Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 18

 

Эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

          Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 16-р тойрогт нэр дэвшигч Е.Баяраагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргалын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Сонгуулийн хороонд холбогдох,

         Улаангом сумын Сонгуулийн хорооны 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоолын хавсралтын 1-р баг гэсэн хэсэгт  Доржийн Дэлгэрхишигийг томилсныг хүчингүй болгож, нэр дэвшигч Г.Отгонболдод хамааралгүй ажилтан томилж ажиллуулахыг Улаангом сумын Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Е.Баяраагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : "  Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн 16 дугаар тойрогт аймгийн Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Отгонболдын төрсөн ахын эхнэр болох Д.Дэлгэрхишиг нь 16 дугаар тойргийн 1-р хэсгийн санал авах байрны зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байна.

       Г.Отгонболдын төрсөн ахын эхнэр Д.Дэлгэрхишиг нь 16 дугаар тойргийн санал авах байрны зохион байгуулагчаар ажиллаж байгаа нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл үүсэхээр байна.

     “ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд энэ хуулийн үйлчлэлд “ Авлигын эсрэг хуулийн “ 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж заасан бөгөөд “ Авлигын эсрэг хуулийн “ 4 дүгээр зүйлийн 4.1.6-д Ерөнхийлөгч, УИХ,бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч хамаарахаар заасан байна.

      “ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д хамаарал бүхий этгээд гэж /нэр дэвшигчийн/ тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч эхнэр / нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү,бусад нэгдмэл этгээдийг хэлнэ гэжээ.

      Нэр дэвшигч Г.Отгонболдтой нэгдмэл этгээд өөрөөр хэлбэл түүний төрсөн ахын эхнэр болох Д.Дэлгэрхишиг нь 16 дугаар тойргийн санал авах байрны зохион байгуулагчаар ажиллаж байгаа явдал нь дээрх хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтад хамаарч байна.

     Иймд аймгийн ИТХ-ын сонгуулийн 16 дугаар тойргийн санал авах байрны зохион байгуулагч Д.Дэлгэрхишигийг өөрчлөж, нэр дэвшигчид хамааралгүй ажилтан томилж ажиллуулахыг Улаангом сумын Сонгуулийн хороонд даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү

        Энэ талаар Улаангом сумын Сонгуулийн хороо болон  аймгийн Сонгуулийн хороонд өргөдөл гаргасан боловч аймгийн Сонгуулийн хорооноос цагдаагийн байгууллагаар шалгуулж шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн. Дээрх асуудал нь сонгуулийн байгууллагын эрх хэмжээний асуудал байхад шийдвэрлэж өгөөгүй байна " гэжээ.

        Нэхэмжлэгч Е.Баяраагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Улаангом сумын Сонгуулийн хорооны 2016 оны 6 сарын 6-ны өдрийн 03 тоот тогтоолын хавсралтын 1-р баг гэсэн хэсэгт байгаа Дорж Дэлгэрхишиг гэснийг хүчингүй болгож нэр дэвшигчид хамааралгүй ажилтан томилж ажиллуулахыг Улаангом сумын Сонгуулийн хороонд даалгах гэсэн шаардлагыг гаргаж байна гэжээ.

      Хариуцагч Улаангом сумын Сонгуулийн хорооны дарга Н.Батжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаангом сумын Сонгуулийн хороо 2016 оны 6 сарын 17-ны өдөр хуралдаж олонхын саналаар шийдвэрлэж сумын Сонгуулийн хорооны 14 тоот албан бичгээр Увс аймгийн Монгол Ардынн намаас нэр дэвшигч Е.Баяраагийн менежер Б.Бямбажаргалд хариу хүргүүлсэн билээ. 16-р тойргийн санал авах байрны зохион байгуулагч Д.Дэлгэрхишиг нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 16-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Гомбо овогтой Отгонболдтой Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээд, 3.1.6-д заасан нэгдмэл сонирхолтой этгээдийн аль алинд нь хамааралгүй байна. Сонгуулийн хорооны шийдвэр нь хуулинд заасны дагуу тогтоол, албан бичиг, зөвлөмжийн хэлбэртэй байдаг. Сумын Сонгуулийн байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллагсдын нэрсийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 3 дугаар сарын 10-аас мөнө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох тухай журмын дагуу гаргаж өгсөн, бүртгэгдсэн төрийн албан хаагчийн мэдээллийн санд багтсан албан хаагчид Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулсан сургалтанд хамрагдан гэрчилгээ авдаг. Сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан төрийн албан хаагчдаас сонгуулийн санал авах байрнуудын зохион байгуулагчдыг томилон ажиллуулсан. Сумын сонгуулийн хороо бүх санал авах байрны зохион байгуулагчдыг нэр дэвшигчилтэй ямар хамааралтайг мэдэх боломжгүй юм. Мөн Монгол Ардын намаас нэр Е.Баяраагийн менежер Б.Бямбажаргалын гомдлын дагуу сумын Сонгуулийн хорооны 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 тоот албан бичгээр Улсын бүртгэл статистикийн газраас төрөл садангийн хамааралтай эсэх талаар лавлагаа гаргуулсан. Чандмань-Эрдэм ахлах сургуулийн нийгмийн ажилтан Д.Дэлгэрхишиг нь нийтийн албан тушаал нь авилгатай тэмцэх тухай хуулийн 4.1.6-д заасан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч биш байна гэжээ.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд : Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 16 дугаар тойрогт санал авах байрны зохион байгуулагч Д.Дэлгэрхишигийг 8-р багийн санал авах байрны М.Алтантуулаас бусад зохион байгуулагчаар өөрчлөн сэлгэж ажиллуулахаар тохиролцов.Улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд үлдээж талууд харилцан тохиролцов“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 16 дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Е.Баяраагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Баянсангийн Бямбажаргал шүүхэд “Улаангом сумын Сонгуулийн хорооны 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоолын хавсралтын 1-р баг гэсэн хэсэгт  Доржийн Дэлгэрхишигийг томилсныг хүчингүй болгож, нэр дэвшигч Г.Отгонболдод хамааралгүй ажилтан томилж ажиллуулахыг Улаангом сумын Сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрэн гэрээ байгуулсан байна.

      Увс аймгийн Улаангом сумын Сонгуулийн хорооны 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын Их Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах байрны зохион байгуулагчдын нэрсийг батлан, Улаангом сумын 1-р багийн санал авах байрны зохион байгуулагчдын нэгээр буюу байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтнаар  Доржийн Дэлгэрхишиг томилогджээ.

          Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 16 дугаар тойрогт буюу Улаангом сумын 1-р багт Ардчилсан намаас Гомбын Отгонболд, Монгол ардын намаас Ембүүгийн Баяраа нар нэр дэвшиж байгаа нь Увс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 06 сарын 26-ны өдрийн 100 дугаартай албан бичиг, Увс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолын хавсралтаар тогтоогджээ.

         Нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Улаангом сумын 1-р багийн санал авах байрны зохион байгуулагч Д.Дэлгэрхишигийг 8 дугаар багийн санал авах байрны зохион байгуулагч М.Алтантуулаас бусад зохион байгуулагчаар өөрчлөн сэлгэн ажиллуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

        Санал авах байрны зохион байгуулагч нарыг өөрчлөн сэлгэн ажиллуулах нь хууль зөрчихгүй бөгөөд уг эрх сумын Сонгуулийн хороонд олгогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  гуравдагч этгээд оролцоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэлд эвлэрэх эрх олгогдож, талуудын хүсэл зориг илэрхийлэгджээ.

     Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн Улаангом сумын сонгуулийн хороо эвлэрлийн гэрээний дагуу 2016 оны 06 сарын 28-ны өдрийн өглөө хуралдаанаа хийх боломжтойг дурдсаныг тэмдэглэв.

           Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Эвлэрлийн гэрээнд тохиролцсоны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

       1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байгуулсан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 16 дугаар тойрогт санал авах байрны зохион байгуулагч Д.Дэлгэрхишигийг 8-р багийн санал авах байрны М.Алтантуулаас бусад зохион байгуулагчаар өөрчлөн сэлгэж ажиллуулахаар, улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд үлдээхээр”  харилцан тохиролцсон  эвлэрлийн гэрээг баталсугай.

       2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг хянан шийидвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ