг үүрэгт зааснаар уг баримт бичгийг Сангийн яаманд хүргүүлэх үүрэг хүлээгээгүй байхад түүнийг албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдлийг хийгээгүй, эсхүл чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр бусдад давуу байдал олгосон гэж үзэх, түүний уг эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

 

13.4. Хуульд зааснаар тендер сонгон шалгаруулалтад холбогдох баримт, материалууд  захиалагчид архивын нэгж болон хадгалагддаг, уг баримтыг төрийн захиргааны төв байгууллагаас захиалагчтай шууд холбогдож шаардан авах эрхтэй, харин захиалагч нь журамд заасан хугацаанд холбогдох баримт бичгийг Сангийн яаманд хүргүүлэх үүрэгтэй байхаар журамласан учраас тухайн баримт бичгүүдийг захиалагчаас шууд шаардахгүйгээр сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргаас шаардсан, сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь тухайн баримт бичгүүдийг Сангийн яаманд хүргүүлэх чиг үүргийг хууль болон журмаар хүлээгээгүй тул үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.У-г тухайн баримт бичгүүдийг Сангийн яаманд хүргүүлээгүй буюу “хийх ёстой үйлдлийг хийгээгүй, албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүй” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, түүний эс үйлдэхүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

13.5. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 5.1, мөн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаартай “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 4.6-д зааснаар сонгон шалгаруулалттай холбоотой материалыг эрх бүхий байгууллагын шаардсанаар Сангийн яаманд хүргүүлэх үүргийг захиалагч хүлээх учраас “Л.У нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаар албан бичгийг хүлээн авсан боловч тендертэй холбоотой материалыг явуулаагүй” гэм буруутай, анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн  2024/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Д.Айбек нарын давж заалдах гомдол,  прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК