Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2026/0636

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК /РД:/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарын хооронд үүссэн нэхэмжлэгчийн эзэмшиж байсан XV- дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч С ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-д холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэгт авагдсан баримтууд:

2.1. Нэхэмжлэгч С ХХК нь Баянхонгор аймгийн Б******* сумын Б******* нэртэй газарт орших 712.58 гектар талбайд ашигт малтмал хайх XV- дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтанд оролцон 1 200 000 000 төгрөгөөр шалгарч улмаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эзэмшиж эхэлсэн,

2.2. Нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг тусгай зөвшөөрөл авах, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 250,000 төгрөгийг тусгай зөвшөөрөл сш гэх утгатайгаар тус тус Төрийн сангийн 100 дугаар дансанд гүйлгээ хийж шилжүүлсэн,

2.3. Нэхэмжлэгч компани нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Д******* дугаар байр, ******* хаягт үйл ажиллагаа явуулж байгаад уг байр нь дахин төлөвлөлтөд орох болсон шалтгаанаар чөлөөлж, Баянгол дүүрэг, хороо, А гудамж, тоот хаягт байрлах оффис үйлчилгээний талбайг Т ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Ажлын байр түрээслэх гэрээ-г байгуулсан,

2.4. Нэхэмжлэгч компанийн Гүйцэтгэх захирал Ш.М нь эрүүл мэндийн шалтгаанаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ч эмнэлэгт, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл И******* эмнэлэгт, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Энэрэл мамоц эмнэлэгт тус тус эмчлүүлсэн талаархи эмнэлгийн баримтууд,

2.5. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр төлсөн баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч заасан хаягт эзэнгүй, мэдэгдэл үлдээгээд хариу өгөхгүй байсан гэх үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10.05 цагт ажилтан н.Отгонтуяад буцаан гардуулсан болохоо М******* ХК нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09/228 дугаар албан бичгээр тодорхойлсон болох нь тогтоогдсон,

2.6. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар бүхий Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрээр ...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй...аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсний дотор XV- дугаар бүхий 2018 оны 11 дүгээр сарын 19-нд анх олгогдсон, Баянхонгор аймгийн Б******* сумын Б******* нэртэй С ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, улмаар тус газрын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8/34 дүгээр албан бичгээр мэдэгдсэн мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гомдол гаргасан ба Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8/368 дугаар албан бичгээр тус гомдлыг хүлээн авах боломжгүй талаар мэдэгджээ.

2.7. Дээрх хариуг зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан ба Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/555 дугаар албан бичгээр ...гомдлыг хүлээж авах боломжгүй-г мэдэгдсэн байна.

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...1/Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан. Сунгалт хийх үед тухайн жилийн төлбөрийг төлсөн эсэх талаар ямар ч асуудал гараагүй.

2/ Тус компани нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол Д*******-3 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг байсан. Тус хаяг дахин төлөвлөлтөд орж байгаа тул байрны өмчлөгч Г.Даваахүү 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө С ХХК-ийг чөлөөлж өгөхийг шаардсан.

СХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, А гудамжинд байрлах тоот оффисыг түрээслэхээр Т*******" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Аж ахуйн нэгжийн хаягт өөрчлөлт орсон талаар Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэст мэдээлэл өгөх гэсэн боловч тус компанийн гүйцэтгэх захирал Ш.Мийн биеийн байдал хүнд байсан учир мэдэгдэж амжаагүй.

С ХХК нь хуульд заасан мэдэгдлийг хүлээж аваагүй мөн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг тус тус гардаж аваагүй байна.

Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Ш.М нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гараад 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бие нь муудаж их хэмжээгээр цус алдсан тул Улсын 3 дугаар төв эмнэлэгт хүргэгдэн очсон.

Улсын 3 дугаар төв эмнэлгээс цаг алдалгүй шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн тул И******* эмнэлэгт яаралтай шинжилгээ өгч шинжилгээгээр хавдрын биет байх магадлалтай гэсэн тул тус эмнэлэгт 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэвтэн эмчлүүлж мэс засалд орсон.

Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Энэрэл мамоц эмнэлэгт эмчилгээ хийлгэж, хэвтрийн дэглэм сахисан. Тус эмнэлэгт дахин 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон.

Татварын Ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41."хүндэтгэн үзэх шалтгаан" гэж гээд 6.1.41.а. "эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.М нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх мэдэгдэл, цуцалсан шийдвэрийг тус тус гардаж аваагүй, ямар нэгэн сонсох ажиллагаа хийлгүй оролцогчийн эрхийг хангаж шийдвэр гаргаагүй нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.

3/ С" ХХК-ийн УУКК систем /CMCS/-д бүртгэлтэй хаягаас буцсан байхад ямар шалтгаанаар мэдэгдэл буцаагдсан болохыг шалгаагүй, мөн Кадастрын асуудал хариуцсан нэгжээс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасан тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх үүргийн хүрээнд бүртгэгдсэн албан ёсны цахим шуудангийн хаягт илгээх боломжтой атал илгээгээгүй байна, Е-майл хаягаар харилцах гэж л бүртгэл хийх албан ёсны маягтаар компанийн мэдээллийг авдаг гэж үзэж байна.

4/ Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 дугаартай албан бичгээр манай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг гаргахдаа хугацаагаа 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр тооцсон нь буруу байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг зөрчсөн байна. Учир нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 10 өдөр тооцоход манай тусгай зөвшөөрөл 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цуцлагдах үндэслэл бүрдсэн байхаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс тооцсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасантай зөрчилдсөн байна.

Манай компанийн тусгай зөвшөөрөл нь энэ хуулийн зохицуулалтаар анх олгогдсон огноог сунгасан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 424 дүгээр шийдвэрээр 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр төлбөр төлөх сүүлийн хоног байх ба энэ өдрөөс алдангитайгаар төлбөр төлж болох хугацааг тооцвол 30 хоног нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байхаар байна. Энэ өдрөөс ажлын 10 өдөрт багтаан мэдэгдэл явуулахаар хуульчилсан байна.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газар нь бие даасан захиргааны байгууллага бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт гарган ажиллаж байгаа. Ашигт малтмал, газрын тосны газраас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагааг хуулийн дагуу хийснээр Захиргааны ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг хэрэглэх боломжтой байсан.

Иймд манай С ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Мийн биеийн байдалтай шууд холбоотой хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж, мөн эдийн засгийн хувьд асар өндөр дүнтэй хохирол хүлээх үр дагаварт хүрэхгүй байхын тулд энэхүү нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Солид Трейд ХХК нь Баянхонгор аймгийн Б******* сумын Б******* нэртэй газарт 712.58 гектар талбай бүхий XV- тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн сонгон шалгаруулалтаар 1,200,000,000 төгрөгийг хариуцагчид төлж олж авсан. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан. Хугацаа болох үед нэхэмжлэгчээс хуульд заасан шаардлагыг хангаад тусгай зөвшөөрлийг сунгуулсан. Сунгалт хийх үед тухайн жилийн төлбөрийг төлсөн эсэх талаар хариуцагч ямар нэгэн шаардлага тавиагүй байсан тул нэхэмжлэгч тухайн үүргийг биелүүлсэн гэж ойлгосон.

Тухайн үед нэхэмжлэгч компанийн захирал Ш.М нь хүнд өвчтэй байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хүнд өвчтэй байсан тул тухайн үеийн шаардлагуудыг бүрэн биелүүлсэн гээд ойлгоод өвчний эмчилгээндээ илүү их анхаарч байсан. Тусгай зөвшөөрлийн жилийн ээлжит төлбөрийг төлөх хугацаа болсон байсан. Хариуцагч талаас энэ төлбөрийг төлөх үндэслэл бүрдсэн байна гэдгээ нэхэмжлэгчийн хуучин хаягаар илгээсэн. Гэвч тухайн хаягт нь нэхэмжлэгч байгаагүй. Тухайн хаягт үйл ажиллагаа явуулахгүй болсон тул тэр талаарх мэдэгдлийг огт хүлээж авч чадаагүй.

Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 18 дугаар байр 3 тоотод хаягт үйл ажиллагаа явуулдаг байсан боловч тухайн хаягаа 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С ХХК чөлөөлсөн. Учир нь дахин төлөвлөлттэй холбоотой харилцааг зохицуулсан эрх бүхий байгууллагын шийдвэрээр тухайн хаягт байсан барилга байгууламжийг буулгаад шинээр барилга байгууламж барихаар болсон байсан. Тэнд оршин сууж байсан болон үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг чөлөөлөөд барилгын үйл ажиллагаа эхэлсэн. Одоо энэ барилгын үйл ажиллагаа дууссан. У******* дэлгүүрээс ертөнцийн зүгээр чанх зүүн талд нь 16 давхар барилга байгууламж ашиглалтад ороод зах зээлд худалдагдаад явж байгаа. Энэ үйл баримт нь үүгээр нотлогдож байгаа. Нийтэд илэрхий үйл баримт гэж тайлбарлагдаж байна.

Тус компани 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчдын гудамж тоот оффисыг түрээслэхээр Т******* ХХК-тай гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хаягийн өөрчлөлтийг агентлагт өгөх боломж байгаагүй. Учир нь гэвэл хаягийн өөрчлөлтийг мэдүүлэх агентлагийн өөрийнх нь маягт байдаг. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтан үүнийг мэдүүлнэ гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт цугларсан баримтыг харахад нэхэмжлэгч компанийн эрх бүхий ганцхан албан тушаалтан болох Ш.М гэх хүн байдаг. Энэ хүн тухайн үед хүнд өвчтэй байсан тул энэ өөрчлөлтийг биечлэн мэдүүлэх боломжгүй байсан. Иймд үүнийг мэдэгдээгүй. Хариуцагчаас тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлөх хугацаа болсонтой холбоотой мэдэгдлийг хүргүүлсэн боловч тэр хаягт нэхэмжлэгч байхгүй байсан тул хаягийн мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээж авч чадаагүй. Тухайн хаяг дээр биечлэн гардаж авах боломжгүй байсан бол гар утасны бүртгэлтэй дугаар, эсвэл цахим шуудангийн хаягаар тухайн мэдэгдлийг цааш хүргүүлэх боломж байсан гэж харж байна. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг и-мэйл хаягаар мэдэгдээгүйд буруутай гэж үзэж байгаа. Учир нь гэвэл хариуцагч нэхэмжлэгчийн цахим шуудангийн хаягаар өөр бусад эрх үүргээ хэрэгжүүлээд, оролцоогоо нийлээд явуулсан байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Өмнө нь явуулж байсан имэйл хаягаар дахин явуулах боломжтой байтал явуулаагүй. Иймд буруутай гэж үзэж байгаа.

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Бид нар үүнийг зөвшөөрөхгүй байгаа. 2022 онд энэ хэрэг шийдвэрлэгдэх үед шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар хүсэлт өгсөн үйл баримт болох илүү төлбөр авч илүү төлсөн үйл баримтыг бид нар мэдээгүй байсан. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр жилийн төлбөрийг төлөх үүрэг үүссэн 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар илүү төлөлттэй байсан. Илүү төлсөн 3,000,000 төгрөгийг тухайн жилийн төлбөрийг төлсөнд тооцоод тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх үндэслэл бүрдсэн байтал нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус гэж нэхэмжлэгч үзээд хариуцагчид холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. гэв.

3.3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шалгуулах хүсэлтээ өгсөн. Үүнийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Зарцуулалтын асуудлыг тайлбарлаж чадаагүй. Ямар хууль журмын асуудлаар 3,000,000 төгрөгийг хурааж авсан юм бэ гэдэг дээр хариулт хэлж чадаагүй. Сайдын санаачилгаар авсан гэх хариулт хэлсэн. Зарцуулалтын хувьд гэрчилгээ бичиж өгсөн. Мөн бид нар гэрчилгээний төлбөрт авсан гэж тайлбарладаг. Хариу тайлбарын харахад жоохон сэтгэл дундуур байна.

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нэмэлт өөрчлөлтөөр буюу энэ хуулийн 19 дүгээр зүйлийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцсон байдаг. Иймд 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн журам нь өөрөө хүчингүй болсон. Бид нар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор сонгон шалгаруулалтад ялж шийдвэрээ гардаж авсан. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын А/28 дугаар сонгон шалгаруулалтын журам гарсан. Энэ журмын 3.3.2.10-д буюу Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан үндэслэлээр нэг удаагийн төлбөрийг төлнө гэж заасан байдаг. Манай сонгон шалгаруулалтад орох хугацааны асуудал 2018 оных байгаа. Иймд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын сонгон шалгаруулалтын журам мөрдөгдөж байсан гэсэн үг. 2017 оны Уул уурхай, хүн үйлдвэрийн сайдын тушаал нь дараагийнхаа сайдын тушаал гарснаар хүчингүй болно. Энэ талаар дурдахгүй байна.

1,200,000,000 төгрөг нь энэ хүний нэг насны хөлс, хөдөлмөрийн үр дүн юм. Сонгон шалгаруулалтад ялж авсан газар байгаа. 250,000 төгрөг буюу нэг удаагийн төлбөр авна гэж маш тодорхой заасан байтал сайдын санаачилгаар бид нар авсан, энэ нь цаашаа улсын төсөвт төвлөрсөн байгаа гэж яриад сууж байна. Үүнийхээ зарцуулалтыг ойлгоогүй явж байна. Өмнөх хуулиараа цахимаар хандаад өргөдөл гомдлыг авч уул уурхайн лицензийн асуудлыг шийдвэрлэдэг байсан. Энэ төлбөр нь 3,000,000 төгрөг юм. Үүнийг ойлгож байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Хэдий төрийн захиргааны байгууллага ч гэсэн иргэдэд тэгш хүртээмжтэй хуулийн дагуу үйлчлэх нь зөв юм аа гэдгийг онцолж хэлмээр байна. гэв.

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: ... С ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг тус газрын Кадастрын хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байна.

Кадастрын хэлтэс уг өргөдлийг хүлээн авч ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 424 дүгээр шийдвэрээр 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө тухайн тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд төлөөгүй бол мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алдангийг ногдуулдаг.

Гэтэл С ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

С ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн бөгөөд мөн хэлтсийн даргын шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8/34 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн УУККСистем /CMCS/-д бүртгэлтэй албан ёсны хаягаар хүргүүлсэн байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай тухайлсан зохицуулалтыг хуульчилж өгөөгүй байна.

Иймд С ХХК-ийн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Солид Трейд ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргасан. Ингэж гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан тодорхой баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Захирал маань хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Энэ мөнгийг төлөөгүй байсан. Төлөх боломжгүй байсан гэсэн тайлбарыг хэлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байдаг. Энэ хуулийн 32 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч хэдэн төгрөг төлөх эсэхийг заасан байдаг. Энэ хуулийн 33 дугаар зүйлд зардлын доод хэмжээг заасан байдаг. Мөн хуулийн 36 дугаар зүйлд хэдэн төгрөг төлөх эсэхийг заасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д жил болгон урьдчилан төлнө, 34.7-д жил болгон аж ахуй нэгжүүдэд боломж олгож урьдчилан төлөх хугацааг 30 хоногоор хойшлуулж өгөхөөр зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 30 хоногийн хугацаанд алдангитайгаа төл гэх байдлаар зохицуулж өгсөн байдаг.

Нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийг алдангийн хамт 2022 оны 12 дугаар сарын 19-ний дотор бүрэн төлөх байсан. Гэтэл нэхэмжлэгч компани үүнийг 2021 онд бүрэн төлөөгүй. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан. Дээд шүүх энэ асуудлыг хангалттай дүгнэчихсэн.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын гол асуудлын тухайд бол 3,000,000 төгрөгтэй холбоотой асуудлаар Дээд шүүх хэргийг задалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.4-д тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоохыг төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан байдаг. Үүний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсийг 3,000,000 төгрөгөөр тогтоож өгсөн.

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 161 дүгээр тушаалаар үйлчилгээний хөлсийг 3,000,000 төгрөгөөр батлаад 2015 оны тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.1-т заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Сайд ийм тушаал гаргаад үйлчилгээний хөлсийг ав гэсэн байдлаар тушаал гаргасан байхад захиргааны байгууллага үүнийг авахгүй гээд ашиг сонирхол үүсгээд байна. Ийм эрх хэмжээ байхгүй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д улсын тэмдэгтийн хураамж нь 250,000 төгрөг байна гэж заасан байдаг. Энэ нь тэмдэгтийн хураамж юм. Үйлчилгээний хөлс нь тусдаа асуудал юм. Сунгахад 1,000,000 төгрөг төлөөд явж байгаа. Хоёр өөр асуудал байгаа. Үйлчилгээний хөлс болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг хоёр өөр дансанд тушаадаг. Ашигт малтмал, газрын тосны газраас улсын төсвийг бүрдүүлж ажилладаг. Үйлчилгээний хөлсийг жилд 2 тэрбум төгрөгийн төсөвт суулгана гэсэн байдлаар төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Үйлчилгээний хөлс нь нэг тусдаа тустай, зөвшөөрлийн төлбөр нь мөн адил нэг тусдаа асуудал юм. Хоёр өөр дансанд тушаагаад улсын төсөвт оруулаад явж байгаа. Энд ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой буюу 3,000,000 төгрөгийн төлбөртэй холбоотой асуудал биш.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө жил болгон төлдөг гэдгээ мэддэг. Энэ нь хоёр тусдаа асуудал юм. Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүй хаягийг буцаасан гэдэг асуудлын талаар ярьж байна. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийн мэдэгдэл хүргүүлсэн тухай 8/6360 тоот албан бичиг нь хаяг дээрээ байгаагүй гээд буцсан. Дараагийн тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдэгдэл болох 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 8/34 албан бичиг нь М*******гаас буцаж ирээгүй. Иймд хаяг нь өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна. 20 хоногийн өмнө хүргүүлсэн мэдэгдлийг нь хаяг дээрээ байгаагүй гэж авсан байсан. 20 хоногийн дараа хүргүүлсэн мэдэгдлийг нэхэмжлэгч компани гардан авсан байсан. Өөрөөр хэлбэл, шуудангаар хүргүүлээгүй хаягаар нь буцаагаад авсан байсан. Үүнийг харахад захиргааны байгууллагыг мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэж буруутгах үндэслэл байхгүй байна.

Open Data-аас нэхэмжлэгч компанид 2018 оны 11 дүгээр сард Э******* болон Ш.М гэх хоёр хувьцаа эзэмшигч байдаг гэдэг нь харагдаг. Гүйцэтгэх захирал өвчтэй байсан гэж ярьж байна. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр гүйцэтгэх захирал өөрөө үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулдаг. Уул уурхайн компани тул хуульч, нягтлантай, геологичтой байх ёстой. Гэтэл ганцхан гүйцэтгэх захирал энэ бүгдийг хариуцаад яваад байх боломж байхгүй. Бүх компанийн нягтлан бодогч нар бүх гүйлгээгээ хийгээд төлбөрийн мөнөө шилжүүлдэг. Тэгэхээр гүйцэтгэх захирал өвчтэй байсны улмаас төлбөр төлөхийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж захиргааны байгууллага үзэх боломжгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 35.12-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч компаниас энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Хаяг дээрээ байгаагүй эсэх асуудлыг яриад захиргааны байгууллагыг буруутгаад байх үндэслэл байхгүй. Захиргааны байгууллагаас мэдэгдлийг хүргүүлж байгаа. Иймд захиргааны байгууллагыг буруутгаад байх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

3. Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар бүхий Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй...аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсний дотор XV- дугаар бүхий, 2018 оны 11 дүгээр сарын 19-нд анх олгогдсон, Баянхонгор аймгийн Б******* сумын Б******* нэртэй талбайд, С ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл багтсан байна.

4. Түүнчлэн уг хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2022/0290 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг Улсын дээд шүүхийн тогтоолуудаас зөрүүтэй тайлбарлаж, нэхэмжлэлийг хангасан гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч С ХХК-иас уг тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШТ2026/0006 тогтоолоор нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хангаж хэргийг ердийн журмаар хэлэлцүүлэхээр ирүүлснээр ийнхүү хэлэлцсэн болно.

6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан буюу компанийн Гүйцэтгэх захирал Ц.М хүнд өвчний учир эмчилгээтэй байсан, мөн компани 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг болон 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 250,000 төгрөгийг тус тус Төрийн сангийн 100 дугаар дансанд шилжүүлээд өнөөдрийг хүртэл буцааж аваагүй, илүү төлөлттэй байсан учраас ээлжит жилийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр гарсан 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэр хууль бус гэж тодорхойлсныг хариуцагч ...Гүйцэтгэх захирал ганцаараа компанийг төлөөлөхгүй, мөн эдгээр төлбөрүүд нь төрийн сангийн дансанд ордог, зориулалт нь үйлчилгээний хөлсөнд 3 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 250 000 төгрөг гэхчлэн өөр өөр тул Кадастрын хэлтсийн дарга үүнийг тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр гэж үзэж шийдэх боломжгүй, компани энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй гэж тайлбарлан маргаж байна.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж, 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална,  56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална:, 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж тус тус зохицуулсан.

8. Хуулийн, дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшлийн XV- дугаар тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр анх олгосон тул тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тооцож урьдчилан төлөх үүрэгтэй, энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд 30 хоногт багтаан алдангитай төлөх боломжийг хуулийн 34.7-д олгосон ба эдгээр хугацааг бүхэлд нь оруулж тооцоход нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг алдангийн хамт 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан.

9. Гэвч нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг дээр заасан хугацаанд төлөөгүй ба харин ийнхүү төлөөгүй нь ...хүндэтгэн үзэх шалтгаантай байсан буюу Гүйцэтгэх захирал хүнд өвчний учир эмчлүүлж байсан, мөн компани 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг болон 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 250,000 төгрөгийг тус тус Төрийн сангийн 100 дугаар дансанд шилжүүлсэн тул төлбөр төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй гэж маргаж байна.

10. Шүүх, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар бүхий Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцсэн хууль зүйн үндэслэлтэй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв. Учир нь:

11. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 6.1.41-д хүндэтгэн үзэх шалтгаан гэж: 6.1.41a. эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж заасан.

12. Хэрэгт авагдсан баримтуудаас нэхэмжлэгч компанийн Гүйцэтгэх захирал Ш.М нь эрүүл мэндийн шалтгаанаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ч эмнэлэгт, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл И******* эмнэлэгт, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Энэрэл мамоц эмнэлэгт тус тус эмчлүүлсэн нь тогтоогдож байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.22-т хуулийн этгээд гэж Иргэний хуулийн 33.1-д заасан компани, нөхөрлөлийг, 7 дугаар зүйлийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж зааснаар тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь С ХХК болохын хувьд төлөөлөх этгээдийг үйл ажиллагаанд оролцуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж үзнэ.

13. Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас ...Гүйцэтгэх захирал хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй гэх тайлбар гаргаж маргасан боловч шүүх уг тайлбарыг хүлээн авах боломжгүй, энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

14. Түүнчлэн С ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг тусгай зөвшөөрөл авах, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 250,000 төгрөгийг Тусгай зөвшөөрөл сш гэж тус тус Төрийн сангийн харилцах 100 дугаар дансанд шилжүүлснээ нотолж Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ерөнхий журнал баримтыг шүүхэд ирүүлсэн, уг төлбөр төлөгдсөн талаар хэргийн оролцогчид маргаагүй ба үүнийг С ХХК-иас ...Төрийн сангийн 100 дугаар дансанд шилжүүлээд өнөөдрийг хүртэл буцааж аваагүй, илүү төлөлттэй байсан, ер нь анхнаасаа төлөх ёсгүй төлбөр байсан учраас манай компанийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт тооцох боломжтой гэж тайлбарласан.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 10.1.4-т тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох гэж тус тус заасны дагуу гаргасан Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох тухай 15 дугаар тушаалаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох /14 хоног нэвтрэх эрх/-500 000 төгрөг, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох /60 хоног нэвтрэх эрх/-2 000 000 төгрөг, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох - 3 000 000 төгрөг гэж тус тус тогтоосон ба сайдын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Үйлчилгээний хөлс тогтоох тухай А/161 дугаар тушаалаар дээрхи 15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох/ 30 хоног 1 удаа нэвтрэх эрх / - 1 000 000 төгрөг, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох - 3 000 000 төгрөг байхаар тус тус тогтоосныг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/308 дугаар Тушаал хүчингүй болсонд тооцох тухай тушаалаар хүчингүй болгожээ.

16. Үүнээс үзэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Үйлчилгээний хөлс тогтоох тухай А/161 дугаар тушаал нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл анх авах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг тушаалын дагуу 3 000 000 төгрөг тушаасан гэж үзэхээр байх ба энэ тохиолдолд уг 3 000 000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр-т тооцох эрх хариуцагч байгууллагад олгогдоогүй байна.

17. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани тухайн 3 000 000 төгрөгийг Тусгай зөвшөөрөл авах сш /сонгон шалгаруулалт/ зориулалтаар, 250 000 төгрөгийг Тусгай зөвшөөрөл зориулалтаар тус тус 100 дансанд тушаасан, үүнээс хойш хугацаанд тухайн төлбөрийг илүү төлсөн гэх болон буцааж авах талаар, түүнчлэн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт тооцуулах талаар ямар нэгэн хүсэлт саналыг хариуцагчид гаргаж байгаагүй атлаа илүү тушаасан төлбөр гэх үндэслэлээр ээлжит жилийн төлбөрт тооцуулахаар шаардаж, улмаар энэ үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргах үндэслэлгүй, энэ нь уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

18. Түүнчлэн нэхэмжлэгчээс ...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын А/28 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ын 3.3.2.10-д зааснаар манай компани төлөх ёсгүй төлбөр төлсөн гэх үндэслэл дурдсан ба уг журмын 3.3.2.10-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1-д Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана, 25.1.5-д ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд дор дурдсан хэмжээгээр: гээд 1-д Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүсч гаргасан өргөдлийг хянан үзэх-Ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл эзэмшигч 250 000 төгрөг гэж тус тус заасан.

19. Энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн маргаж буй уг үндэслэл нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш, хариуцагч захиргаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмыг үндэслэн холбогдох төлбөрийг хүлээн авсан ба уг төлбөр нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт хамаарахгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-д холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН