| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2018/03292/И |
| Дугаар | 210/МА2018/02332 |
| Огноо | 2018-11-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2018/02332
А Ү КХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02959 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч А Ү КХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НКХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 67 551 833 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч А Ү КХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг иргэн Х.П, БХЯ, АГХХК, Д ХХК, НКХХК-ууд нь өөрийн барьж буй барилга байгууламжийн бохир усны шугамыг шинээр угсруулан гүйцэтгүүлэхээр нэгдэж, манай компанитай 337 759 163 төгрөгийн санхүүжилттэй барилгын шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү ажлаар манай компани нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Жуковын музей орчмын захиалагч нарын объектуудын бохир усны шугамыг, магистраль Ф-400 мм голчтой 407 метр шугамын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Захиалагч нараас Д ХХК, иргэн Х.П, БХЯ санхүүжилтээ 100 хувь, АГХХК нь санхүүжилтээ 50 хувь өгсөн. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байгаа бөгөөд санхүүжилтгүйн улмаас ажил түр зогссон. Анх гэрээ байгуулагдахад захиалагч нар 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ус сувгийн удирдах газрын 111 тоот өрөөнд хуралдаж Ф-400 мм бохир усны шугам шинээр угсрах ажлын санхүүжилтийг 5 тэнцүү хувааж гүйцэтгэгч компанид олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэгч компанийн зүгээс НКХХК-аас санхүүжилт хүсэх тухай албан хүсэлт, нэхэмжлэхийг удаа дараа хүргүүлж байсан боловч удахгүй санхүүжилтийг олгоно, компани санхүүжилтгүй байна гэх шалтгаанаар гэрээний санхүүжилт, ажлын хөлсийг шийдвэрлэхгүй өдийг хүргэсэн. 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх БУШ-0601 дугаартай гэрээний захиалагчаар Энхжих түвшин өргөө ТББ, гүйцэтгэгчээр А Ү КХХК оролцсон боловч захиалагчийг төлөөлж НКХХК-ийн захирал С.Б, Д ХХК-ийн захирал Ч.Мягмарсүрэн, АГХХК-ийг төлөөлж захирал н.Батзул, иргэн Х.П нар гарын үсгээ зурсан. Мөн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн протокол, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн протокол, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн протоколын тэмдэглэлээс үзэхэд тухайн цаг үед хийгдсэн гэрээ нь НКХХК, Д ХХК, иргэн Х.П, АГХХК, БХЯ, А Ү КXXК-ийн хооронд байгуулагдсан болно. Иймд захиалагч НКХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний хөлс 67 551 833 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч НКХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэлд дурдсан 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан №БУШ 0601 ажил гүйцэтгэх гэрээг манай байгууллага сайн дурын үндсэн дээр байгуулаагүй. Учир нь, Ф-400 мм бохир усны шугам шинээр угсрах ажлыг манай байгууллага 2013 онд өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Тийм ч учраас А Ү КХХК энэ ажлыг гүйцэтгэх, мөн гэрээ байгуулах асуудал сөхөгдөхөд манай байгууллагын зүгээс уг шугам манай зардлаар хийж гүйцэтгэгдсэн бохир усны шугамд суурилж хийгдэх нь, бид энэ ажилд өөрийн нэлээдгүй хэмжээний зардал гарган байгуулж, улмаар ашиглаж байгаа учир бид өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн шугамыг ашиглуулж байгаа гэсэн үндэслэлээр одоо энэ байгуулагдах гэрээнд захиалагчаар орохгүй, орсон ч өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн бохир усны шугамыг ашиглуулж байгаа учир гүйцэтгэгчид нэмж ажлын төлбөр төлөх ёсгүй, харин ч манай шугам дээр өргөтгөл хийх гэж байгаа байгууллага манайхаас зөвшөөрөл авах, манайд төлбөр төлөх ёстой гэж маргасан. Гэсэн хэдий ч ус суваг, шугам ашиглалтын асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын зүгээс уг гэрээний таван захиалагчийн нэг болж орохыг шаардсан. Манай байгууллага ус суваг, шугам ашиглалтын асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудын шахалтанд орж, ажил гүйцэтгэх гэрээгд гарын үсэн зурсан. Энэ үед хариуцагч талд гэрээнд өөрийн эрх ашгийг хамгаалах заалтыг тухайлан оруулах боломж олгоогүй. Эрх бүхий байгууллагын удирдлага дарамт шахалт үзүүлээд, эрх тэгш гэрээ байгуулах боломж олголгүй, нэхэмжлэгчид давуу байдал үүсгэсэн нь уг гэрээг манай хариуцагч тал сайн дурын үндсэн дээр байгуулаагүйг илтгэж байна. Ийм учир энэ нь гэрээг талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдаагүй, нэг талд хууль бусаар давуу байдал олгосон зэрэг үндэслэлээр хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэлд дурьдагдсан ажлыг хэдэн төгрөгт багтаан гүйцэтгэхээр төсөвлөсөн, уг төсвийн гүйцэтгэлийг захиалагч нарт танилцуулсан, мөн хянуулсан, төсвийн гүйцэтгэл ямар байгаа, үүнийг хөндлөнгийн аудитаар хянуулсан эсэх, мөн уг төсвийн зарцуулалтыг тайлан тооцоондоо тусгасан, тайлангаа хөндлөнгийн аудитаар хянуулсан тухай баримт байхгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах нэгэн үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч НКХХК-аас 67 551 833 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А Ү КХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НКХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 495 900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А Ү КХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэлд дурдагдсан ажлыг хэдэн төгрөгт багтаан гүйцэтгэхээр төсөвлөсөн, уг төсвийн гүйцэтгэлийг захиалагч нарт танилцуулсан, мөн хянуулсан, төсвийн гүйцэтгэл ямар байгаа, үүнийг хөндлөнгийн аудитаар хянуулсан эсэх, мөн уг төсвийн зарцуулалтыг тайлан тооцоондоо тусгасан, тайлангаа хөндлөнгийн аудитаар хянуулсан эсэх, нэхэмжлэлд дурдагдсан ажлын зардлын тооцоо нь тайланд тусгасан эсэх талаар нотлох баримтгүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн ч захирамжийн биелэлт хангагдаагүй. Шүүх шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад шүүх хуралдааныг товлон зарлаж, нотлох баримт шинжлэх боломж олгоогүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч А Ү КХХК ажлын хөлс 67 551 833 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч НКХХК эс зөвшөөрч маргасан байна.
А Ү КХХК 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Энхжин түвшин өргөө ТББ-тай БУШ-0601 дугаартай гэрээ байгуулж уг гэрээгээр А Ү КХХК, БХЯны 300 айлын орон сууц, НКХХК, Дехор ХХК, АГХХК, иргэн н.Пнарын эзэмшлийн барилгын гадна бохир усны гол магистраль ф400 мм голчтой 407 метр шугамын ажлыг хийж ашиглалтад өгөх, ажлын хөлсийг дээрх нэр бүхий хуулийн этгээд, хувь хүн төлөх үүрэг хүлээжээ.
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар ажил гүйцэтгэх 2 өөр гэрээ ирүүлснээс 8-10 дугаар тал дахь гэрээнд хариуцагчийн төлөөлөгчийн гарын үсгээ зурагдаагүй, гэрээний дугаар, ажлын хөлс төлөх хуваарьтай холбоотой заалтыг засварласан байна. Иймд уг баримтыг үндэслэн гэрээний агуулгын талаар эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй тул хэргийн 12-14 дэх талд авагдсан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан гэрээг үндэслэн талуудын тохиролцоо, хүлээх үүргийн талаар дүгнэлт хийв.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгч гүйцэтгэвэл зохих үүргээ гүйцэтгэсэн, ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв болжээ.
Хэргийн 12-14, 92-103 дугаар тал дахь ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 15, 2015 оны 07 дугаар сарын 21, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтын агуулгаас үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр А Ү КХХК, БХЯны ...., НКХХК, Д ХХК, АГХХК, иргэн н.Пнарын төлөөлөл хуралдаж, ф400 мм бохир усны шугам шинээр угсрах, ажлын хөлс нийт 337 759 163 төгрөг байх, төлбөрийг захиалагч талууд тэнцүү хувааж нэг байгууллага 67 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсоны үндсэн дээр ажил гүйцэтгэх гэрээ 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх гэрээ байгуулагдсаны дараа талууд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, ажлын нийт хөлс 337 759 000 төгрөгийг хэрэглээнээс хамаарч хувааж төлөхөөр шийдвэрлэсэн боловч уг шийдвэрийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэж, нэг байгууллага анх гэрээгээр тохиролцсон хувь хэмжээгээр буюу 67 500 000 төгрөг ажлын хөлсөнд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэргийн 101-103 дугаар талд авагдсан хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.
Гэрээний 3.1, 3.2 дах хэсэгт ажлын нийт хөлс 337 759 163 төгрөг байх, уг төлбөрөөс урьдчилгаанд 135 103 665 төгрөг, ажлын гүйцэтгэлийн 60 хувь хүргээд 101 327 748 төгрөг, ажлын гүйцэтгэлийн 90 хувь хүргээд 67 551 832 төгрөгийг гэрээт ажлыг дуусгаж захиалагч талд хүлээлгэж өгснөөр үлдэгдэл 10 хувь буюу 33 775 918 төгрөгийн төлбөр тооцоог хийх, санхүүжилт авахдаа төлбөр авах бүрт төлбөрийн нэхэмжлэх, ажил дуусаагүй үе шатны эсхүл дундын санхүүжилт авах бол ажлын явцын акт үйлдэн тухайн ажлыг хариуцсан захиалагч талын инженер төслийн удирдагч болон бусад холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулж баталгаажуулах, гэрээт ажил дуусаж ажил хүлээлцсэн акт, ажил эхлэхээс өмнөх, явц дундын болон дууссан үеийн бүх гэрэл зургийг өнгөтөөр хэвлэн хавсаргахаар заажээ. /хх 8-10/
Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь нөгөө талаас шаардах эрхтэй. Ажлын хөлсийг Д ХХК, иргэн Х.П, БХЯ 100 хувь, АГХХК 50 хувь төлж, НКХХК-аас төлбөр төлөгдөөгүй байна.
Хариуцагч гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулаагүй, нэг талд хууль бусаар давуу байдал олгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Харин ч хариуцагчийн төлөөлөгч ажлын хөлсний талаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны явцад 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүлээн зөвшөөрсөн, ..., уг гэрээг цаашид үргэлжлүүлэх саналтай, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд ажлын хөлсийг хэрэглээгээр тооцоолон төлөх саналыг учир дутагдалтай гэж үзэж, ажлын төсвийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан гэсэн санал гаргаж байсан нь хуралдааны тэмдэглэлүүдэд тодорхой тусгагджээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчмын дагуу гэрээг чөлөөтэй байгуулснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлох зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.
Нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлийг гэрэл зургаар баталгаажуулсан нь хэргийн 45-67, 147-167 дугаар талуудад авагдсаныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, хэргийн 68-69 дүгээр тал дахь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай актаар гэрээний зүйл болох бохир усны нэгдсэн шугамын ажилтай холбоотой барилга байгууламжыг ашиглалтанд оруулахаар Улсын комисс ажиллуулахаар шийдвэрлэсэн, талууд үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан үүсгээгүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй.
Ажлын төсөв зардалтай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч тал уг баримтуудыг гаргаж өгөх боломжгүй талаар тайлбар ирүүлсэн байна. Гэрээний талууд ажлын төсвийг хэлэлцэн гэрээгээр баталгаажуулж, санхүүжилт авах урьдчилсан нөхцлөө гэрээгээр тодорхойлсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт.., гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцож болно гэж заасантай нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02959 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
А.МӨНХЗУЛ