Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02517

 

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02517

 

 

Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00460 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Хүрэлбаатарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргил, өмгөөлөгч Ц.Дарьжав, хариуцагч Б.Хүрэлбаатар, өмгөөлөгч Э.Мөнхдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.Хүрэлбаатарт өөрийн эзэмшлийн 90 000 000 төгрөгийн үнэтэй ландкрузер 200 маркийн автомашиныг шилжүүлэн өгч, 20 хоногийн дараа 90 000 000 төгрөг авахаар тохирч, уг мөнгөн дүнгээр зээлийн гэрээ хийсэн. Гэтэл Б.Хүрэлбаатар гэрээнд заасан хугацаанд машины үнийг төлөөгүй мөртлөө машиныг Б.Ганбаатар гэдэг хүнд шилжүүлсэн байсан ба 2014 оны 6 сарын сүүлээс 7 сарын эхэн хүртэл хугацаанд 25 000 000 төгрөгийг 2-3 хувааж өгсөн. Энэ үед машиныг эвдрэлтэй талаар огт яриагүй байтлаа 2014 оны 08 дугаар сарын 27-нд 45 000 000 төгрөг авахад машин чинь эвдрэлтэй байсан гэж үндэслэлгүй зүйлийг хэлээд үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөөгүй өдийг хүрч байна. Миний машин ямар ч эвдрэл гэмтэлгүй байсан ба Тоёота компанийн 60 жилийн ойгоор үйлдвэрлэсэн 60 жилтэй хар өнгийн ландкрузер 200 тул үнэ ханш ч өндөртэй 90 000 000 төгрөг болж, энэ нь уг машины тухайн үеийн зах зээлийн дундаж ханш юм. Б.Хүрэлбаатар нь машиныг өөрөө үзэж шалгаж авчихаад зуны 2-3 сар хэрэглэж, бусдад шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө өгөхгүй арга хайж, эвдрэлтэй байсан мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б.Хүрэлбаатар нь хариу тайлбартаа 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр миний машины талаар Таван богд ХХК-иас үнийн санал авсан байгаа мөн үнэлгээ хийхдээ харьцуулсан үнэлгээ хийсэн байсан. Уг машин нь 2011 оны машин гэтэл 2007, 2008 оны авто машинтай харьцуулж үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүрэлбаатар бид 2 Оросын Холбооны Улсын Эрхүү хотод хамт сурч байсан тэгээд би машинаа итгэж өгсөн, мөнгөө удахгүй өгнө гэж хэлдэг байсан. Энэ хүн уг машиныг их удаан эдэлсэн тул буцаан авах боломжгүй. Иймд үнийн дүнгийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2014 оны 06 сарын 02-ны өдөр иргэн Б.Баярмаатай зээлийн гэрээ байгуулсан боловч бэлэн болон бэлэн бус хэлбэрээр мөнгө аваагүй. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно..." гэж заасан тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Миний бие 2014 оны 05 сарын 26-ны өдөр иргэн Б.Баярмаа, Б.Оргил нарын хамт байсан бөгөөд миний бие Хүрэлбаатар найз Мөнхбаатараас Ланд крузер 200 /v8- евро стандарт/ машиныг 95 саяар хэлцэл хийн авч өөр хүнд зарах талаар утсаар ярилцахыг сонсоод өөрсдийн Ландкрузер 200 / v6 араб стандарт 60 жилтэй/ автомашиныг 90 саяар дамжуулан өгөх талаар санал тавьсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан бөгөөд үүнээс илүү борлуулах боломж байсан болохоор хэн хэндээ хэрэгтэй байдлаар машиныг үзэхээр хэлэлцэн тохиролцсон. Мөн худалдан авах хүн шууд авахгүй тул хэсэг хугацааны дараа борлуулахаар хэлэлцэн автомашиныг бусдад борлуулах итгэмжлэл хийлгэн өөрийн Хан-Уул дүүргийн 15-р хороо Хурд хороолол 6а байрны доод гражд борлуулах хүртэл хадгалсан. Энэ хугацаанд Б.Оргилд 25 саяыг /10 сая, 15 сая/ 2 хувааж өгсөн. Ингээд худалдан авахаар тохирсон хүнд 7 сарын эхээр машиныг үзүүлэн мөн 3 долоо хоногийн дараа мөнгийг авахаар тохироод машиныг шилжүүлэн өгсөн. Гэвч 7 хоногийн дараа хэлцлийг цуцлахаар ирсэн бөгөөд машин зүүн урд талаараа мөргөлдсөн мөн жалганд унасан байж магадгүй, урд жолоочийн болон панилын ослын бүх дэр задарсан, зүүн урд лонжром тахийсан, өөрийн биш чанар муутай хятад, урд копуд, 2 крыло, гупер засвартайг үзүүлэн буцааж өгсөн. Б.Оргилтой 2014 оны 07 сарын 28-ны өдөр ХУД-н 11-р хороо Оргил худалдааны урд байрлах машин угаалгын газар уулзаж машиныг дээр дооргүй угаалган машины хамгийн гол болох ослын дэрүүд задарсан Б.Оргилын санал болгосон үнээр борлуулах боломжгүйг хэлээд 25 сая төгрөгөө авч буцааж өгье гэдгийг хэлсэн. ...Тэгээд 7 хоногийн дараа Б.Оргилын эхнэр Б.Баярмаа ирээд чи 45 000 000 төгрөг нэмээд өгчих 70 000 000 төгрөгөөр тооцоогоо дуусгая, бид байрны лизингтэй байгаа гэсэн тэгээд би эхнэртэйгээ зөвлөлдөөд зээл аваад мөнгө бэлэн болчихлоо гэж Баярмаа руу ярьсан. Баярмаа нь хөдөө явж байна миний данс руу хийчих найз нь буцаж очоод гарын үсэг зурна гэсэн. ...Би өмнө машинаа ав, миний мөнгийг өгчих гэж олон удаа хэлсэн. Тухайн үед хэдэн цаасны ашиг гаргах гэж уг машиныг нь авсан, одоо машин нь зарагдахгүй байгаа учир одоо болтол унаад явж байгаа. Иймээс машинаа буцааж аваад миний 70 000 000 төгрөгийг буцааж өгч болох уу гэж Оргилоос асуумаар байна. Би Баярмаатай аман хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Баярмаа, Оргил хоёроос би огт мөнгө аваагүй. Баярмаа зовлонгоо тоочоод байхаар нь би 45 000 000 төгрөг өгөөд бүх асуудал болчихлоо гэж бодож байсан. Баярмаатай аман хэлцэл хийсэн гэдэг нь мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Хүрэлбаатарт холбогдох 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Хурэлбаатар нь 90 сая төгрөгөөр биднээс автомашин зээлээр худалдах, худалдан авах тохиролцоо хийгдсэн болох нь хариуцагч Хүрэлбаатар болон нэхэмжлэгч Б.Баярмаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргил бидний тайлбараар нотлогдсон. Энэхүү тохиролцоогоо баталгаажуулахын тулд зээлийн гэрээ байгуулсан талаар зохигчид аль аль нь хэлж байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан бэлэн мөнгөний зээлийн гэрээ биш байсан гэдэг нь тодорхой байна. Б.Баярмаа миний бие Хүрэлбаатарт өөрийн эзэмшлийн ланд крузер 200 маркийн аетомашиныг 90 сая төгрөгөөр бодож зээлээр худалдаж Хүрэлбаатар нь мөнгийг 20 хоногийн дараа өгнө гэдэг аман тохиролцоо хийж бидний хооронд .иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй. Автомашин зээлээр худалдан авах талаар Хүрэлбаатар хүсэл зорилгоо илэрхийлснийг миний бие нөхөр Б.Оргилын хамт хүлээн авч тохиролцсоноор Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасанчлан Хүрэлбаатарын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон бөгөөд би автомашинаа түүнд шилжүүлэн өгөх, Хүрэлбаатар 20 хоногийн дараа автомашины үнэ болох 90 сая төгрөгийг надад өгөх үүрэг үүссэн. Хүрэлбаатар миний автомашиныг 90 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон болох нь машиныг худалдах, худалдан авахыг тохиролцсон үнийг баталгаажуулсан "Зээлийн гэрээ" гэх баримтаар нотлогдож байхад шүүх бэлэн мөнгөний зээлийн гэрээ байгуулаагүй, зохигчдын хооронд мөнгө шилжүүлсэн нь нотлогдохгүй хэмээн дүгнэж хэт нэг талыг баримтлан хандсан. Шүүх ланд крузер 200 маркийн автомашиныг 90 сая төгрөгөөр худалдан авахаар зээлээр тохиролцсон төлбөртэй байдлаа баталгаажуулсан зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдов хэмээн дүгнэсэн атлаа машины үнийн үлдэгдэл төлбөр 20 сая төгрөгийг гаргуулах нэхэмлжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул хэргийг хянаж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчийн хооронд үүссэн маргааны талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Баярмаа нь хариуцагч Б.Хүрэлбаатарт холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Хүрэлбаатарт Ланд крузер 200 маркийн автомашинаа 90 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоноо баталгаажуулж зээлийн гэрээ байгуулсан, үлдэгдэл 20 000 000 төгрөгөө одоог хүртэл өгөөгүй гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу Б.Баярмаагаас мөнгө аваагүй, 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон автомашин эвдрэлтэй байсан тул 70 000 000 төгрөгөөр тооцоо дууссан гэж тус тус тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Б.Баярмаа нь өөрийн эзэмшлийн Ланд крузер 200 маркийн автомашинаа Б.Хүрэлбаатарт худалдах, Б.Хүрэлбаатар нь автомашины үнэд 90 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, үүнийг баталгаажуулан 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ.

Талуудын хүсэл зориг, гэрээ хэрэгжсэн нөхцөл байдал зэргээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч буюу худалдагч Б.Баярмаа нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох Ланд крузер 200 маркийн автомашиныг хариуцагч буюу худалдан авагч Б.Хүрэлбаатарын эзэмшилд шилжүүлсэн, худалдан авагч Б.Хүрэлбаатар нь хэлэлцэн тохирсон 90 000 000 төгрөгөөс 70 000 000 төгрөгийг худалдагч Б.Баярмаад төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Баярмаа нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн 20 000 000 төгрөгийг төлүүлэхээр хариуцагч Б.Хүрэлбаатараас шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Хүрэлбаатар нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох автомашин эвдрэлтэй байснаас түүний төлөх үнийн дүн өөрчлөгдсөн буюу 70 000 000 төгрөг төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмаад олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантэй нийцнэ.

Дээр дурдсан үндсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Хүрэлбаатараас 20 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярмаад олгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дах заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж гэж, үлдээж гэсний дараа хариуцагч Б.Хүрэлбаатараас 257 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярмаад олгосугай. гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Баярмаагийн төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ