Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00018

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00018

 

Б.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2016/00796 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Г-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 040 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Д

Нэхэмжлэгчийн хэлмэрч: С.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: Р.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн спорт хороонд хамт ажилладаг Г.Г-т 2004 оны 11 сарын 11-нд хадгаламжийн 49608813955 дугаартай данснаас 3 000 000 төгрөг авч өгсөн. Би Г багштай уулзаад мөнгө авмаар байна хэзээ өгөх юм бэ гэхэд өгнө, өгнө мөнгөний боломжгүй, мөнгөтэй болохоор өгнө санаа зоволтгүй гэсэн. Г.Г эхнэр н.Н нарыг багш, дээд боловсролтой хүмүүс учраас итгээд зээл өгсөн. Би 2006 онд ажлаасаа гараад заалны зохион байгуулагч болоод гадагш гарах завгүй учраас утсаар ярихад өгнө гэсэн хариу өгдөг байсан. Би 2010 оны 9 сард Улсын Клиникийн 1-р эмнэлэгт 2 удаа хагалгаанд ороод онош нь тогтоогдохгүй, тэндээсээ шууд хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд ороод төвөнхийн хорт хавдар авахуулж хэлгүй дүлий болсон. Тэгээд эгч, дүү хоёроор яриулахад бас өгнө гэж худлаа хэлсэн. Миний бие улам муудаад 2013 оны 5 дугаар сарын 23, 2015 оны 10 дугаар сарын 15, 2016 оны 2 дугаар сарын 08, 2016 оны 3 дугаар сарын 15-нд тус тус хагалгаанд орж одоо эм уугаад өдөр хоногийг өнгөрүүлж байна. Г.Г-аас 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Үндсэн зээлээс 2 200 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 195 000 төгрөг буцаан авсан. 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх хугацааны 3 000 000 төгрөгийн хүүгийн төлбөрт 800 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 800 000 төгрөгийг 11 жил 3 сарын хүүгийн төлбөрт 3 240 000 төгрөг нийт 4 040 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Г шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.П тайлбарлахдаа:

Б.Д тай хамт нэг газар буюу БТС-ын хороонд ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байхдаа нэхэмжлэгч Б.Д-ын гуйлтаар Төв аймгийн сумдаар явж 53 хурга нэг бүрийг 50 000 төгрөгөөр тооцон авчирч өгсөн бөгөөд хурганы мөнгө нийт 2 650 000 төгрөг болсон. Тэрээр надад тухайн үед хонь авчруулах зорилгоор мөнгө өгч явуулсан бөгөөд хонио бүгдийг авсан. Тэр үед ачиж ирсэн ачааны мөнгө төгрөгийг ашиг олохоороо нэмж өгнө гэсэн боловч ашиг олоогүй гээд өгөөгүй. Миний бие өөрийн нэг шавийг дагуулаад хэд хэдэн сумдаар явж Б.Д-ын хэлснээр хурга цуглуулсан бөгөөд бензин, тосны мөнгө гэж 200 000 төгрөг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч 2006 онд миний цалингаас 70 000 төгрөгөөр 2 удаа, 50 000 төгрөгөөр 1 удаа, 20 000 төгрөгөөр 1 удаа нийт 210 000 төгрөгийг суутган авсан байсан бөгөөд яагаад мөнгө авч байгааг асуухад зардлын мөнгөнөөс гадна хурга аваад үлдсэн мөнгө гэж хэлсэн, түүнээс хойш ямар нэг мөнгө төгрөгийн асуудал бид огт ярилцаж байгаагүй. Хэн нэгэн эгч дүү огт яриагүй, надад энэ хүнээс мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй, мөнгө зээлж байгаагүй бөгөөд зээлтэй холбоотой бичгээр байтугай амаар ч ярьж байсан зүйлгүй болно. Миний бие Б.Д-ыг ийм хүнд өвчин туссан талаар огт мэдээгүй, миний зүгээс хүн хуурч мэхэлж, худлаа ярьж байгаагүй, үнэхээр мөнгө зээлж авсан бол өвчтэй хүн байтугай эрүүл хүнд ч заавал өгөх зарчимтай. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 4 040 000 төгрөгийг гаргуулах тухай Б.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 79 590 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

...Миний бие нь харилцагч болон Г.Г-т 3 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээл өгч туслаач би түргэн эргүүлээд өгнө гэж хүсэлт тавьснаар би 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Анод банкнаас бид хоёр хамт очиж, миний хадгаламжийн 49608813955 гэсэн дугаартай данснаас 3 000 000 төгрөгийг авч өгсөн. Хариуцагч Г.Г нь надад 2004 оны 12 дугаар сарын 08-нд 1 000 000 төгрөг, 2004 оны 12 дугаар сарын 21-нд 500 000 төгрөг, 2005 оны 2 дугаар сарын 08-нд 700 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл 3 000 000 төгрөг - 2 200 000 төгрөг = 800 000 төгрөг. Ингээд 2005 оны 2 дугаар сарын 08-нд үндсэн зээл 800 000 төгрөг үлдсэн юм. Хариуцагч Г.Г нь 3 хувийн сарын хүүг тооцож төлсөн нь 2004 оны 11 дүгээр сарын 11-нээс 2005 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх

1. 2004 оны 12 дугаар сард хонины толгой цувдай 35 600 төгрөг өгсөн.

2. 2005 онд н.Цолмонгоос өөрийн биеэр 70 000 төгрөг өгсөн.

3. 2006 оны 5 дугаар сард өөрийн биеэр цалингаас 50 000 төгрөг өгсөн.

4. 2006 оны 6 дугаар сард өөрийн биеэр цалингаас 20 000 төгрөг өгсөн.

5. 2005 оны 12 дугаар сард 1 шуудай 1 дүгээр гурил нэг 15 000 төгрөг өгсөн. Нийт 195 600 төгрөг өгсөн. Ингээд 2006 оны 6 дугаар сард 2005 оны зээлийн сарын 3 хувийн хүүгийн тооцоо хийж дуусгасан. Үндсэн зээл 800 000 төгрөг үлдсэн. Хариуцагч Г.Г тайлбарлахдаа Нэхэмжлэгч Б.Д-ын гуйлтаар Төв аймгийн сумдаар явж 53 хурга нэг бүрийг нь 50 000 төгрөгөөр тооцон авчирч өгсөн бөгөөд хурганы мөнгө нийт 2 650 000 төгрөг болсон. Тэрээр надад тухайн үед хонь авчруулах зорилгоор мөнгө өгч явуулсан бөгөөд бүгд хонио бүгдийг нь авсан болно. Б.Д-ын хэлснээр хурга цуглуулсан бөгөөд надад бензин тосны мөнгө гэж 200 000-аад мянган төгрөг өгсөн гэдэг. Миний бие нь Г.Г-т 3 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхдээ надад хурга авчирч өг гэж зээлдүүлээгүй надаас авсан мөнгөөрөө өөрөө ашиг олно гэж авсан шүү дээ. Миний дансанд үлдэгдэл 800 000 төгрөг, 2016 он 11 дүгээр сар хүртэл байсан бол 12 жилд банкны хүүтэйгээ өдийд 6 000 000 төгрөгөөс 7 000 000 төгрөг болох байсан. Г.Г-т зээл өгөх үед 1 өрөө байшинг 3 000 000 төгрөгөөр худалдан авдаг үе байсан. Одоо нэг өрөө байшин 50 000 000 төгрөг болж нэмэгдсэн байна. 2004 оны 9 дүгээр сараас 2005 оны 5 сар хүртэл тооцоо хийж 70 000 төгрөгийг цалингаас суутган шилжүүлсэн. Харин надад өөрийн биеэр цалингаасаа 2005 оны 12 сард 70 000 төгрөг, 1 удаа 2006 оны 5 сард 50 000 төгрөг, 1 удаа 2006 оны 6 дугаар сард 20 000 төгрөг, нийт сарын 3 хувийн хүүд нийт 140 000 төгрөг төлсөн 2006 онд 6 дугаар сард хүүгийн 2004 оны 11 дүгээр сарын 11-нээс 2005 оны 2 дугаар сарын 8 хүртэлх тооцоог дуусгасан. Би төсвийн орлого дансанд дулаан, халаалт, гэрэл, усны 70.000 төгрөг надад өөрийн биеэр төлсөн 140.000 төгрөг, нийт 210.000 төгрөг болно. Хариуцагч Г.Г тайлбартаа 210 000 төгрөгийг хурганы үлдсэн мөнгийг авсан гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч Б.Д Г.Г 2006 оны 7 дугаар сарын 01-нээс чөлөөлөгдөөд халагдсан юм. Би утсаар ярьдаг. Г.Г ажилгүй байна, мөнгөтэй болохоороо 800 000 төгрөгийг чинь өгнө гэдэг байсан, олон удаа утсаар ярьсан. Надад 53 хурга өгсөн гээд байгаа үүнийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагаар байцаалт явуулж хэн нь худал мэдүүлэг өгөөд байгааг шалгуулж учрыг нь олж өгч, миний гомдлыг барагдуулж өгч, мөн миний тэтгэврийн 200 000 төгрөг эм тариандаа ч хүрэхгүй байгааг харгалзан үзээд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгч, мөн үндсэн зээлийн 800 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүг 11 жил 3 сарын нийт 4 040 000 төгрөгийг хариуцагч Г.Г-аас гаргуулж өгч, миний амьдралын хүнд байдлыг харгалзан үзээд 1 хоног ч гэсэн амьд явахад минь тусалж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 040 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.Г-т 2004 ны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлүүлсэн, үндсэн төлбөрт 2 200 000 төгрөгийг зээлийн хүүд 195 000 төгрөг авсан гэж,

хариуцагч 3 000 000 төгрөгөөр 53 хурга нэг бүрийг 50 000 төгрөгөөр тооцон авчирч өгсөн гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь авсан эд хөрөнгөтэй ижил, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг тул талуудын тайлбар болон хэргийн бусад баримтаас үзэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч хариуцагчид 3 000 000 төгрөг зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн нэхэмжлэгчээс авсан 2 650 000 төгрөгөндөө хурга өгсөн гэсэн тайлбараас үзэхэд хариуцагч Г.Г-ын хүлээн зөвшөөрсөн 2 650 000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Г.Г-ыг үндсэн зээлийн мөнгөнөөс 2 200 000 төгрөг зээлийн хүүд 195 000 төгрөг авсан гэж тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд талууд хүүгийн талаар тохиролцож бичгийн гэрээ байгуулаагүй байх зээлийн гэрээний үүрэг 2 650 000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн /2 200 000+195 000/ 2 395 000 төгрөгийг хасч тооцоход хариуцагч 255 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан байна гэж үзэв.

Зохигчид зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлээ буцаан шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч мөнгийг төлөх үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Г.Г-аас зээлээ буцаан төлөхийг 2006 онд шаардаж байсан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ажлаасаа гарсны дараа хариуцагчид хандан шаардлага гаргасан гэж тайлбарлаж байгаа бөгөөд уг хугацаа нь 2006 он байх тул нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2009 онд дууссан байна.

Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бана.

Нэхэмжлэгч Б.Д-ын өвчтэй байсан гэх эмнэлгийн бичгүүд нь 2016 оны баримтууд байх хөөн хэлэлцэх хугацаанд хамааралтай баримт гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 182/ШШ2016/00796 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаас 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг хассан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн Б.Д-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/Ш32016/05357 тоот захирамжаар нэхэмжлэгч Б.Д улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО