| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2410000000329 |
| Дугаар | 2025/ДШМ/31 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/31
2025 01 02 2025/ДШМ/31
Г.Т-, Г.Т- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төгсжаргал,
хохирогч Б.Ж-
шүүгдэгч Г.Т-, Г.Т-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чинбат,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/760 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Ж-ы гаргасан давж заалдах гомдлоор Г.Т-, Г.Т- нарт холбогдох эрүүгийн 2410000000329 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т-,
2. Т-,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон;
Шүүгдэгч Г.Т-, Г.Т- нар нь бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан- Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “****” хотхоны ***** давхрын шатны хонгилд Б.Ж-ыг “орцноос гарч архи уу” гэсэн шаардлага тавилаа гэх шалтгаанаар зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Т-, Г.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т-, Т- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Т-, Г.Т- нарыг тус бүр 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Т- нь хохирогч Ж-д 5.000.000 /таван сая/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, эдийн бус гэм хорын хохиролд шүүгдэгч Г.Т-өөс 1.186.150 /нэг сая нэг зуун наян зургаан мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Б.Ж-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ж- нь учирсан гэмтлийн улмаас цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Г.Т-, Г.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хохирогчоор тогтоогдсон бөгөөд дараах үндэслэлээр гомдол гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр хамар ясны гэмтлийг хуучин гэмтэл гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байсан боловч үүнийг нотлох боломжоор хангаагүй. Сэтгэл санааны хохирлыг үнэлсэн үнэлгээтэй санал нийлэхгүй. Г.Т- нь эмчилгээндээ хэрэглээрэй гэж өгсөн 5.000.000 төгрөгийг сэтгэл санааны хохирлын мөнгөтэй дүйцүүлсэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. ...” гэв.
Шүүгдэгч Г.Т- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Шүүгдэгч Г.Т- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Шүүгдэгч Г.Т-, Г.Т- нарын өмгөөлөгч Б.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. 3 удаагийн дүгнэлтээр хамар ясны хугарал нь хуучин хугарал гэж дүгнэсэн. Энэ талаар хохирогч болон түүний өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд дахин шинжээч томилох талаар хүсэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Г.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 5.000.000 төгрөгийг эмчилгээний зардал болон цаашид гарах зардалд тооцон өгсөн. Уг асуудлыг анхан шатны шүүх хуралдааны үед яриад шүүх илүү төлсөн мөнгийг сэтгэцэд учирсан хохиролд тооцохоор тогтоосон шийдвэр үндэслэлтэй. Г.Т-ийн хувьд сэтгэцэд учирсан хохирлын 1.186.150 төгрөг болон шүүхээс оногдуулсан 1.200.000 төгрөгийн торгох ялыг төлөх гэсэн боловч хохирогч талаас гомдол гаргасан тул одоохондоо төлөхгүй түр хүлээж бай гэж шүүгчийн туслах хэлсэн учраас төлөөгүй байгаа, төлөхөд бэлэн. ...” гэв.
Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Б.Ж-ы хувьд 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр хамар ясны хугарал нь хуучин хугарал байсан гэх дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрдөггүй. Хохирогчийн зүгээс хамар ясны хугарлыг бусад улсын эмнэлгүүдэд үзүүлэхэд шинэ гэмтэл байна гэж мэдүүлж, маргадаг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд нотлох баримтуудыг гаргаж өгдөггүй. 3 болон 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгээгүй учраас шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэл бүхий гэж үзсэн. Г.Т-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогчийн зүгээс эмчилгээний зардалд төлсөн 5.000.000 төгрөгнөөс сэтгэцэд учирсан хохирлын төлбөрийг хасаж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос 2.886.150 төгрөгийн эмчилгээний зардлын баримт гаргаж нэхэмжилсэн. Энэ баримтаар нэхэмжилсэн үнийн дүнг шүүгдэгчийн төлсөн 5.000.000 төгрөгөөс хасаж тооцон сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн. Тухайн мөнгөний зөрүү болох 1.186.150 төгрөгийг Г.Т-өөс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Т-, Г.Т- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Ж-ы гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.Т-, Г.Т- нар нь бүлэглэн, 2024 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 04 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан- Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “****” хотхоны *** дугаар давхрын шатны хонгилд хохирогч Б.Ж-ыг “орцноос гарч архи уу” гэсэн шаардлага тавилаа гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун чамархайн хуйх, дух зүүн дээд, доод зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн шанаа, зүүн бугалгад цус хуралт, зулайн хуйх, баруун тохой, баруун шуу, зүүн бугуй, шуу, тохой, баруун шилбэнд зулгаралт, баруун дээд 2-р шүдний цөгцний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хохирогч Б.Ж-ы “...манай 16 дугаар давхарт үл таних хоёр эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууцгааж байсан. Би тухайн хоёр хүн дээр очоод орцноос гарч архи уух талаар хэлэхэд хар ногоон өнгийн куртиктэй том биетэй залуу над руу дайраад миний зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тухайн залууг цааш нь түлхсэн чинь шатанд тээглээд хойшоо унасан бөгөөд би давхардаад унасан. Би дээр нь гараад байж байсан чинь араас жижиг биетэй, бараан өнгийн богино куртиктэй, туранхай залуу миний нуруу луу өвдөглөөд, үснээс зулгааж байгаад шат, хана мөргүүлээд байсан. Тухайн залуу нь намайг хойш нь татаж унагаасан чинь хоёулаа дээр гараад миний биеийн бүх хэсэгт өшиглөж, цохиж эхэлсэн, миний биед учирсан гэмтлүүдийг бүгдийг нь нийлж учруулсан. ...” /1хх 10/,
гэрч Ө.Э-ийн “...удаагүй орцонд хүмүүс ноцолдоод байх шиг чимээ сонсогдоод байхаар нь гэрийнхээ цонхыг онгойлгоод харсан чинь орцны жижиг цонхтой хаалганы цаана хоёр залуу хүн унагаачихсан дээрээс нь өшиглөөд байгаа харагдахаар нь шууд гараад, орцны хаалгыг онгойлгосон чинь тухайн хоёр залуу доошоо буугаад зугтаачихсан. Харин манай нөхөр хаалганы хажууд цустайгаа холилдчихсон байдалтай зогсож байсан. ...ямар ч байсан нэг махлаг өндөр залуу нь хүний дээрээс өшиглөөд зогсож байгаа нь харагдсан. Тухайн залуугийн хажууд туранхай залуу мөн өшиглөөд зогсож байгаа харагдсан. ...” /1хх 51-52/ гэсэн мэдүүлгүүд,
“...Б.Ж-ы биед хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархайн хуйх, дух, зүүн дээд, доод зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн шуу, зүүн бугалгад цус хуралт, зулайн хуйх, баруун тохой, баруун шуу, зүүн бугуй, шуу, тохой, баруун шилбэнд зулгаралт, баруун дээд 2-р шүдний цөгцний эмтэрэл бүхий гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2969 дүгээр дүгнэлт /1хх 18-19/,
“...урьд гаргасан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №2969 дүгээр дүгнэлт үндэслэлтэй. ...Шинжилгээнд ирүүлсэн толгойн компьютер томографи СД-г дүрс оношилгооны эмчээр уншуулахад 2969 дүгээр дүгнэлтэд тусгагдсан “хамар ясны хугарал, таславчийн мурийлт" нь хуучин гэмтэл. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 397 дугаар дүгнэлт /1хх 58-60/,
“...ШШЕГ-ын шинжээч эмч Б.Цолмонгийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2969 дүгээр дүгнэлт, ...ШШЕГ-ын шинжээч эмч Э.Эрхэмбаяр, Б.Баяртогтох, Э.Баасанжав нарын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 397 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ...Б.Ж-ы биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн бороолсон хугарал байх бөгөөд үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 692 дугаар дүгнэлт /1хх 119-123/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.Т-, Г.Т- нар ямар буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Г.Т-, Г.Т- нарын бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ж- эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Т-, Г.Т- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар шүүгдэгч тус бүрт 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.Ж- “...шинжээчийн дүгнэлтээр хамар ясны гэмтлийг хуучин гэмтэл гэж дүгнэсэнийг, ...сэтгэл санааны хохирлыг хамгийг багаар үнэлсэнийг, ...Г.Т-ийн өгсөн 5.000.000 төгрөгийг сэтгэл санааны хохирлын мөнгөтэй дүйцүүлсэн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Энэ хэрэгт 3 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд эдгээрээс 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 692 дугаар дүгнэлтээр өмнөх 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 397 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэлтэй хэмээн дүгнэж, шүүх хэрэгт авагдсан шинжээчийн мэдүүлэг, үүнтэй холбоотой бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр үнэлж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүйгээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба эдгээр дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан бөгөөд уг тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 3.300.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, харин тооцоолох боломжгүй /цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэрэг/ хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн ба анхан шатны шүүхийн “...шүүгдэгч Г.Т-ийн хохирогчид нөхөн төлсөн 5.000.000 төгрөгөөс хохирогчийн эмчилгээний зардлын баримттай гарсан зардлын дүн болох 2.886.150 төгрөгийг хассан зөрүү 2.113.350 төгрөгийг эдийн бус гэм хорын хохиролд нөхөн төлөгдсөнөөр тооцож үлдсэн зөрүү 1.186.150 төгрөгийг шүүгдэгч Г.Т-өөс гаргуулан хохирогчид олгох”-оор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/760 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН