| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0413/Э |
| Дугаар | 441 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оч,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч А.Очбадрал,
Хохирогч М.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүү ноён овогт Даваагийн Пагмад холбогдох эрүүгийн 1811010030382 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, Хүү ноён овогт Даваагийн Пагма, Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Санд суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Янжу гол солонгос хоолны газарт ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо амины орон сууцны 3 дугаар гудамжны 234 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ТК74112661/.
Шүүгдэгч Д.П нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Янжу гол” хоолны газарт 2018 оны 3 дугаар сарын 28-ны шөнийн 22 цаг 30 минутын орчим хохирогч М.Өлзийбаярын гарыг аягаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би захирлын цай уудаг сэнжтэй зузаан цагаан аягаар түүний зүүн талын арыг нэг цохиж учруулсан …” гэсэн мэдүүлэг /хх-37х/,
Шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч М.Өлзийбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг захирал дуудаад цалингаа ав гэсэн. Би захирлаас цалингаа аваад зогсож байхад Пагма намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би чамтай яриагүй байна гэхэд над руу давс авч цацсан. Би зөрүүлээд давс цацаад гараад явахад миний араас гарч ирээд намайг аягаар цохисон. Одоогоор 6 сарын хугацаагаар ажил хийх чадваргүй болсон учир энэ хүнээс хохирлоо нэхэмжилж байна” гэв.
Хохирогч М.Өлзийбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим ажлаа хийж байхад захирал намайг дуудаад “уучлаарай манайх менежирийн орон тоо түр зуурдаа хэрэггүй боллоо, зөөгч Пүрэвсүрэн орлоод ажиллана, би чамд ажилласан өдрийн цалинг чинь бодоод маргааш данс руу чинь хийчихнэ” гэхээр нь “за за ойлголоо” гээд гараад явсан. Маргааш нь гэртээ цалингаа хүлээхэд өдөржингөө орохгүй байж байгаад 22 цагийн орчим цалин дутуу орсон байсан. Тэгэхээр нь ажлын утас руу залгаад зөөгч Пүрэвсүрэнг утас авахаар нь миний цалин дутуу орсон байна гэтэл би мэдэхгүй та захиралтай ярь гэхээр нь захирал руу залгаад цалингаа дутуу орсон талаар хэлэхэд маргааш ажил дээр хүрээд ир гэхээр нь хүлээгээд сууж байтал захирал гарч ирээд дутуу цалинг минь бэлнээр өгсөн. Захиралтай тооцоо хийж байхад гал тогооны өрөөнөөс Пагма гарч ирээд чи нэг өдөр амарсан. Тэр өдрийн чинь мөнгийг бодохгүй гэхээр нь чи дуугүй байгаач, би чамтай уулзах гэж ирээгүй гэтэл миний өмсөж зүүсэн хувцсыг зааж ирээд янхан банзал, архичин, балай авгай гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь чи аятайхан хоол унд хийж сурчихаад надтай ярь гэтэл гал тогооны өрөө рүү гүйж орсноо давс атгаж ирээд над руу цацсан …гал тогоо руу орж давж атгаж байгаад тогооч Пагма руу цацсан чинь захирлын өрөөний ширээн дээр байсан аягатай усыг аваад над руу цацсан, дараа нь барьж байсан аягаа над руу шидэхээр нь би зүүн талын гараараа нүүрээ хамгаалахад миний гарыг онож гэмтээсэн …” гэсэн мэдүүлэг /хх-10-11х/,
Гэрч О.Энхмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Өлзийбаяр цалин мөнгөө авчихсан, захиралтай уулзаад асуудлаа шийдчихсэн гарах гэж байгаа юм шиг харагдсан. Тэгснээ текний араар ороод хачирны хөргөгчин дээрээс нэг юм авах шиг болсон. Тэгснээ хувцасны өрөө рүү явсан. Хэсэг хугацааны дараа түчигнээд байхаар нь харсан чинь Өлзийбаяр хаалганы гаднаас түлхээд дотор талаас нь Пагма эгч түлхээд байсан. Тэгээд хаалга онгойлгоод гарч ирээд хоорондоо чи одоо юу яаж байгаа юм бэ гээд хэрэлдэж байгаад нэг нэг цохиод өшиглөөд байхаар нь жолооч ах Сайханаа бид хоёр очоод дундуур нь орж салгахад жолооч Өлзийбаяр эгчийг аваад гаргасан …” гэсэн мэдүүлэг /хх-14-15х/,
Гэрч Д.Уртнасангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…хувцасны өрөөнд хувцсаа сольж байтал менежир эгч нэрийг нь мэдэхгүй байна. Тогооч Пагма эгч рүү давс цацсан тэгтэл тогооч Пагма ширээн дээр байсан цагаан өнгийн аягийг аваад дотор байсан усыг нь менежир эгч рүү цацаад хоорондоо хэрэлдээд байсан …” гэсэн мэдүүлэг /хх-17х/,
Гэрч Э.Пүрэвсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Маргааш нь ажлаа хийж байхад Туяа /Өлзийбаяр/ эгч орж ирээд Пагмыг чи миний гарыг хугалсан гээд хэрүүл хийгээд байсан. Манай ажилчид ярихдаа Пагма эгч Туяа руу аягатай аягатай ус цацаад аягаараа гар луу нь цохисон гэж ярьж байсан …” гэсэн мэдүүлэг /хх-16, 19х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4328 тоот дүгнэлтэнд:
“1. Өлзийбаярын биед зүүн богтос ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх-21х/,
Шүүгдэгч Д.Пагмын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-38х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.П нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Янжу гол” хоолны газарт 2018 оны 3 дугаар сарын 28-ны шөнийн 22 цаг 30 минутын орчим хохирогч М.Өлзийбаярын гарыг аягаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Пагмыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.Өлзийбаяр нь эмчилгээ болон шатахууны зардалд мөрдөн шалгах ажиллагааны үед 213.848 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаснаас шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөгийг төлсөн байна.
Харин хохирогч М.Өлзийбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.