Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/1376

 

                                                      ***т холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар /цахимаар/,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/1157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 49 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч ***ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлоор ***т холбогдох 2408006340144 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

*** овгийн ***ын ***, 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Санхүү эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дүгээр байр, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:***/,

Шүүгдэгч *** нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны хойд замд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар зорчихыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр бусад газар зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолж, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж иргээгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа болон Монгол Улсын хилээр гаргах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Э.Мягмардорж давж заалдах гомдолдоо “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд: Шүүх тогтоолын “Тодорхойлох” хэсгийн 1.1-д шүүгдэгч *** нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодоогүй, хөдөлгөөнд оролцоогүй байсан бодит байдлаа үнэнээр нь ярьсан боловч “өөрөө” өргөдөл бичиж өгсөн гэж шүүх буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бодит байдлыг тогтоож нотлох нь эрх бүхий албан тушаалтны үүрэг болохоос зөрчлийн хэрэгт холбогдогчийн үүрэг биш юм. Тухайлбал дээрх асуудлыг Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиар дор дурдсанаар зохицуулжээ. Хуулийн 1.4-д “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг; 2.4 дүгээр зүйлд: 1.Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.1.хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх; 1.2.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх; 1.3.хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх; 1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах;” Хуулийн 3.1 дүгээр зүйлд холбогдогчийн үүргийн талаар: 3.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх; 3.2.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх; 3.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх; 3.4.оролцогчид нөлөөлөхгүй байх.” гэж тус тус зохицуулсан байхад шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо түүнийг өргөдөл бичиж өгсөн гэж буруутгасныг хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа юм. 2. Шүүх шүүгдэгч ***ыг “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн. Шүүгдэгч *** согтууруулах ундаа биш айраг уусан гэж мэдүүлсэн бөгөөд үүнийг үнэн эсэхийг шалгаж тогтоогоогүйгээр прокурор мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан үүргээ биелүүлээгүй байхад шүүгдэгчийг буруутган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн дангаараа нотлох баримт болохгүй гэж буруутгасныг бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтууруулах ундааг тайлбарласан байх ба үүнд “айраг”-ийг хамааруулаагүй байгааг шүүх анхаарч үзэлгүй гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Айраг 2 хувиас дээш хатуулагтай эсэхийг шалгаж тогтоосон үйл баримт хавтаст хэрэгт байдаггүй, согтууруулах ундаа мөн эсэхийг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоосон баримт байхгүй.

Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухайд. 1. Өмгөөлөгч шүүх хуралдааны явцад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулаагүй” гэж мэтгэлцсэнийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Бид Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ тухайн бүлэг, зүйл, заалтыг сайтар анхаарч зөв хэрэглэх ёстой. Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэг Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, 27.10 дугаар зүйл нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэж нэрлээд түүний 1-д Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэж заасан диспозицийг 27.10 дугаар зүйлийн 5-д огт хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2. Шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйл болон 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж хүчин төгөлдөр мөрдөгдсөн нь шүүгдэгч ***ын хувьд эрх зүйн байдлыг дордуулсан хууль гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл 2023 оны 09 дүгээр сард зөрчлийн арга хэмжээ авагдах үед Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зохицуулалт байхгүй байсан учир Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасан “үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон” гэсэн агуулгад хамаарч байгаа агуулгаараа эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх анхаарч үзээгүй. Шүүх Эрүүгийн хуулийн 6.4 зүйлийн 1 дэх хэсэгт” Согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байгаа нь 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” гэсэн байдлаар тодорхойлсны дагуу гэм буруутайд тооцсон хэр нь дахин Эрүүгийн хуулийн 6.4 зүйлийн1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож гэм буруутайд тооцсон диспозицийг шүүгдэгчид дахин давхардуулан хэрэглэж 6.7-д хамааруулахгүй байгаа нь хууль ёсны болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Түүнчлэн шүүх шүүгдэгчийг гэм буруугийн талаар маргаж байгаа нь 6.7-д заасныг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, нөгөө талаар өмгөөлөгчийн мэтгэлцээнийг Эрүүгийн хуулийн 6.7-д заасныг хэрэглэхгүй байх нөхцөлд хамааруулсан нь хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн эрх зүйн мэтгэлцэх зарчмыг зөрчсөн дүгнэлт болсон гэж үзэж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”. 2-т Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасныг зөрчиж мөрдөгч, прокурор үүргээ биелүүлээгүй байхад шүүх “шүүгдэгч ***ын хувийн байдлыг тогтоох, ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх, цалин хөлс олдог баримтгүй, түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтгүй тул торгох эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх тухай Эрүүгийн хуулийн 6.1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй дүгнэлт хийж “ ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв. “ гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4. Шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй. Мөн зүйлийн 2.1-д гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлын талаар тодорхойлох хэсэгт дурдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн шүүх иргэний нэхэмжлэл огт байхгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйл буюу шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх гэсэн заалтыг удирдлага болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/1157 тоот тогтоолыг хүчингүй болгож ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар зорчихыг хязгаарлах ял оногдуулсан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч ***т ямар төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар тусгаагүй. Иймээс прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял, шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Уг хуулийн хүрээнд ***т эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч ***ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэх ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ” гэж заасан хуулийн тодорхой заалтыг зөрчжээ.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч ***т холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал тусгах шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээг бичээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ба эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаардаг.

Иймд, дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул прокурор Д.Агарын бичсэн “...анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ял оногдуулсан талаар бичсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч ***ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд ***т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гаргах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/1157 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч ***т урьд хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гаргах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ДАРЬСҮРЭН

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА