Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02516

 

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02516

 

 

Есөн дэлбээ ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02111 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Дэмбэрэлсайханд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 93 359 723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай хоршооны гишүүн Ж.Дэмбэрэлсайхан нь 2015 оны 9 сарын 29-нд Баянзүрх дүүргийн 14-р хороо, Зүүн хүрээ хотхон /13335/ ЭТӨЧөлөө гудамж, 205 байр, 22 тоот хаягт байрлах 61.29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан 30 хоногийн 4 хувийн хүүтэй, 360 хоногийн хугацаатай, 2016 оны 9 сарын 23-нд зээлээ төлж барагдуулахаар тохирч зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөг зээлсэн. Ж.Дэмбэрэлсайхан нь үндсэн зээл 50 000 000 төгрөгөөс 1 143 600 төгрөг төлөөд үлдэх 48 856 400 төгрөгийг төлөөгүй. 2015 оны 09 сарын 29-нөөс 2017 оны 4 сарын 25-ныг дуустал нийт 574 хоногийн үндсэн хүү 37 445 063 төгрөгийн хүү төлөхөөс 7 916 400 төгрөгийн хүү төлснийг хасаад үлдэх 29 528 663 төгрөгийн хүүгээ төлөөгүй. 2016 оны 09 сарын 23-наас 2017 оны 4 сарын 25-ныг хүртэл зээлээ төлөөгүй гэрээний хугацаа хэтрүүлсэн 214 хоногийн үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү 2 788 072 төгрөг төлөөгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.10, Барьцааны гэрээний 2.1-т заасны дагуу эрэн сурвалжлуулахаар төлсөн төлбөр болох 70 200 төгрөгийг төлөөгүй. Иймд Ж.Дэмбэрэлсайханаас 48 856 400 төгрөг, үндсэн хүү 39 625 653 төгрөг, үндсэн хүүний нэмэгдүүлсэн хүү 4 807 470 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, бүгд 93 359 723 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хугацааг 360 хоногоор бодсоныг боломжгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 71 зүйлийн 71.1-д зааснаар хууль, хэлцэл, шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн хоногоор тогтоодог. Энэ хэлцлийг хуанлийн хоногоор тогтоож байгаа бол 365 хоног байхаар байна. Тэгэхээр хугацаа бодсон заалт нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар гэрээний харилцаа дуусаж байна гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар 30 хоногт 4 хувийн хүүтэй гэж заасан байгаа учраас 50 000 000 төгрөгийн 4 хувийн хүү нь 2 000 000 төгрөг, 360 хоногийн хүү нь 24 000 000 төгрөг болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсэгт зааснаар зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно гэж заасан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү 24 000 000 төгрөгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой бөгөөд 4 800 000 төгрөг болж байна. Тухайн үеийн 4 хувийн хүү хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн хувьд өндөр байна гэж үзэж байна. 2015 онд банк болон банк бус санхүүгийн байгууллагаас 2-3 хувийн хүүтэй зээл олгож байсан. Хадгаламж зээлийн хоршоо үнэхээр гишүүндээ зээл олгож байгаа бол 1-2 хувийн хүүтэй олгохоор байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт зааснаар хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү.

93 359 723 төгрөг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа болохыг ойлгохгүй байгаа. Манай зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 9 060 000 төгрөгийн төлөлт хийгдсэн бөгөөд 9 060 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасна гэж хэлсэн байдаг. Иймд үндсэн зээл 40 940 000 төгрөг, зээлийн хүү 24 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 800 000 төгрөг, нийт 69 740 000 төгрөг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар Жигмэдийн Дэмбэрэлсайхан /РД:ЦБ76021310/-аас 82 704 012 /наян хоёр сая долоон зуун дөрвөн мянга арван хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ /2323885/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 655 711 /арван сая зургаан зуун тавин таван мянга долоон зуун арван нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагчийн шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянзүрх дүүргийн 14-р хороо, Зүүн хүрээ хотхон /13335/ Энхттайваны өргөн чөлөө гудамж, 205 байр 22 тоот хаягт байрлах, 61,29 м.кв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204069425 дугаартай орон сууцыг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 571 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...нэхэмжлэлийн шаардлагаас 10 655 711 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хүүнд төлсөн 7 916 400 төгрөг нь 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх буюу 121 хоногийн хүү байтал шүүгч 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл үүргээ гүйцэтгэсэн гэж тооцоод 89 хоногийн хүүг хасч тооцооллын алдаа гаргасан байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 22 дугаар зүйлийн 22.3 гэсэн зүйл заалтуудыг дурдсан мөртлөө 2017 оны 09 дүгээр сарын 11-нд өгсөн албан бичгийн он сараар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Энэ нь 2017 оны 09 сарын 11-нд өгсөн нэмэлт нэхэмжлэлд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилсэн байтал шүүгч 16 хоногийг хасаж 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр тооцсон. Дээрх 2 алдаанаас нэмэгдүүлсэн хүүг мөн адил буруу тооцож гаргасан. Иймд 10 655 711 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан "...хэтэрсэн хугацааны хүү" гэдэг нь гэрээнд заасан хугацаа болон түүнийг хэтрүүлсэн буюу гэрээний талуудын уулзах хүртэлх хугацааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэрээний талын аль нэг нь нөгөө талынхаа хүсэл зоригийг харгалзаж гэрээг өмнөх хэлбэрээр үргэлжлүүлэх эсэхийг асуух буюу мэдэгдэх боломж бүрдэх хүртэлх хугацаа юм. Энэ тохиолдолд гэрээний нэг тал болох Есөн дэлбээ ХЗХ 2017 оны 4 дүгээр сарын 25-нд гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нөгөө тал болох Ж.Дэмбэрэлсайхан уг нэхэмжлэлд тус оны 5 сард тайлбар өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээний талууд нэхэмжлэл тайлбар өгснөөр гэрээг дүгнэж үүний дагуу гэрээний харилцаа үргэлжлэх эсэхийг шийдвэрлэнэ. Харин гэрээний нэг тал шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээний харилцаа үргэлжилсэн түүний хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зуйлийн 3 дах заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь зээлдэгчийг гэрээ үргэлжлэх хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хөөн хэлэлцэх хугацаа дуусах хуртэл үүргээ гүйцэтгэхийг үүрэг болгосон зохицуулалт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэтэрсэн хугацааны хүү гэж тодорхойлсон 22 669 372 төгрөгөөс 2017.5.15-2017.9.11 хүртэлх 3 сар 26 хоногийн хүү гэх 7 556 434 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ нь хариуцагч Ж.Дэмбэрэлсайханд холбогдуулж, зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой хохиролд нийт 93 359 723 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 69 740 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон гэж маргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 60 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Есөн дэлбээ ХЗХ нь зээлдэгч Ж.Дэмбэрэлсайханд 50 000 000 төгрөгийг 30 хоногийн 4 хувийн хүүтэй, 360 хоногийн хугацаатай зээлдүүлэх, зээлийг хугацаандаа төлөөгүй хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тус тус төлөхөөр тохиролцсон байхаас гадна энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор улсын бүртгэлийн Ү-2204069425 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000392028 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Зүүн хүрээ хотхон /13335/ 205-р байрны 22 тоотод байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зээлдүүлэгч Есөн дэлбээ ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан баримт хэрэгт авагдсан тул дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан, талууд эдгээр гэрээ байгуулагдсан үйл баримтын тухайд болон зээлийн мөнгөн хөрөнгө 50 000 000 төгрөгийг зээлдэгч хүлээн авсан талаар маргаагүй байна.

Мөн хариуцагч Ж.Дэмбэрэлсайхан нь нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-ны гишүүн байх бөгөөд тус хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүндээ зээл олгосон нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт нийцсэн, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг зөрчөөгүй байна.

Талууд зээлийн гэрээгээр зээл, хүүг буцаан төлөх хуваарийг 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл сар бүр зээл, хүүг тодорхой хувиар тооцон төлж дуусгахаар тохиролцсон боловч зээлдэгч Ж.Дэмбэрэлсайхан нь эргэн төлөх хуваарийг зөрчиж 2016 оны 03 сарын 22-ны өдөр хүртэл нийт 9 060 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй тул нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар үндсэн зээл, зээлийн гэрээнд заасан хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүү, түүнд тооцсон нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 9 060 000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн үеэс хойш зээлийн төлбөр хийгээгүй тул уг төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр үндсэн зээл 50 000 000 төгрөгийг зээлийн хүү 24 000 000 төгрөг төлөх үүрэгтэй ба гэрээний хугацаанд 9 060 000 төгрөгийг төлсөн тул зээлийн хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл 14 940 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 50 000 000 төгрөг байна.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хэтэрсэн хугацааны хүү 24 266 666 төгрөг, гэрээний 3.8-д зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцоход 4 640 000 төгрөг болж байгаа ба хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцон нэхэмжлэгч шаардах эрхтэй тул хариуцагч нь үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү 39 206 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэгчийн тооцсоноор 4 807 470 төгрөг, хохирол 70 200 төгрөг, нийт 94 084 336 төгрөг болж нэхэмжлэлийн шаардлагаас илүү гарч байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарлаж, 93 359 723 төгрөгийг хариуцагч Ж.Дэлгэрсайханаас гаргуулж нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-нд олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тул гэрээнээс татгалзах тухай асуудал байхгүй ба гэрээний талуудын уулзах хүртэл хугацаа гэсэн агуулга Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зохицуулагдаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02111 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Дэмбэрэлсайханаас 93 359 723 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-нд олгосугай гэж, 3 дах заалтын 571 470 гэснийг 624 748 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-ны төлсөн 185 440 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 135 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ