Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02515

 

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02515

 

                      

 

Жиашидэ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02436 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Жиашидэ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Сүхбаатарт холбогдох

 

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд М.Ганчимэгийн гаргасан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Жиашидэ ХХК-д олгосон дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгох, хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны цалин болох 2012 оны 6 сараас 2014 оны 10 дугаар сар хүртэлх 42 000 ам.доллар буюу 102 256 140 төгрөгөөс 41 912 500 төгрөгийг дээрх хаягт байрлах, 67.06 м.кв талбайтай байрны төлбөрт тооцуулж, үлдэгдэл 60 343 640 төгрөгийг Жиашидэ ХХК-иас гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, Д.Батсүх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жиашидэ ХХК 2012 онд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамжид байрлах 37 дугаар байрыг өөрийн хөрөнгөөр барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд уг байрны 41 тоотод байршилтай 67.06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгч юм. Одоо уг орон сууцыг Г.Сүхбаатар гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд компаниас 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч чөлөөлж өгөхгүй байна. Иймд Г.Сүхбаатарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 41 тоотод байрлах орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 3 дугаар сард Марал-Инж ХХК-ийн маркетингийн албаны дарга М.Ганчимэгээс ...63 200 000 төгрөгөөр байр худалдан авч байрандаа орсон бөгөөд 2011 онд байрны төлбөрийг 100 хувь төлсөн боловч надад байрны ордер бичиг баримтыг өгөөгүй байсан. Гэтэл 2011 оны хавар байраа томруул гэж Д.Адъяасүрэн, түүний эхнэр Жиашидэ ХХК-ийн инженер М.Ганчимэг нарын зөвлөснөөр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах Жиашидэ ХХК-ийн барьж байгаа байрны 7 давхрын 41 тоот 67.06 м.кв талбайтай 2 өрөө байрны төлбөрт өмнө нь худалдаж авсан байран дээрээ 25 000 000 төгрөг нэмж М.Ганчимэгт төлөх нөхцөлтэйгөөр М.Ганчимэгийн нөхөр Д.Адъяасүрэн, өөрийн охин С.Намуунбайгаль нарын нэр дээр гэрээ хийсэн. Байр 2011 онд ашиглалтад орж охин Намуунбайгаль нүүж орсон. Уг байрны гэрээ, ордерыг миний нэр дээр М.Ганчимэг бичилт хийж өгөх байсан бөгөөд түүнд байрны төлбөрийг бэлнээр болон дансаар шилжүүлж дуусгасан. Үүнийг М.Ганчимэг хүлээн зөвшөөрнө. 2015 оноос Жиашидэ ХХК-ийн хуулийн зөвлөх дарамтлах болсон бөгөөд тухайн үед М.Ганчимэгт хэлж миний байрны ордер бичиг баримтыг түргэн өг гэж хэлдэг байсан боловч өнөөг хүртэл өгөхгүй байна. Байрнаас хөөж байгаа С.Эрдэнэтэй уулзаж байгаагүй ба би М.Ганчимэгээс худалдан авсан болон төлбөр барагдуулсан баримтууд байгаа. Би төлбөрөө 100 хувь төлчихөөд байраа суллаж өгөхийг зөвшөөрөхгүй, С.Эрдэнийн шахалтаас салгаж, М.Ганчимэгээс миний худалдан авсан байрны гэрээ, ордерыг гаргуулан авч өгнө үү. М.Ганчимэгт мөнгийг 100 хувь төлөөд энэ байранд амьдарч байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Ганчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагадаа: ...Жиашидэ ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлаар ерөнхий инженерийн ажлыг гүйцэтгэж байсан надад өөрсдийн барьж буй Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны 41 тоот, 67.06 м.кв талбайтай байрыг 50 хувийг компани дааж, үлдсэн 50 хувийг нэг м.к-ыг 1 250 000 төгрөгөөр тооцож өөрөө төлөх нөхцөлтэй шийдвэр гарсан. Тус орон сууцны нийт үнэ 83 825 000 төгрөг бөгөөд үүний 50 хувь болох 41 912 500 төгрөгийг цалингаасаа тооцуулан бүрэн төлж барагдуулсан байгаа тул тус орон сууцны өмчлөгч нь М.Ганчимэг болохыг тогтоож, Жиашидэ ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 000470943 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг тус тус хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Иймд миний хөдөлмөрийн гэрээ ёсоор ажилласан хугацааны цалин болох 2012 оны 6 сараас 2014 оны 10 дугаар сар хүртэлх 42 000 ам.доллар буюу 102 256 140 төгрөгөөс 41 912 500 төгрөгийг дээрх 41 тоот, 67.06 м.кв талбайтай байрны төлбөрт тооцуулан үлдэгдэл 60 343 640 төгрөгийг Жиашидэ ХХК-иас гаргуулах, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны 41 тоот, 67.06 м.кв талбайтай орон сууцыг миний өмч болохыг тогтоолгох, Жиашидэ ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 000470943 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагын талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Жиашидэ ХХК нь анх Фужиан Лян Хө ХХК-тай 01/07 тоот гэрээ байгуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 9 тоотод байрлах үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай дуусаагүй барилгад хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ үед М.Ганчимэг уг барилга дээр ерөнхий инженерээр ажиллаж, түүний ажил үүргийн хуваарьт уг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээсний дагуу 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр үүргээ биелүүлжээ. 37 дугаар байрны барилгыг барьж байгуулахад барилгын инженерээр ажилласан М.Ганчимэгтэй өглөг, авлаг байхгүй, хоорондын тооцоогүй гэсэн баталгаа гаргасан учраас М.Ганчимэгийн шаардлага үндэсгүй байна. Жиашидэ ХХК нь Шү Шиэн Хуа ХХК-тай 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сар хүртэл М.Ганчимэгт олгосон итгэмжлэл, 2013 оны 5 дугаар сарын 24-ны өдөр М.Ганчимэгт олгосон итгэмжлэл, мөн Жиашидэ ХХК-иас М.Ганчимэгт 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай өгсөн итгэмжлэлээс өөр гэрээ, хэлцэл болон 37 дугаар байрны 41 тоотыг 50 хувийн хөнгөлөлттэй олгох тухай баримт хэрэгт авагдаагүй байна. М.Ганчимэг 2012 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны цалинг нэхсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд М.Ганчимэгийн шаардлагыг хэрэгсэхүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Г.Сүхбаатарын эзэмшлээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцыг чөлөөлж,

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 243.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Жиашидэ ХХКомпанид олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгох, хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны цалин болох 102 256 140 төгрөгөөс 41 912 500 төгрөгийг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны 41 тоот хаягт байрлах, 67,06 метр квадрат талбайтай байрны төлбөрт суутган тооцуулж, үлдэгдэл 60 343 640 төгрөгийг Жиашидэ ХХКомпаниас гаргуулах тухай М.Ганчимэгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 70 200 төгрөг, М.Ганчимэгээс төлсөн 1 160 023 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Сүхбаатараас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Жиашидэ ХХКомпанид олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...М.Ганчимэг нь "Жиашидэ" ХХК-д 2012 оны 6 сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан гэдэг нь "Жиашидэ" ХХК-иас М.Ганчимэгт 2013 оны 2, 5, 6 сард олгосон итгэмжлэлүүд, 2013 оны 1 сарын 24-ний өдрийн мэдэгдэл, 2012 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн зураг төсөл техникийн баримт хүлээн авсан тухай баримт, ЗТБТөвийн сан хөмрөгт хүлээн авсан зураг төсөл, техникийн баримтын жагсаалт, 2012 оны 12 сарын 7-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт зэрэг баримт, М.Ганчимэгийн тайлбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Чиглэл өгөх тухай албан бичиг, Ганчимэгийн мэдэгдэл /1-р ХХ-166-190, 214-216, 2-р ХХ-19/ зэрэг баримтаар нотлогдож байхад шүүх хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байхад цалин олгогдох үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн "Жиашидэ" ХХК нь М.Ганчимэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг өгч байсан цалингаасаа багаар тооцон төлсөнд ажилтан М.Ганчимэгийг буруутгах үндэсгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 46 дугаар зүйлийн 46.1, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дах заалтуудыг шүүх хэрэглэвэл зохих байтал хэрэглэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. "Жиашидэ" ХХК -ийн хувьцаа эзэмшигч, удирдлагууд болох БНХАУ-ын иргэн Шү Шиэн Хуа, Шү Жиа Янь нар МУ-д эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад 2012 оны 4 дүгээр сард БНХАУ руу оргож зугтаан алга болсон. Ингээд "Жиашидэ" ХХК ямар ч удирдлагагүй болсон ба Шү Шиэн Хуа, Шү Жиа Янь нар М.Ганчимэг рүү ярьж "Цалин хөлсийг нь өгнө ажлаа үргэлжлүүлэн хийж байгаарай" гэсний дагуу М.Ганчимэг нь 2014 оны 10 дугаар сар хүртэл цалин хөлсөө авалгүй ажилласан байдаг. М.Ганчимэг ажиллахаа больсноос хойш "Жиашидэ" ХХК нь ямар ч удирдлагагүй, үйл ажиллагаа явуулаагүй ба улсын бүртгэлийн газарт үйл ажиллагаа явуулах хугацаа нь дууссан байсан тул цалин хөлсөө нэхэмжлэх боломжгүй байсан. Иймд М.Ганчимэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тодорхойлж, нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлж чадаагүй гэж үзэж байна. Учир нь "Жиашидэ" ХХК нь "Фү Жиан Лян Хө" ХХК-тай хамтарч дээрх 37 дугаар байрыг барьж байсан ба "Фү Жиан Лян Хө" ХХК хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчин "Жиашидэ" ХХК-ийн бүх эх материалуудыг барьцаалж, Голомт банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл авах гэж байхад нь М.Ганчимэг нь нэн шаардлагатай эх материалуудыг өгөөгүй учир зээл авч чадаагүй байдаг. М.Ганчимэгийн энэхүү үнэнч шударга ажилласан байдлыг "Жиашидэ" ХХК-ийн удирдлагууд үнэлж 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний хурлаар өөрсдийн барьж буй дээрх 37 дугаар байрны 41 тоотын 50%-иар шагнаж, үлдэгдэл 50%-ийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 1м.кв-ыг 1 250 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ хурлын тэмдэглэл болон шийдвэрийг бичгийн хэлбэрээр үйлдээгүй. Харин удалгүй тус 41 тоотын түлхүүрийг өгч М.Ганчимэг нь өөрийн талын хүмүүсийг оруулсан байдаг. Ингээд барилгыг улсын комисст хүлээлгэж өгч чадалгүй "Жиашидэ" ХХК-ийн удирдлагууд БНХАУ руу зугатаж М.Ганчимэг рүү холбоо барьж "...ажлаа үргэлжлүүлэн хийж барилгыг улсын комисст хүлээлгэж өгөөрэй. Бид нар чиний цалин хөлс болон 41 тоотыг чиний нэр дээр бүртгүүлж өгнө" гэж ярьж улмаар М.Ганчимэг 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн боловч "Жиашидэ" ХХК-ийн захирлуудын холбогдсон эрүүгийн хэргийн улмаас тус барилгад Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт шилжилт хөдөлгөөний хориг тавигдсан байсан байдаг. М.Ганчимэг 2013 оны 1 дүгээр сарын 22-24-ний хооронд Бээжин хотод очиж "Жиашидэ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирлуудтай уулзахдаа өөрийн ярих гэж буй зүйлээ бичиж хятад хэл орчуулуулж авч очсон байдаг. "Жиашидэ" ХХК-ийн захирлууд М.Ганчимэгийг "тус барилгад цагдаагийн хориг тавьсан асуудлыг шийдэж өгөөч. Тэгвэл одоо амьдарч байгаа 41 тоотын 50%-ийг өмнөх 50%-ийн шагнал дээрээ нэмж өгье" гээд М.Ганчимэгт итгэмжлэл олгож, М.Ганчимэгийн авч очсон цаасан дээр өөрийн гараар "Одоо амьдарч буй 41 тоот байрыг түүнд өгнө" /1-р ХХ-214-216/ гэж бичиж өгснийг шүүхэд эх хувиар нь өгч бусад холбогдох нотлох баримтууд болох М.Ганчимэгийн тэмдэглэл, итгэмжлэл, нийслэлийн прокурорын газрын болон УМБГ-ын хориг цуцалсан тухай М.Ганчимэгт олгосон албан бичиг, 2013.1.22-ны өдрийн М.Ганчимэгийн хил гарсныг нотлох гадаад паспорт, мөн 2011 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл амьдарсан хариуцагчийн тайлбар /1-р ХХ-220, 213, 223,/ зэрэг нотлох баримтуудыг шүүх үнэлэлгүйгээр шийдвэрээ гаргалаа.

...Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 13 дугаар зүйлийн 13.5, 16 дугаар зүйлийн 16.1-д заасан уг эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, уг үл хөдлөх эд хөрөнгө шинээр бий болсныг нотлох баримт бичгийг мэдүүлэгт хавсралтаар өгөөгүй атал улсын бүртгэгч тус хуулийн 14 дүгээр 14.1.1, 14.1.6, 14.1.9 дэх заалтуудыг зөрчин улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 41 тоотын хувийн хэргийг шүүхийн журмаар гаргуулахад түүнд уг ...хөрөнгө шинээр бий болсныг нотлох ...улсын комиссын акт, "Жиашидэ" ХХК өмчлөх эрхтэй гэдгийг нотлох ямар ч баримт байгаагүй. Түүнчлэн маргаан бүхий 41 тоотын ...улсын бүртгэлийн гэрчилгээ гарах үе болох 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр "Жиашидэ" ХХК-д 95 хувийн гүйцэтгэлтэй 5664 м.кв талбай бүхий Ү-2205037507 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэсэн боловч энэхүү гэрчилгээ нь ЭХӨЭТХЭХБЭУБТХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу 2014 оны 10 дугаар сард анхны 17 ширхэг ...улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад л хүчингүй болох ёстой гэрчилгээ байсан. Мөн "Жиашидэ" ХХК өмчилдөг гэх 95 хувийн гүйцэтгэлтэй 5664 м.кв талбай бүхий Ү-2205037507 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө /Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байр/ нь маргаан бүхий 41 тоотын ...улсын бүртгэлийн гэрчилгээг гаргах үед бүхэлдээ Төрийн банкны барьцаанд байсан ба Төрийн банк нь 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр барьцаанаас чөлөөлсөн байдаг. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг зөрчин Төрийн банкнаас зөвшөөрөл авалгүйгээр маргаан бүхий 41 тоотын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж хууль зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. /1-р ХХ-245-249, 2-р ХХ-16-18, 71/

..."Жиашидэ" ХХК нь үнэнч шударгаар ажилласных нь төлөө М.Ганчимэгийг маргаан бүхий 41 тоотын 50%-ийг шагнал, үлдэгдэл 50%-ийг нь хөнгөлттэй үнээр буюу 1 250 000 төгрөгөөр тооцохоор тохиролцон М.Ганчимэгт тус орон сууцыг эзэмшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр түүнд шагнал хэлбэрээр 50%-ийг олгосон байтал шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэхгүйгээр цалин хөлс болон маргаан бүхий 41 тоотын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх М.Ганчимэгээс төлсөн 1 160 023 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д "гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө" гэж заасан боловч М.Ганчимэг нь гомдлоор авч хэлэлцдэг цалин хөлс болох 102 256 140 төгрөгтөө 669 230 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн тул уг тэмдэгтийн хураамжийг буцаан олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж М.Ганчимэгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хариуцагч, гуравдагч этгээд нар нь маргаж буй орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлийнх биш гэдгийг, эсхүл өөрийн өмчлөлийнх мөн гэдгийг тус тус баримтаар нотлоогүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч Жиашидэ ХХК нь хариуцагч Г.Сүхбаатарт холбогдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Сүхбаатар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Жиашидэ ХХК нь маргааны зүйл болсон дээрх орон сууцны өмчлөгч болох нь эрхийн улсын Ү-2205061436 дугаар бүртгэл, уг бүртгэлийн дагуу олгогдсон 000470943 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа ба Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгосон өмчлөх эрхийн бүртгэл хүчин төгөлдөр байна. /хх-6/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жиашидэ ХХК нь өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба хариуцагч Г.Сүхбаатар нь дээрх орон сууцыг хууль болон гэрээний үндсэн дээр эзэмших эрхтэйг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч буюу маргаан бүхий орон сууцны өмчлөгч өөрийн эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх орон сууцыг өмчлөх эрхийг гуравдагч этгээд М.Ганчимэг бусдад шилжүүлэх эрхтэй байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дах хэсэгт тус тус заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Г.Сүхбаатар нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Гуравдагч этгээд М.Ганчимэг нь Жиашидэ ХХК-д 2012 оны 6 сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл ажилласан гэж тайлбарлаж, 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх 01/07 тоот гэрээ, Жиашидэ ХХК-д М.Ганчимэгт 2013 оны 2 дугаар сар, 5 дугаар сар, 6 дугаар сард олгосон итгэмжлэлүүд, Жиашидэ ХХК-ийн 2013 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн мэдэгдэл, 2012 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, М.Ганчимэгийн Фүжиан Лян Хө ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн зураг төсөл, техникийн баримт хүлээн авсан баримт, ЗТБТөвийн сан хөмрөгт хүлээн авсан зураг төсөл, техникийн баримтын жагсаалт, 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт зэрэг баримтуудыг гаргасан байх ба эдгээр баримтуудаар нэхэмжлэгч байгууллагын өмнөөс төлөөлөл хэрэгжүүлж, ерөнхий инженерийн ажил үүрэг гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч түүний бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

М.Ганчимэгийн Фүжиан Лян Хө ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгаа боловч Жиашидэ ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэл бүртгэх дэвтэрт хийсэн ажлын сарын орлогыг 200 000-260 000 төгрөг гэж бичигдсэн байхаас гадна цалин хөлс гаргуулах, уг цалин хөлснөөс орон сууцны төлбөрт тооцуулах тухай шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байна.

 

Жиашидэ ХХК-иас маргаж байгаа орон сууцыг хөнгөлттэй нөхцөлөөр М.Ганчимэгт худалдах тухай шийдвэр гаргасан гэх тайлбар баримтаар нотлогдоогүй, Жиашидэ ХХК, М.Ганчимэг нарын хооронд үл хөдлөх хөрөнгийг хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул түүнийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Түүнчлэн, Жиашидэ ХХК-д олгосон Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл, гэрчилгээ хууль зөрчиж хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна уг шаардлагын хариуцагч нь нэхэмжлэгч байх боломжгүй тул шүүх энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй боловч энэ талаар үндэслэх хэсэгт дүгнэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ. Гуравдагч этгээд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа, журмын дагуу гомдол гаргаагүй болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй гэсэн түүний давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хэргийн 217-219 дүгээр талд авагдсан баримтыг хэн, хэзээ үйлдсэн нь тодорхой бус, Жиашидэ ХХК-ийн удирдлагын шийдвэр гэж үзэх боломжгүй байхаас гадна шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах заалтыг зөв хэрэглээгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хуульд зааснаар хураамжаас чөлөөлөгдөх явдал эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үнэ төлбөргүй явагдана гэсэн үг биш юм.

 

Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шүүх түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 160 023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар М.Ганчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 160 025 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Н.БАТЗОРИГ