Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 311/ШШ2025/00529

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ....... газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ...... газарт холбогдох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Завхан аймгийн ....... газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...... тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "...... төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно." гэж тус тус заасан. Тус прокурорын газраас дээрх хуульд заасны дагуу Улиастай сумын нутаг дэвсгэрт нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхийг судлахад, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний наад захын хэрэгцээ болох иргэдэд үйлчилгээ явуулж буй байгууллагуудад налуу шат, чиглүүлэх замтай байх шаардлагыг хэрэгжүүлж ажиллахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8.1 дэх хэсэгт "Орон сууц, олон нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологи нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна." гэж заасан ба Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай НҮБ-ийн конвенц, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. MNS 6055:2009 стандарт, Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056:2009 стандарт зэрэг хууль, журам стандартад хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь бие даан амьдрах, нийтэд нээлттэй үйлчлэх бүх төрлийн үйлчилгээг саадгүй авах эрхтэй, энэ эрхийг нь хангах нөхцөлийг аж ахуй нэгж, байгууллага бүрдүүлэх шаардлагатай талаар зохицуулжээ. Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулж байгаа Завхан аймгийн ...... газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүн тухайн байгууллагууд руу нэвтрэх налуу шат байхгүй, чиглүүлэх замгүй байгаа нь нийтийн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж байх тул дээрх байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах талаарх холбогдох хууль журмыг хэрэгжүүлж, налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгуулах тухай прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

  Хариуцагч Завхан аймгийн ..... газар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд шийдвэрлэх санхүүжилт байхгүй тул 2026 оны 05 сарын дотор налуу зам болон чиглүүлэх замыг стандартын дагуу хийж гүйцэтгэн биелэлтийг албан тоотоор явуулахаа мэдэгдэж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Завхан аймгийн .........газар нь хариуцагч Завхан аймгийн ......... газарт холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн ......... газар нь нэхэмжлэлийн шаардлага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч тодорхой хугацаанд хийж гүйцэтгэхээр тайлбараа ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Завхан аймгийн ......... газрын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ......... газарт холбогдох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

 

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ