Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0560

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Шарнууд овогт Г Б

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын хоорондын төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Ц.Э, Б.Г, гэрч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/2******* дугаартай албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал бууруулсантай холбогдон гарсан цалингийн зөрүү, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж олгуулах.

Хоёр.Маргааны үйл баримт, процессын түүхийн тухай:

2.1.Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/3******* дугаар тушаалаар нэхэмжлэгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Бг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн ажлаас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс мөн газрын хоёрдугаар хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилжээ

2.2.Улмаар Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/8 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Г.Бг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, мөн хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон байна.

2.3.Нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд томилогдсоны дараагаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалт явуулах тухай удирдамжийг Цагдаагийн ерөнхий газрын дарга баталж, тус удирдамжийн дагуу Дотоод хяналт- аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хуралдаа С.Б, цагдаагийн дэд хурандаа Г.Г, Б.П, цагдаагийн хошууч Ц.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтыг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хэрэгжүүлсэн байна.

2.4.Дээрх хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн үйл ажиллагааг 61.0 хувь буюу дутагдалтай гэж дүгнэж, тус цагдаагийн хэлтсийн нэр бүхий алба хаагчдыг сахилгын арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн.

2.5.Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Эрсдэлийн удирдлага, дотоод аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг шалгасан дүнгийн тухай танилцуулгаар нэхэмжлэгч Г.Бг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтад албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж заасныг зөрчсөн байх тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулан үндэслэлтэй гэж дүгнэсэн.

2.6.Дээрх дүгнэлтийн дагуу нэхэмжлэгч Г.Б албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах гэж буй талаар нэхэмжлэгчид сонсгож, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сонсох ажиллагааны тэмдэглэлийг Цагдаагийн ерөнхий газрын ахлах байцаагч, цагдаагийн хуралдаа С.Б үйлдсэн байна.

2.7.Төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтыг бүрэн гүйцэтгэсний дараа Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын -ний Төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулсан дүнгийн тухай 938 дугаар танилцуулгаар ...Г.Б нь цагдаагийн байгууллаас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах, биелэлт, үр дүнг тооцох, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдал, албаны сургалтын хэрэгцээ, шаардлагад судалгаа, дүн шинжилгээ хийх, түүнд тохирсон ажил арга, хэмжээг зохион байгуулан судалгаа, дүн шинжилгээ хийх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох зэрэг чиг үүргээ дутагдалтай хэрэгжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7,. 37.1.8, 37.1., Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.1, 1.2, 1.3, 2 дугаар зорилтын 2.1, 2.2, 2.3, 3 дугаар зорилтын 3.1, 3.3, 4 дүгээр зорилтын 4.1, 4.3, 5 дугаар зорилтын 5.1, 7 дугаар зорилтын 7.1, 7.3 дахь хэсэг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1, 2.2.1, 2.3.2, 2.3.3, 2.4.2, 2.4.3, 2.4.13, 2.5.1, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3.1.1, 3.1.2, 3.1.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж тус тус дүгнээд, энэхүү дүгнэлтийн дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь хэсэгт заасны дагуу албан тушаал бууруулах тухай саналыг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргад гаргасан.

2.8.Мөн тус төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дараагаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн захиргааны удирдлагын бичээч, цагдаагийн дэд ахлагч Ч.Г нэхэмжлэгч Г.Бг ...зан харилцаа муутай, өөрийн ажлаа бусдаар хийлгэдэг, уурлаж уцаарлан загнадаг, миний VIBER хаягийг үзэж, зураг дарсан... гэх агуулга бүхий гомдлыг Цагдаагийн ерөнхий газрын даргад гаргасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/10690 тоот албан бичгээр дээрх гомдлыг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байдаг.

2.9.Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн үйл ажиллагааг шалгасан дээрх төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтын эцэст нэхэмжлэгч Г.Б зүгээс өөрийн олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй цахим хаягаас ...Шударга байхыг шаардаж байна... ажлаа хийдэггүй хэн нэгэнд ажлаа хийх талаар шаардлага тавихад дарамталсан гээд төрөл бүрээр үндэслэлгүй гомдол гаргадаг... түүнийх нь дагуу төлөвлөгөөт бус шалгалт оруулаад унагаадаг шударга бус зүйлийг харлаа... үдүүлсэн амаа одоо нээцгээе... гэх агуулга бүхий нийтлэлийг нийтэлжээ.

2.10.Дээрх нийтлэлийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт- аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Э******* 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Г.Б******* тайлбар авч, тэмдэглэл үйлдсэн.

2.11.Нэхэмжлэгчийн тухайн үйлдэлтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 978 дугаар танилцуулгаар ...сэтгэгдэл үлдээсэн нөхцөл байдлыг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна... гээд ...Алба хаагчаас гаргасан дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.4, 1.4.4, 2.4.11 дэх заалтыг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах... Цагдаагийн ерөнхий газрын удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулж, үнэлж, дүгнэсэн асуудлын талаар цахим орчинд ... цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагасан, шүгэл үлээх цаг болсон гэх бусдыг хууль бус үйлдэлд хийхийг өдөөн турхирсан нь... сахилгын шийтгэлийг хүндрүүлж үзэх үндэслэлтэй... гэж дүгнэжээ.

2.12.Улмаар дээрх танилцуулгыг Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/10897 тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Байдрагт хүргүүлсэн байна.

2.13.Маргааны дээрх үйл баримтуудын дараагаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/2******* дугаар Сахилгын шийтгэл оногдуулан тухай тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, мөн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгчөөр томилж, албан тушаалыг нь бууруулсан.

2.14.Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалыг эс зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхийн зүгээс хүлээн авч 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШЗ2026/0432 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлснийг хянан үзээд 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШЗ2026/0803 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав.Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан тайлбар.

3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Б миний бие Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/3******* дугаартай тушаалаар 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөс Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Төлөвлөлт зохион байгуулалт дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Цагдаагийн ахлах дэслэгч Г.Б намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Төлөвлөлт зохион байгуулалт дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдох үед надад ямар нэгэн байдлаар сургагч багш томилж, чиглүүлэх сургалтад хамруулаагүй бөгөөд тухайн үед төлөвлөлтийн ажлыг хариуцаж байсан гэх цагдаагийн хошууч Т.А******* нь төлөвлөлтийн ажлыг надад огт хүлээлгэн өгөөгүй болно.

Үүнээс хойш 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр миний бие Цагдаагийн ерөнхий газрын даргын А/70 албан даалгаврын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 18-ны хооронд ажлаас чөлөөлөгдөн "Амжилт гарц сургалтын төвд" Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны багц сургаалтад хамрагдаж 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай суралцаж төгсөн ажилдаа орсон.

Гэвч намайг ажилдаа эргэж орох үед цагдаагийн хошууч Т.А******* мөн адил надад ямар нэгэн байдлаар төлөвлөлтийн ажлыг огт хүлээлгэн өгөөгүй, ямар нэгэн байдлаар чиглүүлэлгүй орхигдуулсан. 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдөр миний бие ЦЕГ-н даргын Б/8 дугаартай тушаалаар Төлөвлөлт зохион байгуулалт дотоод ажил хариуцсан Ахлах мэргэжилтэн -ээр дэвшин томилогдсон. 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр миний бие тухайн ажлыг хүлээн авснаас хойш 3 сар болж байгууллагын зүгээс сургагч багш, чиглүүлэх талаар ямар нэгэн үр дүнтэй ажил зохиогоогүй, төлөвлөлтийн ажлыг хариуцаж байсан цагдаагийн хошууч Т.А******* төлөвлөлтийг ажлыг хүлээлгэн өгөөгүй удсан учир, энэ талаар миний бие хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Д.Ж******* танилцуулгаар танилцуулахад дарга х/ч Т.А******* яаралтай ажил хүлээлцэж танилцуулъя гэсэн үүргийг өгсөн боловч тухайн үед цагдаагийн хошууч Т.А******* ээлжийн амралт авч байгаа гээд танилцаагүй мөн ажилдаа ирэхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй ажил тасалсаар байгаад ажлыг хүлээлцээгүй.

\Үүнээс хойш цагдаагийн ахлах дэслэгч Г.Б миний бие нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 13-ны хооронд ээлжийн амралтыг биеэр эдэлж байгаад ажилдаа орон үргэлжлүүлэн ажиллаа хийж байтал 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ний хооронд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлыг хангах газраас "Төлөвлөгөөт бус шалгалтын комисс" манай хэлтэс дээр ирж захиргааны ажил буюу цагдаагийн ахлах дэслэгч Г.Б миний Төлөвлөлтийн талаар хийж хэрэгжүүлсэн ажлыг Эрсдэл", "Сургалт", "Хүний нөөцийн аюулгүй байдал"," Соён гэгээрүүлэх ажил" зэрэг ажлуудыг шалгаж "Хүний нөөцийн аюулгүй байдал", "Соён гэгээрүүлэх төлөвлөгөө" байхгүй, Эрсдэлийн цахим код буруу шивж төлөвлөгөөний биелэлтийг байгууллагын даргад хянуулахдаа "Батлав" тай гаргаж зөрчил гаргасан гэх үндэслэлээр хийсэн ажил арга хэмжээг үнэлэх журмын дагуу бус бүрэн биелсэн ажил арга хэмжээг 0 үнэлж, Эрсдэл код санд буруу шивсэн, биелэлтийн зарим нотломж хангалтгүй, удирдлагад танилцуулаагүй, албан бичгээр танилцуулаагүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хяналт үнэлгээ хийсэн тайлан байхгүй зэрэг үндэслэлээр бүх ажлыг 61,2% "хангалтгүй" үнэлж Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулан "Албан тушаал бууруулах санал хүргүүлсний хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 02 өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын №5/2******* дугаартай тушаалаар миний биеийг Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгчөөр "албан тушаал бууруулах" тушаал гарсан байна. Уг асуудалд:

-Цагдаагийн ахлах дэслэгч Г.Б миний биеийг томилогдоход сургагч багш томилоогүй,

-Мөн Цагдаагийн ахлах дэслэгч Г.Б миний бие тухайн албан тушаалд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр томилогдож 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ахлахаар дэвшин томилогдож 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЦЕГ-н төлөвлөгөөт бус шалгалт орсон бөгөөд миний бие уг албан тушаалд томилогдоод 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 13-ны хооронд ээлжийн амралттай, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны хооронд сургалтад хамрагдаж байсан буюу биеэр тухайн албан тушаалд 6 сар ажиллагаагүй байдлыг харгалзан үзээгүй.

-Мэргэжлийн буюу тухайн албан үүргийн чиглэлийн багц сургалтад хамруулаагүй,

-Цагдаагийн хошууч Т.А******* нь төлөвлөлтийн ажлыг албан ёсоор огт хүлээлгэн өгөөгүй.

-Мөн цагдаагийн хошууч Т.А******* ЦЕГ-н даргын 2025.03.12-ны өдрийн А/122 дугаартай "Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө"-г цахимаар, ЦЕГ-н даргын 2025 оны 02 дугаар сарын -ний өдрийн 8/2242 дугаартай албан бичгээр "Эрсдэлийн менежментийн төлөвлөгөө"-г өөрт нь цахимаар цохож ажил арга хэмжээ зохиох үүрэг өгсөн байхад уг зайлшгүй дагаж биелүүлэх, ажлын чиглэл авах ёстой буюу миний ажлыг дүгнэсэн гол 2 төлөвлөгөөг ахлах дэслэгч Г. Б надад огт хүлээлгэн өгөөгүй.

-Тухайн төлөвлөгөө ирсэн талаар ямар нэгэн мэдээллийг өгч танилцуулаагүй, мөн төлөвлөлтийн ажлыг цагдаагийн хошууч Т.А******* нь хэлтсийн даргад хүлээлгэн өгсөн мэтээр ойлголтыг өгч төөрөгдүүлэн ажилдаа хайнга хандсан.

-Цагдаагийн ахлах дэслэгч Г.Б миний бие ЦЕГ-н даргын тушаалаар сургалттай, ээлжийн амралттай байсны улмаас тухайн албан тушаал дээр бодитоор 4 сар гаруй богинохон хугацаанд үүрэг гүйцэтгэсэн, үүний үр дүнд биелэлт үр дүн тооцох боломжгүй байсан.

-Мөн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын даргын А/45 дугаартай Соён гэгээрүүлэх зөвлөл болон биеийн тамир, спортын хамтлагийг шинэчлэн байгуулах тухай" тушаалд төлөвлөлтийн ахлах мэргэжилтнийг оруулаагүй боловч төлөвлөлтийн мэргэжилтэнд ажил хариуцуулж, шалгалтаар дүгнүүлсэн зэрэг нөхцөл байдлуудаас цагдаагийн ахлах дэслэгч Г.Б миний хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ хангалтгүй үнэлэгдсэн.

Дээрх шалтгаан нөхцөлийн улмаас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар Төлөвлөлт зохион байгуулалт дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Г.Б надад: Цагдаагийн албаны тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 81.4.1. сануулах; 81.4.2. албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; 81.4.3.албан тушаал бууруулах; 81.4.4.цагдаагийн цолыг бууруулах; 81.4.5.цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн сахилгын шийтгэлийн 5 нөхцөлөөс 81.4.3 д заасан "Албан тушаал бууруулах" гэсэн хүндрүүлсэн шийтгэл оногдуулсан.

Гэвч уг шийтгэлийг оногдуулахдаа: хөнгөн шийтгэлүүдийг хэрэглэх боломжийг судлаагүй, шийтгэлийн шат дарааллыг баримтлаагүй, өмнөх ажлын үзүүлэлтүүдийг тооцоогүй 38 Өмнөх ажил хариуцаж байсан алба хаагчид цохогдсон цахим албан бичгүүдийг дараах албан тушаалтан томилогдох үед хүлээлгэн өгөөгүй буюу албан даалгавар төлөвлөгөө ирсэн эсэхийг мэдэх боломжгүй байдлыг бүх талаас нь шалгаж тогтоогоогүй. Гэм буруугийн шинж, үр дагаварт дүйцүүлээгүй нь пропорциональ байх зарчмыг зөрчсөн байна. 4.2. Захиргааны шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт нь: хуульд нийцсэн бодит нөхцөлд тулгуурласан үндэслэлтэй байх ёстой. Гэтэл дээрх сахилгын шийтгэл нь: нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй, миний албаны үйл ажиллагаанд учруулсан бодит хор уршигтай шийдвэр болсон.

Нотлох үүргийг хариуцагч биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны актын хууль ёсны байдлыг нотлох үүрэг хариуцагчид хамаарах бөгөөд уг үүргээ хариуцагч нар хангалттай бүрэн дүүрэн биелүүлээгүй. Сахилгын шийтгэлийн улмаас миний эрх ноцтой зөрчигдсөн Уг шийдвэрийн улмаас: миний албан тушаал буурсан, цалин, нийгмийн баталгаа хохирсон, нэр төр, албаны карьерын өсөлтөд сөргөөр нөлөөлсөн бодит хор уршиг үүссэн.

Иймд: Уг сахилгын шийтгэлийг хууль бус, үндэслэлгүй захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэжээ.

3.2.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, няцаалтын үндэслэлдээ ...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл "Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам"-ийн 5.1 дэх хэсэг "Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид "хяналт шалгалтын байгууллага" гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна.", мөн хуулийн 52 дугаар зүйл "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт"-ийн 52.1 дэх хэсэгт "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.", мөн хуулийн 7 дугаар зүйл "Яам, агентлаг болон Засгийн газраас байгуулдаг төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх"-ийн 7.2 дахь хэсэгт "Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ." гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралт "Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам"-ын 1.3-д "Аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү нийтлэг журамд нийцүүлэн, өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-тай байна." гэж тусгасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл "Цагдаагийн төв байгууллагын үүрэг"-ийн 14.1 дэх хэсэгт "Цагдаагийн төв байгууллага нь агентлагийн нийтлэг чиг үүргийн хүрээнд дараах үүрэг гүйцэтгэнэ:" гээд 14.1.3 дахь заалтад "цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах;" гэж хуульчилсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/283 дугаар тушаалаар батлагдсан "Байгууллагын үйл ажиллагаанд дотоод болон санхүүгийн хяналт шалгалт хийх (код 111) журам"-ын 111.3 дугаар зүйл "Хяналт шалгалтын төрөл, чиглэл, арга"-ийн 111.3.4 дэх хэсэгт "Төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтыг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар явуулж болно. Үүнд:" гээд 111.3.4.2 дахь заалтад "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нэгжийн үйл ажиллагаанд тодорхой чиглэлээр явуулж буй хяналт шалгалтыг хэсэгчилсэн шалгалт гэнэ." гэж журамласан. Дээрх хууль, журмын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр баталсан "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулах удирдамж"-ын дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ.

Хэсэгчилсэн шалгалтаар Г.Б нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл "Төрийн алба хаагчийн нийтлэг үүрэг"-ийн 37.1 дэх хэсэгт "Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ:" гээд 37.1.1 дэх заалт "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;", 37.1.7 дэх заалт "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;", 37.1.8 дахь заалт "өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;", 37.1.9 дэх заалт "албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойших хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;", "Албан тушаалын тодорхойлолт"-ын 1 дүгээр зорилтын 1.1 дэх заалт "Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Дотоод албаны, Эргүүл харуулын, Цагдаагийн хүрээний, Сахилгын дүрэм зэрэг холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг хариуцсан нэгжийн хэмжээнд удирдан зохион байгуулахад тасгийн даргад туслалцаа үзүүлж ажиллах;", 1.2 дахь заалт "Биелэлт, үр дүнг тооцох албан баримт бичгийн жагсаалтад тусгагдсан баримтын хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, үр дүнг тооцон, биелэлтийг заасан хугацаанд гаргаж тасгийн даргад хянуулах;", 1.3 дахь заалт "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангуулах.", 2 дугаар зорилтын 2.1 дэх заалт "Цагдаагийн төв байгууллагаас тухайн жилд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох, ажлыг хариуцах;", 2.2 дахь заалт "Цагдаагийн ерөнхий газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нийцүүлэн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах ажилд туслалцаа үзүүлэн, үр дүнг улирал, хагас, бүтэн жилээр тооцон үнэлгээ өгч, тасгийн даргад танилцуулах;", 2.3 дахь заалт "Газар, хэлтсийн улирал, хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны тайланг нэгтгэн, тогтоосон хугацаанд тасгийн даргад танилцуулах.", 3 дугаар зорилтын 3.1 дэх заалт "Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагаа, бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төрийн жинхэнэ алба хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажилд туслалцаа үзүүлэх;", 3.3 дахь заалт "Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээний талаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа авч, үр дүнд үнэлгээ, шинжилгээ хийж, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэгдсэн ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг хариуцна.", 4 дүгээр зорилтын 4.1 дэх заалт "Алба хаагчдаас сахилга, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ажил зохиох;", 4.3 дахь заалт "Байгууллагын албаны болон мэргэшлийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө стандарт, удирдамжийг Цагдаагийн ерөнхий газраас хүргүүлсэн заавар, зөвлөмжийн дагуу боловсруулан, зохион байгуулж, үр дүнг тооцон, тайланг тогтоосон хугацаанд нь Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст хүргүүлэх.", 5 дугаар зорилтын 5.1 дэх заалт "Алба хаагчдын гэр бүлийн байдал, амьдрах орчин нөхцөлийг биечлэн танилцан судалж, удирдлагыг мэдээллээр ханган, туслалцаа, дэмжлэг үзүүлэх ажлыг шийдвэрлүүлэх;", 7 дугаар зорилтын 7.1 дэх заалт "Төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, байгууллагын ажилтнууд болон харилцагч, үйлчлүүлэгчид, иргэдтэй зөв боловсон харьцах, ёс зүйн зөрчил, дутагдал гаргахгүй байх;", 7.3 дахь заалт "Явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага, албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэх ажиллах.", Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/4 дугаар "Дүрэм батлах тухай" тушаалын нэгдүгээр хавсралт "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2.1 дэх хэсэг "Хууль дээдлэх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:"-ийн 2.1.1 дэх заалт "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээний акт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах;", 2.2 дахь хэсэг "Шударга ёсны зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:"-ийн 2.2.1 дэх заалт "алба хаагч нь хувийн болон нийгмийн амьдралдаа нэр төртэй, үнэнч, зарчимч, хүндлэл төрүүлэхүйц байдлыг эрхэмлэж байх;", 2.3 дах хэсэг "Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:"-ийн 2.3.2 дахь заалт "хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэж, бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандахгүй байх;", 2.3.3 дахь заалт "хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусадтай зөв боловсон эелдэг, хүлээцтэй, тэвчээртэй, ажил хэрэгч, зарчимч харьцах бөгөөд бусдын эрхэнд хууль бусаар халдах, өөрийн байр суурийг бусдад тулгах, доромжлох, далайлган сүрдүүлэх, чирэгдүүлэх, хүнд суртал гаргах, бусдыг үл тоомсорлох, хууран мэхлэх зэрэг аливаа зохисгүй үг, үйлдэл гаргахгүй байх;", 2.4 дэх хэсэг "Хариуцлагатай байх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:"-ийн 2.4.2 дахь заалт "хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа асуудалд нухацтай хандаж, өөртөө өндөр шаардлага тавьж, эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлэх;", 2.4.3 дахь заалт "хууль тогтоомжид заасан албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх талаар байнгын хичээл зүтгэл гаргаж, өөрийн алдаа, дутагдлыг арилгахыг эрмэлзэх;", 2.4.13 дахь заалт "өөрийн шийдвэр, үйл ажиллагааны үр дагаврыг бүрэн хариуцаж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээх.", 2.5 дах хэсэг "Манлайлах, хамтач байх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:"-ийн 2.5.1 дэх заалт "байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан, олон нийтийн итгэлийг алдагдуулахуйц аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтийн дунд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;", Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3.1 дэх хэсэг "Цагдаагийн алба хаагчид дараах үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулна."-ийн 3.1.1 дэх заалт "Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, ёс зүйн болон энэ дүрмийг зөрчсөн;", 3.1.2 дахь заалт "цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам зөрчсөн", 3.1.5 дах заалт "хуульд заасан албаны чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй;" гэх хориглосон заалтуудыг тус тус зөрчсөн нь алба хаагчийн өгсөн тайлбар, шалгалтын материалд авагдсан бусад баримтаар тогтоогдсон.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/283 дугаар тушаалаар батлагдсан "Байгууллагын үйл ажиллагаанд дотоод болон санхүүгийн хяналт шалгалт хийх (код 111) журам"-ын 111.5 дугаар зүйл "Хяналт шалгалт явуулах"-ийн 111.5.8 дахь хэсэгт "Ажлын хэсэг нь шалгалтын явцад цугларсан баримт материал, шалгагч нарын танилцуулга зэргийг нэгтгэн судалж, тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэн, илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тогтоож, түүнийг арилгах арга хэмжээг авхуулах, шаардлагатай бол буруутай алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах санал бэлтгэж, асуудлыг шийдвэрлүүлнэ." гэж журамласан.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт "Агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 8.3.5 дахь заалтад "хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;" гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 21.1.17 дэх заалтад "хуульд заасан бусад." гэж тус тус хуульчилсан.

Иймд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн төлөвлөлт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан цагдаагийн ахлах дэслэгч Г.Б хууль тогтоомж болон цагдаагийн төв байгууллагаас тогтоосон цагдаагийн алба хаагчийн баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн дээрх үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/2******* дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-д заасныг үндэслэн "албан тушаал бууруулах;"

сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугааp зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар Г.Б******* гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүхийн зүгээс хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн судлан үзээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.Б албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилгод ...дээд байгууллага, албан тушаалтны болон удирдлагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах...,албан тушаалын зорилтод ...цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлт, үр дүнг тооцох, Байгууллагын бүтцэд байгаа тасгуудын ажлын тайлан мэдээг сар, улирлаар авч, нэгтгэн дүгнэх, санал боловсруулж удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх...,албан хаагчдын дунд явуулах сургалт, соён гэгээрүүлэх, сахилга ёс зүйг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах..., байгууллагын албан бичиг хэрэг, архивын ажлыг хууль тогтоомж, дүрэм журмын дагуу зохион байгуулах.., албан тушаалын зорилгод нийцсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх...гэж, албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн хувьд ...цагдаагийн байгууллагын тухай хууль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, ...биелэлт, үр дүнг тооцох албан баримт бичгийн жагсаалтад тусгагдсан баримтыг хэрэгжилтийг хангах, удирдан зохион байгуулж, үр дүнг тооцон, биелэлтийг заасан хугацаанд гаргаж тасгийн даргад хянуулах..., хэрэгжүүлэхээс гадна Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх журмын хэрэгжилтийг хангаж ажиллахаар байна.

4.3.Харин Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтаар нэхэмжлэгч Г.Б нь ажил үүргийнхээ чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагын хэмжээнд эрсдэлийн удирдлага, үнэлгээний тогтолцоог мэргэжил, арга зүй нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн буюу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргын 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр баталсан 2025 оны эрсдэлийн менежментийн салбар төлөвлөгөөний биелэлтийг хангуулж ажиллагаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт-аюулгүй байдлын газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Эрсдэлийн удирдлага, дотоод аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг шалгасан тухай танилцуулгад ...Цагдаагийн хэлтсээс эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хэлтсийн даргаар батлуулсан. Эрсдэлийн түвшингөөр 3 чиглэлийн 15 жил, арга хэмжээг /А1, 24, А21, Б39, Б23, Б4, Б5, В7,В10, В5, В, В1/ эрсдэлээр тооцсон боловч эрсдэлийн кодыг буруу бичиж санд оруулсан. Түүнчлэн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг энэ оны 06 дугаар сарын 11-ний өдөр тооцож, 94.2 буюу бүрэн хэрэгжсэн гэж тайлагнасан боловч баримт, материалтай тулган үзэхэд, уг төлөвлөгөөний 1.1, 1.2, 2.1-2.5, 3.1-3.5 дахь заалтуудын хэрэгжилтийг бодитоор тооцоогүй. Дээрх төлөвлөгөөний биелэлтийг газрын даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлээгүй, удирдлагад танилцуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаагүй, мөн орон тооны бус ажлын хэсгээс улирал бүр хуралдаагүй... гэж дүгнэн Эрсдэлийн удирдлага, дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр 58 оноогоор хангалтгүй үнэлгээ авсан

4.4.Өөрөө ч дээрх гаргасан зөрчлөө үгүйсгээгүй болохоо 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн илтгэх хуудсаар илэрхийлсэн атлаа 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Илтгэх хуудастаа ...цагдаагийн хошууч Т.А******* ЦЕГ-н даргын 2025.03.12-ны өдрийн А/122 дугаартай "Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө"- батлах тухай тушаал болон 2025 оны 02 дугаар сарын -ний өдрийн 8/2242 дугаартай албан бичгээр ирсэн "Эрсдэлийн менежментийн төлөвлөгөө" зэрэг чухал бичиг баримтуудыг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар...шилжүүлж хүлээлгэн өгөөгүй байдлаас миний ажил дутуу үнэлэгдсэн гэж бичжээ.

4.5.Гэвч бодит байдалд тэрээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалаас хоёрдугаар хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр, 2025 оны 05 дугаар сарын 01-өдөр мөн хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдсон боловч 2025 оны 06 дугаар сарын 13-ны байдлаар тухайн ажлыг албан ёсоор хүлээлцээгүй хэмээн илтгэх хуудсаар удирдлагадаа танилцуулсан атлаа 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ээлжийн амралтаа мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс олгохыг хүссэн өргөдөл гаргаж, улмаар ээлжийн амралт эдэлж дууссан цаг хугацаанаас хойш Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтыг дуустал өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргээ ...Цагдаагийн ахлах дэслэгч Г.Б миний биеийг томилогдоход сургагч багш томилоогүй, Мэргэжлийн буюу тухайн албан үүргийн чиглэлийн багц сургалтад хамруулаагүй, Цагдаагийн хошууч Т.А******* нь зайлшгүй дагаж биелүүлэх ёстой миний ажлыг дүгнэсэн гол 2 төлөвлөгөөг надад огт хүлээлгэн өгөөгүй, тухайн төлөвлөгөө ирсэн талаар ямар нэгэн мэдээллийг өгч танилцуулаагүй... шалтгааны улмаас хэрэгжүүлээгүй хэмээх тайлбараар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй гэж үзлээ.

4.6.Учир нь нэхэмжлэгчийн хувьд өөрийн урьд хамт ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Д.Ж******* хүсэлтийг хүлээн авч, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр тухайн албан тушаалыг хийх бүрэн чадамжтай болохоо илэрхийлэн томилогдсон үйл баримт болон хавтас хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2025 оны эрсдэлийн менежментийн салбар төлөвлөгөөний биелэлтийг батлуулсан гэх баримт зэргээр түүний дээрх шалтгаант үндэслэл няцаагдаж байна.

4.7.Өөрөөр хэлбэл түүнийг Төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалыг хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байхдаа албан тушаалын чиг үүрэгт заасан ажлаа хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж зөвтгөх үндэслэл тогтоогдсонгүй.

4.8.Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийн ёс зүйтэй холбогдуулан түүний удирдлагад ажиллаж байсан албан хаагчдаас гаргасан ...өөрийн ажлаа бусдаар хийлгэдэг,...миний утсанд байгаа чат, зураг ...алба тушаалаараа далайлгаж хувь хүний нууцад халдсан гомдлын дагуу холбогдох ажиллагаа хийж түүнийг цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн зохих заалтыг зөрчсөнд тооцсоныг шүүхээс буруутгах боломжгүй.

4.9.Г.Бг цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах, биелэлт үр дүнг тооцох, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх..., Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж заасан чиг үүргээ дутагдалтай хэрэгжүүлсэн гэж хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

4.10.Иймд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; 37.1.8...хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх; үүргээ биелэлгүй, 37.1.9.албан үүргээ гүйцэтгэж байхдаа ...албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах гэж тус тус заасныг тус тус үндэслэл болгон Г.Бг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс чөлөөлж, 12 дугаар сарын 04-ний өдрөөс мөн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгчөөр томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/2******* дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирох сахилгын шийтгэлийн зөв оногдуулсан гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 37.1.9, 37.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/2******* дугаартай албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал бууруулсантай холбогдон гарсан цалингийн зөрүү, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.