Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02362

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02362

 

 

 

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02129 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХБХК-д холбогдох,

 

Цалингийн үлдэгдэл 30 360 802 төгрөг, төлөх ёстой өр 22 000 000 төгрөг, нийт 52 360 802 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэлчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие ХБХК-д 2011 оноос тооцооны нягтлан бодогчоор, 2012 оноос ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Ажиллах хугацаанд буюу 2014 оноос компанийн үйл ажиллагаа доголдож, цалингаа бүх ажилчдын хэмжээнд олгож чадахгүй, дандаа дутуу олголттой явж байсан. Цалин дутуу авсны зөрүү болох 30 360 802 төгрөг, мөн өөрийн өмчлөлийн Тоёота Харьер маркийн автомашиныг н.Нд 22 000 000 төгрөгт тооцон компанийн өр төлбөрт өгсөн. Иймд нийт 52 360 802 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч ХБХК-ийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Бгийн буюу тооцооны нягтлангийн цалинг 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор 600 000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Д.Б нь 2015, 2016 онуудад өөрийн цалинг 2 100 000 төгрөг, 2 700 000 төгрөг, тогтмол цалин 2 300 000 төгрөг гэж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж ХБХК-ийн гүйцэтгэх захирал н.Д хуйвалдаж, үндсэн цалинг үндэслэлгүйгээр өсгөсөн байсан. Д.Б гэх хүнийг ажлаас чөлөөлөөгүй байгаа бөгөөд эрүүгийн журмаар шалгагдаж дууссаны дараа цалингийн асуудлыг шийдэхэд компанийн зүгээс татгалзах зүйл байхгүй. Тоёота Харьер маркийн автомашины хувьд ХБХХК нь ШТН-д 22 000 000 төгрөгийн өглөгтэй байсан эсэх баримт хэрэгт байхгүй. Эрүүгийн журмаар шалгагдах явцад Д.Б нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг өөрчилсөн бөгөөд баримтыг компанид хадгалаагүй. ХБХК-ийн авлага өглөгийн тайлан нягтлан бодох бүртгэлийн дагуу хийгдээд, 22 000 000 төгрөг хасагдсан баримт хэрэгт нотлох баримтын шаардлагаар авагдсан байвал бид маргахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч ХБХК-аас 22 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 360 802 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419 755 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХБХК-аас 267 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

 

 

 

Нэхэмжлэгч Д.Бгийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие дутуу авсан цалингаа нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ач холбогдолгүй дүгнэлт хийж цалингийн зөрүү гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхжмлэгчийн цалинг 2011 онд 600 000 төгрөгөөр тогтоосноос өөр цалинг өөрчлөн тогтоосон баримт байхгүй гэж үзсэнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өнөөгийн зах зээлийн үед 600 000 төгрөгийн цалинтай ерөнхий нягтлан бодогч байхгүй. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалин болох 2 000 000 төгрөг, мэргэшсэн нягтлан бодогчийн зэргийн нэмэгдлийн 15% нийт 2 300 000 төгрөгөөс төлж байсан ба шүүх энэ талаар дутуу ойлголттой байсан. Нийгмийн даатгалын дэвтрийг мөн засвартай гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь нийгмийн даатгалын лавлагааг он тус бүрээр авч хэрэгт хавсаргасан. Б.Н ажилтнуудын цалинг өөрчлөхдөө тушаал шийдвэр гаргадаггүй байсан. Монгол улсын үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч миний бие цалингаа авах ёстой бөгөөд гэмт үйлдэл гэх асуудал нь тусдаа шалгагдаж шийдвэрлэгдэх асуудал юм. Миний бие өөрөө цалин боддоггүй, баталдаггүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийдэггүй байсан нь хэргийн нотлох баримтад тусгагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж цалингийн зөрүү 30 360 802 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримтад хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

 

 

Нэхэмжлэгч Д.Б нь 2014 оноос 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны цалингийн үлдэгдэл 30 360 802 төгрөг, өр төлбөрт 22 000 000 төгрөг, нийт 52 360 802 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ХБХК эс зөвшөөрч маргажээ.

 

 

 

Хариуцагч ХБХК нь нэхэмжлэгч Д.Бг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцооны нягтлан бодогчоор, 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор ажиллуулж байгаад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс уг албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн байна. /хх 21, 130/

 

 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оноос 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны цалингийн үлдэгдэл 30 360 802 төгрөг, өр төлбөрт 22 000 000 төгрөг, нийт 52 360 802 төгрөг гаргуулах гэж тайлбарласныг хариуцагч няцааж Д.Б нь албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн цалингаа үндэслэлгүйгээр өсгөсөн, санхүүгийн хуурамч бичиг баримт үйлдсэн үйлдэлдээ эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэж тайлбарлажээ.

 

 

 

Хэргийн 22 дугаар талд авагдсан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолоор Д.Бгийн Т ХХК-д бартер солилцоогоор блок нийлүүлэн хариу төлбөрт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43Б байрны 212 тоот 1 өрөө байрыг өөрийн төрсөн ах Д.Л нэр дээр шилжүүлэн 51 462 000 төгрөгийн хохирол, Тэлмүүнлхам констракшн ХХК-д бартер солилцоогоор блок нийлүүлэн хариу төлбөрт ..... 211 тоот 3 өрөө орон сууцны үнэ 98 100 000 төгрөгийн үнийг компанийн баланст 110 000 000 төгрөгөөр тусгаж, 11 900 000 төгрөгийн хохирол, ХБХК-ийн салбан компани болох ..... ХХК-ийн 13 дугаар хороололд барьсан байрны төлбөрөөс 11 260 000 төгрөгийг хувьдаа авсан, компанийн эзэмшлийн Лексус-570 маркийн УНБ .... улсын дугаартай автомашины төлбөрт иргэн Б...... 91 000 000 төгрөгийн блок нийлүүлснийг санхүүгийн баримтад тусгаагүй, өөрийн албан тушаалаа урвуулан ашиглан компанийн санхүүгийн бүртгэлд хөнгөлөлт хэлбэрээр авлага үүсгэж, 43 161 667 төгрөгийн хохирол, Хатант констракшн ХХК-д нийлүүлсэн блокны үнэ 7 877 000 төгрөгийг компанид орлого болгож тушаалгүй хувьдаа завшсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болох нь тогтоогдож байна. /хх 22/

 

 

 

Хариуцагч нь Цагдаагийн байгууллагад 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид холбогдуулан ...санаатайгаар санхүүгийн баримтад өр, авлага үүсгэж, компанид 221 269 417 төгрөгийн хохирол учруулсан гэх, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ... компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа компанийн санхүүгийн баримтыг хуульд заасан журмын дагуу хадгалаагүй, уг баримтуудыг алга болгосон гэх гомдол гаргажээ. /хх 77-81/ Түүнчлэн, хариуцагчийн ... 2015, 2016 онуудад өөрийн цалинг 2 100 000 төгрөг, 2 700 000 төгрөг, тогтмол цалин 2 300 000 төгрөг гэж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, үндсэн цалинг үндэслэлгүйгээр өсгөсөн гэх тайлбараас үзэхэд Д.Бд холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй хамааралтай байна.

 

 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсний үлдэгдэл 30 360 802 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

 

Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн эзэмшлийн 00-30 УНП улсын дугаарын Тоёота харьер /MHU380049077/ маркийн 2006 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн автомашиныг хариуцагч ХБХК-ийн ШШГГ-ын харъяа /ШТН/ УТҮГ-т өгөх шохойны өр төлбөр болох 22 000 000 төгрөгт тооцож өгсөн болох нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн өр төлбөр барагдуулсан акт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 33/ Түүнчлэн хариуцагч ХБХК-ийн захирал Б.Н ...ШТН-д төлөх ёстой өр төлбөрт Д.Бгийн өмчлөлийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр тооцож өгсөн гэж тайлбарласан болно.

 

 

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ХБХК-ийг ШШГГ-ын харъяа /ШТН/ УТҮГ-т өгөх шохойны өр төлбөр төлөх ёстой 22 000 000 төгрөгийн төлбөрт нэхэмжлэгч Д.Бгийн эзэмшлийн автомашиныг тооцуулж, өөрийн компанийн дансанд 22 000 000 төгрөгтэй үлдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

 

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2014 оноос 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны цалингийн үлдэгдэл 30 360 802 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02129 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХБХК-аас 22 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай гэж өөрчлөн,

 

2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч ХБХК-д холбогдох цалин хөлсний үлдэгдэл 30 360 802 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж, шийдвэрийн тогтоох хэсэгт 2, 3, 4 гэж дугаарласныг 3, 4, 5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 755 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

 

 

А.МӨНХЗУЛ