Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00145

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00145

 

Голомт банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 5949 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох

 

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтаны хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 24 883 737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваадорж, Д.Мөнхбаяр, Ө.Өнөрлхам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Голомт банкны захирал Д.Мөнхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Голомт банк нь иргэн Ж.Идэрсайхантай 2008 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ЗГ2032/08-0033 тоот зээлийн болон баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулсан. Баталгаат ипотекийн гэрээний дагуу зээлдэгч Ж.Идэрсайханы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101000946 дугаартай, Орхон аймаг, Баян Өндөр сум, Урт булаг бar, 5-21-17 тоотод байрлах, 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Энэхүү гэрээг 2008 оны 7 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэгчийн тэмдэг дарсан ба банк барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн хэмээн үзэж Ж.Идэрсайханд 35 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч гэрээнд тамга дарсан хэдий ч барьцааг улсын бүртгэлд бүртгэлгүй орхисон байсан бөгөөд үүнийг банк зээл олгосныхоо дараа мэдсэн. Мөн тус байр нь Ж.Идэрсайханы Анод банкнаас авсан зээлийн барьцаанд байсан бөгөөд банк энэ талаар зээлдэгчтэй гэрээ байгуулахдаа улсын бүртгэгчийн буруутай ажиллагааны улмаас мэдэж чадаагүй болно. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 882 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Идэрсайханаас нийт 43 328 749.86 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2101000946 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу дээрх орон сууцыг худалдаж Анод банкны өр төлбөрийг барагдуулж, үлдсэн дүн болох 17 507 655 төгрөгийг манай банкны зээлийн төлбөрт өгсөн. Манай банкны зээл бүрэн хаагдаагүй ба зээлдэгч Ж.Идэрсайхан нь түүнээс хойш зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй банкийг хохироосоор байна. Хууль бус үйлдлийг Ж.Идэрсайхан нь улсын бүртгэгчтэй хуйвалдан хийсэн гэдэг нь тодорхой болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар барьцаалуулагч нь дараагийн барьцаалагчтай гэрээ байгуулахдаа тухайн барьцааны зүйлийн хүчинтэй байх бүх барьцааны тухай түүнд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Тухайн үед банк дээрх орон сууцыг өөр этгээдийн барьцаанд байсан талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, мөн улсын бүртгэгч нь хууль бус бүртгэл хийсэн зэрэг нөхцөл байдлаас болж банк барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах боломжгүй болж хохироод байна. Хэрвээ барьцааны зүйл өөр этгээдийн барьцаанд байгаа, улсын бүртгэгч хуурамч бүртгэл хийсэн зэрэг нөхцөл байдлыг мэдэж байсан бол зээлдэгч Ж.Идэрсайханд зээл олгохгүй байсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 313 дугаар зүйлийн 313.1.7-д зааснаар ипотекийг бүртгэсэн байгууллага хуурамч бүртгэл хийсэн бол түүний улмаас учирсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан бөгөөд хуурамч бүртгэл хөтөлсөн улсын бүртгэгчийн үйлдэл нь албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл бөгөөд тухайн гэм буруутай үйлдлийн улмаас банкинд хохирол учраад байна. Иймд Голомт банкинд учирсан хохирол 24 883 737 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун-Эрдэнэ, С.Даваадорж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хүлээн зөвшөөрөхгүй. Анх Орхон аймгийн Баян Өндөр сумын Урт булаг баг, 5 дугаар хороолол, 21 дүгээр байр, 17 тоотын 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг иргэн Д.Оюунбилэг 2008 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн бэлэглэлийн гэрээний үндсэн дээр иргэн Ж.Идэрсайханы нэр дээр шилжүүлж улсын бүртгэлийн Ү-2101000946 дугаарт бүртгэсэн байна. Өмчлөгч Ж.Идэрсайхан нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 14080291 тоот зээлийн гэрээ байгуулан Анод банкнаас 12 сарын хугацаатай, 25 000 000 төгрөгийн зээл авсан байдаг. Одоо энэхүү байрны өмчлөгчөөр иргэн Б.Батчимэг, Ш.Басхүү нар байх ба 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг гарган 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Ж.Идэрсайханаас иргэн П.Түвшинжаргалд олгосон итгэмжлэл зэргийг хавсарган ирүүлснийг үндэслэн бүртгэсэн. Түүнчлэн иргэн Б.Батчимэг, Ш.Басхүү нар нь 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг гаргаж Голомт банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцаалбарыг бүртгүүлсэн. Улсын бүртгэлийн Ү-2101000946 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж.Идэрсайхан 2008 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрзэний үүргийн биелэлтийг хангах баталгаа болгож ЗБ2032/0-0033 тоот баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулан энэ өдөр улсын бүртгэгчийн тэмдэг даруулж барьцааны эрхийг бүртгүүлсэн гэх боловч хувийн хэрэгт бичилт тэмдэглэл хийгдээгүй, мэдүүлэг холбогдох баримтууд хавсаргагдаагүй байна. Голомт банктай байгуулсан гэх зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ албан ёсоор бүртгэгдээгүй. Нөгөө талаар Орхон аймгийн Голомт банкны зээлийн төвөөс 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн албан бичигтээ "Ж.Идэрсайханы өмчлөлийн Ү-2101000946 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг, Баян Өндөр сум, Урт булаг баг, 5-21-17 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү" хэмээн хүсэлт гаргасан атлаа одоо Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 24 883 737 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Голомт банкны нэхэмжлэлтэй Ж.Идэрсайханд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 43 328 749.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Орхон аймаг дахь сум дундын шүүх 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 882 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1685 дугаар захирамж нь хуулийн хүчин төгөлдөр байгаа. Шүүхээс шийдвэр гарсан байхад дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Мөн Голомт банк орон сууц давхар барьцаалсан тухай мэдээгүй байж байгаад зээл олгосон гэдэг боловч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Анод банкинд байдаг учраас үүнийг мэдээгүй байх боломжгүй. Ж.Идэрсайхан төлбөрийн чадваргүй учраас манай байгууллагаас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн ажилтаны хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 24 883 737 төгрөг гаргуулах тухай Голомт банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Голомт банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь банкны барьцааны гэрээн дээр бүртгэсэн тухай тамга дарж өгсөний улмаас банк уг барьцаа хөрөнгийг бүртгэгдсэн гэж итгэн түүнд үндэслээд зээл олгосон. Нэгэнт Голомт банкны барьцаа улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй орхигдсон тул тухайн барьцааг дахин өөр банкинд барьцаалан зээл авсан байдаг. Ийнхүү Голомт банк нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсны улмаас зээлийн эргэн төлөлт эрсдэлд орсон. Хэрэв төрийн албан хаагч нь буруутай үйл ажиллагаа явуулаагүй бол банк энэхүү эрсдэлд орохгүй байсан. Зээлийн барьцаа бүртгэгдсэн тохиолдолд барьцаанаас үүргийн гүйцэтгэлийг 100 хувь хангуулах боломжтой байсан нь тогтоогддог бөгөөд харин барьцаа хөрөнгөгүй бол банк зээл олгохгүй байсан. Дээрх байдлаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж банк зээлийн эрсдэл хүлээн 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх байсан зээлийг өнөөдрийг хүртэл 6 жил гаруй хугацаанд төлүүлж чадаагүй байна. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад шинжээчийн дүгнэлтээр улсын бүртгэгчийн буруутай ажиллагаа нь тогтоогдсон. Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 5949 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төрийн албан хаагчийн учруулсан гэм хорын хохиролд 24 883 737 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн гэм хор учруулаагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн ажилтаны барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэлгүй орхисон ажиллагаанаас болж барьцааны зүйлээр үүргээ хангуулах боломжгүй болж хохирол учирсан гэж тайлбарласан нь хариуцагч байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж үзэж, нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 882 дугаар шийдвэрээр Ж.Идэрсайханаас 43 328 749 төгрөг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд зээлдэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс 17 505 655 төгрөгийг Голомт банк төлбөртөө авсан, зээлийн гэрээний үүрэгт 25 823 094 төгрөг төлөгдөөгүй байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна гэж заажээ.

 

Хариуцагч байгууллагаар нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг арилгахын тулд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасны дагуу хариуцагч байгууллагын тодорхой албан тушаалтан албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл тогтоогдсон, үүнтэй холбоотой нэхэмжлэгчид гэм хор учирсан гэх нөхцөл байдал хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

 

Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч байгууллагын ажилтаны буруутай үйлдлээр гэм хор учирсан гэх нөхцөл байдлаа баримтаар нотолж чадаагүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь Ж.Идэрсайханд 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 35 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэй зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр ЗБ2032/08-0033 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэж зааснаас үзэхэд зээлдүүлэгч Голомт банк нь зээлдэгч Ж.Идэрсайханд мөнгөн хөрөнгийг шилжүүлэхээс өмнө бус харин зээл олгосны дараа Улсын бүртгэлийн холбогдох албанаас барьцааны зүйлийн талаар дэлгэрэнгүй лавлагаа гаргуулахыг хүссэн үйл баримт хэргийн 66, 109 дүгээр талуудын арын хуудсанд авагдсан эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 02/475 тоот, Голомт банк Орхон салбарын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/11-120 тоот албан бичгүүдэд тогтоогджээ.

 

Хариуцагч байгууллагын ажилтан барьцааны гэрээг бүртгэсэн талаар тэмдэглэгээ хийсэн боловч улсын бүртгэлд оруулаагүй байгаа нь уг барьцааны гэрээ хожим бүртгэхээр баталгаажсан байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Идэрсайханд зээл олгох үед өөр этгээдийн барьцаанд байснаас болж, тэргүүн ээлжийн барьцаалагч болж чадаагүй байна.

 

Энэ тохиолдолд хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэгч барьцааны гэрээний бүртгэлийг хийгээгүй байгаагаас барьцааны зүйлээр тэргүүн ээлжид үүргээ хангуулах боломжгүй болсон нь шууд шалтгаант холбоотой гэж үзэх, улмаар зээлдэгч 24 883 737 төгрөгийг төлөөгүй гэж гэм хорын хохиролд тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 5949 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Голомт банкны төлсөн 282 369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО