Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02546

 

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02546

 

Б.Батболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02464 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.Батболдын нэхэмжлэлтэй хариуцагч Лувр ХХК-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хохиролд 330 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Хамтран ажиллах гэрээг цуцалж, 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, хариуцагчийн өмгөөлөгч П.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Лувр ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан Ховд аймгийн Цэцэг суманд байрлах Барлагийн гол нэртэй 9061 А тоот Ашигт малтмалын газраас 2007 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд алт, төмрийн олборлолт явуулах, нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэх чиглэлээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллахаар тохиролцсон. Гэрээний дагуу Лувр ХХК нь 9061 А тоот тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хамгаалсан нөөцийн тайлан, хурлын шийдвэр, хурлын протокол, ТЭЗҮ-г баталсан хурлын шийдвэр, техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээ, тусгай зөвшөөрөл бүхий талбайн шав тэмдэг тавьсан тайлан, технологийн туршилтын тайланг бүрэн эх хувиар нь гаргах үүргийг хүлээж нэхэмжлэгч миний зүгээс алт болон төмөр олборлолтын үйл ажиллагаа явуулахтай холбоотой зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, шаардлагатай бэлэн мөнгө үйл ажиллагааны зардлыг болон олборлолтын зардлыг хариуцан гаргах үүрэгтэй байсан. Техникүүдээ зөөвөрлөж очсон даруйдаа Лувр ХХК-ийн захирал З.Ундрамаас гэрээнд заасны дагуу баримт бичгийг шаардсан боловч манай ТЭЗҮ-ийн хугацаа дууссан, сунгуулахад мөнгө шаардлагатай болоод байна 30 000 000 төгрөг өгвөл сунгуулаад өгөх хүн байна түр мөнгө зээлүүлээч гэсний дагуу 30 000 000 төгрөг өгсөн байдаг. Бичиг баримт гартал биднийг үйл ажиллагааг явуулж бай гэсний дагуу би олборлолтын ажлыг эхлүүлсэн боловч анх үзүүлж байсан баримт бичиг, дүгнэлт тайланд заасан нөөц байгаагүй. Олборлолтын явцад Лувр ХХК-ийн төлөөлөгч болон анх гэрээ хийхэд зуучилж байсан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний шаардсаны дагуу тус компанийн хувьцаа эзэмшигч Руслан Горбунов ирж бид хамтран хайгуул геологийн ажил хийсэн боловч уг газарт анх бидний гэрээ байгуулахад үзүүлж байсан баримт бичигт байсан шиг нөөц байхгүй нь тогтоогдсон. Лувр ХХК-аас гэрээнд заасны дагуу баримт бичгийг гаргаж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар ч бичиг баримтыг гаргаж өгөөгүй төдийгүй гэрээ байгуулахад үзүүлж байсан баримт бичгүүд хуурамч байсан нь тогтоогдсон. Иймд миний бие 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдөр уг гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тухайгаа Лувр ХХК-ийн захирал З.Ундрамд мэдэгдэж өөрийн оруулсан хөрөнгө энэ хугацаанд гаргасан зардлаа нөхөн төлүүлэхийг мэдэгдэхэд хохирлыг эвийн журмаар барагдуулна хэмээн 8 сарыг хүртэл хүлээлгэсэн боловч барагдуулаагүй. Иймд анхны хөрөнгө оруулалтаар өгсөн 100 000 000 төгрөг, ТЭЗҮ сунгуулах нэрийдлээр зээлсэн 30 000 000 төгрөг, Ховд аймгийн Цэцэг сум руу, Ховд аймгийн Цэцэг сумаас буцааж техник хэрэгсэл зөөвөрлөсний зардал 100 000 000 төгрөг, уг уурхайд ажиллах хугацаанд ашигласан түлшний зардал 40 000 000 төгрөг, тухайн хугацаанд ажилчдын цалингийн зардал 50 000 000 төгрөг, хоол хүнс болон холбогдох бусад зардал 10 000 000 нийт 330 000 000 төгрөгийн хохирол учруулсан.

Лувр ХХК-ийн захирал З.Ундрам нь ашигт малтмалын газрын тайлан дүгнэлт, нөөцийн зураг зэргийг бусадтай хуйвалдаж хуурамчаар гарган бүрдүүлж, бидэнд итгэл төрүүлж, хамтран ажиллах гэрээг хууран мэхлэх замаар хийсэн тул бидний хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл байх тул мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу Лувр ХХК-иас хохирол болох 330 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Болдбаатар, Даваацогт, Б.Батболд нартай хамтран ажиллах гэрээ хийсэн ба эхний ээлжид тэд бидэнд 100 000 ам.доллар төлөх, дараа нь үйл ажиллагаа жигдэрсэн үедээ дахин 100 000 ам.доллар өгөх, үүний дараа олсон цэвэр ашгаа тодорхой харьцаагаар хуваах гэрээ байсан. Лувр ХХК нь өөрийн эзэмшлийн 9061А лицензийг худалдаагүй бөгөөд зөвхөн хамтарч ажиллах гэрээ тэдэнтэй байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш тэд 100 000 000 төгрөгийг дансаар надад шилжүүлсэн ба удахгүй үлдэгдлийг нь өгнө гээд өгөхгүй байсан. Ингээд гэрээний дагуу Батболдын талаас үйл ажиллагаатай холбоотой бүхий л зардлыг гаргах, үүнийгээ компанийн 70 хувийг шилжүүлж авах хүртлээ надаар дамжуулж хийхээр тохиролцсоны үндсэн дээр техник тоног төхөөрөмж, ажиллах хүчин зэргээ Батболдын талаас Даваацогт хариуцах, төрийн байгууллагуудтай харилцах ажлыг Ундрам би хариуцахаар болсон. Хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т А тал нь 9061 А тоот тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хамгаалсан Нөөцийн тайлан, хурлын шийдвэр, хурлын протокол, ТЭЗҮ-г баталсан хурлын шийдвэр, ТЭЗҮ, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Тусгай зөвшөөрөл бүхий талбайн шав тэмдэг тавьсан тайлан, Технологийн туршилтын тайланг бүрэн эх хувиар нь гаргах гэсний дагуу бүгдийг нь гаргаж гэрээний үүргээ биелүүлсэн. Энэхүү гэрээг хийгээд хамтарч ажилласнаас хойших үйл ажиллагааны зардлыг Б тал хариуцах гэсний дагуу Батболдтой хамтарч ажиллахаар болсон цаг үеийн өөрчлөлттэй холбоотой ТЭЗҮ-д орсон нэмэлт өөрчлөлтийг Б тал хариуцах ёстой. Учир нь гэрээнд зааснаас гадна ТЭЗҮ-г өөрчлөх гол хүчин зүйлс нь Батболдын талаас ашиглах тоног төхөөрөмжүүдийн үзүүлэлтүүд, ажилчдын тоо зэргээс хамаарч байгаа. ТЭЗҮ-ийн өөрчлөлтүүдийг хийлгэх мэргэжлийн компаниудыг мэдэхгүй байна, тиймээс Ундрам чи хариуцаад хийгээрэй гэсний дагуу уг ТЭЗҮ-ийн өөрчлөлтийг уул уурхай зураг төсөл, судалгааны Сенот консалтинг ХХК хийж гүйцэтгэсэн. Мөн БОНБҮ-ний өөрчлөлт тодотголыг Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний эрх бүхий мэргэжлийн байгууллага И ЭЙЧ ЭС ЭМ ХХК хийсэн. Мөн уул уурхайн мэргэшсэн инженер Н.Оюунцэцэг нь шинжээчээр ажилласан. Эдгээр ажлуудыг гэрээгээр хийж гүйцэтгэсэн зардал нь 30 000 000 төгрөг болсон. Манай талбай дээр мэргэжлийн бус хандаж 100 000 м3 шороог ухаж ил гаргасан байгаа. Байгаль орчны нөхөн сэргээлт хийх зардал нь манай компанийн үүрэг болоод байгаагаар тогтохгүй нөхөн сэргээлтийн зардал төлөх болсон байна. Лувр ХХК-ийн зүгээс иргэн Б.Батболдыг төөрөгдөлд оруулж, хууран мэхэлж хэлцэл хийсэн тохиолдол байхгүй бөгөөд гэрээ байгуулахаас өмнө Б.Батболд ба түүний хамт ирж уулзсан ажилтнууд нь ...9061А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л материалтай танилцаж, газар дээр нь мөн өөрсдийн санаачлагаар очиж танилцаад хамтрах саналаа гаргасан. Иймд Хамтран ажиллах гэрээ" хүчин төгөлдөр гэж үзэж буй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран ажиллах гэрээний 3.2-д дээр заасан төлбөрийн 100 000 ам.долларыг энэхүү гэрээг байгуулах үед Б тал нь А талд төлөх... гэж заасан бөгөөд иргэн Б.Батболд гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаа төлбөрт 100 000 000 төгрөг шилжүүлснээс өөрөөр урьдчилгаа төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Энэхүү урьдчилгаа төлбөр нь Монгол банкнаас зарласан ханшны лавлагаа"-гаар 48 847 ам.доллартай тэнцэж байна. Мөн гэрээний 6.3-д энэ гэрээний 3.2-т заасан төлбөрийг Б тал нь А талд хугацаандаа төлөөгүйгээс энэхүү гэрээ цуцлагдахад хүрвэл А тал нь гэрээ байгуулах үед төлсөн 100,000 ам.долларын 50 хувь буюу 50 000 ам.долларыг Б талд буцаан өгөхгүй гэсний дагуу суутган үлдэх 50,000 ам.долларын зөрүү нь 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөг болж байна. Иймд хамтран ажиллах гэрээг цуцалж, хариуцагчаас 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батболд хариуцагч Лувр ХХК-ийн хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Лувр ХХК-иас 111 375 000 төгрөгийг гаргуулж Б.Батболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 218 625 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Лувр ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 1 807 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Лувр ХХК-иас 714 825 төгрөгийг гаргуулж Б.Батболдод олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад Лувр ХХК-иас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 52 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Гэрээ байгуулах үед үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зарим бичиг баримт бүрдээгүй байсан бөгөөд "Лувр" ХХК-ийн хувьд холбогдох хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасан боловч хүлээгдэх нөхцөл байдал бий болсон байсан. Тухайлбал "Лувр" ХХК нь ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд тодотгол хийлгүүлэхээр хүсэлтээ 2016 оны 04 сард буюу гэрээ байгуулагдсаны дараа Ашигт малтмал, газрын тосны газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус хүргүүлээд байсан бөгөөд уг тодотгол гараагүй байхад иргэн Б.Батболд нь "Лувр" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр 2016 оны 05 сард дур мэдэн олдворлолт явуулж эхэлсэн байсан. "Лувр" ХХК-ийн зүгээс уурхайд дур мэдэн олдворлолт явуулсан иргэн Б.Батболд нь шүүхийн шийдвэрт заасны дагуу зохих зөвшөөрөл гараагүй байхад буюу Ашигт малтмалын ухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уурхайг комисс хүлээн авахаас өмнө олдворлолт явуулсан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Харин "Лувр" ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хөрөнгө оруулалт олох зорилгоор бусадтай "Хамтран ажиллах гэрээ" байгуулж, хууль тогтоомжийн хүрээнд олдворлолт явуулах эрх нь нээлттэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад талуудын маргаагүй асуудлаар дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Лувр ХХК-д холбогдуулж хохиролд 330 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хамтран ажиллах гэрээг цуцалж, хохиролд 2 360 387 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагч Лувр ХХК-ийн захирал З.Ундрам нь ашигт малтмалын газрын тайлан, дүгнэлт, нөөцийн зураг зэргийг бусадтай хуйвалдаж хуурамчаар гарган бүрдүүлж, итгэлж төрүүлж Хамтран ажиллах гэрээг хууран мэхлэх замаар хийсэн тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дах хэсэгт зааснаар Лувр ХХК-иас хохирол болох 330 000 000 гаргуулна гэж өөрчилж тодорхойлсон /хх-ийн 211-212/ бол хариуцагч нь ...Б.Батболдыг төөрөгдөлд оруулж, хууран мэхэлж хэлцэл хийсэн тохиолдол байхгүй ... талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр гэж маргажээ.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагын үндэслэлээр буюу Ашигт малтмалын тухай болон Газрын хэвлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин иргэн Б.Батболдтой гэрээ байгуулсан гэж дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дах хэсэгт заасныг хэрэглэсэн нь буруу болжээ.

Зохигчдын хоорондын хэлцлийг хууль зөрчсөний улмаас хүчин төгөлдөр бус гэж үзэхийн тулд хуулиар хориглосон ямар хэм хэмжээг зөрчсөн гэдгийг тодорхойлох учиртай.

Зохигчдын хооронд хийгдсэн гэж үзсэн хэлцэл хүчин төгөлдөр эсэх, хийгдсэн хэлцлээс татгалзах үндэслэлтэй эсэх асуудлаар шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тохиолдолд хохирол гаргуулах тухайн нэхэмжлэгчийн шаардлагыг хангах эсэхийг эцэслэн шийдвэрлэх, талуудын маргаагүй асуудлаар анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх залруулах тус тус боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн хохирол гаргуулах тухай шаардлага, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 480 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх асуудлыг дүгнэх шаардлагатай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02464 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Лувр ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 714 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ