| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Анхбаяр |
| Хэргийн индекс | 128/2025/0839/З |
| Дугаар | 128/ШШ2026/0656 |
| Огноо | 2026-07-02 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2026/0656
2026 07 02 128/ШШ2026/0656
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Анхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигон овогт С.О /РД:М*******/
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
нарын хоорондын төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М /цахим/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
1.1 Нэхэмжлэгчээс шүүхэд анх бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Иргэн С.О миний бие 2016 оны 09 сард Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаар томилогдсон цагаас эхлэн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээний дагуу төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ төрийн албаны зарчим, хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чандлан баримталж, биелүүлэн ажиллаж ирсэн. Гэвч 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо /цаашид “Ёс зүйн дэд хороо" гэх/-ноос намайг архидан согтуурч олон хоногоор ажлын байран дээр ирэхгүй, тэтгэвэр авагч, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж олгох хугацааг хойшлуулан хоцроож, ажилтан, албан хаагчдыг дарамталсан гэх зөрчилд холбогдсон гэж хуралдан, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.2.8 дугаар заалтуудыг зөрчсөн төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн 04 дугаартай дүгнэлт гаргасан. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б/*** дугаар
тушаал гаргаж надад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Хариуцагч нар нь нөхцөл байдлыг бодитоор шалган тогтоолгүйгээр үндэслэлгүй, хууль бус дүгнэлт, шийдвэр гаргасны улмаас миний хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөж байх тул өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 8.2-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэг. Ёс зүйн дэд хорооны 2025 оны 04 дугаартай дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзэж буй үндэслэлийн тухайд. Ёс зүйн дэд хорооноос намайг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй байх, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх” гэж, 8.2.8-т “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх” гэж тус тус заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргасан. Миний бие ажилтан, албан хаагчидтай болон байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд, байгууллагатай хэзээ ч бохир, ёс бус үг хэллэг хэрэглэн харьцаж, хэн нэгний бие эрхтний онцлог, өөрийгөө эрхлэх үйлдлийг нь даган дуурайж, зохисгүй үг, үйлдлээр илэрхийлж, доромжилсон үйлдэл огтоос гаргаж байгаагүй. Хувь хүний хүмүүжил, ес суртахуун төлөвшлийн хувьд надаас ийм үйлдэл гарах боломжгүй бөгөөд ийм шалтгаанаар надад холбогдуулан аливаа этгээдээс гомдол гаргаж байгаагүй. Мөн аливаа иргэн, хуулийн этгээд болон ажилтны нэр төрд халдсан үйлдэл ч байхгүй болно. Мөн би хэзээ ч ажлын байранд болон албан томилолтоор, уулзалтаар явж байхдаа согтууруулах ундааны зүйл ууж, хэрэглэж байгаагүй. Энэ талаар аймгийн удирдлагууд, бусад төрийн байгууллагын удирдлагууд ажилчид болон намайг мэдэх хүмүүс бүгд мэдэж байгаа. Миний хувьд төрд 20 гаруй жил ажиллахдаа сахилгын болон ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй. Намайг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлүүд бүгд ор үндэсгүй, аль нь ч нотлох баримтаар тогтоогдсон зүйл байхгүй зөвхөн бусдын субьектив явцуу ашиг сонирхол, таамаглалд үндэслэсэн байна. Тодруулбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т “шаардлагатай тохиолдолд гомдол, мэдээлэл гаргагчаас нэмэлт тайлбар, тодруулга, түүнчлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мэдээ, баримтыг гаргуулан авах" гэж 15.1.5-д “төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, дүгнэлт гаргах, үндэслэлийг тусгах" гэж, 16 дугаар зүйлийн 16.5-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй" гэж, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-ын 5.9.1-т "зөрчил гаргасан тухайн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох" гэж тус тус заасны дагуу Ёс дэд хорооноос гомдол, мэдээллийг хянан шалгах ажиллагааг гүйцэтгэхдээ төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил мөн эсэх, ёс зүйн зөрчил хэзээ гарсан нь ямар ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнийг шалган тогтоож, үндэслэлийг тусгах үүрэгтэй.Гэтэл маргаан бүхий 04 дугаар дүгнэлтийн Тодорхойлох нь хэсэгт “албан хаагчидтай уулзалт хийсэн, Гүүгл формс ашиглан 20 асуулт бүхий санал асуулга авсан, цагийн бүртгэлийн дэвтэр шалгасан" гэсэн 3 ажиллагааг хийсэн.." гэх, мөн Үндэслэх нь хэсэгт "...тухай ярьж байна", "...тайлбаруудаас үзвэл", "...ярианаас үзэхэд", "... уулзалт, санал асуулгын дүнгээс харахад" гэх зэрэг таамаглалаас бусдаар нотолгоо, үндэслэл байдаггүй. Энэ нь дүгнэлтийн Үндэслэх нь хэсгийн 1-т “Албан хаагчидтай хийсэн уулзалт, санал асуулгын дүн, цагийн бүртгэлийн дэвтэр, “Авле” системээс авсан цагийн бүртгэл зэргээс харахад С.О нь байран дээр архи уудаг, архи уусан үедээ ажлын байран дээр ирдэг, ажилдаа хэд хоногоор ирдэггүй болох нь тогтоогдож байна”, Үндэслэх нь хэсгийн 2-т “Албан хаагчидтай хийсэн уулзалт, санал асуулгын дүнгээс харахад С.О нь үйлчилгээний болон шинээр ажилд орсон албан хаагчдыг дарамталдаг, үг хэлээр доромжилдог, албан хаагчдыг ялгаварлан шударга бус ханддаг болох нь тогтоогдож байна" гэснээс тодорхой харагддаг. Иймд ...Ёс зүйн дэд хороо нь дүгнэлт гаргахдаа миний хэзээ гаргасан, ямар үйлдэл нь ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн, зөрчил нь ямар үйл баримтаар тогтоогдож байгаа талаар огт ажиллагаа явуулалгүйгээр буюу ёс зүйн зөрчлийг бодитоор тогтоолгүйгээр бусад этгээдийн зүгээс надад өгөх субьектив шинжтэй бодит бус дүгнэлтийг үндэслэн дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Хоёр. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны Б/*** дугаартай тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэж буй үндэслэлийн тухайд. Ёс зүйн дэд хороо дээрх 04 дугаартай дүгнэлтээ Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсний дараа, тус газрын дарга 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 болон Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг үндэслэн надад төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Б/*** дугаар тушаал гаргасан. Уг тушаалын Тушаах нь хэсэгт намайг "... (і) төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан ёс зүйн зөрчил гаргасан; (ii) албан тушаалын тодорхойлолтод заасан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн; (iii) хөдөлмөрийн харилцаанд бусдыг ялгаварлан гадуурхсан, (iv) дарамталсан; (v) хуульд нийцээгүй шийдвэр гаргасан; (vi) байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан гурваас дээш хоног шалтгаангүйгээр ажил тасалсан; (vii) согтуугаар ажлын байран дээр ирсэн..." ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлүүдийг дурджээ. Ёс зүйн дэд хорооноос намайг үйлдсэн гэх Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.1.3, 8.2.8-т заасан зөрчлүүдээс огт өөр сахилгын шинжтэй зөрчлүүдийг нэмж гарган ирж, түүнийгээ хууль, журамд заасны дагуу шалган тогтоолгүйгээр ийнхүү тушаал гаргаж байгаа нь илтэд үндэслэлгүй хууль бус гэж үзэж байна. Тодруулбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1-т “энэ хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах" гэж заасны дагуу Ёс зүйн дэд хороо нь зөвхөн тус хуульд заасан ёс зүйн зөрчилтэй холбоотой дүгнэлт гаргах бүрэн эрхтэй. Харин хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагад хамаарахгүй, сахилгын шинжтэй асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т "Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасны дагуу баталсан доорх журмыг баримтлан хянан шалгахаар зохицуулсан. "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.6-д "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэж, 2.2-т “...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно” гэж, 2.6-д “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна” гэж, 3.1-т “Шалгагч албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалыг томилсон эрх бүхий албан тушаалтан...-д танилцуулах бөгөөд эрх бүхий албан тушаалтан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 3.1.1. энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах” гэж тус тус заасан. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 15.3.1-т “Газар, хэлтэс, нэгжийн даргад холбогдох сахилгын зөрчлийн гомдол, мэдээллийг Ерөнхий газрын даргаас үүрэг болгосон албан тушаалтан, эсхүл Тамгын газрын дарга хянан шалгана” гэж, 15.4.1-т "Хянан шалгасан албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзвэл саналаа, хувийн хэргийн хамт 5 өдрийн дотор Ерөнхий газрын даргад танилцуулна" гэж, 15.4.4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй" гэж тус тус заасан. Дээрх зохицуулалтаас үзвэл Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг албан хаагчид ногдуулахдаа хуульд заасны дагуу тусгайлан баталсан сахилгын шийтгэл ногдуулах журмыг баримтлах бөгөөд уг журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргах, албан хаагчид үүнийг танилцуулах буюу тайлбар гаргах боломжоор хангах, тухайн гаргасан дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тохирох шийдвэрийг гаргахаар зохицуулсан байна. Хөдөлмөрийн дотоод журамд ч энэ талаар тодорхой заасан байна. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь дээр дурдсан ажиллагааг хууль болон журмын дагуу хийлгүйгээр зөвхөн тус газрын Ёс зүйн дэд хорооны үндэслэлгүй, хууль бус дүгнэлтэд тулгуурлан надад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газраас надад өөр өөр цаг хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 01/1543 дугаартай, 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай, ижил агуулга бүхий 2 удаагийн сонсох ажиллагааны мэдэгдлийг ирүүлсэн байсан. Эдгээр нь хоёулаа Ёс зүйн дэд хорооны дүгнэлт, албан хаагчидтай хийсэн уулзалт, Гүүгл формс ашиглан хийсэн санал асуулгад үндэслэсэн байдаг. Харин хоёр дахь мэдэгдлийн эхэнд "...гомдлыг судлах, үндэслэлийг шалгаж тодруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга, танай газарт хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгээр" гэж нэмэлт өгүүлбэр тусгаж оруулсан байсан бөгөөд мөн л өмнөхийн адил хууль болон журмын дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Үүнээс үзэхэд хариуцагч нь анхнаасаа намайг сахилгын зөрчил гаргасан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулахгүйгээр сахилгын зөрчил гаргасан мэтээр төрийн албанаас халах шийдвэрийг гаргачихсан байсан болох нь тодорхой харагддаг. Миний бие албан тушаалын тодорхойлолтод заагдсан 5-н зорилтыг бүрэн хэрэгжүүлж, ажлаа хангалттай үнэлүүлж ажиллаж ирсэн нь 2022, 2023, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээний хуудсаар тогтоогдох ба байгууллагын дотоод журмыг мөрдүүлэн ажилладаг, ажилтны ажиллах өрөө тасалгаа, ажлын техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, байгууллагын хаягжилт бүрэн хийгдсэн, тохижилт, тохилог орчин хангалттай бүрдсэн. Ажил олгогчийн хувьд байгууллага, албан хаагчдаа нэгдсэн арга зүй, удирдлагаар ханган, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын нэр хүндийг хамгаалах, төрийн үйлчилгээг тасралтгүй явуулах үндсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг. Маргаан бүхий тушаал нь миний хэзээ гаргасан, ямар үйлдэл нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйл, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн болох, зөрчил нь ямар үйл баримтаар тогтоогдож байгаа талаар огт ажиллагаа явуулалгүйгээр, ёс зүйн дэд хорооны үндэслэлгүй дүгнэлтэд үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Гурав. Ёс зүйн хариуцлага эсхүл сахилгын шийтгэл ногдуулж байгаа эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй тухай. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 буюу албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 албан хаагчид ёс зүйн хариуцлага тооцох зохицуулалтыг хамтатган хэрэглэсэн байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна", 16.1.4. "Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах" гэж заасныг хариуцагч нь “Ёс зүйн хорооны эсхүл Ёс зүйн дэд хорооны дүгнэлт"-ийг үндэслэн нэхэмжлэгчид ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр ойлгож хэрэгжүүлэхээр байна. Гэвч өмнө дурдсаны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд үндэслэн, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн атлаа маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсгийг үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсгүүдэд заасан "хуульд үндэслэх", "... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчимд нийцээгүй гэж үзэхээр байгаа юм. Бодит нөхцөл байдлыг шалган тогтоолгүйгээр гаргасан хууль бус дүгнэлт, шийдвэрийн улмаас миний хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөж байгаа тул зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээн тогтоолгох хүсэлтэй байна. Иймд ...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/*** дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.О намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгасан шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.
1.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий тушаалын үндэслэл болох нэхэмжлэгчийг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж байгаа үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Хариуцагч тал шийдвэр гаргах үе шатад бодит нөхцөл байдлыг тогтоосон байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад хариуцагч тал шийдвэр гаргах үедээ бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь харагдана. Тухайлбал, хариуцагч тал зөрчил тус бүрд зохих баримтуудыг гаргаж нотлох ёстой байсан. Зөвхөн ажилчдын тайлбар, мэдүүлгийг цаасан дээр буулгаж нотлох баримт болгож байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Манай зүгээс хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хоёр. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “…Тус шүүхэд хянагдаж буй С.Оын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/*** дугаар "С.Оыг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал нь хуульд нийцсэн бөгөөд хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно. Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байсан С.О нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, хөдөлмөрийн харилцаанд бусдыг ялгаварлан гадуурхсан, дарамталсан, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан гурваас дээш хоног шалтгаангүйгээр ажил тасалсан, мөн согтуугаар ажлын байранд ирсэн ноцтой зөрчил гаргасан тул түүнийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр төрийн албанаас чөлөөлсөн. Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байсан С.Отай холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нийгмийн даатгалын байцаагчаас, мөн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан нэр бүхий иргэнээс гомдол ирүүлсэн. Мөн Авлигатай тэмцэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн "Гомдол, мэдээлэл шилжүүлэх тухай" **** дугаар албан бичгээр уг гомдлыг Ёс зүйн хороонд шилжүүлж, Ёс зүйн хорооноос Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороонд 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3/98 дугаар "Гомдол шийдвэрлүүлэх тухай" албан бичгээр "хууль тогтоомжийн дагуу шалган шийдвэрлэж, гаргасан дүгнэлт, шийдвэрийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ёс зүйн хороонд ирүүлэх”-ээр хүргүүлсэн. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/** дугаар "Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт ажиллах ажлын удирдамж, албан томилолтын зардлын төсөв батлах тухай" тушаалын дагуу, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт ажиллаж, албан хаагчдаас судалгаа, асуумж авч, хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:
1. Албан хаагчидтай уулзсан уулзалт, авсан судалгаанаас та төрийн үйлчилгээний албан хаагч нарт дарамт үзүүлсэн, хэл амаар доромжилсон, хэлтэс тасгаар ялгаж харьцсан, хавчин гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн нь албан хаагч нартай хийсэн ярилцлагаар тогтоогдож байна. Энэ нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам Төрийн албаны тухай хуулийн 39.1.4-т заасан "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх" гэснийг.
2. Ажлын байран дээр олон хоногоор ирдэггүй гэх гомдлыг бодит байдлыг тогтоохын тулд “**” системийн цаг бүртгэл, гараар бүтгэдэг цагийн бүртгэл, албан хаагчийн ярилцлага, судалгаанаас үзэхэд таны 2024-2025 оны “**” цаг бүртгэлийн системд цагаа бүртгүүлдэггүй, гараар бичсэн дэвтэрт ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг очсон өдөр нөхөн бүртгэсэн нөхцөл байдал үүссэн, албан хаагч нараас асуусан асуулт, ярилцаагаас үзэхэд таныг ажлын байран олон хоногоор ирдэггүй гэж хариулсан бөгөөд энэ нь цаг бүртгэлийн систем зэргээр нотлогдож байна. Мөн энэ хугацааг томилолттой гэж албан хаагч нарт хэлдэг боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас чөлөө зөвшөөрөл аваагүй байгаа нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.2-т заасан шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан, Төрийн албаны тухай хуулийн 37.1.16-д заасан “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах" гэснийг,
3. Албан хаагч нартай уулзах уулзалтын үеэр таныг ажилдаа ирээгүй байх хугацаанд хэрхэн гүйлгээ хийдэг байсан талаар тодруулахад ерөнхий нягтлан бологчид эрх нь байдаг гэх мэдээллийн дагуу танай газрын ерөнхий нягтдан бодогч н.Б** асуухад тайлангийн үеэр надад эрх нь байсан гэхдээ би гүйлгээ хийгээгүй, засвар оруулах шаардлага гараад оруулж байсан гэх тайлбар өсгөн бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд 2-3 дугаар сард Таны С программын эрх өөр албан хаагчид байсан нь тогтоогдож байна. Газрын дарга Нийгмийн даатгалын мэдээллийн С системийн эрхээ бусдад шилжүүлсэн нь 37.1.13-т заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэснийг,
4. Тус газраас Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт Төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн хяналт шалгалтаар Ц.Б 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/** дугаар тушаалаар Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар томилохдоо төрийн албаны тусгай шалгалтгүйгээр томилсон, томилгоо хийхдээ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахгүйгээр шууд томилсон зөрчил илэрсэн. Энэ нь 23.5-т заасан "Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ", Төрийн албаны тухай хуулийн 37.1.18-д заасан хуульд заасан бусад үүрэг. 39.1.3-т заасан хуульд нийцээгүй шийдвэр гаргах; гэснийг,
5. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2025 онд хийсэн төлөвлөгөөт шалгалтаар 48 тэтгэвэр авагчтай холбоотой зөрчил илэрсэн нь Таны албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 3-т "Хэлтэс, тасгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах", 5 дугаар зорилтын 1-т заасан “байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэшлийн үндсэн дээр удирдаж, гүйцэтгэлийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах", Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-т заасан "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах" гэснийг,
6. Нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгнэлтээр "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.2.8 дахь заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон болно. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, мөн 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны А/99 дүгээр тушаалаар батлагдсан "Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам"-ыг зөрчсөн болох нь тус тус тогтоогдсон. Иймээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан сахилгын шийтгэлийг оногдуулсан нь зөрчлийн шинж байдал, түүнийг анх болон давтан үйлдсэн байдлыг харгалзан үзэж, эрх бүхий албан тушаалтнаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг гаргасан нь хуульд нийцсэн болно.
Иймд маргаантай тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан тогтоох боломжгүй бөгөөд цаашид Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллахад тохиромжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч С.О нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан. Үүнийхээ дагуу нэхэмжлэгч албан тушаалын тодорхойлолтод заасан нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадаагүй учраас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 199 дүгээр тушаалыг гаргасан. Энэ тушаалаас нэхэмжлэгчийг ямар хэмжээний зөрчил гаргасан гэдэг нь тодорхой харагдана. Мөн төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй хүнийг удирдах албан тушаалтны албан тушаалд томилсон ноцтой зөрчил гаргасан. Түүнчлэн нэхэмжлэгч удирдах албан тушаалтныхаа хувьд тус байгууллагад ажиллаж байгаа 50 гаруй албан хаагч нарыг нийгмийн баталгааг хангаж ажиллах ёстой. Гэтэл өөрийн эрх мэдлээ хэтрүүлж албан хаагч нараа кофе, цайнд явуулдаг, дарамталдаг, шалны алчуураа авхуулдаг, орой үдшийн цагаар машинаа бариулдаг, эхнэрийнхээ эд зүйлсийг зөөлгөдөг гэх мэт маш олон ёс зүйгүй үйлдлүүдийг хийсэн. Энэ бүх үйлдлүүд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаал гарахад нөлөөлсөн. Гэхдээ нэхэмжлэгч тал хугацааны талаар маргаад байх шиг байна. Манай зүгээс нийт 5 дугаар сард ёс зүйтэй холбоотой шалгалт хийсэн. 06 дугаар сард төлөвлөгөөт хяналт шалгалт ороод 07 дугаар сард нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдийг тодорхой болгосон. Үүний дараа 09 дүгээр сард маргаан бүхий тушаалыг гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
2.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Манай зүгээс өмнөх шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар хэлсэн учраас шинээр ирсэн баримтуудад тулгуурлан тайлбар хэлье. Нэхэмжлэгч С.О ажилдаа ирдэггүй, цаг бүртгэлдээ бүртгүүлдэггүй, Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн тушаал, шийдвэрийг биелүүлдэггүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан цаг бүртгэлийн баримтаас харагдана. Мөн энэ талаар жижүүр н.Болдбаатар өөрийн ярилцлага дундаа хэлсэн байдаг. Түүнчлэн шүүхэд н.Батцэрэнгийн тушаал ирсэн. Нэхэмжлэгч өөрөө н.Батцэрэнг удирдах албан тушаалын шалгалт өгүүлэхгүйгээр шууд томилсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэмэлт тайлбар байхгүй. Өмнө нь гаргасан бүх тайлбараа дэмжиж оролцож байна” гэв.
2.4 Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, албан хаагчдаас авсан ярилцлага эргэлзээтэй, ажлаас чөлөөлөх баримт бичиг болон арга хэрэгсэл буруу гэх мэтчилэн нийт 4 үндэслэлийн хүрээнд нэмэлт тайлбараа хэллээ. Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг заасан. Анх 05 дугаар сард хяналт шалгалт явуулж нэхэмжлэгчээс хангалттай хэмжээний сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаа, уулзалтын тэмдэглэлүүдэд нэхэмжлэгчийн хэлсэн үг, өгүүлбэр болгон тодорхой байгаа бөгөөд нэг жишээ хэлэхэд сул орон тоо гэдэг ойлголтыг төрийн албан хаагч байж мэдэхгүй байсан. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т сул орон тоо гэж юуг хэлэх, сонгон шалгаруулалт, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, мэдүүлэг мэдүүлэх зэрэг бүх үйлдлүүдийг хуулиар тогтоосон. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч хуулийг мэдэх үүрэгтэй. Нэхэмжлэгч удирдах албан хаагчийн хувьд Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг хийдэг. Хавтаст хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэлүүдийг харахад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нэхэмжлэгчийн мэдлэгийг гайхаад та ингэж ойлгож байгаа юм уу гэдэг байдлаар асуусан байдаг. Нэхэмжлэгч төрийн албан хаагчийнхаа хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан мөрдөж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд үнэнч, шударгаар зүтгэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч өөрийн ирцээ бүртгүүлдэггүй, ирцээ засдаг байсан. Энэ бүх зөрчлүүдийг хариуцагч албан хаагч нараас өөрсдөөс нь зөвшөөрөл авч бичлэг хийж тогтоосон байдаг. Ийм байхад нэхэмжлэгч тал бодит нөхцөл байдлыг тогтоогдоогүй гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Мөн ямар зөрчлийг бодит нөхцөл байдлыг гуйвуулсан гэж үзээд байгаа, албан хаагчдаас авсан судалгаа, бичлэгийн яль хэсэг нь эргэлзээтэй байгаа талаараа өнөөдөр 1 ч тайлбар хэлсэнгүй. Хариуцагч бүх албан хаагчтай нь уулзаж бүгдээс нь зөвшөөрөл авч бичлэг хийсэн. Энэ уулзалтуудын тэмдэглэл, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасны дагуу зохих этгээдийн оролцоог хангах, тайлбар авах, бодит нөхцөл байдлыг тогтоож бүх үйл баримтуудыг хангалттай тогтоосон гэж үзэж байна. Мөн тухай үед нэхэмжлэгч бүх баримтуудтайгаа танилцаад өөрөө тайлбараа өгсөн байдаг. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлд заасан арга хэмжээнүүд бүгд хийгдсэн гэж үзэж байна. Мөн энэ бүх ажиллагаанууд тэмдэглэлд тусгагдсан. Энэхүү тэмдэглэл нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шаардлагыг хангасан. Мөн нэхэмжлэгч өмнө яаж, хэрхэн гарахаа илэрхийлсэн гэдэг нь тодорхойгүй. Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу зөрчил гарснаас хойш 1 жил өнгөрч, илрүүлснээс хойш 6 сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд төрийн албан хаагчийг ажлаас халагдах хүсэлтээ илэрхийлсэн гэж үзэж болохгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэнд төрийн алба хаах адил тэгш боломжоор хангах зэрэг бүх зарчмуудыг хэрэгжүүлэхгүй байгаа хүнийг төрийн албанд байлгах ёсгүй. Иймд дээрх үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, тэдгээрт хавсаргасан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/*** дүгээр тушаалаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд томилжээ[2].
1.2 Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга С.Од холбогдуулан ёс зүйн хорооноос ирүүлсэн албан бичигт дурдсан асуудал, иргэдээс гаргасан гомдлыг судлах, үндэслэлийг шалгах тодруулах зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/** дугаар тушаалаар ажлын хэсгийг томилж, удирдамжийг баталжээ.
Ажлын хэсэг удирдамжийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийг дуустал шалгалт хийж, 05 дугаар сарын 15-ны өдөр ажлын тайлан, танилцуулга гаргасан байна.
1.3 Уг гомдол болон ажлын хэсгийн шалгалт, тайлангийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо хуралдаж, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр “С.Оыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.2.8 дахь заалтуудыг зөрчсөн, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэж,
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан нийтлэг шаардлагад хамаарахгүй сахилгын шинжтэй зөрчлийг мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дагуу томилох эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
1.4 Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *** 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр “ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл ногдуулах захиргааны акт гаргах болсон”-ыг мэдэгдэж, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн байна.
1.5 Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар С.Од төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Уг шийдвэрийг эс зөвшөөрч С.Оаас нэхэмжлэл гаргаснаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох
2.1 “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Гурав. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
3.1 Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалын үндэслэлээ “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан ёс зүйн зөрчил гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, хөдөлмөрийн харилцаанд бусдыг ялгаварлан гадуурхсан, дарамталсан, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан гурваас дээш хоног шалтгаангүйгээр ажил тасалсан, согтуугаар ажлын байран дээр ирсэн ноцтой зөрчил гаргасан” нь
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; 37.1.13.албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах; 37.1.16.Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах; 37.1.18.хууль тогтоомжид заасан бусад үүрэг”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах; 39.1.4.албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, ... үзүүлэх” гэж заасныг зөрчсөн гэжээ.
3.2 Аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга нь Албан тушаалын тодорхойлолтод[3] заасны дагуу нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төрийн захиргааны манлайллыг хэрэгжүүлэх үүрэгтэй, ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах, хувийн зохион байгуулалт, цаг ашиглалтын хувьд бусдад үлгэрлэх тусгай шаардлагыг хангасан байх ёстой.
3.3 Хэрэгт авагдсан баримтуудаар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/** дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг батлагдсан удирдамжид[4] заасан ажлын чиглэлийн дагуу шалгалтыг хийж, 05 дугаар сарын 15-ны өдөр тайлан, танилцуулгыг гаргасан байна.
3.4 Үүнд, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын албан хаагчидтай нийтэд нь болон ганцаарчлан уулзалтын санал асуулга авч нэгтгэсэн дүгнэлтээр “байгууллагын уур амьсгал муу, газрын даргын тухайд дарамт байгаа, ажлын байран дээрээ архи уудаг, ажилдаа ирэхгүй тохиолдол байдаг”[5] олонхи нь хариулсан дүн гарчээ.
Түүнчлэн тус газрын 25 албан хаагчидтай хийсэн уулзалтын тэмдэглэл[6], бичлэгт албан хаагчдаас “байгууллагын ажилчдын хоорондын харилцаа муу, дарга ажилчдыг хэл амаар доромжилдог, загнадаг, ажлын байран дээр архи уудаг, архи уусны маргааш ажилдаа ирдэггүй тохиолдлууд бий” гэсэн байна.
3.5 Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын албан хаагчид буюу нэхэмжлэгчийн удирдлага дор бодит нөхцөл байдлыг мэдэх этгээдүүдээс түүний ажил үүргийн гүйцэтгэл, харилцаа хандлага, ёс зүйн байдлыг нийтлэгээр тодорхойлсон байх тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, ...үзүүлэх;”,
3.6 Нийгмийн даатгалын ерөнхий газрын ч Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.13-д “Байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, хамт олноо хүндлэх, соёлтой харилцах, ажлын байрны дарамт үзүүлэхгүй байх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, багаар ажиллах чадвараа тасралтгүй нэмэгдүүлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах”(үүрэгтэй), 15.2.3-т “Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, согтуугаар ирсэн, бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй.
3.7 Хариуцагчаас ажлын хэсэг байгуулан албан байгууллагад шалгалт хийж, ажилчдаас ярилцлага авах, судалгаа хийх замаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоох, шаардлагатай мэдээлэл, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хуульд журамд заасны дагуу биелүүлсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчэээс дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс ярилцлагын тэмдэглэл буруу бичигдсэн, ажилчдаас уг тайлбар ярилцлагыг өгөөгүй, зөрүүтэй гэж маргаагүй, ийм агуулгатай хүсэлтийг гаргаагүй тул дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх боломжгүй.
3.8 Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлд Ажилтны хүлээх үүргийг тодорхойлсон бөгөөд 5.2.12-т “Ажилдаа ирэх, явахдаа цаг бүртгэлийн төхөөрөмжид заавал бүртгүүлэх”, 7.1.2-т “Албан хаагч бүр тогтоосон цагийн хуваарийг чанд мөрдөж, бүртгэлийн нэгдсэн системд ажлын цагаа бүртгүүлнэ” гэж заасан бөгөөд 1 15.2.2-т “Шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан” бол ноцтой зөрчилд тооцож, албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар журамлажээ.
3.9 Нэхэмжлэгчийн “ажил тасалдаг, ажилдаа ирдэггүй гэсэн тухайд “**” цаг бүртгэлийн системд бүртгүүлж хэвшээгүй, гадуур ажилтай байх тохиолдлууд гардаг” гэсэн тайлбараас цаг бүртгэлийн цахим системд бүртгэл хийгдээгүй болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Мөн байгууллагын “Цаг бүртгэлийн дэвтэр”-т С.Оын 2025 оны 01, 02 дугаар сарын бүртгэлтэй хуудсыг нэмж, нааж тогтоосон байдалтай, хариуцагчаас хийсэн шалгах ажиллагааны явцад ажилтан Ж.Болдбаатар “...Газрын даргын бүртгэл хийх ёстой хийгүй бол болохгүй гээд 3 сарын бүртгэлийг өнөөдөр бичүүлж авсан, .. өмнө нь бас нөхөн бичүүлж байсан” гэж мэдүүлснээс үзэхэд цаг бүртгэлийн дэвтэрт мөн бодитой бүртгэл хийгдээгүй, нөхөж үйлдсэн нь тогтоогдож байна.
3.10 Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгчийг ажлаа хэзээ, ямар хугацаанд тасалсныг тодорхой тогтоогоогүй боловч ажилласан цагаа бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх бөгөөд түүнээс хамааран бүртгэлгүй гэснээр нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, тодорхой тогтоогоогүй нөхцөлд Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.2-т заасны дагуу “шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан”, тодруулбал, “ноцтой зөрчил” гэдэг нь тогтоогдохгүй боловч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д заасан “Хөдөлмөрийн тухай хууль, тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэсэн нийтлэг үүргийг зөрсөн гэж үзлээ.
3.11 Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/** дугаар тушаалаар хяналт шалгалтын байцаагч Ц.Б Мандал сумын нийгмийн даатгалын тасгийн даргаар томилсон байна.
3.12 Ингэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасныг зөрчиж, Ц.Бийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүргүүлээгүй, улмаар энэ талаарх мэдээлэл ирээгүй байхад албан тушаалд томилсон бөгөөд энэ тухайд сонсох ажиллагааны үед өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн[7] байна.
3.13 Нийгмийн даатгалын “С” нэгдсэн системийн газрын даргын эрхийг 2025 оны 3 дугаар сард нягтлан бодогчид нэг удаа шилжүүлсэн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ тухай шалгалтаар хийгдсэн уулзалтын тэмдэглэлд нягтлан бодогч Баасансүрэн мөн мэдүүлсэн, маргаагүй байна.
3.14 Харин, Д.Оюунзаяа нь тус газарт 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч “хавчин гадуурхаж, дарамт үзүүлсэн, үг хэлээр доромжилдог байсан” гэсэн агуулгатай гомдлыг гаргажээ.
3.15 Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасны дагу Д.О хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд байх үедээ уг хуулийн зохицуулалтад заасан хугацаа өнгөрсөн байх тул тухайн зөрчлийг гаргасан гэж үзэх, улмаар түүнд хамааруулан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна.
3.16 Эдгээрийн нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйл, Хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчсөн байна.
3.17 Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан нь зөрчлийн шинж байдал, удаа дараа гаргасан зэрэгт нийцсэн байх тул ийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй байна.
3.18 Мөн дээр дурдсанаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан нь хуульд нийцсэн байх тул түүнээс хамаарах “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 37.1.16, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-т заасныг баримтлан С.Оын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АНХБАЯР