Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 112/ШШ2026/0035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Энхцэцэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Т

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ахлах прокурор Ц.Э

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.Г

 Гуравдагч этгээд Б.Н нарын хооронд үүссэн зөрчлийн маргааныг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ахлах Прокурор Ц.Э, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.Г-ын хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0719309 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай

 2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

 2.1. Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.Г 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 0719309 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Б.Н-г Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тавин нэгж буюу тавин мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.

2.2. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Т-өөс 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 0719309 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд дүгнэлтийг ирүүлсэн.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1.Ахлах прокурор Б.Т шүүхэд гаргасан дүгнэлтдээ: тус аймгийн Мал эмнэлгийн газрын эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан ...Б.Н нь Ховд аймгийн Булган сумаас мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүйгээр 12 толгой үхэр тээвэрлэн авч ирсэн... гэх МЭ16/26-4 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Б.Н д 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 0719309 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Зөрчлийн хэрэгт Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл, Баярчулууны Нэргүйгээс 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр холбогдогчоор авсан мэдүүлэг, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тухай 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/115 дугаартай захирамж, Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малын эмч А.С-ийн тодорхойлолт, 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0719309 дугаартай шийтгэлийн хуудас болон бусад нотлох баримтууд хэрэгт авагджээ. Дээрх нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд Б.Н нь малын гарал үүслийн гэрчилгээг мал эмнэлгийн газраас авахгүйгээр 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган сумаас 12 тооны үхрийг тээвэрлэн Говь-Алтай аймгийн Шарга суманд авч ирсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих зөрчлийн шинжтэй байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн гэж үзэж 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал, тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, борлуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хүнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Эрх бүхий албан тушаалтан Б.Г-ын шийтгэл оногдуулсан 0719309 дугаартай шийтгэлийн хуудсыг тус аймгийн прокурорын газарт 2026 оны 6 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авсан болно.

 Иймд эрх бүхий албан тушаалтан Б.Г-ын 2026 оны 5 дугаар сарын 29- ний өдөр 0719309 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохгүйгээр харин шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн, Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг зааснаар 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэснийг Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлөлт оруулах нь хуульд нийцнэ. Мөн эрх бүхий албан тушаалтны хууль болон хүний эрх зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох, өөрчлөлт оруулах боломжгүй ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр харьяалсан шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процесс ажиллагааг зөрчиж шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Мал эмнэлгийн газрын эрх бүхий албан тушаалтан Б.Г-ын хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 0719309 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 3.2.Прокурор Ц.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Тус шүүхэд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлд өөрчлөлт оруулах дүгнэлтийг гаргасан байна. Дүгнэлтийн үндэслэл нэхэмжлэлийн шаардлагаа товч танилцуулъя. Б.Н нь Ховд аймгийн Булган сумаас мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүйгээр 12 толгой үхэр тээвэрлэн авч ирсэн гэх агуулгатай үйл баримтад зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж улмаар 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 0719309 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Хэрэгт холбогдох нотлох баримтууд авагдсан. Эдгээрээс үзэхэд Б.Н нь малын гарал үүслийн гэрчилгээг мал эмнэлгийн газраас авахгүйгээр 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган сумаас 12 тооны үхрийг тээвэрлэн Говь-Алтай аймгийн Шарга суманд авч ирсэн үйл баримт тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл энэ нөхцөл байдлыг Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих зөрчлийн шинжтэй гэж үзэж байгаа. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн гэж үзэж 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал, тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, борлуулсан гэдэгт дээрх хуулийн зохицуулалт хамаарч байгаа учраас эрх бүхий албан тушаалтны 0719309 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах гэдэг байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна” гэжээ.

3.3.Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Миний бие Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчаар ажилладаг. Прокурорын газрын ахлах прокурор Б.Тийн 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0719309 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 3.4.Гуравдагч этгээд Б.Н  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 50,000 төгрөгөөр торгуулна. 150,000 төгрөгийн торгууль төлөх чадвар байхгүй. Мал байхгүй. Тэтгэвэр авдаггүй. Төлөх боломжгүй, мөнгө байхгүй. Алтайн төвөөс 70км зайд амьдардаг, ногоо тарьдаг хаяж явах боломжгүй. Иймд цаашид шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдсан баримтууд, талуудын тайлбар, прокурорын дүгнэлтийн үндэслэл тус бүрд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.

2. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/115 дугаартай “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх” тухай захирамжаар 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минутаас эхлэн хорио цээрийн дэглэмийг чангатгаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.

3. Зөрчилд холбогдогч Б.Н-д Ховд аймгийн Булган сумаас 12 толгой үхрийг тээвэрлэн 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд авч ирсэн үйлдлийг хяналтын улсын байцаагч 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэлийг мал эмнэлгийн улсын байцаагч Б.Г 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0719309 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулжээ.

4. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Малчин, амьтан маллагч нь мал, амьтан маллах, ашиглах, эдлэх, тээвэрлэхдээ мал, амьтны тавлаг байдлыг хангаж, хашаа, байр, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэврийн нийтлэг зааврыг дагаж мөрдөнө, 7.2-т энэ хуулийн 7.1-д заасан зааврын мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална гэж хуульчилсан.

5. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/67 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ын 3.4-т Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш чиглэсэн тохиолдлууд буюу худалдаалах, төхөөрөх, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, мал, амьтан шилжүүлэн авах, отор нүүдэл хийх, хээлтүүлэгт ашиглах болон бусад зорилгоор шилжилт хөдөлгөөн хийх үед мал эмнэлгийн гэрчилгээ заавал авна. Худалдаалах зорилгоор бус, хувийн хэрэгцээндээ тээвэрлэж яваа бага хэмжээний мах, махан бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ авахгүй байж болно гэж заасан.

6. Зөрчилд холбогдогч Б.Н нь Ховд аймгийн Булган сумаас Говь-Алтай аймгийн Шарга сум руу 12 толгой үхрийг тээвэрлэхдээ эрх бүхий албан тушаалтнаас мал эмнэлгийн гэрчилгээ (гар үүслийн гэрчилгээ)-г аваагүй болох нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, зөрчилд холбогдогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, Ховд аймгийн Булган сумын Бойтог багийн малын эмч А.С-ийн мал эмнэлгийн гэрчилгээ аваагүй гэх тодорхойлолт, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр нотлогдож байна.  

7. Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, борлуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийн нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

8. Иймд зөрчилд холбогдогч Б.Н-н үйлдэл нь Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын А/67 зааврын 3.4-т зааснаар мал эмнэлгийн гэрчилгээ авахгүй байх үндэслэлд хамаарахгүй бөгөөд түүний үйлдсэн зөрчилд оногдуулах хуулийн зүйл, заалт, торгуулийн хэмжээг шийтгэлийн хуудаст зөвтгүүлэн өөрчлүүлэхээр бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж, Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн улсын байцаагч Б.Г-ын2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0719309 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу торгууль 50,000 төгрөг гэснийг Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасны дагуу нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 1.3 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Г-ын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0719309 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу торгууль 50,000 төгрөг гэснийг Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасны дагуу нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах гэж өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ЭНХЦЭЦЭГ