Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0204

 

2018 оны 03 сарын 29 өдөр                             Дугаар 221/МА2018/0204                                  Улаанбаатар хот

Д.С-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.С нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.С-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргад холбогдох хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.413, 40.2-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай захирамжийн “нэг”-ийн 3-т заасан “2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамж” гэснийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Иргэн Д.С нь хуулийн дагуу газар эзэмших ашиглах эрхтэй хэдий ч тухайн газрыг хуульд заасан үндэслэл, шаардлага буюу сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний болон хуульд заасан газар эзэмших журмын дагуу тухайн газрыг эзэмшээгүй, эзэмшсэн гэж үзлээ ч хуульд заасан үүргээ огт хэрэгжүүлээгүй байхад Д.С-ийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл, эрх байхгүй гэж үзэж байна. ...П.Г тухайн үед тус сумын газрын даамлаар ажиллаж байсан. Яагаад хуульд заасан шаардлага хангаагүй байхад түүнд газар эзэмших гэрчилгээ бичиж олгосон нь ойлгомжгүй байна. П.Г энэ хэрэгт хариуцагчаар татагдан оролцох ёстой атал гэрчээр оролцуулсан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Д.С нь Газрын тухай хуульд заасан нэг ч үүргээ биелүүлээгүй, хулгайн замаар газар эзэмших захирамж, гэрээг олж авсан байхад шүүхээс тухайн үйл баримтыг тодорхой болголгүйгээр хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байсан. ...Тухайн үед иргэн Д.С-тай холбогдолтой ямар нэгэн бичиг баримт байхгүйн улмаас мэдэгдээгүй гэж танилцуулж байсан. П.Г хууль сануулсаар байтал зөрүүтэй мэдүүлэг, тайлбар өгч шүүхээс буруу ташаа дүгнэлт хийхэд хүргэсэн. Шүүх энэ талаар бүрэн эрхийн хүрээнд асуудлыг тодруулах ёстой атлаа хэт нэг талыг баримтлан ийм дүгнэлт хийснийг буруу гэж үзэж байна. Мөн иргэн Д.С-ийн шүүхэд өгсөн тайлбараас үзэхэд тухайн үед захирамж гарсан гэдгийг мэдсэн нь нотлогдож байгаа. 2017 онд мэдсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй юм. Тухайн үед тус сумын багийн иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар иргэн Д.С болон бусад хүмүүст газрыг хууль бусаар эзэмшүүлсэн асуудлыг хэлэлцээд хурлаас 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 09 тоот тогтоол гаргаж, түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд олгогдсон зөрчилтэй газруудын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргасан байхад миний биеийг шүүхээс буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Д.С-ийн “Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжийн “Нэг” дэх хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчжээ. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргах үүрэгтэй. Тэрээр маргаан бүхий захиргааны актыг 2010 онд мэдсэн, захирамжийн хуулбар хувийг гардаж авсан болох нь тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан П.Гийн мэдүүлгээр нотлогдсон, түүний мэдүүлгийг Ц.Х-гийн гаргасан тодорхойлолт /нотариатаар гэрчлэгдсэн/ давхар нотолсон байхад анхан шатны шүүх “...гэр орондоо Засаг даргын захирамжийг иргэнд гардуулсан, захирамж гардуулсан талаар баримт үйлдээгүй” гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцээгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон газрын эзэмшигчийн хувьд Газрын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмаар хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ огт биелүүлж байгаагүй атлаа газар эзэмших эрх дуусгавар болсны дараа /захирамжид заасан 5 жилээр тооцно/ 2017 онд захирамж хүчингүй болсныг мэдсэн гэж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй, мэдээгүй байх боломжгүй нөхцөл байдлыг шүүх анхаараагүй нь буруу болжээ. Хэдийгээр иргэн Д.С-ийн гаргасан хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2059 дүгээр албан бичгээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй талаар хариу өгсөн байх боловч энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн З3.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасныг хуулиар тогтоосон хугацаанд гомдлоо гаргасан болон гомдолд заасан үндэслэлийг захиргаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн төдийгүй тухайн гомдлыг нь аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрөөгүй байхад хөөн хэлэлцэх хугацаатай маргаагүй гэх үндэслэлээр уг хугацааг тасалдсан гэж шүүх дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй төдийгүй хэтэрсэн хугацааг сэргээх 3 сар өнгөрсөн байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнээд даруй 7 жилийн хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн зорилготой нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул маргаан бүхий захиргааны актын агуулга болон хууль зүйн үндэслэлтэй холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүйг дурьдах нь зүйтэй. ,

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан

ТОГТООХ нь:

           1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Д.С-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжийн “Нэг” дэх хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгож, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН