Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 394

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн

 татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч:          Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 260011293 дугаар актын 1 дэх заалтыг /актаар тогтоосон 21,136,939,220.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,113,693,922.0 төгрөгийн нөхөн татвар нийт 2,113,693,922.0 төгрөгийн төлбөрийг/ хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0322 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0433 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч О.Д, Б.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:                             

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0322 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 29.1.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 260011293 дугаар актын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0433 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О, О.Д нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 260011293 дугаар актын 1 дэх заалтыг /актаар тогтоосон 21,136,939,220.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,113,693,922.0 төгрөгийн нөхөн татвар нийт 2,113,693,922.0 төгрөгийн төлбөрийг/ хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч татварын улсын байцаагч Б.О, О.Д нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0322 дугаар шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн, хуульд нийцсэн байх тул хэвээр үлдээлгэх, харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0433 дугаар магадлалыг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4. Давж заалдах шатны шүүх, хяналт шалгалт хамрах 2013.01.01- 2015.12.31-ны тайлант хугацаанд үйлчилж байсан 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно, хуулийн 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 7 ба 8 дугаар зүйлийн дагуу ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор заасан хуулийг илтэд буруу тайлбарласан.

5. Ингэхдээ дээрхи хуулийн зохицуулалт нь 2016.01.01-ээс мөрдөгдөж байгаа шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан “Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх уг албан татвараас хасахгүй гэсэн заалттай зөрчилдөхгүй байна гэж дүгнэн тухайн харилцаанаас хойш гарсан хэрэглэх ёсгүй хуулийг үндэслэлгүйгээр буцаан хэрэглэж татвар төлөгчийг илтэд хохироосон магадлал гаргасанд гомдолтой байна.

6. “М” ХХК-ний бараа, ажил үйлчилгээний худалдан авалт нь бүхэлдээ хуулийн 14.1.1-д зааснаар “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар” хийгдсэн бөгөөд барьж байгуулсан зам, орон сууцны барилга, туршилтын үйлдвэр зэрэг нь түр байгууламж бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэгдээгүй байгаа болно, цаашид ч бүртгэгдэхгүй юм. Эдгээрийг үл хөдлөх эд хөрөнгө гэж үзсэн ч гэсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14.1.1 дүгээр заалтанд шууд хамаарч байна. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа болох Уурхайн үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1 буюу 7.1.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйл ажиллагаа бөгөөд бид ирээдүйд олох уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор орж ирэх орлогод холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 8 дугаар зүйлд заасны дагуу ногдуул төлөх болно.

7. Татварын байцаагч нарын цохон тэмдэглэсэн, үүнийг шүүх хуулийг буруу тайлбарлах замаар хүлээн зөвшөөрч дүгнэлтэндээ тусгасан “...компани өөрөө эцсийн хэрэглэгч тул өртөгт оруулан тооцож бүртгэх” гэсэн дүгнэлтэд тайлбар өгөхөд: Аливаа ашгийн төлөө байгууллага нь хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, нэмүү өртөг бий болгох замаар ашиг хуримтлуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.2 “бараа” гэж мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг”, 4.1.8-д “үйлчилгээ” гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлсноор энэхүү уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд худалдан авсан бараа ажил үйлчилгээ нь мөнгөнөөс бусад төрлийн эд хөрөнгө, ажил үйлчилгээ мөн тул 14.1.1-д заасан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд... гэсэн тодорхойлолтод нийцэж байгаа болно.

8. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу тусгайлан олгосон эрхийнхээ хүрээнд уг журмыг Сангийн сайд 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот тушаалаар баталсан. Энэхүү журмын 5.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийхийг зөвшөөрсөн. Мөн давж заалдах шатны шүүх дээр дурьдсан Дээд шүүхийн тогтоолыг хэрэглэхдээ татвар ногдуулж байгаа эд хөрөнгийн онцлог шинжийг харгалзан үзээгүй, шууд адилтгасан байна. Дээр дурьдсан 472 дугаар тогтоол нь төмөр зам барих ажиллагаатай холбогдсон шийдвэр болно. Төмөр замыг бусдад түрээслүүлж, ашиглуулах, худалдах боломжтой, мөн тус төмөр зам нь байнгын хөрөнгө тул үндсэн хөрөнгийн шинжийг агуулсан болно. Харин “М” ХХК-ийн зам, ажилчдын байр болон туршилтын үйлдвэрийг бусдад түрээслүүлэх, ашиглуулах, худалдах замаар ашиг орлого олох боломжгүй бөгөөд зөвхөн тухайн ордын ашиглалтад зайлшгүй шаардагдах бүтээн байгуулалтууд болно. Эдгээр хөрөнгүүд элэгдлээс үл хамааран нүүрсний ордын ашиглалт дууссанаар бүрэн үнэгүйдэх бөгөөд цаг хугацааны хувьд байнгын хөрөнгө биш тул үндсэн хөрөнгийн шинжийг агуулахгүй байна.

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0433 дугаар магадлалаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 472 дугаар тогтоолын дүгнэлтээс иш татсан. Уг тогтоолын 16-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1. “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэсний “үйлдвэрлэл”-ийн зориулалтаар гэдгийг “эцсийн хэрэглэгчид бараа, үйлчилгээг хүргэхийн өмнөх шат дамжлагуудын худалдан авалт нэг бүрт нэмүү өртөг бий болж өөрсдийн худалдан авалтандаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа өөрийн бүтээгдэхүүнээ бусдад худалдан борлуулах үедээ худалдан авагчдаа ногдуулж байгаа тохиолдлыг” хамруулж ойлгоно, иймээс 14.1.1 нь “бүтээгдэхүүнийг бэлтгэж боловсруулах бизнесийн нэг шатнаас нөгөө /дараагийн/ үе шатанд тухайн худалдан авалтанд төлж буй нэмэгдсэн өртгийн албан татвараа буцаан авах” харилцааг зохицуулсан зохицуулалт гэж ойлгоно” гэж дүгнэсэн.

10. Энэхүү дүгнэлт нь эсрэгээрээ, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хангалттай дүгнэлт байх бөгөөд дээрхи хуулийг буруу тайлбарлах замаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

11. Мөн үндсэн хөрөнгө авах, бий болгохтой холбогдолтой худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй гэсэн заалт энэ хугацаанд мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд байхгүй. Харин 2016.01.01-ээс мөрдөгдөж байгаа шинэчилэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн татварыг хасахгүй” гэсэн заалт шинээр орж ирсэн байгаа. Татварын улсын байцаагч уг заалтыг буцаан хэрэглэж байгаа нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. 2016.01.01 -ээс өмнө нь хуучин хуулийн дээрх заалтын дагуу хасалтыг хийдэг байсан ба актыг энэхүү хуульд үндэслэн гаргах байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх 2006, 2016 оны 2 өөр заалт бүхий хуулийг илтээр буруу тайлбарлаж, адилтган үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь татвар төлөгчид хохиролтой шийдвэр болсныг хянаж залруулж өгнө үү.

12. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 85 дугаар тогтоолоор “бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцно гэж” дүгнэсэн байдаг. Тухайлбал Дээд шүүх тогтоолдоо: “Барилга барих зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь “үйлдвэрлэлийн зориулалттай эсэх” талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаж байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006он) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “үйлдвэрлэл” гэх нэр томъёонд агуулгын тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. “Монгол хэлний тайлбар толь бичиг”-т “үйлдвэрлэл” гэдгийг “...материал баялагийг бий болгох /үйл ажиллагаа/” гэж тайлбарласнаас үзвэл барилга байшин барих үйл ажиллагаа нь материал баялгийг бий болгох үйл ажиллагаа буюу “үйлдвэрлэл” мөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "Шангрила-Улаанбаатар хотел" ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 21 давхар зочид буудал, 24 давхар оффис, 34 давхар үйлчилгээний зориулалттай байр болон амралт зугаалгын хүрээлэнгийн цогцолбор барьж байгуулж байгааг баялаг бүтээх үйл ажиллагаа биш, түүнд зориулж худалдан авсан бараа (барилгын материал, тоног төхөөрөмж гэх мэт), ажил, үйлчилгээ (барилга угсралтын ажил гүйцэтгэх, бусад зөвлөх үйлчилгээ гэх мэт)-г үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан аваагүй гэх үндэслэлгүй байна. Түүнчлэн, “барилга” үндсэн хөрөнгө мөн боловч барилга барих үйл ажиллагаанд зориулж худалдан авсан “барилгын материал” үндсэн хөрөнгө биш, нэхэмжлэгч "Шангрила-Улаанбаатар хотел" ХХК нь үндсэн хөрөнгө буюу зочид буудлын барилга худалдаж аваагүй, барилга барих үйл ажиллагааг барилга худалдан авсантай адилтган үзэх боломжгүй тул хариуцагч нарын “...зочид буудлын барилга нь үндсэн хөрөнгө,... түүний эцсийн хэрэглэгч нь /нэхэмжлэгч өөрөө/” гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй.

13. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн" нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор тус тус заасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т өмнө нь төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх “албан татварын дүнгээс хасахгүй” бараа, ажил үйлчилгээг нэрлэн заасан, эдгээрийн дотор уг маргааны үйл баримтад холбогдох барилга барих зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээ”-нд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх албан татварын дүнгээс хасч тооцохгүй талаар заагаагүй байх тул хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй, “...буцаан олгохгүй” гэсэн нь буруу байна.

14. Иймд, нэхэмжлэгч “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийн 2012 онд барилга барих үйл ажиллагаа (үйлдвэрлэл)-нд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэлтэй, "...Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т /татвар төлөгч/ анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах /үүрэгтэй/”, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 4 дүгээр рүйлийн 4.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх”, 10 дугаар зүйлийн 10.1-д “аж ахуйн нэгж, байгууллага нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад ... нийцүүлэн санхүүгийн тайлангаа гаргана” гэснийг нэхэмжлэгч зөрчсөн” гэж үзсэн маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэг үндэслэлгүй байна.

15. Дээрх асуудлыг 2016.01.01-ээс мөрдөгдөж байгаа шинэчилэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар зохицуулалт хийж тодорхой болгосон ба энэ хуулийг буцаан хэрэглэх ёсгүй гэж үзжээ.

16. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны дугаар 128/ШШ2019/0322 шийдвэрийг хэвээр нь үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0433 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын гомдол гаргаж байна.

ХЯНАВАЛ:

17. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасантай нийцсэн байна.

18. Нэхэмжлэгч “М” ХХК нь дээрх актын 1 дэх заалт /21,136,939,220.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,113,693,922.0 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан/-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...засмал зам, үйлдвэрийн зориулалттай үндсэн хөрөнгүүдийг 2012-2015 онуудад барьж босгоход зориулагдсан худалдан авалтад төлсөн 2,113,693,922.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх албан татвараас хасч тооцохгүй гэсэн нь хууль зөрчсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн гэж заасны дагуу хасагдах ёстой. Татварын улсын байцаагч нар хуулийг буруу ойлгож хэрэглэсэн” гэж маргасан.      

19. Маргаан бүхий, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 260011293 тоот актын 1 дэх заалтаар ““М” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүнгээс Цант уулын засмал, кемп, нүүрс боловсруулах үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө барьж босгоход зориулагдсан худалдан авалтад төлсөн 2,113,693,922.0 төгрөгийг буцаан олголтоос хасч, 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 8,126,139,062.1 төгрөг байсныг 6,012,445,140.0 төгрөг болгон бууруулж баталгаажуулах, уг зөрчилд 2,113,693,922.0 төгрөгийн нөхөн татвар тооцож тооцооллоос хаах, мөн компани өөрөө эцсийн хэрэглэгч тул үндсэн хөрөнгийн өртөгт оруулан тооцож бүртгэх”-ээр тогтоожээ.      

20. Давж заалдах шатны шүүхийн, “М” ХХК-ийн “...2012-2015 онд үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө барьж байгуулахад төлсөн нийт 2,113,693,922.0 төгрөгийг буцаан авалтаар бус, харин үндсэн хөрөнгийн өртөгт оруулан тооцож бүртгэх нь зүйтэй гэж дүгнэн, дээрх дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтыг бууруулж баталгаажуулахаар шийдвэрлэсэн нь холбогдох хууль, стандартад нийцсэн” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.   

21. Нэхэмжлэгч “М” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Цант уул гэх газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байх бөгөөд тус компаниас 2012-2015 онуудад Цант уулын засмал зам, уурхайн кемп, Нүүрс боловсруулах үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн зориулалттай барилга, байгууламжийг барьж байгуулахад зориулж бараа /барилгын материал болон бусад материал/ худалдан авч, 2,113,693,922.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй гэж тайлагнажээ. 

22. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж татвар төлөгчийн үүргийг хуульчилсан. Мөн Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын Хүлээн зөвшөөрөлтийн үеийн хэмжилт хэсгийн 16.16 дугаар зүйлд “Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд “Дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ. Худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгоогүй худалдааны татварын дүн” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компани нь үйлдвэрлэлийн зориулалттай барилга, байгууламжийг барьж байгуулахад зориулж худалдан авсан бараа, үйлчилгээний үнэнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг үндсэн хөрөнгийн өртөгт багтааж тайлагнахаар байна.

23. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасны “үйлдвэрлэлийн зориулалтаар” гэдгийг нэхэмжлэгч компанийн тухайд, тус компани нь үйлдвэрлэлийн зориулалттай барилга, байгууламжийг барьж байгуулахад зориулж худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ эцсийн хэрэглэгч, өөрөөр хэлбэл өөрсдийн үндсэн үйл ажиллагааг явуулахын тулд үйлдвэрлэлийн болон бусад шаардлагатай барилга барих зорилгоор бараа материалын худалдан авалт хийсэн, тэдгээр худалдан авалтад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг бэлтгэж, бусдад худалдан борлуулах боломжгүй юм.

24. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд, давж заалдах шатны шүүхийн “...“М” ХХК-ийн Цант уулын засмал зам, кемп, нүүрс боловсруулах үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө нь ирээдүйд өөрсдийн үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах, тодруулбал эдгээрийг түшиглэж үйлдвэрлэл эрхлэн ашиг олох зориулалттай компанийн үндсэн хөрөнгөнд тооцогдоно. ...засмал зам, кемп, нүүрс боловсруулах үйлдвэр зэргийг барьж байгуулахад зориулагдсан худалдан авалтын эцсийн хэрэглэгч нь нэхэмжлэгч өөрөө...” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

25. Иймээс маргаан бүхий, 260011293 тоот актын 1 дэх заалтаар, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн, Цант уулын засмал, кемп, нүүрс боловсруулах үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө барьж босгоход зориулагдсан худалдан авалтад төлсөн 2,113,693,922.0 төгрөгийг буцаан олголтоос хасч, уг зөрчилд 2,113,693,922.0 төгрөгийн нөхөн татвар тооцож тооцооллоос хаах, мөн компани өөрөө эцсийн хэрэглэгч тул үндсэн хөрөнгийн өртөгт оруулан тооцож бүртгэхээр тогтоосон нь үндэслэлтэй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

26. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...“М” ХХК-ийн зам, ажилчдын байр болон туршилтын үйлдвэрийг бусдад түрээслүүлэх, ашиглуулах, худалдах замаар ашиг орлого олох боломжгүй бөгөөд зөвхөн тухайн ордын ашиглалтад зайлшгүй шаардагдах бүтээн байгуулалтууд болно. Эдгээр хөрөнгүүд элэгдлээс үл хамааран нүүрсний ордын ашиглалт дууссанаар бүрэн үнэгүйдэх бөгөөд цаг хугацааны хувьд байнгын хөрөнгө биш тул үндсэн хөрөнгийн шинжийг агуулахгүй байна. ...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлах замаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.   

27. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0433 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                      

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

                              ШҮҮГЧ                                                               Б.МӨНХТУЯА