Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/70 

 

 

 

2024 оны 12 сарын 18 өдөр                                            Дугаар 2024/ДШМ/70                                                         Даланзадгад сум

 

 

 

Б.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Б.Арсланбаатар,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий прокурор Б.Батжаргалын гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.*******т холбогдох 2328002380181 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ..... сумын ....... багийн нутаг үйл ажиллагаа явуулдаг ******* барилгын хашаанд байсан ажилчдын байранд хамт амарч байхдаа А.*******ын Samsung А73 маркийн, Ц.*******ийн Samsung А14 маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1 210 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 1  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Шүүгдэгч Б.*******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж,

Шүүгдэгч Б.******* хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******т 760 000  төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******т 450 000 төгрөгийн хохирол төлбөрийг тус тус төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Өмнөговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ...... сумын ........ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь центер” ХХК-ийн барилгын хашаанд байрлах ажилчдын байранд амарч байхдаа иргэн А.*******ын Затзипд А73 маркийн, Ц.*******ийн Затзипд А14 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч иргэний нэхэмжлэгч А.*******, Ц.*******, гэрч М.*******, Д.******* нарын мэдүүлэг, “*******” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1548 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.*******ын мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн эрүүгийн хариуцлага нь хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэлбэр, санаа зорилго, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, үр дагаварт тус тус нийцсэн байна.

Харин шүүхээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зорчих эрхийг хязгаарлах” ялыг сонгож оногдуулсан атлаа шүүгдэгчийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний эдлэх “зорчих эрхийг хязгаарлах” ялд бус, “хорих” ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасахаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлд хамаарах ба шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй, шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд: “Цагдан хоригдсон хугацааг тооцох”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт: “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт: “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, ...тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд түүний цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг оруулан тооцож, эдлэх ялаас хасч тооцоход шүүгдэгчийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээ 11 /арван нэг/ сар 26 /хорин зургаа/ хоног байна.

Шийтгэх тогтоолын 5 дахь хэсгийн заалтаас “хорих ялд” гэснийг хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг зөв тогтоосон өөрчлөлтийг оруулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж дүгнэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь хэсгийн заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 11 /арван нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногоор тогтоож” өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хяналтын прокурор Б.Арсланбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмнөговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Батжаргал нь тус газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнийн яллах дүгнэлт үйлдэж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2328002380181 дугаартай .... овгийн .... *******т холбогдох хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн. Шүүхээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолдоо тухайн хүний цагдан хоригдсон дөрөв хоногийг хорих ялд оруулан тооцож бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй учраас ялыг зөв оруулан тооцож шийтгэх тогтоолыг зөвтгүүлэх талаар эсэргүүцэл бичсэн. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нийцүүлэн цагдан хоригдсон 4 хоногийг оруулан тооцож эдлэх ялаас хасаж тооцоход шүүгдэгчийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээ 11 сар 26 хоног болно. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтаас хорих ял гэснийг хасаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх зорчих эрхийн хязгаарлах ялд оруулан тооцож, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг зөв тогтоосон өөрчлөлтийг оруулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэж байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг нь хязгаарлах ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж түүнийг эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 11 сар 26 хоногоор тооцож өөрчлөлт оруулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, ..... сумын ......... багийн нутаг үйл ажиллагаа явуулдаг ******* барилгын хашаанд байсан ажилчдын байранд хамт амарч байсан А.*******ын Samsung А73 маркийн, Ц.*******ийн Samsung А14 маркийн гар утаснуудыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1 210 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******ын “...өглөө нь би 06 цаг өнгөрөөгөөд сэрсэн чинь хамт ажиллаж байсан ******* гэх залуу миний утас алга болчихсон байна гэж хэлээд хүрээл ирсэн. Миний гар утаснаас өөр зүйл алдагдаагүй. ******* хамт ажиллаж байсан *******ийн гар утас хулгайлж авч явсан бөгөөд би *******ын өмнөөс *******т хохирол төлбөр төлсөн. 800.000 төгрөг төлсөн. Би *******аас уг 800.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-18 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******ийн “...өглөө 06 цаг өнгөрч байхад сэрээд босоход миний гар утас байхгүй байсан. Тэгээд би гар утсаа эрээд хайгаад олоогүй. Надад ******* 800.000 төгрөг өгсөн, надад гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, гэрч М.*******гийн “...******* манай нөхрийн утсыг аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, гэрч Д.*******ийн “...тухайн үед гар утас барьцаалсан ******* гэх хүний гар утас руу хэд хэдэн удаа залгахад утас нь холбогдохгүй байгаад байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, “*******ний ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1548 дугаартай "Samsung А73 760.000 төгрөг, Samsung А14 450.000 төгрөг, нийт 1.210.000 төгрөгний үнэтэй" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-59 дэх тал/ зэрэг эрүүгийн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Б.*******ын хохирогч А.*******ын Samsung А73 маркийн, Ц.*******ийн Samsung А14 маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1 210 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Ерөнхий прокурор Б.Батжаргал нь “...шүүхээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зорчих эрхийг хязгаарлах” ялыг сонгож оногдуулсан атлаа шүүгдэгчийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний эдлэх “зорчих эрхийг хязгаарлах” ялд бус, “хорих” ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасахаар тогтоож зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5-т “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж” шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, ...тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасанд нийцээгүй дээрх Эрүүгийн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна.

 

Иймд Ерөнхий прокурор Б.Батжаргалын “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 5-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 4 хоногоор тооцож шүүгдэгчийн эдлэх ялаас хассугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Х.ГЭРЭЛМАА 

 

                                                                                          

                                  ШҮҮГЧИД                                            Т.ДЭЛГЭРМАА       

                                                                                                    

  

                                                                                                Л.УГТАХБАЯР