| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2302000000013 |
| Дугаар | 2025/ДШМ/30 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/30
2025 01 02 2025/ДШМ/30
Д.Б-, Б.Г- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сод-Эрдэнэ,
яллагдагч Б.Г-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2035 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Б-, Б.Г- нарт холбогдох эрүүгийн 2302000000013 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б-,
2. Г-,
Налайх дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Д.Б нь 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа 12 удаагийн үйлдлээр, Б.Г-ай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр буюу нийт 16 удаагийн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт **********төгрөгийн хохирол учруулсан,
Б.Г нь 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа 1 удаагийн үйлдлээр, Д.Б бүлэглэн 4 удаагийн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан бусдад нийт ***** төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 үйлчилгээний төвийн орчим Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар” жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 0.679 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Г.Нээс 400.000 төгрөгөөр худалдан авч, биедээ хадгалсан.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
Б.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарт хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэлүүд дээр яллагдагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнд хэргийн материалыг танилцуулж, мэдэгдсэн талаар баримт авагдаагүй мөн дуудсан талаар баримт авагдаагүй үйл баримт тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ”, 7 дахь хэсэгт заасан “Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэсэн заалтуудыг мөн 32.3 дугаар зүйлд заасан прокуророос хянавал зохих асуудлуудад хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах” яллагдагчийн эрхийг хязгаарласан зөрчил гэж дүгнэхээр байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчилтэй явагдсан гэж үзэж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Д.Б-, Б.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд Д.Б-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Сод-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...яллагдагч Д.Б-, Б.Г- нарт холбогдох эрүүгийн 2302000000013 дугаартай хэрэгт Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гарган, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр прокурорын хяналтад ирүүлснийг хүлээн авч, прокуророос хяналтын хугацаа сунган хянаад 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 139 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дээрх хугацаанд яллагдагч Д.Б-, Б.Г-, болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хэрэгт ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй түүнчлэн яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулахад өмгөөлөгчтэй гардаж авах талаар сануулахад өмгөөлөгчгүй гардаж авсан болно. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, шалгасан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Б.Г-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг прокурорт буцсанаас хойш Б.Г-тай холбоотой ямар ч ажиллагаа хийгдээгүй. Хохирогчийн мэдүүлэг тодруулах, бусад ажиллагаатай холбоотой юу ч хийгдээгүй байсаар 2024 оны 06 дугаар сард буюу 2 жилийн дараа шүүхэд шилжүүлэх саналтайгаар ирүүлсэн. Хэрэг тусгаарлагдах үед Д.Б-тэй хамтран үйлдсэн хэрэг нь 2012 онд дууссан. Үүнээс хойш ямар нэгэн асуудалд холбогдон шалгагдаагүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн байр суурьтай оролцсон. Урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа дууссантай холбоотой надад хэргийн материал танилцуулах ажиллагаа хийгээгүй, танилцуулж, тэмдэглэл үйлдэх ёстой. Үүний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар гомдол, санал байвал шийдвэрлүүлэх эрх олгох байтал олгоогүй. Хэрэг прокурорт ирээд яллах дүгнэлт үйлдэгдсэн тул шүүхэд шилжүүлэх гэж байна гэж мэдэгдэх нь дээрхээс өөр асуудал. Өөрөөр хэлбэл, мөрдөгч, прокурор хуульд заасан ажиллагааг засаж залруулах эрх бүхий субьект биш. Тийм учраас анхан шатны шүүхэд хэрэг шилжиж очих үед энэ асуудлыг тавьсан. Илтгэгч шүүгчийн хэлснээр энэ хэргийн залилан мэхлэхтэй холбоотой үйлдэл, хохирол төлбөрийн асуудал эрс зөрүүтэй, нотлох баримтууд маш замбараагүй байдлаар хэрэгт үдэгдсэн. 2022 онд хэрэг танилцуулж байхад ийм байсан ч үүнийг залруулсан эсэхийг нь мэдэхгүй. Хэрэгт прокурор хяналт тавих үүргийнхээ дагуу өмгөөлөгчид танилцуулж, хүсэлт, гомдол байгаа эсэхийг мөрдөгч танилцуулж, тэмдэглэл үйлдэж хийсэн эсэхийг хуульд заасан үүргийнхээ дагуу хянаж асуудлыг гаргаж ирээгүй учраас би энэ хэрэгт Б.Г-тай холбоотой ямар ажиллагаа явуулж, юу шалгасан, хэдэн төгрөгийн хохиролтой гэж тогтоосныг мэдэх боломжгүй байсан. Хуульд заасан эрх хэмжээ буюу яллагдагч, өмгөөлөгчид хуулиар олгогдсон эрхийн чухал хэсэг нь мөрдөгч, прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгээр дамжуулан хэрэгжүүлэх хуулийн арга механизмыг хангаагүй. Ийм учраас би хэргийн материалтай танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т заасан оролцогчийн эрхийг хязгаарласан асуудал байна гэж үзсэн. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан Д.Б- өмгөөлөгчгүй оролцсон. Түүнээс “Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон уу” гэж асуухад “Өмгөөлөгч нар ирээгүй, би өөрөө өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн. “Хүнд зүйл ангитай хэрэгт яагаад өмгөөлөгч оролцуулахгүй байгаа юм бэ” гэхэд “Өмгөөлөгч нар ирэхгүй байна” гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй нь Д.Б-н хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүд зөрчигдсөн гэж үзнэ. Өмгөөлөгч оролцуулах эсэх нь хүний хүсэл зоригийн асуудал боловч хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажиллагаа орхигдсон. Энэ хэрэг шалгагдаад 11 дэх жилдээ явж байна. Энэ хооронд хуульд заасан ажиллагаа хэрэгжүүлэх бүрэн боломжууд байсан боловч уг ажиллагаагаа хийгээгүй. Прокурор Б.Сод-Эрдэнэ бид албан ажлын шугамаар шүүхүүд дээр тааралдахдаа яллах дүгнэлт үйлдэгдэж, хэрэг шилжих гэж байгаа гэдгийг ойлголцож мэдсэн. Гэхдээ хэрэг танилцуулаагүй, танилцуулах үүргээ гүйцэтгээгүй энэ алдааг би заавал шаардаж, яллах дүгнэлт үйлдэхээс өмнө танилцуулаагүй, ажиллагааны дарааллыг алдагдуулсанд бидний уулзаж ярилцаж, мэдээлэл авсан үйл баримт огт хамааралгүй. Яллагдагч, өмгөөлөгч нар ирээгүй, хугацааны хувьд ийм, тийм гэдэг асуудлын тухайд, өмгөөлөгч нар олж ирэх, яллах дүгнэлтийг гардуулж өгөх үүрэг хүлээсэн хүмүүс биш. Д.Б- өмгөөлөгч авна, өмгөөлөгч ирээгүй тул өмгөөлөгчтэй гардаж авна гээд хойшлуулж байсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байна. Харин Б.Г- хамт ирэх шаардлагын дагуу хугацаа алдаж байсан гэдгийг хэлмээр байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлийг хууль зүйн хувьд прокурорын эсэргүүцлээр буруутгах ямар нэгэн үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүх тухайн нөхцөл байдал, хууль хэрэглээний хувьд алдаагүй, шийдвэрийн хувьд зөрчлийг бүрэн тогтоож гаргасан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-, Б.Г- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан хуулийн агуулгад нийцнэ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, “...яллагдагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнд хавтас хэргийн материалыг танилцуулах талаар мэдэгдээгүй...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ***** дугаар шийтгэх ***** нарт холбогдох эрүүгийн 201201041945 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ Д.Б-, Б.Г- нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гарган, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр прокурорын хяналтад ирүүлснийг хүлээн авч, прокуророос хяналтын хугацаа сунган хянаад 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 139 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Энэ хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагч Б.Г-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнд хэргийн материал танилцуулсан байх ба тэрээр “хэргийн материалтай танилцлаа. Санал хүсэлтээ прокурорт гаргана.” гэсэн баримт 21 дүгээр хавтас хэргийн 184 дүгээр талд, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн **** дугаар утас руу залган хавтас хэргийн материалтай танилцуулах зорилгоор дуудахад “хавтас хэргийн материалтай прокурорт очиж танилцана.” гэж хэлснийг тэмдэглэсэн баримт 22 дугаар хавтас хэргийн 164 дүгээр талд тус тус авагдсан байх тул оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтогдохгүй байна.
Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт болон шүүхийн шатанд өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах арга хэмжээг авч, эцэст нь оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх замаар нөхөн гүйцэтгэх нь зүйтэй.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Д.Б-, Б.Г- нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2035 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Д.Б-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН