| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0896/Э |
| Дугаар | 0937 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 0937
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Н.Гэрэлтуяа
улсын яллагч : Ба.Эрдэнэбаатар
шүүгдэгч: Т.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Х овогт Т О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806047151123 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Т О, Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сургагч ахлагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүү нарын хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Т.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Х-тй маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ Т.Х-г гол оръё гээд, Туул голын эрэг дээр очиж сууцгаасан. Тэгтэл Х хоёулаа дэлгүүр орж пиво ууя гэхээр нь бид хоёр дэлгүүрээс 10 лааз пиво, шил 500 граммын “Хараа” нэртэй архи аваад буцаж голын эрэг дээр ууж сууцгаасан. Тэгээд ууж сууж байхдаа дахин хувийн асуудлуудаа ярилцаж хардалтын сэдэв рүү орж хэрэлдэж эхэлсэн. Тэгээд хэрүүл нь даамжирч улмаар машин дотор бие биенийгээ алгадалцаад цохилцсон. Би Тухайн үед согтуу байсан учир бас яг яаж цохисноо бол санахгүй байна. Хэсэг маргалдаж байгаад буцаад тайвширцгаагаад юм яриад суусан. Шөнийн 02.00 цагийн орчимд Хийн дүү Д нь найзтайгаа ирсэн байсан Х-г авч гараад намайг байж байгаарай гэж үлдээчихээд удалгүй цагдаа дагуулаад хүрээд ирсэн..” гэх мэдүүлэг /хх-н 30/
Хохирогч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.. бид хоёр голын эрэг дээр очсон ба би нэг пиво уусан. Уг пивыг учихаад О би уучихсан байна, чи ч уучихсан байна, би найзуудыг чинь дуудаж чамайг өгч явуулъя гээд 21.00 цагийн орчимд Баянзүрхийн гүүрний орчимд зам руу гараад би найз О, Г нарыг ирээд авчихаач гэж ярьсан. Энэ үед О дахин дэлгүүрээс ороод бүр архи аваад гараад ирсэн. Буцаж анх зогсож байсан газраа ирээд О уг архийг ганцаараа уусан. 22 цагийн орчим манай найзууд ирчихлээ гээд над руу залгасан. Энэ үед согтчихоод, чи найзуудыгаа дуудчихлаа гээд голын эрэг дээр намайг машинаас буулгаж байгаад нүүр, нүд гар хөлгүй зодсон. Намайг зодож байгаад гэнэт ухаан орсон уу гэмээр больчихсон. Тухайн үед миний хамар амнаас их цус гарчихсан байсан учир О намайг чи наад нүүр амаа угаа гээд гол дээр нүү амыг маань угаалгасан. Тэгээд би шөнө удвал бүр яах ч юм билээ гэж бодоод О-ыг аргадаад тайвшруулаад машиндаа буцаж сууцгаасан. Шөнө 02.00 цагийн орчимд манай найзууд өөрсдөө намайг олоод ирсэн. Тэгээд намайг авч яваад цагдаа дуудсан..” гэх мэдүүлэг / хх-н 6, 13-15/
Төгялгуун эмнэлэгийн Т.Х-ийн гэмтлийн талаарх тодорхойлолт/ хх-н 24/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 18/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 19/ 6181 тоот ДҮГНЭЛТ:
1.Т.Х-ийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор ба гаднаа булан, баруун, зүүн хацар, доод эрүү, баруун, зүүн шуу, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, ооч, хүзүү, баруун, зүүн бугалга, цээж, баруун гуяны цус хуралт, баруун завьж, доод уруулын язрал, баруун тохойны зулгаралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чавдарыг тогтонги алдагдуулахгүй.
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 20-21/
Т.О-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 27-30/
Т.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 35--36/
Т.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 22 /, зэрэг болно.
Т.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Х-г хардаж хоорондоо маргалдсаны улмаас нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Э.О-н гараараа нүүхэн тус газар нь цохисоны улмаа Т.Хийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор ба гаднаа булан, баруун, зүүн хацар, доод эрүү, баруун, зүүн шуу, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, ооч, хүзүү, баруун, зүүн бугалга, цээж, баруун гуяны цус хуралт, баруун завьж, доод уруулын язрал, баруун тохойны зулгаралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чавдарыг тогтонги алдагдуулахгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 6181 тоотын дүгнэлт /хх-н 19/
Хохирогч Т.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … согтчихоод, чи найзуудыгаа дуудчихлаа гээд голын эрэг дээр намайг машинаас буулгаж байгаад нүүр, нүд гар хөлгүй зодсон. Намайг зодож байгаад гэнэт ухаан орсон уу гэмээр больчихсон. Тухайн үед миний хамар амнаас их цус гарчихсан байсан учир О намайг чи наад нүүр амаа угаа гээд гол дээр нүү амыг маань угаалгасан. Тэгээд би шөнө удвал бүр яах ч юм билээ гэж бодоод О-г аргадаад тайвшруулаад машиндаа буцаж сууцгаасан. Шөнө 2 цагийн орчимд манай найзууд өөрсдөө намайг олоод ирсэн гэсэн мэдүүлэг / хх-н 6, /
Шүүгдэгч Т.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … бид хоёр дэлгүүрээс 10 лааз пиво, шил 500 граммын “Хараа” нэртэй архи аваад буцаж голын эрэг дээр ууж сууцгаасан. Тэгээд ууж сууж байхдаа дахин хувийн асуудлуудаа ярилцаж хардалтын сэдэв рүү орж хэрэлдэж эхэлсэн. Тэгээд хэрүүл нь даамжирч улмаар машин дотор бие биенийгээ алгадалцаад цохилцсон. Би Тухайн үед согтуу байсан учир бас яг яаж цохисноо бол санахгүй байна гээн мэдүүлэг /хх-н 30/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Т.О нь өөрийн үерхдэг найз охин Т.Хтай хамт архи ууцгааж сууж хоорондоо ярилцаж байгаад маргалдсанаас Т.Хийн нүүрэн тус газар нь цохиосоноос тархи доргилт, хамрын ясны хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор ба гаднаа булан, баруун, зүүн хацар, доод эрүү, баруун, зүүн шуу, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, ооч, хүзүү, баруун, зүүн бугалга, цээж, баруун гуяны цус хуралт, баруун завьж, доод уруулын язрал, баруун тохойны зулгаралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Т.О-ын дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байна.
Иймд Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.О нь хохирогч Т.Хийн эхний эмчилгээнд гарсан зардал болох 210.000 төгрөгийг төлсөн, цаашид гарах зардлыг гарсан даруйд төлөхөөр харилцан тохиролцсон байна. Одоогоор хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Т.О нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.О нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Т О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг гурван сарын дотор нэг сард 166.667 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Т. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ТО нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Т.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН