| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0831/Э |
| Дугаар | 0876 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 0876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга:Б.Билгүүн
улсын яллагч: Б.Уранцэцэг
шүүгдэгчийн өмгөөлөгч :Д.Энхтунгалаг
шүүгдэгч: Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б овогт Ц М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806039091027 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц М, Төв аймгийн Заамар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Сэлбийн 35 дугаар гудамжны 835 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй
Холбогдсон хэргийн талаар:
Ц.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө гэртээ Г.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Г.Б бид хоёр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр танилцаад хамтран амьдарсан. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бид хоёр микрогоо янзлуулах гэж гэрээсээ гарсан. Тухайн өдөр Г.Б 2 хүүхдийнх мөнгө буугаад, Г.Б орой 7 цагийн үед 1 шил архи авчираад бид хоёр хувааж уусан. Эхний архиа ууж дуусаад 11 цагийн үед дахин 1 шил архи авчираад бид хоёр уусан. Тэгээд 1 цагийн үед бид хоёр маргалдаад Г.Б гараад явсан. Тэгээд шөнийн 3 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. Гэртээ орж ирэхдээ дотуур өмдтэйгөө, дээгүүрээ пудволктой орж ирэхээр нь би уурласан. 1 цагт гэрээс гарахдаа цүнх хүрээд, өмд, цамцтайгаа гарсан. Тэгээд би хардаад хашаа яваад ирсэн юм бэ гэсэн чинь би мэдэхгүй байна гэхээр нь би уурлаад гараараа нүүр рүү нь 1-2 удаа цохиод, ганжингаар 2-3 удаа мөр лүү нь, цээж рүү нь цохисон. Тэгээд Г.Б газар унтаад, би орон дээр унтаад үүрийн 6 цаг өнгөрч байхад хоёулаа босоод нөгөө өрөө рүүгээ орж цуг унтсан. Маргааш нь би эмнэлэг явах уу гэсэн чинь яах юм бэ, удахгүй эдгэх байх гэж өөрөө хэлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа өөрөө өргөдөл гаргасан байсан гэв.
Шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа юм. Тэгээд эхнэр хүүхдээ Сэлэнгэ явчихсан хойгуур Бтэй таарсан юм. 2017 оны 11 дүгээр сараас бид хоёр ирж очин байгаа юм. 2018 оны 1 дүгээр сараас хоёр хүүхдээ манайхаар ирүүлж очуулдаг болсон. Сүүлдээ бид хоёр дотно харьцаатай болсон. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Бгийн 2 хүүхдийн мөнгө буугаад бид нар гэртээ идэж уух юм авсан. 18-ны өдөр манай найз Х, А 2 гэрт ирээд 2 шил архи ууцгаасан. Б бид 4 хувааж уусан. Гэрээс гараад Сансар орж хүнтэй уулзаж ирээд дахин Б бид хоёр 2 шил архи хувааж уусан. Юунаас болоод маргаснаа санахгүй байгаа юм. Б гэрээс гараад явчихсан 7 настай хүү нь хайна гээд араас нь гарсан. Удалгүй Б дотуур өмдтэй, оймстой, фудволктой орж ирсэн. Би хайчаад ирэв гэхэд чамд хамаагүй гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад Б явлаа гэхээр нь би нүүрэн тус газарт нь хоёр удаа цохисон. Тэгээд Б гарна гээд байхаар нь би айлгах санаатай хутгаар хөлнийх нь хавьд чичсэн чинь зүсэгдсэн байсан. Тухайн үедээ бол мэдээгүй дараа нь мэдсэн. Маргааш нь эмнэлэг явий гэсэн чинь Б зүгээр болчих байх гээд цаад өрөөнд ороод 7 хоног хэвтсэн. Би түүнээс явуулахгүй гэж хашсан юм байхгүй. 7 хоногийн дараа гэрлүүгээ явчихаад ирээгүй гэжээ. /хх-ийн 12/
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сард М-тй тааралдаад утсаар ярьж байгаад уулзсан. Тэгээд 12 дугаар сарын 1-нээс хамт амьдарч эхэлсэн. 2018 оны 2 дугаар сараас би хоёр хүүхдээ авч ирсэн. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр М бид хоёр хүүхдийнхээ мөнгийг аваад 2 шил архи авч уусан. Архи ууж байхдаа маргалдсан. Намайг архи авч байхдаа дэлгүүрийн залуутай юм ярьсан гэж хардаж маргалдсан юм. Тэгээд би гэрээс гараад микро дотор унтаж байгаад шөнийн 2-3 цагийн орчим гэртээ ороод иртэл М миний хүүхдийг гэрээс гаргаад явуулчихсан байсан. Тэгээд намайг хаагуур юу хийж яваад ирсэн юм бэ гээд намайг алгадсан. Олон удаа ганжингаар толгой тархи руу цохисон. Миний нүүр ам битүү хөх няц болсон. Үүр цайж байхад арай гайгүй болоод намайг хажуугийн өрөөнд оруулсан. Гэрийхэн чинь мэдчихвэл яах юм гээд намайг нуусан. Би гомдолтой байна гэжээ. / хх-н 4-6/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: М миний анхны хүү байгаа юм. Доороо нэг эрэгтэй, 2 эмэгтэй дүүтэй юм. М Х гэх охинтой гэр бүл болоод 11 жил амьдарсан. Дундаасаа 2 хүүхэдтэй юм. Эхнэр нь Сэлэнгэ аймаг явсан хойгуур М ийм нэг хүүхэнтэй танилцаад асуудал үүссэн юм байлаа. Б манай хүүтэй нийлээд архи ууж гэрт нь байсан юм байлаа. М өрөвчхөн сэтгэлтэй, төлөв даруу зантай хүүхэд байгаа юм. Б гэр оронгүй болохоор гэртээ байлгаад ийм асуудал үүссэн байх. Миний хүү бол хулгай хийж худлаа хэлдэггүй юм гэжээ. / хх-н 19/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 7/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 8/ 5721 тоот ДҮГНЭЛТ:
1.Г.Бийн биед баруун өвдөгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн чамархай зулайн хуйх, баруун өвдөгт шарх, цээж, баруун хөх, хэвлий, зүүн өвдөг, баруун, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх баруун өвдөгний хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 8/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 9-10/
Ц.М эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-24/
Ц.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37-38/
Ц.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 17/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 18/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 13, захиргааны зөрчлийн талаарх баримтууд / хх-н 14-16/, зэрэг болно.
Ц.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө 23 дугаар хорооны Сэлбийн 35 дугаар гудамжны 835 тоотод буюу гэртээ Г.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Г.Бийн биед баруун өвдөгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн чамархай зулайн хуйх, баруун өвдөгт шарх, цээж, баруун хөх, хэвлий, зүүн өвдөг, баруун, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун өвдөгний хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 5721 тоот дүгнэлт /хх-ийн 8/
Шүүгдэгч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Б бид хоёр 2 шил архи хувааж уусан. Юунаас болоод маргаснаа санахгүй байгаа юм. Б гэрээс гараад явчихсан 7 настай хүү нь хайна гээд араас нь гарсан. Удалгүй Б дотуур өмдтэй, оймстой, фудволктой орж ирсэн. Би хайчаад ирэв гэхэд чамд хамаагүй гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад Б явлаа гэхээр нь би нүүрэн тус газарт нь хоёр удаа цохисон. Тэгээд Б гарна гээд байхаар нь би айлгах санаатай хутгаар хөлнийх нь хавьд чичсэн чинь зүсэгдсэн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … М бид хоёр хүүхдийнхээ мөнгийг аваад 2 шил архи авч уусан. Архи ууж байхдаа маргалдсан. Намайг архи авч байхдаа дэлгүүрийн залуутай юм ярьсан гэж хардаж маргалдсан юм. Тэгээд би гэрээс гараад микро дотор унтаж байгаад шөнийн 2-3 цагийн орчим гэртээ ороод иртэл М миний хүүхдийг гэрээс гаргаад явуулчихсан байсан. Тэгээд намайг хаагуур юу хийж яваад ирсэн юм бэ гээд намайг алгадсан. Олон удаа ганжингаар толгой тархи руу цохисон. Миний нүүр ам битүү хөх няц болсон. Үүр цайж байхад арай гайгүй болоод намайг хажуугийн өрөөнд оруулсан гэсэн мэдүүлэг / хх-н 4-6/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Ц.М нь хамт архи ууж байсан Г.Бийг хамт архи ууж байгаад гарч яваад шөнө дунд орж ирсэнээс нь болж хардан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
Иймд Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тугай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Б-т эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Ц.М нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 4 сарын дотор нэг сард 175.000 төгрөг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Ц М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.М-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын дотор нэг сард 175.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Ц.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7 .Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ц.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН