Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0948

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: С.Түвшинтөр

улсын яллагч : Э.Оюунтунгалаг

          шүүгдэгч: Д.О, Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Т овогт Д О, Б овогт Д О нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706036561148 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Д О, Ховд аймгийн  Буянт суманд төрсөн, 29 настай, эмэгтэй,  дээд боловсролтой,  сувилагч  мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт сувилагч ажилтай, ам  бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай

       2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д О, Өвөрхангай аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, бизнесийн удирдлага   мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай, /   

 

Холбогдсон хэргийн талаар:

           Д.О, Д.О нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвёсгэрт байрлах 53 дугаар дунд сургуулийн спорт зааланд Б.Х маргалдаж улмаар түүнийг  цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч   Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эрх үүргийг танилцаж ойлголоо, асуух зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Би үүнийг хохирогчид учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 66-67/

      Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Би тогтоолтой уншиж танилцлаа тогтоолтой холбоотой гомдол санал байхгүй. Санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг танилцлаа, би Х-г салгах гэж л хойноос нь хүзүүгээр нь уургалж татсан, түүнд гэмтэл бэртэл учруулснаа мэдэхгүй байна. Нэмж ярих зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 70-71/

     Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “2017 оны 11 сарын 26ны өдөр байх 21:30-22 цагийн үед байх БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байх 53-р сургуулийн спорт зааланд тоглож байхад сүүлд нэрийг мэдсэн Х гэх эмэгтэй тоглож байхдаа намайг 2 удаа түлхэж унагасан. Тэгээд тэр Х надаас бөмбөг булааж авахдаа миний хүзүү рүү гараараа цохичихсон. Тэгэхэд би нүүрлүү нь 1 удаа алгадчихсан юм. Түүнээс болоод тэр эмэгтэй намайг үсдэж гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би зөрүүлж зуралдах гээд чадаагүй намайг доош дарчихсан байхад манай нөхөр, тэр эмэгтэйгийн найз манай хадам эгч Ш, өөр хэн байсныг хараагүй биднийг салцгаасан ” гэжээ. /хх-ийн 21/

     Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “2017 оны 11-р сарын 26-ны өдөр байх 21:30 цагийн орчимд БЗДийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байх 53-р сургуулийн спорт зааланд заал авч тоглож байхад манай эхнэр О сүүлд нэрийн мэдсэн Х гэх эмэгтэй 2сагс тоглож байгаад манай эхнэрийг санаандгүй тохойлдсон юм. Тэгээд би зайтай байсан болхоор юу гэж хэлж маргалдсан гэдгийг сонсоогүй, улмаар манай эхнэр тэр эмэгтэйгийн нүүрлүү нь 1 удаа алгадчихсан юм. Тэгэхэд тэр эмэгтэй манай эхнэрийг үсдэж, харилцан үсдэлцэж, хоорондоо нийлээд зууралдсан. Гэхдээ хэн хэнийгээ яаж цохихыг хараагүй. Тэгээд би очиж салгах гээд тэр эмэгтэйгийн хүзүүнээс уураглаж татахад араас хэн нь мэдэхгүй намайг зуурч салгасан. Тэгэхэд тэр Х гэх эмэгтэйтэй хамт явсан найз нь болотой эрэгтэй манай эхнэрлүү дайрах гэхэд би салгасан. Тэгээд бужигнаж байгаад салсан юм.”гэжээ /хх-ийн 20/

     Хохирогч Б.Х   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Тэр үед шоконд орсон байсан учраас зарим нэг зүйлийг тодорхой ярьж чадаагүй байна лээ. Ер нь бол анх О намайг алгадаад толгойруу цохиод үснээс зулгаасан, би ч гэсэн түүний үснээс зулгаасан. Ингээд зууралдаж байхад О хадам эгч нь гээд эмэгтэй /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ баруун талаас миний үснээс зулгаагаад давсаг, хөл, гар руу өшиглөсөн. Мөн О нөхөр араас ирж хоолой боосон, бас үснээс зулгааж, нуруу руу өшиглөсөн. Мөн О хамт ажилладаг Б гэсэн байхаа тэр хүүхэн бас миний үснээс зулгаасан. Баруун хөлөн дээр бол хэн нэгэн нь гишигснээс болоод хөхөрсөн байсан хэн гишгэснийг нь мэдэхгүй. О тоглож байхдаа хүртэл намайг одоо маажнаа гээд заналхийлж байгаад ингэж зодсон ”гэжээ. / хх-н  14-19/

    Гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 11-р сарын 26ны өдөр 22 цагийн үед байх БЗД-ийн 16-р хороо 53-р сургуулийн спорт зааланд тоглож байхад бэр дүү О танихгүй эмэгтэй түлхэснээс маргалдан, тэр эмэгтэй 1 удаа хацарлуу нь алгадчих шиг болсон. Тэгээд харилцан үсдэлцээд зууралдаад байхад нь нөхөр нь О бид нар салгасан юм. Нөгөө талаас тэр эмэгтэйгийн найз залуу, танихгүй хамт явсан бололтой хүмүүс бид бүгд салгасан юм” гэжээ. / хх-н 22-23/

     Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 11р сарын 26ны өдөр найз охин Х болон өөрийн ажлын хүмүүстэй хамт БЗД 53-р сургуулийн спорт зааланд тоглосон юм. Ингээд бид сагс тоглож байгаад би бөмбөг шидчихээд эргэд хартал Х тойроод О, Б болон өөр бас нэг эмэгтэй нар Х үснээс зулгаагаад доош нь дарчихсан өшиглөж бариад зодож байсан, би салгах гээд очтол О нь Х үснээс зулгаагаад хоолойг нь боогоод арагш нь чирээд холдуулсан. Надаас гадна Э, Э, Н нар салгацгаасан. Ингээд салгааад Х хартал нүүр ам, хөл, цээж, зэрэг нь маажигдаад улаан болсон байсан. би түүнийг сандал дээр суулгаад цагдаад дуудлага өгсөн юм” гэжээ./ хх-н 24-25/

     Гэрч Б.мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 11 сарын 26ны өдөр манай хоолны газрын ажилчид болох Э, Х болон түүний нөхөр мөн О хамт ажилладаг хүмүүсийн хамт БЗД 16-р хороололд байрлах 53-р сургууулийн зааланд тоглосон..... О нь Х боль гээд араас нь гараараа хоолойг нь ороогоод татсан, ингээд тэд нар хоёр тийшээ салахад л Хийн нүүр, ам, хүзүү, хоолой цээжинд нь маажигдаад улйчихсан байсан. миний харснаар О, Ш нар Х руу дайрч байсан бөгөөд энэ хоёр лл Х самардаж маажсан. Ингээд цагдаа дуудсан цагдаа нарыг ирэхээс өмнө О нар бөөнөөрөө яваад өгсөн юм” гэжээ. / хх-н 26-28/

     Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.....ингээд тоглож байгаад нэг хартал Х О хоёр бие биенийхээ үснээс зулгаалцаад зогсж байсан ба би очоод салгахад Ш нь бас Х дайрч давшлаад нүүр ам руу нь цохиод, үснээс нь бас зулгаасан. Би Ш болиоч гэхэд өөдөөс хэрэлдээд Хг заагаад “наадахаа салгаач” гээд байсан. Х О хоёр болохоор бие биенийхээ үснээс зулгаалцаад тонгойсон байдалтай байсан.... О-н үснээс нь зулгаах зулгаасан, харин нүүр ам болон бусад газар нь ямар нэгэн цохиж зодсон маажсан зүйл болоогүй. Шд бол Х гар хүрээгүй” гэжээ. / хх-н 29-31/

     Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.....Х үснээс нь О урдаас нь зулгаасан, О болохоор араас нь үснээс нь зулгаасан, үс нь ихээр унасан байсан. Мөн нүүр, хацар, хүзүү, хоолой, цээжинд нь маажигдсан байсан. Мөн дараа нь харахад Х хэвлийд өшиглөсөн бололтой гутлын мөр гарчихсан байсан. Бас хоёр гарын шуу нь энд тэндгүй маажигдсан байсан. О болохоор үснээс нь зулгаагаад байсан, хажуугаас нь тэр Ш гээд эгч нь маажсан байх би яг сайн хараагүй” гэжээ. / хх-н 32-34/

       Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 36/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14750 тоот ДҮГНЭЛТ:

  1. Б.Х-н биед зүүн бугалга, хүзүүнй зүүн хэсэг, цээж, зүүн хөх, зүүн хацар, баруун дал, баруун шуунд зулгаралт, баруун тавхайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. / хх-н 37/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 38-40,44-45/

          Дахин шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 41/

          2018.5.29-ний 689 дугаартай шүүх эмнэлэгийн хавтаст хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Хийн биед учирсан зүүн бугалганы дотор талд 3х0,5см, 4х0,5см, 5х0,5см, 4х0,3см, 5х0,3см, 1х0,3см 4х0,3см зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хүзүүний зүүн хэсэгт 8х0,5см, 3х0,5см зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цээжинд 2х0,8см, 1х0,3см зүүн хөхөнд 1х0,4см 1х0,3см баруун даланд 2х0,8см, 1х0,3см, баруун шуунд 1х0,5см, 1,5х0,2см хүрэн зулгаратууд гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй, зүүн хацарт 4х0,3см 3х0,3см зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д заасанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгтхамаарна. Баруун тавхайн дээд хэсэгт 4х2см хүрэн цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.
  2. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  /хх-н 42-43/

          Хохирогч Б.Хийн эмчилгээний зардлын талаарх баримтууд гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 48-56/

          Д.О эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 68-71/

         Д.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 74-75/

   Д.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 58 /

,    Д.От эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 63-67/

         Д.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 72-73/

   Д.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 60 /, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 61/зэрэг болно.

          Д.О, Д.О нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвёсгэрт байрлах 53 дугаар дунд сургуулийн спорт зааланд Б.Х-й маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг   үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:           

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Д.О, Д.О нар нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд торгох ялын доод хэмжээгээр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т овогт Д О, Б овогт Д О нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэргийн бүлэглэн   үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар               Д.О, Д.О нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар                          Д.О, Д.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар                          Д.О, Д.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Д.О, Д.О нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.                              

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7 .Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.О, Д.О нараас  тус 247.185 төгрөгийг гаргуулж нийт 494.370 төгрөгийг гаргуулж Б.Х олгох, Б.Х бусад зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.О, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН